| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0108/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/115 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/115
2025 05 12 2025/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0108/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******,
Улсын яллагч Д.*********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.**********,
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овогт ******* *******д холбогдох 2539000000108 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.******* нь Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Хоёр нуур” гэх газарт 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс 15 нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.******** маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл нь нийлээд, зүүн чих, уруулын салстад шарх, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.******* нь Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн хөдөө хэсэг “Хоёр нуур” гэх газарт 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс 15 нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.********* маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохисон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас Б.******** биед " Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл нь нийлээд, зүүн чих, уруулын салстад шарх, 1 шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.******* гэм буруутай болох нь:
Хохирогч Б.********** цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 4-р хуудас/,
Хохирогч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчимд 3 дугаар багийн төвөөс сумын төв рүү хөгжим авахаар явсан. Ингээд замд явах үед тус багийн нутаг "Хоёр нуур" гэх газарт ачааны автомашин зогсоосон... ******* миний хаалга талаас ирээд надад хандан Увсынхан давраад байгаарай гэж хэлээд миний нүүр хэсэг рүү 5-6 удаа баруун зүүн гараараа цохиж зодсон, мөн автомашинаас буулгаж ирээд хамар хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохисон...миний хоёр нүд хүрэнтэй хөхөрсөн. Хамар хугарсан,... үүдэн нэг шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9-р хуудас/,
Гэрч Б.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* автомашинаас бууж, тухайн зогсоосон автомашинд сууж явсан ******** гэх залуутай юм ярьж зогсож байгаад ******* баруун зүүн гараараа хоёр удаа ********* гэх залуугийн нүүр хэсэг рүү цохиж зодсон. Ингээд миний бие *******г салгаж болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 177 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэд ахлагч Б.*********** “...Б.******** биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чих, уруулын салстад шарх, 1 шүдний сулрал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл нь нийлээд, зүүн чих, уруулын салстад шарх, 1 шүдний сулрал гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Духанд зулгаралт гэмтэл нь тус журмын 2.7.3-т зааснаар хохиролыг зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаа зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаа зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.*******д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Г.******* гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.********* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 34 дүгээр хуудаст “...Г.*******гаас эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 2,500,000 төгрөгийг авсан болно... хохирол барагдуулсан ... ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хохирогчийн хүсэлт байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ******* овогт ********** *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Г.*******д мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР