| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/01104/И |
| Дугаар | 183/ШШ2022/01021 |
| Огноо | 2022-04-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2022/01021
2022 оны 04 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2022/01021 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байр, Х ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 хэсэг дайчдын хөшөө, 0 гудамж 00 тоот хаягт оршин суух, Х овогт Гын С /РД:00000000/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 36 803 414,23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, хариуцагч Г.С, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ээжийн бие муудаад асрах зорилгоор 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажлаасаа гарсан. Энэ хугацаанд зээлээ төлж байсан. Сүүлийн хугацаанд зээлээ үнэхээр төлөх боломжгүй болоод төлж чадаагүй... гэв.
Нэхэмжлэгчээс 2018 оны 12 сарын 31-ний өдрийн 0000000000дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн тооцоолол, 2021 оны 12 сарын 16-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г.С холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 36 803 414,23 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 35 537 383,44 төгрөгийг хангаж, үлдэх 1 266 030,79 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Г.С нь Х ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0000000000дугаартай зээлийн гэрээ байгуулж, 27 000 000 төгрөгийн зээлийн 48 сарын хугацаатай, 365 хоногт 22.8 хувийн хүүтэй зээлсэн. Г.С нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж зөрчсөн. Гэрээг банкны санаачилгаар цуцалсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн 22 423 561,44 төгрөг, хүүд 13 664 547,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 715 305 төгрөг, нийт 36 803 414,23 төгрөг байна... гэж тайлбарлав.
2. Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Ажлаас гарсантай холбоотойгоор гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талууд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 0000000000дугаартай зээлийн гэрээ байгуулж, Ханс банк 27 000 000 төгрөгийг өрхийн хэрэглээний зориулалтаар 48 сарын хугацаатай, 365 хоногт 22.8 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Г.С нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 4 576 438,26 төгрөг, үндсэн хүүд 3 668 802,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 246,26 төгрөг, нийт 8 239 489,39 төгрөгийг төлсөн. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.
Талууд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 01 сарын 10-ны өдөр дуусах хэдий ч зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.
Нэхэмжлэгч Х ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний үүрэг шаардаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, улмаар өргөдөл гаргагч Х ХХК-ийн хүсэлтээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Зээлийн гэрээг цуцлах нь хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардсан 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр гэрээг цуцлагдсан гэж үзнэ.
Гэрээ цуцлагдсанаар үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул гэрээ цуцалснаас хойших хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч Г.Сээс үндсэн зээл 22 423 561,44 төгрөг, үндсэн хүү 12 529 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 583 845 төгрөг, нийт 35 537 383,44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 266 030,79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Сээс 35 537 383,44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 266 030,79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 341 967 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сээс улсын тэмдгийн хураамжид 335 637 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ