Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/102

 

2025       05         02                                           2025/ШЦТ/102

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0100/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*********,

Улсын яллагч Н.*********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.********,

Шүүгдэгч Ц.***** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** дарга овогт ******* *****т холбогдох 2439004540047 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.***** нь 2024 оны 06 дугаар сарын эхээр өөрийн хүрэн зүсмийн морьтой Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээс хохирогч О.********* эзэмшлийн зөв тал нь урдаасаа ганзага, буруу тал араасаа ганзага имтэй бидэртэй хүрэн халзан хээлтэй үнээ буюу бусдын малыг хулгайлсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ц.***** нь 2024 оны 06 дугаар сарын эхээр өөрийн хүрэн зүсмийн морьтой Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээс хохирогч О.********** эзэмшлийн зөв тал нь урдаасаа ганзага, буруу тал араасаа ганзага имтэй бидэртэй хүрэн халзан хээлтэй үнээ буюу бусдын малыг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна. 

 

Дээрх үйл баримтын улмаас бусдын малыг хулгайлсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжүүдийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.********** гэм буруутай болох нь:

 

1.О.********* Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 6-р хуудас/

2.Хохирогч О.****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай төрсөн ээжийн бие муудаад байна гэхээр нь тэр өдөр үхрээ бүртгэчихээд бүрэн байхаар нь Улаанбаатар хот руу ээж рүүгээ ганцаараа явсан. Тэгээд Улаанбаатар хотод очсон өдрөөсөө хойш ээжийгээ асарч эмнэлгээр явж байгаад 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр саахалт айлын Энхбаяр гэх ах руу утсаар залгаад за манай мал хэр байна гайгүй юу гэхэд танай 4 үхрийн нэг үхэр байхгүй явж байна лээ өө нээрээ нэг үнээ чинь тугалчихсан байна лээ шүү гэж хэлсэн. Тэгээд тухайн үед ойр хавын малаар сарнисан байж магадгүй гэж бодоод айхтар ч юм бодоогүй угаасаа манай ээжийн бие муу байсан болхоор тэр талаар ч санаа зовох тэнхэлгүй байсан. Тэрнээс хойш буюу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай ээж бурхан болоод Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу ээжийгээ нутаглуулахаар явсан. Хэсэг хугацаанд Хөвсгөл аймагт байж байгаад 2024 оны 07 дугаар сарын 8- ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд байх гэртээ ирээд нөгөөдөр нь буюу 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үхрээ бүртгэхэд зөв тал нь урдаасаа ганзага, буруу тал араасаа ганзага имтэй бидэртэй хүрэн халзан хээлтэй үнээ маань алга болсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 15-17-р хуудас/,

3.Гэрч Т.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Харин манай нөхөр ***** дахин 3 тооны үхрээ аймгийн зүүн талд байдаг Идэрмэг гэх газраас олсон. Тухайн үхрүүд үхсэн байна гэж надтай утсаар ярьсан юм. Тэгэхэд манай гэрт ******** гэх хүн манай малыг харж байсан. Тэгээд манай нөхер малд яваад ирэхдээ улаан халзан зүсмийн гэмээр нэг тооны үнээ тууж ирсэн юм. Тэгэхэд манай нөхөр өөрийн адуунаас хүрэн морь барьж унаж байсан юм.... Би алдсан 1 тооны үхрээ олж ирж байна гэж бодсон юм. Тэгсэн дараахан ********* бид нар гэртээ байж байхад манай нөхөр ******** энэ үхрийг аймгийн зүүн талаас хэдүүлээ машинтай авчирсан манай үхэр гэж хүн асуувал хэлээрэй гэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

4.Гэрч А.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд *****ынх өвөлжөөндөө байсан болохоор маргааш нь *****ын гэрийг зуслан руугаа нүүлэж өгөөд байж байхад ***** манай үхэр шуурганд уруудаж алга болсон тэр үхрийнхээ араас явна гэж ярьж байсан юм. Хэзээ гэдгийг санахгүй байна намайг очоод нүүдэл суудал хийсны дараа ***** хүрэн зүсмийн морьтой ганцаараа үхрийнээ эрэлд явсан. Би гэрт нь үлдэж хонийг нь харж байсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа ***** улаан хүрэн зүсмийн халзан үнээ тууж ирэхээр нь би өөрийнхөө үхрийг тууж ирж байна гэж бодсон юм. Би тухайн орой аймгийн төв рүү замын унаагаар ирсэн юм. Дараа нь сонсоод байхад ***** тухайн үхрийг аймгийн зүүн талаас тууж ирсэн гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,

5.Сэжигтэн Ц.*****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би тэр хавиар 2024 оны 06 дугаар сарын эхээр би хэдны өдөр гэдгийг санахгүй байна. Би үлдсэн үхрийн сураг гаргах гээд үхрээ хайж явахдаа Идэрмэгээс цаашаа нэг тооны улаан халзан дуу үхэр байхаар тухайн үхрийг өөрийн хүрэн зүсмийн /15 настай/ морьтой ганцаараа тууж аймгийн зүүн талд ирж хээр хоноод маргааш нь Мөрөн сумын 3 дугаар багийн нутагт гэрийнхээ гадаа авчирч байлгаж байсан юм. Тэгээд нөгөө үхэр манай гадаа ирээд 10-д хоног болоод үхээд өгсөн одоо тухайн үхрийн сэвс байгаа юм. Намар тухайн үхрийн зүс мэдэгдэхээр байсан одоо харин ямар болсон гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/,

6.Хөрөнгийн үнэлгээний "Бодит үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ШД-47 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 51-53-р хуудас/,

7.Хөрөнгийн үнэлгээний "Бодит үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ШД-56 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-61-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           

            "Мал хулгайлах" гэмт хэрэг гэдэгт бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүйгээр малыг эзэмшилдээ авч, өөрийн малын адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс дээрх гэмт хэргийг төгссөнд тооцогддог юм.

 

Иймд шүүгдэгч Ц.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ц.*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.*****т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

            Гурав.Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч Ц.*****ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.********** 2,300,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч хавтаст хэргийн 142 дугаар хуудаст “...хохирол бүрэн төлөгдсөн, надад нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хохирогчийн хүсэлт байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

            Дөрөв.Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* дарга овгийн ********** *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*****ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*****т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан хүрэн зүсмийн морины үнэ 900,000 (есөн зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Ц.*****аас гаргуулж улсын орлого болгосугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ц.*****т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.***** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

8.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*****т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ЭНХБААТАР