Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0699

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л********** Г*******/РД:ТЗ********/                   

Хариуцагч: Шүүхийн Ерөнхий зөвлөлд холбогдох шүүгчээр томилуулах асуудлыг дахин өргөн мэдүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М*******, нэхэмжлэгч Л.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г********, Б.И******нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Л.Г******* нь тус шүүхэд хандан Нэхэмжлэгч Л.Г******* намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгуулах, Л.Г**** намайг шүүгчээр томилохоос татгалзсан Монгол улсын Ерөнхийлөгч У*******гийн Х*******ийн шийдвэр хууль бус болохыг тогтоон, шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгч У*******гийн Х*******эд даалгуулах, Л.Г******* миний асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байхад намайг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 178 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5993 дугаартай захирамжаар Л.Г******* намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, харин үлдэх шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсан нь хүчин төгөлдөр болсон.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Л.Г******* нь Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд шүүхүүдийг өөрчлөн зохион байгуулах асуудлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийг чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо шүүгчээр ажиллаж байсан Л.Г*******ийг нэр бүхий шүүгч нарын хамтаар томилоогүй орхигдуулсан.

2.2. Улмаар нэхэмжлэгч нь дээрх үйл явдлаас хойш шүүхийн журмаар маргаж явсаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Л.Г*******ийг дүүргийн анхан шатны аль нэг шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

2.3. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 74 дугаартай тогтоолыг баталж, тус тогтоолын хавсралтаар нэр бүхий 12 иргэнийг /нэхэмжлэгч Л.Г******* багтсан/ анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

2.4. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх тогтоолоо 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/371 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

2.5. Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх тогтоолыг хүлээн авч танилцаад 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 тоот Саналыг буцаан хүргүүлэх тухай албан бичгээр ... танай ирүүлсэн 2022 оны 01/371 тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна гэж нэр бүхий 12 иргэний материалыг бүхэлд нь буцаасан.

2.6. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 97 дугаартай тогтоол баталж, тус тогтоолоор нэхэмжлэгч Л.Г*******ийг /дангаар нь/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн.

2.7. Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/544 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

2.8. Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх тогтоолыг хүлээн авч танилцаад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 тоот Саналыг буцаан хүргүүлэх тухай албан бичгээр ... 2022 оны 97 дугаар тогтоолоор санал болгосон нэр дэвшигч Л********** Г*******... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна. Иймд танай газраас ирүүлсэн ... 01/544 ... дүгээр санал өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын хамт буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна гэж нэхэмжлэгч Л.Г*******ийг шүүгчээр томилохоос татгалзсан.

2.9. Нэхэмжлэгч Л.Г******* нь шүүгчээр ажиллаж байхдаа буюу 2008 онд тухайн үеийн Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны анхан шатны хуралдааны 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаартай тогтоолоор шүүгчийн зэрэг дэвийг зургаан сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан.

2.10. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот албан бичгээр ... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн.

2.11. Нэхэмжлэгчийн зүгээс ... Ерөнхийлөгчийн зүгээс Е/04 тоот албан бичгээр өргөн мэдүүлэх санал, баримт материалыг буцаасан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг нь Ерөнхийлөгчийн албан бичгээс харагддаг, энэ албан бичиг нь намайг шүүгчээр томилохоос татгалзсан шийдвэр байгаагүй, улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс уг алдаагаа залруулан шүүгчээр томилуулах санал өргөн мэдүүлсэн байсан боловч Ерөнхийлөгчийн Е/05 тоот албан бичгээр намайг шаардлага хангаагүй гэж буцаасан, иймд би Шүүхийн ерөнхий зөвлөлд хандан намайг томилохоос татгалзсан шалтгааныг тодруулах, гаргасан алдаагаа залруулж, намайг дахин өргөн мэдүүлэхийг хүссэн өргөдөл гаргасан боловч 01/641 тоот албан бичгээр боломжгүй гэсэн хариу өгсөнд гомдолтой байгаа ... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д зааснаар өргөн мэдүүлэгдэх ёстой шүүгч нарыг томилохоос татгалзсан үндэслэл нь юу байсан, энэ үндэслэл нь батлагдаж, нотлогдсон үйл баримт байгаа эсэхийг шалгаж тогтоох, хэрэв байхгүй бол дахин өргөн мэдүүлэх үүрэгтэй ... би ямар шалтгаанаар шалгуурт тэнцэхгүй байгаагаа мэдэх эрхийг маань хязгаарлаж, мөн энэ талаар тайлбар гаргах, өөрийн буруугүй болохыг нотлох эрхийг минь зөрчсөн ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.12. Хариуцагчийн зүгээс ... Шүүхийн ерөнхий зөвлөл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн ... Ерөнхийлөгчийн Е/04 тоот албан бичгээр нэр дэвшигч тус бүр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй гэх үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзаж буцаасан, тус албан бичгийн дагуу иргэн Л.Г*******ийг шүүгчид тавигдах болзол, шаардлагыг хангасан эсэх талаар эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг гаргуулан авч үзэхэд шүүгчээр ажиллаж байх хугацаандаа Шүүхийн сахилгын хорооны 2008 оны 17 дугаар тогтоолоор сахилгын шийтгэл хүлээж байсан талаарх мэдээллийг ирүүлсэн ... улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл 97 дугаар тогтоолоороо иргэн Л.Г*******ийг дахин өргөн мэдүүлсэн боловч Ерөнхийлөгчөөс түүнийг томилохоос татгалзсан тул шийдвэрийн үндэслэлийг дахин нягтлах, шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх хуулийн үндэслэлгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Л.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан намайг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлээгүй, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг даалгах шаардлагаа бүрэн дэмжиж байна. Шүүхийн шинэчлэлийн тухай хуулийн 98 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарыг албан тушаалаас нь чөлөөлөн буцаан томилоогүй асуудал байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц*******гийн Э******* намайг шүүгчээр буцаан томилоогүй орхисон, шүүгчээр томилохоос татгалзсан эс үйлдэхүйг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд зааснаар эрхээ сэргээлгэхээр Улсын дээд шүүх, Хүний эрхийн хороо, Үндсэн хуулийн цэц гээд хандаагүй газар надад байхгүй. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар миний асуудлыг авч хэлэлцээд шүүхийн шийдвэрийг биелүүлж намайг шүүгчээр томилохоор 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/370 тоот албан бичгээр У*******гийн Х*******эд хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн алба хянаад 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/0 дугаартай албан бичгээр буцаасан.

Үүнд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй байна гэсэн. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Шүүгчээр томилохоос татгалзсан захиргааны акт биш болох хэрэгт авагдсан давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдоно. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс алдаагаа засаж шүүгчээр томилуулах талаар өргөн мэдүүлсэн боловч 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай албан бичгээр Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хангаагүй гэж саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл рүү буцаасан. Гаргасан алдаагаа залруулж дахин өргөдөл гаргасан боловч 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр 2 удаа өргөн мэдүүлсэн хуульд заасан шаардлагыг хангахгүй гэж саналыг буцаасан тул өргөн мэдүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Би өмнө нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаар шийдвэрээр шүүгчээр ажиллаж байх хугацаанд огцруулах үндэслэл, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн зүйл байхгүй байна. Шүүгчээр өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн. Би өөрийгөө нэр дэвшигч гэж үзэхгүй байгаа. Шүүгч гэдэг бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдсан зүйл байхгүй байсан учраас Үндсэн хуулийн цэцэд хандахад манай харьяаллын маргаан биш байна гэсэн хариуг өгсөн. Ерөнхийлөгчийн зүгээс шүүгчид нэр дэвшигч байна гэж үзээд байгаа. Намайг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй байсан учраас нэр дэвшигч гэж үзэхгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор сахилгын арга хэмжээ авагдсан гэж үзэж байгаа бол хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дууссан. Тухайн үед мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хуульд сахилгын шийтгэл хүлээлгэснээс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл гаргаагүй бол шийтгэлгүйд тооцно гэж заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны нийт хуралдаанаар Баянзүрх дүүргээс Батхүү шүүгч нэр дэвших асуудлаас хойш эрх маань зөрчигдсөн гэж үзээд байгаа. Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь хэсэгт заасан ёс зүйтэй байх гэдэг шаардлага нийцэхгүй байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Л.Г******* намайг дахин шүүгчээр томилуулахад өргөн мэдүүлэхгүй байгаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэг, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж өгнө үү. гэжээ.

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж юу вэ гэвэл иргэн Л.Г*******ийг шүүгчид дахин өргөн мэдүүлэх нь ямар хуулийн заалтыг зөрчсөн бэ гэдэг асуудал яригдана. Шүүхийн Ерөнхий зөвлөл хуулиар хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүй вэ, биелүүлэх ёстой ямар үүргээ биелүүлээгүй вэ гэдэг нь харагдана. Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай хуульд заасан Захиргааны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна. Нэгэнт гарсан хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу зохих үйлдлийг хийсэн. Нэхэмжлэгч дахин өргөн мэдүүлэх үүрэгтэй гээд байна. Хуулиараа бол Ерөнхийлөгч саналыг буцаасан тохиолдолд шалтгааныг нь нягталж үзээд үндэслэлтэй байвал өөр хүнийг санал болгож болно. Энэ бол үүрэгжүүлсэн заалт биш, сонголттой заалт. Нэхэмжлэгч тайлбартаа хууль бусаар ажлаас халагдсан хөдөлмөрийн эрхийн маргаан мэт зүйл яриад байна. Өөрийгөө нэр дэвшигч гэж үзэж байгаа бол өргөн мэдүүлэхийг даалгах шаардлага гаргаж болохгүй. Хэрэв нэр дэвшигч гэж хүлээн зөвшөөрөөд өргөн баригдвал асуудал арай өөр байна. Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүхийн шатанд хэлсэн шаардлага нь хоёр өөр агуулгатай байгаад байна. Өмнөх Захиргааны хэргийн шийдвэрээр нэгэнт тогтоосон асуудал мөн шийдвэр нь хүчин төгөлдөр хэвээр байхад дахин өргөн мэдүүлэх шаардлага гаргах нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ., мөн зүйлийн 36.5 дахь хэсэгт Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно. гэж заажээ.

2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс авч үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд тус тус зааснаар хуульчдаас шүүгчийг шилж олох болон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор хуульчийг шүүгчээр томилуулахаар санал болгон нэр дэвшүүлэх чиг үүргийн аль нь болохоос үл хамааран тодорхой иргэнийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг тодруулан тогтоох эрх хэмжээтэй байна.

3. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дээрх ажиллагаа, түүнээс гаргасан шийдвэр нь бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосон, үндэслэл бүхий байх талаарх эрх зүйт төрийн зарчим, шаардлагыг хангах учиртай бөгөөд эдгээр шаардлагыг хангасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс албан бичгээр хүлээн аваагүй тохиолдолд асуудлыг дахин нягталж, шүүгчид нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй гэж үзвэл тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд өөр нэр дэвшигчийг санал болгох бүрэн эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хууль тогтоогчийн зүгээс хуулиар олгожээ.

4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өрнөсөн талуудын тайлбар зэргээс үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаар өөрт олгогдсон бүрэн эрхээ зохистой хийгээд бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

5. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 74 дугаартай тогтоолыг баталж, тус тогтоолын хавсралтаар нэр бүхий 12 иргэнийг /нэхэмжлэгч Л.Г******* багтсан/ анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 тоот Саналыг буцаан хүргүүлэх тухай албан бичгээр[1][1] ... танай ирүүлсэн 2022 оны 01/371 тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна гэж нэр бүхий 12 иргэний материалыг бүхэлд нь буцаажээ.

6. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Е/04 тоот албан бичгээр зөвхөн нэхэмжлэгч Л.Г*******ийн материалыг буцаагаагүй, харин нийт өргөн мэдүүлсэн 12 иргэний материалыг бүхэлд нь буцаасан байгаагаас үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь ан*******саа хуульд заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангаж өргөн мэдүүлэх чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

7. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 74 дугаартай тогтоолыг баталж, тус тогтоолын хавсралтаар нэр бүхий 12 иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг баримт бичгийн бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй гэж буцаасан байх тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 тоот албан бичгийг шүүгчийг томилохоос татгалзсан татгалзал гэж хууль зүйн хувьд үзэх боломжгүй.

8. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баримт бичгийн бүрдүүлбэрийг хангуулж, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 97 дугаартай тогтоол[2][2] баталж, тус тогтоолоор нэхэмжлэгч Л.Г*******ийг /дангаар нь/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

9. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 97 дугаартай тогтоол, түүнийг хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/544 тоот албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч танилцаад 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 тоот Саналыг буцаан хүргүүлэх тухай албан бичгээр[3][3] ... 2022 оны 97 дугаар тогтоолоор санал болгосон нэр дэвшигч Л********** Г*******... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна. Иймд танай газраас ирүүлсэн ... 01/544 ... дүгээр санал өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын хамт буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна гэж нэхэмжлэгч Л.Г*******ийг шүүгчээр томилохоос татгалзсан нь хууль зүйн агуулгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан эхний удаагийн татгалзал гэж үзэх үндэслэлтэй байна.

10. Тиймээс хариуцагчийн зүгээс тайлбарласан ... Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс нэхэмжлэгчийг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2 удаа өргөн мэдүүлсэн ... гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

11. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 тоот албан бичгээр нэхэмжлэгч Л.Г*******ийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилохоос татгалзахдаа ... нэр дэвшигч Л********** Г*******... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна ... гэсэн байх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ үйл баримтыг авч үзэхдээ Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны анхан шатны хуралдааны 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүгч Л.Г*******т холбогдох сахилгын хэргийн тухай 17 дугаар тогтоолын эрх зүйн үйлчлэл, түүний үр дагавар нэхэмжлэгч Л.Г*******ийн нэрийг шүүгчид өргөн мэдүүлэх цаг мөчид хүчин төгөлдөр байсан эсэхийг дахин нягтлах учиртай байжээ.

12. Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны анхан шатны хуралдааны 2008 оны 17 дугаар тогтоол гаргах цаг мөчид 2002 оны Шүүхийн тухай хууль үйлчилж байсан байх бөгөөд тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно. гэсэн хоёрдмол утгагүй заалт мөрдөгдөж байжээ.

13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.Г*******т Шүүхийн сахилгын хорооны анхан шатны хуралдааны 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаар тогтоолоор оногдуулсан сахилгын шийтгэл нь 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болж, сахилгын шийтгэлгүйд тооцогдсон байх боломжтой байна.

14. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг хууль зүйн үндэслэлтэй тодруулах шаардлагатай, тийм боломжтой байх атал Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэхэмжлэгчид хандан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/641 тоот албан бичгээр[4][4] ... Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаар албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр саналыг буцаасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг өгсөн нь хуульд нийцээгүй байна.

15. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж, Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдож байгаа эсэхийг тодруулж, улмаар энэ үндэслэл тогтоогдохгүй бол дахин өргөн мэдүүлэх боломжтой байхад энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, асуудлыг бүрэн гүйцэд шийдвэрлээгүй орхигдуулсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эс үйлдэхүй байна гэж шүүх дүгнэлээ.

16. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.1.5 дахь заалт, 36 дугаар зүйлийн 36.4, 36.5, 2002 оны Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Г*******ийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ