| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0095/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/114 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/114
2025 05 12 2025/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0095/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******,
Улсын яллагч Д.********,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,
Өсвөр насны шүүдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.*******,
Өсвөр насны шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***** овгийн ***** *******т холбогдох эрүүгийн 2539000000090 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.******* нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчим, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-51 тоотод байрлах Ш.****** эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч, улмаар гүнгэрвааны шургуулганд байсан бэлэн 460,000 төгрөг, хэтэвчнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 470,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 66-07 тоотод байрлах М.******** гэрт байхдаа 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчим жижиг гар цүнхэн дотор байсан 650,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл өсвөр насны шүүгдэгч Э.******* нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчим, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-51 тоотод байрлах Ш.******** эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч, улмаар гүнгэрвааны шургуулганд байсан бэлэн 460,000 төгрөг, хэтэвчнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 470,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 66-07 тоотод байрлах М.******** гэрт байхдаа 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчим жижиг гар цүнхэн дотор байсан 650,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдлоо.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Э.******* гэм буруутай болох нь:
1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18 дугаар хуудас/,
2.Хохирогч Ш.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байшингийн баруун талд хойморт байх бурхны гүнгэрвааны шургаалганд хар өнгийн арьсан хэтэвчинд хийсэн байсан. Бэлэн 460,000 мянган төгрөг хэтэвчтэйгээ байхгүй байсан. Би гайхаад эхнэрээс асуусан боловч олдоогүй... Бурхны гүнгэрвааны доод шургуулгад хийсэн бэлэн 460,000 мянган төгрөгөөс өөр эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
3.Гэрч У.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр 20 цагийн үед 99 дэлгүүр орох гээд Сангийн аж ахуйгаас явж байх үед Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Марал дэлгүүрийн баруун урд талд замын хойд талд 15 орчим насны намхан саарал куртик өмссөн хүүхэд гараа өргөсөн байхыг хараад машинаа зогсоож зам дээрээс тэр хүүхдийг авсан. Тэр хүүхэд Номин дэлгүүрийн зүүн талд байдаг Эрдэнэ төвийн эмийн сан оръё гэхээр тэр газар руу явсан. Тэр газраас Зүүн зах буюу Цэцэн Хаан төвийн баруун талд байдаг 24 цагийн эмийн сан орсон. Тэрнээс гараад Эрчмийн байр ороод Цэцэглэн дэлгүүрээс электрон тамхи аваад өгөөч гээд байхаар нь тэр дэлгүүрээс тэр юмыг нь авч өгөөд хажууд нь байдаг Наран дэлгүүр ороод 2.5 литрийн пиво аваад өгөөч гээд байхаар тэр дэлгүүрээс пивонуудыг нь авч өгсөн. Тэгээд тэр хүүхэд буцаад Марал дэлгүүрийн хойд талын эгнээд бууж таксины хөлс гэж надад 10,000 авсан. Буух үедээ надад тэр хүүхэд надад хандаж танд 260,000 мянган төгрөг байна уу. Байвал миний данс руу хийгээд өгөөч. Би танд бэлнээр 260,000 мянган төгрөг өгье гэхэд нь би зөвшөөр өөрийн ******** данснаас Энхбат ******* гэсэн Хас банкны ********** дансанд 260.000 мянган төгрөг хийсний дараа тэр хүүхэд төмөр хаалгатай хашааны гадаа буугаад хашаа руу орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
4.Насан хүрээгүй гэрч А.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн оройн 19 цагийн үед гэртээ найз ******** хамт сууж байх үед ангийн найз ******* орж ирээд утсаар ярьж байгаад буцаж ирнэ гээд гарсан. Тэгээд удалгүй гурван ширхэг бэлэн гоймон, ундаатай орж ирээд гоймонгоо идээд гарсан. Удалгүй 20 цагийн үед буцаж ирэхдээ хоёр ширхэг том пиво, электрон тамхитай ирсэн. Ирсэн пивыг нь бид гурав хувааж уугаад ********, ******* хоёр гэр рүү явлаа гээд харьсан. ******* баахан юм аваад ирэхээр нь ********* бид хоёр ямар мөнгөтэй болчхоод яваад байна гэж асуухад. Дүү нарын 100,000 мянга орсон тэрнээс та хоёрыг дайлж байгаа юм гэхээр нь сар шинэ болж байгаа ээж чинь уурлах юм биш үү гэж хэлэхэд. Би ээжид ойлгуулсан гэхээр нь итгэсэн...бид хоёр Шинээг хулгай хийсэн талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас /,
5.Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдрийн орой 20 цагийн үед *******, ******* хоёр намайг ******** амьдрах хаяг болох Баянмөнх 1-13 тоотод дуудсан. Гэрт орох үед ********, ******** хоёр бэлэн гоймон идэж байсан. Удалгүй гаднаас ******* орж ирсэн. Ирэхдээ хоёр ширхэг том пиво, электрон тамхитай ирсэн. Ирсэн пивыг нь бид дөрөв хувааж ууж дуусаад ******** гэрээс **********, ******* хоёр гэр рүү явлаа гээд харьсан. ******* баахан юм аваад ирэхээр нь би ямар мөнгөтэй болчхоод яваад байна гэж асуухад. Дүү нарын 100,000 мянга орсон тэрнээс та хоёрыг дайлж байгаа юм гэсэн. Тэрнээс хулгай хийгээд явсан талаар мэдээгүй. Өчигдөр ********, ********* хоёр надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дугаар хуудас/,
6.Насан хүрээгүй гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед гэртээ найз ******* гэрт, Тулгаа ах бид гурав хамт сууж байх үед манай ангийн найз ******* орж ирээд утсаар ярьж байгаад буцаж ирнэ гээд гарсан. Тэгээд удалгүй гурван ширхэг бэлэн гоймон, ундаатай орж ирээд гоймонгоо идээд гарсан. Удалгүй 20 цагийн үед буцаж ирэхдээ хоёр ширхэг том пиво, электрон тамхитай ирсэн. Ирсэн пивыг нь бид дөрөв хувааж уугаад ******* бид хоёр гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас /,
7.Өсвөр насны шүүгдэгч Э.*******ын Хас банкны ******** тоот дансны орлого, зарлагын хуулга /хх-ийн 85 дугаар хуудас/,
8.Хохирогч М.********* Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 112 дугаар хуудас/,
9.Хохирогч М.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн 6Б-07 тоот хашаанд амьдардаг. Хашаанд манай таван ханатай монгол гэр болон саяхан шинээр барьж дууссан 11х12 харьцаатай хоёр давхар байшиндаа хүү ******** гэр бүлийн хамт нүүж орсон. Нөхөр бид хоёр нүүж амжаагүй гэрээ хураагаагүй, тавилгаа зөөж амжаагүй болохоор гэр бариатай байгаа. Нөгөө 600.000 мянган төгрөгийг би өөрийн жижиг цүнхэндээ хийж хадгалсан юм. Битүүний орой буюу 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдөр манай бэр ********* боодол 50 ширхэг 1.000 төгрөгийг боодлоор нь өгсөн болохоор нөгөө задгай 600.000 мянган төгрөгтэй нийлүүлж цүнхэндээ хийгээд орныхоо толгой хэсэгт тавьсан. Цагаан сарын шинийн нэгэн буюу 2025 оны 03 дугаар сарын 01-ний өглөө гэртээ цай, цагаалгаа чанаад хойд байшиндаа зөөж гэрээс гарах үедээ гэрээ түгжээгүй хаалганы даруулгад цоожоо хийгээд цоожлоогүй орхисон юм. Удалгүй 10 цагийн үед хүү, бэртэйгээ золгочихоод хойд байшинд сууж байх үед гурван бага насны хүүхдүүд орж ирсэн.... Орж ирсэн гурван хүүхдүүдэд гар цайлгах мөнгө авахаар гэр рүү орох үед гэр онгорхой байсан. Би ч тоогоогүй гэр рүү орж орны толгой дээр тавьсан цүнхтэй мөнгийг авах гэтэл тавьсан газраасаа хөдлөөд орны гол хэсэгт байсан. Манай нөхөр өглөө гэр рүү орж аяга таваг гэрээс авч хойд байшинд тавьсан болохоор цүнхнээс юм авсан гэж ойлгоод цүнхийг авч гэр рүү ороход тэр гурав дээр нэмэгдээд манайхаар хоёр орж ирээд ач хүүтэй цуг компьютер тоглоно гээд манай хашаагаар яваад байдаг ******** гэдэг хүүхэд нэмэгдсэн харагдахаар нь цүнхээ онгойлгоод мөнгөө авах гэтэл цүнхэнд ямар нэгэн мөнгө байгаагүй. Шинийн дөрөвний өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай найз Цогоо манайд ирсэн. Тэгээд мөнгөө алдсан гээд ярьж байтал манай хорихын байраар хулгай хийгээд яваад байгаа ******* гэдэг хүүхэд байгаа хорихын байранд ирсэн юм уу гэхээр нь гэнэт гурван жоохон хүүхдийн араас тэр хүүхэд орж ирснийг санаад сэжиглэсэн юм. *********** гэдэг хүүхдийн ээжийг нь зүс таньдаг гэрийг нь мэдэх болохоор ээжийнх нь гар утасны дугаарыг олж аваад утсаар ярьж танай хүүхэд манай гэрээр орж ирээд гарсны дараа мөнгө алга болчихоод байна. Энэ талаар асууж өгөөч гэхэд тэр үедээ хэлэхгүй яасан юм бэ та одоо бараг мөнгийг чинь үрсэн байх даа гэх зэргээр хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-123 дугаар хуудас/,
10.Гэрч Н.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******** манай энэ хавиар ******* гэдэг хүүхэд хулгай хийгээд байгаа шүү дээ энэ хавийн айлуудаар ороод жижиг сажиг юм хулгайлаад байгаа гэсэн. Тэр хүүхэд танайхаар орж ирээгүй юу гэхэд нь манай эхнэр орж ирснийг нь хэлж таамаглаж Цагдаагийн газарт өргөдөл гаргасан юм. ******* гэдэг хүү орж ирсэн болохоор ээжийх нь дугаарыг олж аваад тэр энэ асуудлын талаар хэлэхэд та эртхэн хэлэхгүй яасан юм бэ, манай хүүхэд авсан бол одоо тэр мөнгийг чинь үрсэн байх гээд салгасан. *******аас өмнө ирсэн гурван хүүхдийн эцэг эх нь манай хажууд байдаг худгын урд эгнээд байдаг айл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-128 дугаар хуудас/,
11.Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гэдэг хүүхдийг сэжиглэж байгаа гэж ярьсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 142 дугаар хуудас/,
12.Өсвөр насны шүүгдэгч Э.*******ын Хас банкны ********** тоот дансны орлого, зарлагын хуулга /хх-ийн 159-161 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “...бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах...” үйлдлийг хулгайлах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалан уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл өсвөр насны шүүгдэгч Э.******* нь 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчим, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 2-51 тоотод байрлах Ш.******** эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч, улмаар гүнгэрвааны шургуулганд байсан бэлэн 460,000 төгрөг, хэтэвчнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 470,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 66-07 тоотод байрлах М.********** гэрт байхдаа 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчим жижиг гар цүнхэн дотор байсан 650,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжийг агуулж байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.******* нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*******ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 дахин багасгаж 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*******т урьд Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор авагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үргэлжлүүлэн хэрэгжүүлсүгэй
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч Э.******* нь хохирогч Ш.******** бэлэн мөнгө 460,000 төгрөг, хэтэвч зэргийг авч 470,000 төгрөг, хохирогч М.********** 650,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, хохирогч Ш.********** хавтаст хэргийн 100 дугаар хуудаст “... хохирол барагдсан Э.*******т гомдолгүй”, хохирогч М.********** хавтаст хэргийн 163 дугаар хуудаст “...650,000 төгрөг бэлэн авсан цаашид нэхэмжлэх эд хөрөнгө гомдол санал байхгүй” гэх нотариатаар батлуулсан хүсэлтүүд авагдсан байх тул өсвөр насны шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Дөрөв. Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, өсвөр насны шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч ******** овгийн ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байран нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*******ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*******т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) дахин багасгаж 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*******т оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорьсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*******т урьд Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор авагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үргэлжлүүлэн хэрэгжүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, өсвөр насны шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Э.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР