| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2022/00121/И |
| Дугаар | 152/ШШ2022/00260 |
| Огноо | 2022-05-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 152/ШШ2022/00260
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, шүүх хуралдааны иргэний хэргийн шүүх ,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах, УУ ХХК-ийн,
Хариуцагч: холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,763,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ш, хариуцагч Я.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УУ ХХК-ийн захирал Б.Н болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ш нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УУ ХХК нь Увс аймгийн Өндөрхангай суманд өөрийн шатахуун түгээх станцыг ажиллуулдаг. Тус шатахуун түгээх станцаас ӨСЕБС бензин шатахуун худалдан авдаг байсан. Тус байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэхэд 2,763,634 төгрөгийн өр төлбөртэй байсан. Улмаар тухайн сургуулийн захирал, нягтлан бодогч нар солигдож дараагийн хүмүүст ажлаа хүлээлгэж өгөхдөө бензин шатахууны өр төлбөрөө хүлээлцээгүй ба удирдлагууд нь тухайн бензин шатахууны тооцоог өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Бид тухайн байгууллагаас бензин шатахууны өр төлбөрөө удаа дараа төлж барагдуулахыг шаардсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй тул 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Увс аймгийн Цагдаагийн газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд ӨСЕБС нь УУ ХХК-д 2,763,634 төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогдсон. Иймд ӨСЕБС-аас бензин шатахууны тооцооны үлдэгдэл 2,763,634 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ӨСЕБС нь УУ ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №22/68 тоот нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч С.С нь өөрийн үүргээ ухамсарлан тухайн оны санхүүгийн тайлан гаргахдаа өр үүсгэн тайлагнасан бол өмнө нь ажиллаж байсан төсвийн захирагч нягтлан бодогч нар 2020 оноос хойш өрийг бага багаар барагдуулах боломжтой байсан байх. Гэвч тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч С.С нь өр үүсгэж тайлан гаргаагүй учир Ерөнхий боловсролын сургуулийн тухайн оны өрийг энэ онд барагдуулах боломжгүй. Манай сургууль нь тээвэр шатахууны төсөв бага, орж ирсэн мөнгө нь тухайн жилийн зардалдаа арай ядан хүрдэг. Мөн 2019, 2020 оны санхүүгийн тайлангаар өр төлбөргүй гэдэг тайлан гаргасан байдаг. Хэрвээ тухайн үед өртэй гэдгээ тайланд тусгасан бол 2 жилийн хугацаанд ковидтой байсан уралдаан, тэмцээн зохион байгуулаагүй, төсөв хэмнэлттэй байсан учраас төлөх боломж байсан. Иймд бензин шатахууны тооцооны үлдэгдэл 2,763,634 төгрөг төлөх боломжгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УУ ХХК нь хариуцагч УАӨСЕБС-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,763,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч Я.Г Тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч С.С нь өөрийн үүргээ ухамсарлан тухайн оны санхүүгийн тайлан гаргахдаа өр үүсгэн тайлагнасан бол өмнө нь ажиллаж байсан төсвийн захирагч нягтлан бодогч нар 2020 оноос хойш өрийг бага багаар барагдуулах боломжтой байсан байх. Гэвч тухайн үед ажиллаж байсан С.С нь өр үүсгэж тайлан гаргаагүй учир Ерөнхий боловсролын сургуулийн тухайн оны өрийг барагдуулах боломжгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан бензин шатахуун худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ний өдрийг дуустал хугацаанд худалдан авсан бензин шатахууны тооцоогоо нийлж, УАӨСЕБС нь УУ ХХК-д 2,763,634 төгрөгийн өр төлбөртэй гарч, дээрх төлбөрийг 2020 оны 1 дүгээр улиралд төлөхөөр нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч Д.Б, хариуцагч байгууллагын нягтлан бодогч С.С нар харилцан гарын үсэг зуржээ.
Улмаар дээрх өр төлбөрийг УАӨСЕБС нь төлж барагдуулаагүй тул УУ ХХК нь Увс аймгийн Цагдаагийн газарт тухайн өр төлбөрийг барагдуулах талаар гомдол гаргасан боловч Увс аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай материалд тухайн үед Увс аймгийн ӨСЕБС-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.С ... Би тухайн үед шатахууны 2,763, 634 төгрөгийн өр үүсгэж тайланг үнэн зөв гаргах ёстой байсан боловч тухайн үедээ Өндөрхангай сумын санхүү тасгийн даргаас өргүй тайлан гарга, дээрээс чиглэл өгсөн гэж хэлсэн учир би өргүй тайлан гаргасан юм. Түүнээс биш би хувьдаа мөнгө төгрөг авсан зүйл байхгүй, би нягтлан бодох бүртгэлийн алдаа гаргасан бөгөөд энэ үйлдэл нь миний өөрийн буруутай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж, УУ ХХК-ийн Увс аймаг дахь шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг Ц.Т Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургууль 2014 оноос хойш одоог хүртэл бензин, шатах тослох материал худалдан авч байгаа юм. Тус сургууль нь 2018 онд манай шатахуун түгээх станцаас авсан бензин төлбөрт 2018 оны жил эцсээр 495,094 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан бөгөөд 2019 онд сургуулиас манай шатахуун түгээх станцаас нийт 7.554.480 төгрөгийн бензин, шатах тослох материал авсан бөгеөд сургуулиас 2019 онд 5,285,740 төгрөгийн орлогыг манай шатахуун түгээх станцын 5800385176 дугаарын данс руу гүйлгээ хийж 2019 оны жил эцсээр тус сургууль нь манай шатахуун түгээх станцад 2,763,634 төгрөгийн үлдэгдэл өртэй гарсан юм. Тухайн сургууль урьд өмнө нь жилийн эцсээр мөн үлдэгдэлтэй гардаг боловч дараа ондоо нөхөөд мөнгийг нъ өгчихдөг байсан. Харин 2019 оны үлдэлдэл 2,763,634 төгрөгийг 2020 он гараад төлөх байх гэсэн боловч уг мөнгийг сургуулийн зүгээс төлж барагдуулаагүй гэж тус тус гэрчээр мэдүүлэг өгчээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч байгууллага нь УУ ХХК-д 2,763,634 төгрөгийн өр төлбөртэй болох нь тооцооны үлдэгдлийн баталгаа, гэрч С.С, Ц.Т нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч УУ ХХК нь хариуцагч УАӨСЕБС худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,763,634 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч Тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан С.С нь өр үүсгэж тайлан гаргаагүй учир Ерөнхий боловсролын сургуулийн тухайн оны өрийг энэ онд барагдуулах боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан нь УАӨСЕБС-ийг худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 2,763,634 төгрөгөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч УАӨСЕБС-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,763,634 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УУ ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч УУ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УАӨСЕБС-аас 59,168 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УУ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч УАӨСЕБС-аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,763,634 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УУ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч УУ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,168 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч УАӨСЕБС-аас 59,168 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УУ ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ