| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0962/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1098 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1098
2025 4 30 2025/ШЦТ/1098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Казакстан Улсын Алмата хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механизмын ашиглалтын инженер мэргэжилтэй, “..............” ХНН-д машинч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .......................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Т овогт Д-ийн Б, /РД:...................... /
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Згийн өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ................. дээд сургууль дээрээ хичээлтэй байж байхад манай нөхөр болох Б нь залгаад согтуу ярьж байсан болохоор би 20 орчим минутын дараа буюу 14 цаг орчимд гэртээ очсон чинь манай нөхөр бага хүүхэдтэйгээ, өөрөө болохоор согтуу хажуудаа хоёр том пиво тавьчихсан нэгийг нь уучихсан, нэгийг нь уугаагүй байсан. Намайг ороход “гичий минь” гэх мэтчилэн үг хэлээр доромжлоод байхаар нь би цагдаа дуудчихсан, цагдаа дуудах үед хувцсаа өмсөж босож ирээд намайг зодсон, толгойны дагз хэсэгт 2, 3 удаа цохисон, баруун гарын шуу хэсэгт нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Намайг зодож байх үед хүүхэд доор байсан болохоор би хүүхдээ аваад буйдан руу тавих гээд өргөтөл миний толгой хэсэгт цохих гэж байгаад хүүхдээ цуг цохьчихсон тэр үед манай хүүхдийн амнаас цус гоожоод уруул нь язарчихсан байсан тэгээд манай нөхөр шууд гадагшаа гараад явчихсан. Гараад явсных нь дараа би нөхрийнхөө аав руу ярьтал “яг одоо очлоо, хаалгаа түгжээд байж бай” гэж хэлсэн удалгүй цагдаа нар манай гэрт хүрээд ирсэн “хамгаалах байр руу явах уу” гэхэд би жоохон хүүхэдтэй болохоор “манай хадам аав ирж байгаа, ирэхээр нь би хамт яваад очьё” гэж хэлээд цагдааг явуулсан. Тэр хоёр цагдаа дахиад ирээд хаалга цохивол битгий нээж өгөөрэй, дахиад дуудлага өгөөрэй гэж хэлээд явсан. Манай хадам аав ирээгүй, хоёр цагдааг явсны дараа 30 орчим минутын дараа дахиад манай хаалгыг нүдээд би дурангаар харсан чинь манай нөхөр байсан, тэр үед нь би дуудлагаар ирсэн хоёр цагдаа руу дахиад залгатал тэр хоёр цагдаа “нэг дуудлагын дараа очлоо” гэж хэлсэн тэгэхээр нь би хадам аавруугаа залгатал ирэхээ болисон талаар хэлсэн. Төд удалгүй манай нөхөр яваад өгөхөөр нь би нөгөө хоёр цагдаа руу залгаж явсан талаар нь хэлсэн. Бид хоёр цуг амьдраад 6 жил болж байна. Гэрлэлтийн баталгаагүй, дундаас гарсан хоёр хүүхэдтэй. Өгч байгаагүй анхны удаа өгсөн. Зөндөө байгаа, ингэж аймар зодож байгаагүй болхоор дуудлага өгч байгаагүй. Зүүн талын гар хавдаад зөндөө удаан явсан, толгойгоо даахгүй хоёр хоног гэртээ халуурч хэвтсэн шүүх эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын мөр хөхөрчихсөн байсан. Сэтгэцэд учирсан хохирол байхгүй. Надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,
-Түүний 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн “энэ үйл явдал шиг аймар болтол зодож байгаагүй, гэхдээ зодоон, цохионы зүйл гарч байсан. Гэр бүлийн маргааны зүйл гарч байсан. Энэ явдлаас өмнө, сүүлд хэзээ гар хүрснийг нь би санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14333 дугаар шинжээчийн
1. Ө.Згийн биед баруун шуу, зүүн мөр, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэr болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Баруун шуунд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” дүгнэлт /хх-ийн 25-26 дахь тал/,
Яллагдагч *******ын “Би 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр болох Ө.Зтэй намайг томилолтод явсан хойгуур оройтоод, гэртээ байхгүй байсан гэх маргаанаас болж хоорондоо муудалцсан. Тухайн өдөр бид хоёр ноцолдож, цохилдоод би гараад явсан. Би эхнэр болох Ө.Згийн шанаа хэсэгт гараараа 2, 3 удаа алгадсан, мөр хэсэгт нь гараараа түлхээд унагасан тэр үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх үед нь би гараад явсан. Миний цохисноос болж үүссэн гэмтэл гэж бодож байна. Би хүлээн зөвшөөрч байна, би гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Зтэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гарааpaa цохих, гар хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн *******д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ******* нь Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ............ тоотод байрлах гэртээ эхнэр Ө.Зтэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт гарааpaa цохих, гар хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй.” гэв.
Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ө.Зг гарааpaa цохих, гар хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Згийн өгсөн: “...цагдаа дуудах үед хувцсаа өмсөж босож ирээд намайг зодсон толгойны дагз хэсэгт 2, 3 удаа цохисон, баруун гарын шуу хэсэгт нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн намайг зодож байх үед хүүхэд доор байсан болохоор би хүүхдээ аваад буйдан руу тавих гээд өргөтөл миний толгой хэсэгт цохих гэж байгаад хүүхдээ цуг цохьчихсон тэр үед манай хүүхдийн амнаас цус гоожоод уруул нь язарчихсан байсан тэгээд манай нөхөр шууд гадагшаа гараад явчихсан. ...Зүүн талын гар бомбойгоод хавдаад зөндөө удаан явсан, толгойгоо даахгүй хоёр хоног гэртээ халуурч хэвтсэн шүүх эмнэлэгт үзүүлэхэд зүүн талын мөр хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх 12/,
-Түүний 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дахин өгсөн “энэ үйл явдал шиг аймар болтол зодож байгаагүй, гэхдээ зодоон, цохионы зүйл гарч байсан. Гэр бүлийн маргааны зүйл гарч байсан. Энэ явдлаас өмнө сүүлд хэзээ гар хүрснийг нь би санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14333 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 25-26/,
Яллагдагч *******ын “Би эхнэр болох Ө.Згийн шанаа хэсэгт гараараа 2, 3 удаа алгадсан, мөр хэсэгт нь гараараа түлхээд унагасан тэр үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөх үед нь би гараад явсан. Миний цохисноос болж үүссэн гэмтэл гэж бодож байна. Би хүлээн зөвшөөрч байна, би гэмшиж байна, дахин ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ө.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хохирогч баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн /хх 74/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-хөнгөрүүлэн үзэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА