| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/0300/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1193 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч Р.А , түүний өмгөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.А од холбогдох эрүүгийн 2411019921563 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.А нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ... тоотын гадна Ш.М тай таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж, биед нь 8, 9, 10, 11-р хавирганы далд хугарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Р.А нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ... тоотын гадна Ш.М тай таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж, биед нь 8, 9, 10, 11-р хавирганы далд хугарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогч Ш.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 7 сарын 20-ны өдөр би өглөөний 06 цагт гэрээсээ гараад явж байтал А гэрийнхээ хашааны хаалгаар гараад ирэхээр нь очоод танай хүүхэд Т манай хашааны хаалганы төмөр дээр будгаар юм зурсан байна, зөвхөн гадна тал биш дотор талд нь бас зураг зурсан байна, чи ороод харчих гээд өмссөн байсан фудволкноос нь зөөлөн татсан чинь намайг шууд цохиод авсан. Би тэр үед газарт хажуу тийш харж унасан чинь миний дээрээс өшиглөсөн. Дараа нь А намайг тэнд орхиод машиндаа суугаад яваад өгсөн. Би тэр үед цагдаад дуудлага өгөөд бас гэмтэл согог судлалын эмнэлэгт очиж үзүүлсэн. ... 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ... тоотын үүдэнд миний зүс таних А нь намайг гараараа нүүр хэсэгт 2 удаа цохиж, газар унасан хойно хөлөөрөө нуруу, хэвлий, цээж хэсэгт 6-8 удаа өшиглөж тус гэмтлүүдийг надад учруулсан. ...Тухайн өдөр А нь архи согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан байх, машинтайгаа явж байсан. Намайг өмнө нь зодож цохиж байгаагүй. ...Би А ыг 4 жил орчим хугацааны өмнөөс таньдаг болсон. Бид хоёр гэр ойрхон учир зүс таних төдий харилцаатай л хүмүүс. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10268 дугаартай: “...Ш.М ын биед баруун 8, 9, 10, 11-р хавирганы далд хугарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. ...Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,
Шинжээч Н.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баруун 6-р хавирга, суганы урд шугамаар, зүүн 4-р хавирга эгэмний шугамаар, 10, 11-р хавирга суганы урд шугамаар бороолсон хуучин хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтлүүд байсан, тус гэмтлүүд дээр гэмтлийн зэрэг тогтоогоогүй. ...Ш.М ын баруун 8, 9, 10, 11 дүгээр хавирганы далд хугарал гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байсан, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр гэмтэл тогтоогдсон. Унах үед тухайн гэмтэл нь үүсэхгүй, биеийн тохой болон хатуу хэсгээр хүчтэй дарж унахад үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 2025.04.16-ны өдрийн 30и-2б/1348 тоот албан бичиг, түргэн тусламжийн дуудлагын хуудас №274707,
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын ЦХ-2 хэрэг бүртгэх тасаг Дуудлагын лавлагааны хуудас зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Р.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Тухайн үед зууралдаад газар унах үедээ давхралдаж унасан. Тэгээд би дээр нь тохойгоороо дараад унасан учраас эвгүй дарж унаад гэмтсэн байх. ...” гэж /хх-ийн 31-32 дугаар тал/,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр: “...7 дугаар сарын 20-ны өдөр 05 цаг 30 минутад ажилдаа явах гээд машинаа асаачхаад хаалгаа онгорхой байж байхад М танай хүүхэд хашаан дээр юм зурсан гээд муудалцаад намайг заамдсан. Би ажилтай тул хэрүүл маргаан хиймээргүй байна гээд газар унасан. Тэгээд салаад би машинаа унаад ажил руугаа явсан. Зодсон цохисон зүйл байхгүй...” гэж /шүүх хуралдааны тэмдэглэлд/ тус тус мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Р.А нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ... тоотын гадна Ш.М тай таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж, биед нь 8, 9, 10, 11-р хавирганы далд хугарал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Р.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Ш.М 352,100 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн, шүүгдэгч Р.А төлж барагдуулаагүй. Гэмт хэргийн улмаас Эрүүл Мэндийн даатгалын санд учирсан 174,682 төгрөгийг Р.А оор төлүүлэх саналтай байна. Хохирогч баримтаа бүрдүүлэн хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдуулах саналтай...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос: “...Миний үйлчлүүлэгчийг 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ... тоотын гадна Ш.М тай таарамжгүй харилцааны улмаас түүний биед халдаж, эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлж хавирганы хугарал гэх онош тавигдсан. Тухайн өдөр хохирогчийн хавирга хугарч, эмнэлэгт хандсан. Шинжээчийн дүгнэлтээр 4 хавирга хугарсан гэж тогтоогдсонтой маргах зүйлгүй. Р.А санаатай учруулсан гэх зүйл хэрэгт хангалттай авагдаагүй байна. Хохирогч заамдаад авахаар нь гарыг нь тавиулах гээд ноцолдож байхдаа хажуу тийшээ унасан бөгөөд тохойлдож унасан гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдэг. Цохиж, зодоогүй гэж тууштай мэдүүлдэг. Хохирогчийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эхний мэдүүлэг, 10 дугаар сарын 17-ны өдөр шинжээч Н.Э гоос мэдүүлэг авсан бөгөөд тухайн гэмтэл шүүгдэгчийн үйлдлээс үүсэх боломжтой гэх мэдүүлэг өгсөн. Энэ хүн эхэлж мэдүүлэг өгсөн, шинжээч мэдүүлэг өгөхөд энэ нөхцөл байдалд хохирогчид учирсан гэмтэл үүсэх боломжтой гэдэг. Хохирогч хувцаснаас нь зуураад татсан гэж хохирогчийн мэдүүлэгт авагдсан. Хэрэгт авагдсан баримтуудаар миний үйлчлүүлэгч хохирогчийг зодож санаатай хохирол учруулсан уу? эсхүл унахдаа энэ гэмтлийг учруулсан уу? санаатай учруулсан гэх баримт хангалттай авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10268 дугаартай дүгнэлтээр хохирогч Ш.М ын биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Р.А ын хохирогч Ш.М ын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, улмаар хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Р.А ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Р.А нь хохирогчид санаатай гэмтэл учруулсан гэх зүйл хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй. Хохирогч заамдаад авахаар нь гарыг нь тавиулах гээд ноцолдож байхдаа хажуу тийшээ унасан бөгөөд тохойлдож унасан гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдэг. Цохиж, зодоогүй гэж тууштай мэдүүлдэг. ...миний үйлчлүүлэгч хохирогчийг зодож санаатай хохирол учруулсан уу? эсхүл унахдаа энэ гэмтлийг учруулсан уу? санаатай учруулсан гэх баримт хангалттай авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нараас өөр хүн байгаагүй тул хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад бичгийн баримтуудтай харьцуулж, шинжлэн судлах байдлаар үйл баримтыг сэргээн дүрсэлж, мэтгэлцээний үндсэн бодит байдлыг шүүх тогтооно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн: “...зураг зурсан байна, ороод хар ...гээд зөөлөн татсан чинь ...намайг шууд цохиод авсан. Би ...унасан чинь миний дээрээс өшиглөсөн. ...би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн: “...7 дугаар сарын 20-ны өдөр 05 цаг 30 минутад ажилдаа явах гээд ...хаалга онгорхой байж байхад М танай хүүхэд хашаан дээр юм зурсан гээд муудалцаад намайг заамдсан. Би ажилтай тул хэрүүл маргаан хиймээргүй байна маргалдсан. ...газарт би дээрээс нь дараад унасан...” гэх мэдүүлэг,
Мөн хохирогч цагдаагийн байгууллагад 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 06 цаг 17 минутад “...шар автобусны жолооч намайг зодоод явсан...” гэх,
Тухайн өдрийн 08 цаг 12 минутад “...цээжээр өвдөөд, зодуулсан...” гэх түргэн тусламжийн дуудлагын хуудас тус тус авагдсан байна.
Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч, хохирогч нарын хооронд маргаан болсон, хохирогчийн биед гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон ба хохирогчийн “...намайг шууд цохиод авсан. Би ...унасан чинь миний дээрээс өшиглөсөн...” гэх мэдүүлгийг үгүйсгэх няцаах, эргэлзээтэй гэж үзэх, нөгөө талаас шүүгдэгчийн мэдүүлгийг дэмжсэн, нотлох баримт байхгүй байх тул өмгөөлөгчийн “...шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж заасан.
Шүүгдэгч Р.А ын хохирогч Ш.М ын биед халдаж, цохиж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ш.М ын биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байна.
Хохирогч Ш.М нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүгдэгч Ш.М нь Эрүүл мэндийн даатгалын санд 174,682 төгрөгийг шүүх хуралдааныг завсарлах хугацаанд төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Р.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цолмонгоос: “...Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. 1,200,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байгаатай санал нэг байгаа хэдий ч торгуулийн ялыг багасгаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ажил хийж ар гэрээ тэжээдэг, торгуулийн мөнгийг төлөх боломжтой хэдий ч хэмжээг багасгаж 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, зүгээр байгаа хүнд гэмтэл учруулаагүй. Хохирогчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт баримтууд авагдсан, хохирогч өглөө согтуу ирж заамдсан буюу хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байна. Торгуулийн ялыг 600,000 төгрөгөөр тогтоож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Р.А ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч Р.А од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тухалбал хохирогч Ш.М нь архи уусан, халамцуу байхдаа бусдыг татаж чангаах зэргээр биед нь хүрч, хэрүүл маргаан үүсгэсэн үйлдэл нь зүй бус шинжтэй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Р.А од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.А ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А од оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.М нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.А од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН