2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1264

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

Улсын яллагч Э.Баасанбаяр, 

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А д холбогдох эрүүгийн 2506005960366 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар.  

Шүүгдэгч Б.А нь нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... хохирогч Ц.Б ын эд зүйлийг авах зорилгоор хүч хэрэглэн халдан довтолж, улмаар түүний өмчлөлийн “Iphone 13 pro” загварын утсыг дээрэмдэн авч, 525,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Б.А нь нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... хохирогч Ц.Б ын эд зүйлийг авах зорилгоор хүч хэрэглэн халдан довтолж, улмаар түүний өмчлөлийн “Iphone 13 pro” загварын утсыг дээрэмдэн авч, 525,000 төгрөгийн хохирол учруулсан...” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр албан байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцон 2024 оны 12 дугаар сарын 21-ний үүрээр 05 цаг 41 минутын үед гэрийнхээ хажууд буюу ... байрны хажуу талд буугаад гэрийн баруун урд талд байрлах GS-25 сүлжээ дэлгүүр орж юм авчхаад орцныхоо үүдэнд үл таних эрэгтэй хүнтэй тааралдаад 3 давхар луу өгсөх үед тухайн хүн миний цүнхийг булаах гэж оролдох үед нь би эсэргүүцээд орцондоо орилсон боловч хүн гарч ирээгүй. Гэтэл тэр хүн миний зүүн гарт байсан Iphone 13 pro загварын гар утсыг булааж аваад доошоо явахад нь би ардаас нь гарсан боловч тухайн хүнийг гүйцээгүй тул буцаад гэр лүүгээ ороод нөхөр болох Ч ийн утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

 

Гэрч Т.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө буюу 04 цаг 30 минутад хүү Б.А нь би гармаар байна, салхилмаар байна гээд гуйгаад байхаар нь би дулаан хувцаслаад гаргасан. Тухайн өдөр бол мөнгө өгөөгүй. 2024 оны 12 дугаар сарын 21-ний өглөө буюу 10 цагийн үед хүү Б.А гэртээ орж ирсэн ба нэлээн согтуу, өмдөндөө шээчихсэн орж ирэхээр нь би хувцсыг нь тайлаад өмдийг нь шалгатал зургаан мянгаад төгрөг, жижиг 200 граммын Хараа нэртэй архи гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-62 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-24-1986 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-26 дугаар тал/,

 

Шүүх сэтгэц эмгэгийн судлалын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192 дугаартай: “...Б.А нь сэтгэцийн хувьд F07.8 буюу тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг, шинж тэмдгийн архисах эмгэг, засралын байдалтай байна. Б.А нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.А д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. Б.А нь өөртөө болон бусдад аюул учруулах боломжтой эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-37 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А аас: “...Би тэр өдөр хүн хайж явсан. Би орц руу орж хулгай хийж аваагүй. Тийм зүйл болоогүй. Би зүгээр тэр хавиар явж байсан. Би гэртээ удаан байхаар таталт өгөөд уначихдаг. Гадуур алхаад явж байсан. Миний алхаж явж байгаа бичлэгийг байцаагч надад харуулсан. Би өөрийгөө яая гэж байна. Хүний эд зүйлийг булаагаагүй. Би хүний эд зүйл булаах тэнхээгүй. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны мэдрэлийн эмнэлгийн хяналтад байдаг. Би хүний эд зүйлийг хулгайлах чадал битгий хэл бодол ч байхгүй...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.А нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... хохирогч Ц.Б ын эд зүйлийг авах зорилгоор хүч хэрэглэн халдан довтолж, улмаар түүний өмчлөлийн “Iphone 13 pro” загварын утсыг дээрэмдэн авч, 525,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд 1,525,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Б.А аас: “...Би хэрэг хийгээгүй учраас заавал хохирол төлбөр төлөх үү. Хэрэг хийсэн болгох гээд зүтгээд байна гэж ойлгож байна. Би тийм хулгай дээрэм хийгээгүй. Би өөрийгөө аятайхан авч явах гэж хичээдэг. Хулгай дээрэм хийх чадалгүй. Би энэ тэнд явж байгаад татаад уначихдаг...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл хүч хэрэглэж довтолсон санаатай үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирогч Ц.Б ын “Iphone 13 pro” загварын утсыг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж буюу гараас нь булааж авсан үйлдэл нь тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.А ын энэ үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор довтолсон байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

Иймд шүүгдэгч Б.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт бичгээр гаргасан тул өмгөөлөгчгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба шүүгдэгч Б.А нь шүүх хуралдаанд “...Би тийм хулгай дээрэм хийгээгүй. Би өөрийгөө аятайхан авч явах гэж хичээдэг. Хулгай дээрэм хийх чадалгүй...” гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан хохирогч Ц.Б ын: “...GS-25 сүлжээ дэлгүүр орж юм авчхаад орцныхоо үүдэнд үл таних эрэгтэй хүнтэй тааралдаад 3 давхар луу өгсөх үед тухайн хүн миний цүнхийг булаах гэж оролдох үед нь би эсэргүүцээд орцондоо орилсон боловч хүн гарч ирээгүй. Гэтэл тэр хүн миний зүүн гарт байсан Iphone 13 pro загварын гар утсыг булааж аваад ...би ардаас нь гарсан боловч тухайн хүнийг гүйцээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

Гэрч Т.М ийн: “...2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнө буюу 04 цаг 30 минутад хүү Б.А нь би гармаар байна, салхилмаар байна гээд гуйгаад байхаар нь би дулаан хувцаслаад гаргасан. Тухайн өдөр бол мөнгө өгөөгүй. 2024 оны 12 дугаар сарын 21-ний өглөө буюу 10 цагийн үед хүү Б.А гэртээ орж ирсэн ба нэлээн согтуу, өмдөндөө шээчихсэн орж ирэхээр нь би хувцсыг нь тайлаад өмдийг нь шалгатал зургаан мянгаад төгрөг, жижиг 200 граммын Хараа нэртэй архи гарч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7 дугаар тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн “...хохирогч Ц.Б  шүүгдэгчийн зургийг зааж байгаа...” байдлыг харуулсан тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-62 дугаар тал/ зэргээр шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзсэн.

Шүүгдэгчийн “...Би тэр өдөр хүн хайж ...тэр хавиар явж байсан. ...Гудманд таарсан 2 хүн архи авч өгч, бид хувааж уусан. Бас надад мөнгө өгсөн. Би хүний эд зүйлийг хулгайлах чадал битгий хэл бодол ч байхгүй ...” гэх мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б ад 1,525,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.А нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.А аас 1,525,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б ад олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч Б.А аас: “...Хохирол төлбөрийг төлбөл энэ асуудал шийдэгдэх үү. Хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээх харамсалтай байна...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.А ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 82-83 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Бусад асуудлаар:

            Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил, 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А аас 1,525,000 /нэг сая таван зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Б ад олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТСАЙХАН