| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2023/0168/э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
2025 04 02 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх, шүүгч Я.Урнаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, иргэдийн төлөөлөгч М.Нямбаяр, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Б, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2235001280204 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ....ургийн овогт Ч-ын Б (РД: .......), 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр.... аймгийн .... суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Б “шүүгдэгч Ч.Б 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутагт байрлах гэртээ амь хохирогч Х.Б-ийг “хоолой боолоо” гэх шалтгаанаар сандлаар цохиж амь насыг нь хохироосон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (I-р хавтасны 4 дүгээр хуудас), гэрч Х.Б-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтасны 6-12 дугаар хуудас), гэрч Б.Угийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтасны 13-16 дугаар хуудас), амь хохирогч Х.Бийн цогцост экскумаци хийсэн тэмдэглэл (I хавтасны 19-21 дүгээр хуудас), эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтасны 24-25 дугаар хуудас), шүүгдэгчийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (I хавтасны 26-28 дугаар хуудас), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хийн мэдүүлэг (I хавтасны 38-39 дүгээр хуудас), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хийн дахин өгсөн мэдүүлэг (I хавтасны 66-67 дүгээр хуудас), гэрч Х.Бгийн мэдүүлэг (I хавтасны 45-47 хуудас), гэрч Б.Угийн мэдүүлэг (I хавтасны 59-61,168-169 дүгээр хуудас), гэрч Т.Бын мэдүүлэг (I хавтасны 171-172 дугаар хуудас), 525 дугаартай шинжээчийн дүгнэлт (I хавтасны 118-131 дүгээр хуудас), шинжээч эмч Б.Бын мэдүүлэг (I хавтасны 143-144 дүгээр хуудас), шинжээч эмч Б.Хын мэдүүлэг (I хавтасны 146-147 дугаар хуудас), шинжээч эмч Н.Тгийн мэдүүлэг (I хавтасны 189 дүгээр хуудас), мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зугийн үзүүлэлт (I хавтасны 223-228 дугаар хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тэмдэглэл (II хавтасны 159 дүгээр хуудас), шүүгдэгч Ч.Бн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (II хавтасны 227-228 дугаар хуудас), гэрч Б.Цгийн мэдүүлэг;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Насанд хүрээгүй гэрч Б.Гын мэдүүлэг (I хавтасны 112 дугаар хуудас), 40 дугаартай прокурорын тогтоол (I хавтасны 156 дугаар хуудас), 46 дугаартай прокурорын тогтоол (I хавтасны 178-179 дүгээр хуудас), 20 дугаартай прокурорын тогтоол (I хавтасны 180-181 дүгээр хуудас), 50 дугаартай прокурорын тогтоол (I хавтасны 201-203 дугаар хуудас), 96 дугаартай прокурорын тогтоол (I хавтасны 204-209 дүгээр хуудас), 5 дугаартай прокурорын тогтоол (II хавтасны 122-124 дүгээр хуудас), 02 дугаартай прокурорын тогтоол (II хавтасны 125-130 дугаар хуудас), 06 дугаартай аймгийн ерөнхий прокурорын тогтоол (II хавтасны 136-138 дугаар хуудас), 17 дугаартай өмгөөлөгчийн гомдол (III хавтасны 7-8 дугаар хуудас), 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 159 дугаартай яллах дүгнэлт (III хавтасны 14-22 дугаар хуудас), 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 186 дугаартай цагаатгах тогтоол (III хавтасны 86-94 дүгээр хуудас) зэрэг болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Гэрч Х.Бгийн Увс аймаг дахь цагдаагийн газарт гаргасан “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хийн Б миний ах нас барсан. 02 дугаар сарын 05-ны өдөр 14 цагт багийн эмч ирж даралтыг нь үзэхэд 140-тэй бие нь тааруухан байсан тул тархины дотор цус харвалт гэж оношлоод 16 цагт сумын эмч ирж эм тариа хийж харвалт гэсэн онош тавьсан. Талийгаач нь орой 2140 минутад амьсгал хураасан учир цагдаа дуудаагүй. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Батцэрэнгийн Угийн чат (facebook) хаягаар орж БатХийн Цтай бичсэн чатыг уншсан. Учир нь талийгаач цус харвалтаас болж нас бараагүй бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй тул бидний хүсэлтийг хүлээн авч, бидний гомдлыг тайлж өгнө үү” гэх агуулгатай гомдол (1 дэх хавтаст хэргийн 4 дүгээр хуудас);
- Гэрч Х.Бгийн эзэмшлийн Redmi 9A загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас) зэргийг үндэслэн Х.Бийн амь нас хохирсон талаарх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.
2.2. Амь хохирогчийн эхнэр Б.У 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр “...Миний нөхөр Х.Б Б ахыг дагаж явна гэхээр нь би явуулаагүй аваад үлдчихсэн. Тэгтэл мориор явна гэхээр нь би явуулаагүй. Тэгж байгаад би “чи ганцаараа явчихаар би айж ичдэггүй юм уу” гэхэд “за за” гэж хэлсэн. Талийгаач нөхөр маань унтахгүй нэлээн хэсэг байж байгаад шөнийн 01 цагийн үед унтсан. Тэгээд босож ирээгүй. Өглөө би нэлээн орой 9 өнгөрөөд 10 цагийн үед босоход шөнө гэрийн зүүн талын хэсгээр орны урдуур хэвтсэн байсан хүн хаалга чиглэлд жаахан доошилсон байдалтай унтаж байсан.
...би Ч.Б руу залгаад “миний нөхөр босохгүй байна, их даарчихсан байна, орон дээр хэвтүүлээд дулаацуулчихмаар байна” гэж хэлээд Ч.Б ирсний дараагаар орон дээр нөхөр Х.Бийг гаргаад хэвтүүлсэн. Түүний дараагаар Ч.Б “чи ерөөсөө эмнэлэг дуудсан дээргүй юу” гэхээр нь би сумын эмнэлэг рүү залгасан чинь багийн эмчид дуудлага өг гэхээр нь багийн эмч рүү залгахад удахгүй очно гэж хэлээд 1 цагийн дараа ирсэн. Багийн эмч нь ирчхээд “эх, эцэг рүү нь ярьсан дээр юм байна” гэж хэлээд багийн эмч ярьж хэлээд Ч.Бг хадам аавынх руу явуулсан. Сумын төвөөс эмч дуудчихсан байсан. Багийн эмч үзчихээд “даралт харвачихсан юм шиг байна, толгой тархи өвддөг байсан уу? рахиттай байсан уу?” гэхээр нь багадаа хүүхэд байхдаа тархины даралттай байсан юм байна лээ гэж хэлсэн. Даралтыг тухайн үед үзэхэд 220-той байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас) өгсөн байна.
Гэрч Б.У 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дахин “...Нэгдүгээрт айж балмагдаад цочирдоод Ч.Бн гэрт очсон талаараа, тэнд хоносон талаараа мэдүүлээгүй, хоёрдугаарт би хадам аав, ээж ах дүүгийнхээ хүмүүст Ч.Бн гэрт очсон талаараа хэлээгүй учраас мэдүүлэг өгөхдөө тэр талаар мэдүүлээгүй. Одоо бүгдийг үнэн зөвөөр мэдүүлнэ.
2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай гэрт Ч.Б автомашинтай ирсэн ба тэдний автомашинаар н.Батмөнх гэр бүлтэйгээ, Шөшөө гэр бүлтэйгээ хамт манай гэрт ойролцоогоор үдээс хойш ирсэн. Манайд ирсний дараагаар хоол цай уугаад 0.75 литрийн архи түүнээс 2 хуруу хэмжээтэй уусан байсныг тэд нар ууж дуусгаад дахиад 0.5 литрийн хэмжээтэй Элэкс нэртэй архи уусан. Түүнээс н.Амарсанаагийн гэрт очсон, тэднийд очоод цай уугаад гарсан, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тэднийхээс гараад н.Гантогтохын гэрт очсон бөгөөд тэдний гэрт очоод цай уугаад гарсан. Буцаад гэрт ирэхэд манайд н.Баярхүү ах ирчихсэн байсан ба Ч.Б нь хүмүүсийг хүргэж өгчхөөд ирнэ гээд эхнэрээ үлдээгээд явсан. Тухайн үед манай мотоцикл эвдэрчихсэн байсан тул Ч.Бг засаад өг гэхэд хүмүүсээ буулгачхаад буцаад ирнэ гэж хэлсэн.
...Б ахын гэр бүлтэй хамт тэдний автомашинаар талийгаач нөхөр Х.Б бид хоёр Ч.Б гэрт хамт очсон тэр үед ойролцоогоор 20 цаг болж байсан байх хоол идээд Ч.Б 1 литрийн хэмжээтэй архи задалсан ба түүнийг тойруулсан. Тухайн архийг ууж дуусаад Б ахынх Ч.Бн аавын гэр рүү явсан. Ч.Б нь “аав нас барсан, би очоод үйлчилчхээд ирье” гээд явсан. Миний талийгаач нөхөр Х.Б хамт явна гэхээр нь би явуулаагүй түүнээс болоод бид хоёрын дунд хэрүүл эхэлсэн юм.
Талийгаач нь Ч.Бн араас явна гээд гэрээс олон удаа гарч гүйсэн, Ч.Б эмээлтэй морийг унаад явна гэхээр нь би гэрт орж ирсний дараагаар цээж хувцсыг нь болон зүүн хөлийн гутлыг нь тайлаад авчихсан. Тэгсэн атал явна гээд дайраад байсан. Би явуулаагүй тэгтэл намайг “чи юутай ирсэн, Шээрэвийнх нь юутай явсан юм, чи нөхрийнхөө толгой мэддэг хэн бэ” гэх мэтээр доромжилсон. Би аргалаад дараад хэвтүүлэхэд унтахгүй явна гэж босч ирээд байхаар нь би хацар руу нь 2 удаа алгадаад, хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Босох гээд өндийхөөр нь би бор өнгөтэй Ч.Бн модон сандал аваад шидэхэд Х.Бийн зүүн хөлийн шилбэний ясны хэсэгт оносон.
Түүний дараа талийгаач ус ууна гээд гэрийн үүд рүү мөлхөхөөр нь шанагатай ус авчирч өсгөн. Тэгэхэд миний нөхөр ус уусан. Би шанагаар цохиогүй. Тэгж байгаад Ч.Б ирсэн.
Ч.Б ирсний дараагаар нөхөр хэсэг тайвшраад би орон дээр хэвтэж байсан, талийгаач миний урдуур сууж байсан. Тэгтэл нөхөр “Чуутынхан ядуу хоосон буйр бууцгүйгээр нь бид нарыг дарамталлаа, баячууд та нар бид нарыг ядуу хоосноор дарамталлаа” гэж хэлээд байсан. Би талийгаачийн хэлсэн үгийг чагнаж хэвтэж байгаад Чуутынхан гэж юу байдаг юм гээд хэлэхэд талийгаач босож ирээд намайг заамдаж байгаад толгой руу гараараа цохисон. Тэр үед Б.Ц босож ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед Ч.Б босож ирээд талийгаачийг заамдсан бөгөөд талийгаач мөн Ч.Бг заамдаад барьчихсан байсан. Түүний гар руу Ч.Б шар өнгийн хуванцар сандлаар зүүн гарын хэсэгт цохиход талийгаач нөхөр Х.Б хойшоо саваад хувцасны шкаф толгойгоороо цохиод уначихсан. Түүний дараа ямар нэгэн зүйл дуугараагүй, юм хэлээгүй, унасан газраа буюу гэрийн баруун талын хэсэгт хэвтэж байгаад 5 минут орчмын дараа бөөлжсөн. Бид нар тэр үед орондоо ороод хэвтсэн байсан. Талийгаач өглөө босоход хурхирч унтаж байх шиг байсан ба орой унасан газраас жаахан доошоо үүдний хэсэг рүү хулдаас тал руугаа явчихсан байсан юм. Өглөө 09 цагийн үед бид нар босоод харахад өмдөндөө бие засчихсан байсан. Өмд нь норчихсон байдалтай байсан ба босооч гэхэд босохгүй, ямар нэг харьцаа үүсгэхгүй, хөдлөхгүй байсан. Талийгаачийн гар хөл нь хүйтэн болчихсон байдалтай байхаар нь дээш нь татаж хэвтүүлээд 30 минут орчим дээлээр хучиж хэвтүүлсэн. Тэр хооронд Ч.Б үхэр малаа гаргасан. Талийгаачийн бөөлжсийг би цэвэрлэсэн, идсэн хоолоороо бага зэрэг бөөлжсөн байсан.
Ч.Бг дуудаад би Х.Бийг аваад гэр рүүгээ явахаар болсон бөгөөд Ч.Бн автомашинтай талийгаач бид гурав гэрт очоод Ч.Б бид хоёр гэр рүү өргөж оруулаад гэрийн зүүн талын орон дээр хэвтүүлсэн. Талийгаачид өглөө нь өмсгөсөн цамц болон түүний өмссөн байсан өмдийг тайлаад орон дээр хэвтүүлээд хөнжлөөр хучсан. Түүний дараагаар талийгаачийг сэрээх гэсэн боловч хурхирч унтаад байсан. Хэсэг хугацаанд хурхираад тэгээд зүгээр болоод байсан. Ч.Б бид хоёр гэрт авчирсны дараагаар эмч дуудсан. Эхлээд сумын эмч рүү залгаж дуудлага өгөхөд “багийн эмч рүү ярь” гэхээр нь багийн эмчийг дуудсан. Би Б.Цтай гар утсаар яриад танайд хоносон гэж хэлэхгүй өглөө Ч.Бг дуудаад орон дээр өргөлцөж гаргаж өгсөн гэж хэлээрэй гэж ярьсан. Ч.Бд ч энэ талаар хэлсэн” гэж өмнөх мэдүүлгээсээ агуулгын хувьд ноцтой зөрөөтэй мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас) өгчээ.
Гэрч Б.Угаас 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас), 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас), 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 191-192 дугаар хуудас), мөн тус өдөр гэрч Б.Цтай нүүрэлдүүлж (1 дэх хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас), 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр (2 дахь хавтаст хэргийн 75 дугаар хуудас), 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр (2 дахь хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас), 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр (2 дахь хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас), 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр (2 дахь хавтаст хэргийн 185 дугаар хуудас) тус тус мэдүүлэг авсан байх бөгөөд энэхүү мэдүүлгүүд нь гэрч Б.Угийн 2 дахь удаагаа өгсөн мэдүүлгийн агуулгыг тодруулсан, дэлгэрүүлсэн агуулгатай байна.
Мөн шүүгдэгч Ч.Бн эхнэр Б.Ц 2022 оны 06 дугаар 08-ны өдөр “...Ч.Б бид хоёр түрүүлж яваад гэртээ очоод би сээр хавс чанаад, бууз жигнэж байхад талийгаач эхнэртэйгээ, н.Ц ах гэр бүлийн хамтаар ирсэн. Манайд ирээд хоол идээд нөхөр 1 литрийн водка нэртэй архи задлаад түүнийг тойруулж ууж дуусаад 23 цаг 30 минутын үед байх н.Ц ах замдаа манай хадам аавын гэрээр буугаад явна гээд явсан. Миний нөхөр аав нас барчихсан юм чинь би оронд нь очоод үйлчилж байгаад ирье гээд явсан ба талийгаач Х.Б би бас явна гэхэд эхнэр Б.У явуулаагүй.
Би Х.Б болон Б.У нарт ор засаж өгсөн ба талийгаач мориор явна гээд өвсний хашаанд байсан морь авч ирж гадна уяад эхнэр нь явуулахгүй гээд Х.Бийн гутлыг гаргаж шидсэн. Унтах гэхэд талийгаач унтдаггүй, эхнэр рүүгээ шүлсээ хэд хэдэн удаа нулимсан. Талийгаачийг шүлсээ хаясны дараагаар түүний эхнэр Б.У хавирга дээр нь хэд хэд дэвссэн. Түүний дараа талийгаач ус ууна гээд эхнэр Б.У шанаганд ус хийж өгөхөд уухгүй Ч.Бн араас явна гэхээр нь явуулахгүй гэсэн. Шанагаар талийгаачийн хоёр хацрын хэсэгт Б.У 2-3 цохисон. Тэгээд талийгаач Х.Бийг унтуулах гээд Б.У ноцолдсон. Тэгж байтал миний нөхөр Ч.Б ирсэн. Талийгаач “Цээлээнамжилынхан гуйлгачид, танайхан баян цатгалан” гээд манай нөхөр Ч.Бг үгээр өдөөд байсан. Тэр үед нөхөр Ч.Б унтах гээд гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан, харин талийгаач гэрийн баруун талын хэсэгт галын хажууд сууж байсан. Ч.Б уурлаад босоод заамдсан. Талийгаач мөн Ч.Бг заамдсан бөгөөд тэд нар салахдаа талийгаач хойшоо манай хувцасны модон тавилгыг мөргөөд унасан. Би нөхрөө салгаж авсан. Талийгаач дахиж босож ирээд суугаад гуйлгачид энэ тэрээ гээд хэл амаар доромжлох үед түүний эхнэр Б.У босож ирээд талийгаачийн зүүн талын хацар руу 1 удаа алгадсан. Алгадах үедээ чиний гуйлгачин чинь хэнд хамаатай юм гэж хэлсэн. Тэгээд талийгаач болон түүний эхнэр Б.У нар хоорондоо маргалдаж, зодолдсон. Нөхөр нь Б.Угийн толгой руу гараараа 3-4 удаа цохисон. Б.У талийгаачийг заамдаад авчихсан байсан. Тэр үедээ талийгаачийг цохиж чадаагүй. Харин би тэр хоёрыг салгасны дараа талийгаач Х.Б тухайн газраа суугаад эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаж байгаад Б.У руу цэртэй шүлсээрээ нулимсан. Тэгтэл Б.У энэ муу архичин дандаа хүний толгой руу цохидог байхгүй юу гээд угаалгын машины урд талын хэсэгт байсан манай модон материалаар хийсэн бор өнгийн сандлыг аваад талийгаачийг цохисон, түүний дараа талийгаач хойшоо уначихсан. Сандалын тавцангийн нэг талын ирмэг нь хагарчихаар сандал эвдээд хаячихлаа гээд би дээшээ аваад хураасан юмаа. Би сандал авч хураачхаад орондоо ороод хэвтчихсэн. Б.У гэрийн баруун талын хэсэгт буюу галын амны эсрэг талын хэсэгт ор руу ороод хэвтчихсэн.
Түүний дараа талийгаач амандаа юм үглээд хэвтэж байсан. 20 орчим минутын дараа талийгаач бөөлжсөн, идсэн хоол, мах, гурилаар бөөлжсөн. Би босоогүй унтчихсан. Бид нар ойролцоогоор 2-3 цагийн үед унтсан. Тэр үед манай 2-6 насны 3 эмэгтэй хүүхэд унтаж байсан.
Шөнө дунд унтаж байхад талийгаач бөөлжиж байсан, манайх тухайн орой гэрлээ асаалттай хоносон. Өглөө 08 цаг 40 минутын үед босоод миний нөхөр үхрээ гаргахаар гарахад талийгаач бөөлжис болчихсон байдалтай байсан. Би Б.Уг дуудаж сэрээгээд Х.Б даарчихсан байна, бөөлжчихсөн байна дээшээ хэвтүүлье гээд бид хоёр чирээд дэвсгэрт гаргаад хэвтүүлсэн. Талийгаачийг өглөө сэрээд харахад орой унтсан газраасаа урагш хаалга чиглэл рүү яваад гоожуурын хажууд хэвтчихсэн байсан.
Талийгаачийн өмд хувцас норсон байсан ба Б.У ус уух гэж байгаад поошигтой уснаас асгасан юм байна л даа гэж хэлсэн.
Талийгаач дээр дээл хаяж өгөөд Б.У “нялх тугалтай үхэр байгаа, тугалаа тавьж хөхүүлнэ, хүмүүс гэрт ирэх байх” гээд миний нөхөр Ч.Бг дуудаад манай автомашинаар талийгаачийг гэрт нь хүргэхээр Ч.Б, Б.У нар явсан. Би хонио гаргачхаад 11 цагийн үед Б.Угийн 98620705 дугаар руу өөрийн 98981079 дугаараас яриад “ухаан орж байна уу? Эмч дуудсан уу?” гэж асуухад “эмч дуудчихлаа, ямар ч байсан хувцас хунарыг солиод оронд нь оруулаад үстэй дээлээр хучаад хэвтүүлчихсэн байна, танайд хоносон гэж хүнд битгий хэлээрэй” гэж хэлсэн.
Тиймээс бид нар тэр талаар талийгаачийн гэр бүлийн гишүүдэд хэлээгүй, бид өөрсдөө айж балмагдсан. Талийгаачийг уг нь манай гэрт байхад сэрээх гэж оролдсон боловч сэрэхгүй байсан, хоёр гараа мөр рүүгээ тохойгоо нугалж татаад байсан. Бид нар даарчихсан юм байна гэж бодсон. Хүйтэн гэрт шалан дээр хоносон учраас даарчихсан байж магадгүй гэж бодсон. Талийгаач нэлээн согтсон байсан, биеэ хамгаалах чадваргүй болчихсон байсан. Согтчихсон байдалтай байсан мөртөө надаас 1 шил архи өг гээд архи нэхэж байсан.
...Б.У битгий хэлээрэй гэж хэлсэн учраас цагдаагийн байгууллага болон ар гэрт нь мэдээлээгүй юм. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гар утсаар ярихад Б.У “энэ асуудлын талаар битгий хүмүүст хэлээрэй, танайд хоносон гэж битгий хэлээрэй” гэж хэлсэн учраас бид нар хүмүүст хэлээгүй, талийгаачийг нас барсны дараагаар тэдний гэрт очиход хадам аав, ээж, болон бусад хүмүүст энэ гэртээ хоносон гэсэн зүйл ярьчихсан байсан. Тиймээс бид нар манайд хоносон гэж хэлж чадаагүй юм.
Талийгаачийн аав, ээж ах дүү нараас та нарыг нүүрэлдүүлнэ гэж хэлээд 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр дуудахаар нь нөхөр бид хоёр очоод Б.У бид нар манайд хоносон, Б.У талийгаачийг цохисон талаар, нөхөр заамдаж байхад талийгаач хойшоо тавилга мөргөж унасан талаар хэлээгүй.
Түүний дараагаар 2022 оны 05 дугаар сарын сүүлээр Б.У миний нөхөр Ч.Бгаас би эмнэлэгт хэвтэх гэж байна мөнгөний бололцоо байвал 300’000 төгрөг өгчих гэхээр нь миний нөхөр 300’000 төгрөг шилжүүлсэн байсан.
2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр миний “Tsoogii Tsoogii” гэх facebook хаяг руу Battseren Uuganzaya хаягаас “юу байна” гэсэн чат ирсэн. Би түүн рүү “тайван юу байна” гэж хариулахад “100’000 төгрөг явуулчих, харимаар байна” гэхээр нь би “надад мөнгө алга” гэхэд “үхээч гөлөг минь” гэхээр нь би “мэдрэл чинь зүгээр үү” гэхэд Б.У “би хэний төлөө ингэж явж байгаа билээ” гэсэн. Би “Миний төлөө юундаа тэвчдэг юм, цагтаа тулахаар чи л цохиж тийм болгоо биз дээ, чи өөрөө бөөлжиж байхад ганц дээл боловч хаяад хамгаалсан бол тийм юм болохгүй” гэхэд Б.У “би цохиод алчихсан бол тэр дороо үхдэггүй юм уу, хэзээ хойно нь нөхөр чинь цохиж алаагүй юм уу ай” гэсэн. Би “Чи өөрөө цохисон биз дээ чиний нөхөртөө хайргүй чинь тэр болох нь хүйтэн шалан дээр нүцгэн хонож байхад босоод нэг дээл хаячихгүй яасан юм бэ? гэхэд Б.У “хайртай байсан бол чи босоод хаячихгүй яасан юм” гэж хэлсэн. Мөн “Тэгвэл нөхөртэй чинь хамт явъя даа” гэж Б.У хэлэхээр нь би “хэрэг хийсэн юм чинь явдаг байлгүй дээ” гэж хэлсэн. Б.У нь Battseren Uuganzaya фейсбүүк хаягтай мессенжер чатыг ашигладаг.
...Талийгаачийг Б.У хөлөөрөө 2-3 удаа дэвсээд, өрч рүү нь өшиглөөд, хацар руу нь ташаад, шанагаар хацар шанааны хэсэг рүү нь цохисон, мөн сандлаар түүнийг цохисон. Талийгаачийг Б.У хавирга руу нь өшиглөөд байхаар согтуу хүнийг болиоч эсхүл явуулчихгүй яасан юм бэ? гэж хэлсэн. Миний санаж байгаагаар Б.У сандлаар цохихоос өмнө миний нөхөр талийгаачийг заамдаж байгаад салах үед хойшоо саваад тавилга мөргөсөн. Түүний дараа эхнэртэйгээ зодолдсон санагдаж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас) өгчээ.
Гэвч гэрч Б.Ц 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дахин “...Талийгаач эхнэртэйгээ маргалдаж зодолдож байхад миний нөхөр Ч.Б ирээгүй байсан. Манай хадам аавын гэр рүү явчихсан байсан. Миний нөхрийг ирэхэд Б.У, талийгаач нар хоорондоо маргалдаад дуусчихсан байсан. Талийгаачийг Б.У сандлаар цохичихсон байсан. Нөхөр ирсний дараагаар хэсэг байж байтал Б.У нөхөртэйгөө маргалдаад, талийгаач Б.Уг заамдаад толгой руу нь гараараа 2-3 удаа цохихоор нь би салгасан. Нөхөр Ч.Б талийгаачтай заамдалцсан ба тэд нар салахдаа хойшоо унаад хувцасны модон тавилга мөргөчихсөн. Түүнээс хойш талийгаач босож ирээгүй тэндээ унтчихсан. Хэсэг хугацааны дараа буюу 20 орчим минут болоод бөөлжиж байсан. Унтахдаа талийгаач хурхираад, ммм гэж дугараад байсан. Өглөө босоход бас л хурхирч унтаж байсан.
Талийгаач болон Ч.Б нар заамдалцсан байхад талийгаачийн зүүн гарын хэсэгт Ч.Б шар өнгийн сандлаар нэг удаа цохисон нь үнэн. Тэгээд талийгаач хойшоо унахдаа хувцасны модон шкаф мөргөөд унасан юм” гэж (1 дэх хавтаст хэргийн 70 дугаар хуудас) урьд өгсөн мэдүүлгээсээ агуулгын хувьд зөрөөтэй мэдүүлэг өгсөн байна. Тухайлбал амь хохирогч савж унасан гэх үйл явдлын дараа амь хохирогч Х.Б, гэрч Б.У нар маргалдаж зодолдсон гэж эхний мэдүүлэгт дурдсан үйл баримтаа дахин өгсөн мэдүүлгээр няцааж, амь хохирогч Х.Б гэрч Б.Угийн биед халдсаны дараа шүүгдэгч Ч.Б, амь хохирогч нар заамдалцаж улмаар шүүгдэгч амь хохирогчийн зүүн гар хэсэгт шар өнгийн сандлаар цохисон, улмаар амь хохирогч унасан газраасаа босож ирээгүй гэх үйл баримтын талаар мэдүүлжээ.
Мөн гэрч Б.Ц нь эхний мэдүүлэгтээ дурдсан “...Талийгаач “Цээлээнамжилынхан гуйлгачид, танайхан баян цатгалан” гээд манай нөхөр Ч.Бг үгээр өдөөд байсан. Тэр үед нөхөр Ч.Б унтах гээд гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан, харин талийгаач гэрийн баруун талын хэсэгт галын хажууд сууж байсан. Ч.Б уурлаад босоод заамдсан. Талийгаач мөн Ч.Бг заамдсан бөгөөд тэд нар салахдаа талийгаач хойшоо манай хувцасны модон тавилгыг мөргөөд унасан” гэх үйл баримтыг дахин өгсөн мэдүүлгээрээ няцааж, шүүгдэгчид ашигтай байдлыг бий болгожээ. Гэвч аливаа этгээдийн анхны мэдүүлэг нь болсон хэргийн талаар хувийн дүгнэлт багатай байдаг бол дахин өгсөн мэдүүлгүүд нь гаднын болон хувийн үзэл бодлын нөлөөлөлд автсан, сонирхлын үүднээс логик алдааг зассан байх магадлалтай байдаг. Иймд гэрч Б.Цгийн дээрх агуулга бүхий мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэв.
Гэрч Б.Цгаас дахин 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас), 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас), гэрч Б.Утай нүүрэлдүүлж 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр (1 дэх хавтаст хэргийн 195-196 дугаар хуудас), 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр (2 дахь хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр (2 дахь хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас), 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр (2 дахь хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас), 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр (2 дахь хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас) тус тус мэдүүлэг авсан байх ба тухайн мэдүүлгүүд нь түүний хоёр дахь удаагаа өгсөн мэдүүлгийн агуулгыг дэлгэрүүлсэн, тодруулсан агуулгатай байна.
Гэрч Б.У, Б.Ц нарын мэдүүлгээс дүгнэвэл тэдгээр нь садангийн холбоотой, мөн гэрч Б.Ц нь шүүгдэгч Ч.Бн эхнэр бөгөөд болсон хэргийн үйл баримтыг гэрч Б.Угийн санаачилгаар нуун дарагдуулсан байх тул тэдгээрийн дээрх мэдүүлгүүдийг бүхэлд нь үнэн зөв гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Харин тэдгээрийн мэдүүлэгт дурдсан зарим үйл баримтуудыг: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хийн “...2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай төрсөн хүү Х.Б нь эхнэр Б.У болон хоёр хүүхдийнхээ хамтаар манай гэрт ирээд цагаан сар хийгээд хоёр хүүхэд манай гэрт үлдэнэ гэхэд талийгаач хүү маань үлдээсэн. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр багийн эмч н.Должинсүрэн манай бэрийн гар утаснаас эхнэр Н.Ятай яриад “танай хүүгийн бие муу байна, та нар ирэхгүй бол болохгүй юм шиг байна” гэхээр нь “яасан юм шиг байна” гэхэд “даралт харвалтын шинжтэй юм шиг байна” гэж хэлсэн. ...Сүүлд манай охин Х.Б Ч.Бн эхнэр Б.Ц болон манай бэр Б.У нарын талийгаачийг цохисон, хувцасны тавилга мөргүүлсэн талаар харилцсан мессенжер чатыг Б.Угийн хаяг руу ороод харсан. Түүнийг хараад миний хүү Х.Б нь гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй юм байна гэдгийг мэдсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас);
- Гэрч Х.Бгийн “...Талийгаачийн бие яагаад муудсан талаар асуухад манай бэр эгч Б.У нь “4 айл цагаан сар хийгээд явсан, тэр хүмүүст 4 шил архи задалж уугаад тэгээд тасраад унасан, хамгийн сүүлд Ч.Бн авга ах Б ирээд явсан” гэж хэлсэн. Мөн “орой унтаад өглөө босож ирээд малаа хашаанаас нь гаргаад 11 цагийн алдад /үед/ мал бэлчээртээ гарлаа бос гэхэд хурхираад гар, хөл нь хөрчихсөн байдалтай байсан. Тэгэхээр нь би хажууд ойролцоо байдаг н.Амарсанаагийнх руу залгахад эхнэр нь гар утсаа аваад “нөхөр байхгүй байна” гэж хэлсэн. Түүний дараа Ч.Бнх руу гар утсаар залгаж яриад Ч.Бг дуудахад ирээд талийгаачийг газарт хэвтсэн байдалтай байсныг гэрийн орон дээр өргөж хэвтүүлсэн. Талийгаачийг өргөж тавихад хувцас нь норсон байдалтай байсан ба Ч.Б “энэ хүн бие засчихсан юм биш үү” гэхээр нь би ус уух гэж байгаад асгачихсан байна гэдгийг хэлсэн гэсэн. Тэгээд багийн эмч дуудсан” гэж хэлсэн.
...Бэр эгч Б.У урьд нь өөрийнхөө чат руу миний мессенжерээс орж байсан ба би 2022 оны 05 дугаар сарын 25-нд бэр эгч Б.Угийн мессенжер рүү орж харахад Б.У өөрийнхөө “Battseren Uuganzaya” гэх хаягаас “Баянаа Б” гэх хаяг руу “юу байна” гэж бичсэн байсан ба Ч.Бн хаягаас хариу ирээгүй болохоор Б.У өөрийн хаягаас “гөлөг минь ээ хариу өгдөггүй юм уу” гэж мессеж бичсэн байсан.
Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өглөө тэр талаар төрсөн ээж, аавд хэлсэн ба 2022 оны 05 дугаар сарын 26-ны өглөө гэр барьж байхад тухайн хаяг руу орж харахад Ч.Бгаас “юу болов оо, утас хүүхэд авчихсан байсан юмаа” гэсэн чат ирсэн байсан. Гэр барьж дууссаны дараа дахин орж харахад хоорондоо харилцсан бичвэрүүдийг устгачихсан байсан. Би эд нар хоорондоо чатаар харилцаад ингээд устгаад байдаг юм байна гэж бодсон. Би гэр барилцчихаад буцаад явчихсан. Түүний дараагаар 2022 оны 06 дугаар сарын 06-ны өглөө би бэр эгч Б.Угийн мессенжер чат руу ороход “Tsoogii Tsoogii” гэх хаягаас “чи алаа биз дээ” гэсэн бичвэр бичигдсэн байхаар нь ороод эхнээс нь харахад:
Б.Угийн хаягаас: Юу байна, хаана байхын
Б.Цгийн хаягаас: Тайван байна, Улаангомд байна
Б.Угийн хаягаас: Тайвандаа би бас харимаар байна, над руу 100к хийчих
Б.Цгийн хаягаас: Надад мөнгө алга
Б.Угийн хаягаас: Үхээч гөлөг, хэний ачаар би ингэж явах юм
Б.Цгийн хаягаас: Мэдрэл чинь зүгээр үү, би яасын
Б.Угийн хаягаас: Зүгээр биш байна, чиний л төлөө гэж өнөөдөр би тэвчиж ядаж явах биш үү. Үр хүүхдээ ч авч чадахгүй, очиж чадахгүй.
Б.Цгийн хаягаас: Миний төлөө юундаа тэвчдэг юм, цагтаа тулахаар чи л цохиж, тийм болгосон биз дээ. Чи оройн ядахдаа бөөлжиж байхад нь ганц дээл боловч хаяад хамгаалсан бол тийм юм болохгүй байсан юм. Чамтай чамгүй шилбэ шийргүй миний ахыг яагаад алсан юм гэж дарамтлаад байна.
Б.Угийн хаягаас: Та нар харин тэгж л хэлийш, тэгвэл хэлдэг газар нь хэлээд нөхөртэй чинь хамт явна за
Б.Цгийн хаягаас: Цагтаа тулахаар тэр өдрийн цор ганц гэрч нь би болийш
Б.Угийн хаягаас: Би цохиод алчихсан бол тэр дороо үхдэггүй юм уу. Хэзээ хойно нь нөхөр чинь цохиж алаагүй юм уу ай. Тэгээд хамт явъя, надад одоо хоргодоод байх юм алга. Чи байхаар яадаг юм Уянгаа алсан гэж хэлдүүчүү
Б.Цгийн хаягаас: Баянаа гар руу нь цохио биз дээ, тэгээд тэр хүн ухаантай л байсан биз. Орой хүйтэн гэрт хүйтэн шал дээр бөөлжөөд даараад өглөөний 9 хүртэл хэвтэж байхаар ямар л байв гэж
Б.Угийн хаягаас: Тиймээ та нарт ямар буруу байх вэ? Ард үлдсэн бид 3-ын буруу тэ. Тэгээд та хоёр босоод хуччих нь яасан юм. Хувцасны шкаф мөргүүлсэн биз дээ. Үхэх шалтгаан тэр.
Б.Цгийн хаягаас: Чиний нөхөртөө хайргүй нь тэр болох нь. Бүтэн бөөлжөөд чичрээд даарчихсан, гар хөл нь даарсан байхад хучаад өгчихгүй. Өглөө босоод дээшлүүлээд хуччихъя гэхэд хая хая гэж байсан байгаа. Чамтай чамгүй нэргүй дарамталж байгаа хүмүүс зөндөө
Б.Угийн хаягаас: Чи хайртай байсан бол хамгаалах чинь яасын хохичин
Б.Цгийн хаягаас: Шкаф мөргөж байхад Баянаа бас заамдаад авсан байсы
Б.Угийн хаягаас: Өглөө галын хажууд авч ирээд хучаа биз дээ
Б.Цгийн хаягаас: Би дээшээ хэвтүүлж хучилцаа биз дээ
Б.Угийн хаягаас: Хэн чамайг юу гэж дарамтлаад байгаа юм бэ? тэгээд
Б.Цгийн хаягаас: Намайг чи дарамталж байна шүү. Баянааг танай хадам дүү чинь өдөр шөнөгүй чат бичиж дарамталж байна.
Б.Угийн хаягаас: Ард үлдсэнийн та хоёр харж ханддаггүй юм уу, орж гарахгүй болохоор хэн ч тэгнэ шүү дээ, урьд бараг л манайд байдаг байсан байхаа
Б.Цгийн хаягаас: Очихоор л хэрүүл болж байгаа биз дээ
Б.Угийн хаягаас: Тэгээд яадаг юм очихгүй болохоор үнэндээ баригдаад ирэхгүй байна гэж бододгүүл
Б.Цгийн хаягаас: Одоо ойртоод буусан. Очоод байх байлгүй
Б.Угийн хаягаас: Их баярлалаа нөхөртэй чинь холбогдоод бид хоёр хамтдаа явахаас даа
Б.Цгийн хаягаас: Тэгдийн байлгүй хийсэн хэрэгтэй хүмүүс юм чинь гэсэн хариу өгсөн байна. Би уг харилцсан мессенжер бичвэрүүдийг скрийншот хийгээд өөрийнхөө гар утасны хэсэгт хадгалсан юм. Түүний дараа 18 цаг 30 минутын үед дахиад орж харахад Б.Цгийн нөхөр Ч.Бн фейсбүүк хаяг руу “юу байна” гээд чат биччихсэн байсан. 2022 оны 06 дугаар сарын 07-ны 10 цаг 30 минутын үед орж харахад Б.Цтай бичсэн чатыг устгачихсан байсан. Тийм учраас би ээж, аавтай ярилцаад цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас);
- Гэрч Х.Бгийн эзэмшлийн Redmi 9A загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэн хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас);
- Гэрч Н.Ягийн “...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг өнгөрч байхад тус аймгийн Зүүнговь сумын Баяннуурын хойд талын хэсэгт байрлах гэрт байхад утаснаас манай ахын Ч.Б болон Б.У нар цохисон талаар харилцсан бичвэр байна гээд үзүүлсэн. Тэгээд нөхөр Х малаас ирсний дараагаар бид нар ярилцаад цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар болсон. ...Талийгаачийн зүүн гарын тохойны дотор хэсэгт хүн хазсан мэт хөхөрсөн шарх байсан. Цээжний баруун талын хэсэгт 2 ширхэг хумсаар маажсан байсан. Энэ яасан юм гээд Б.Угаас асуухад орой айл руу явна гэхээр нь би явуулахгүй гээд чирэлдэж байгаад маажигдсан юм шиг байна гэж хэлсэн. Гар нь яасан юм гэхэд мэдэхгүй гэж хэлсэн. Толгойд ямар гэмтэл байсан эсэх талаар тодорхой анзаарч хараагүй, урд талын хэсэгт ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Харвалттай хүнийг хөдөлгөж болохгүй гээд толгойнд нь хүрээгүй. Нас барсны даргаа юун толгой, биеийг нь шалгаж үзэх, гашуудлын байдалд орсон. Толгой нь их халуун байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудас);
- Гэрч А.Угийн “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед тус аймгийн Зүүнговь сумын 02 дугаар багийн иргэн Б.У утсаар яриад нөхөр нь ухаангүй болчихсон байна гэж дуудлага өгсөн. Багийн эмч н.Должинсүрэнтэй холбогдож үзүүлээд эргээд над руу яриарай гэж хэлсэн. ...13 цагийн үед багийн эмч Должинсүрэн гар утсаар залгаад “харвалт өгсөн шинжтэй, даралт 180 орчим, орчны харьцаа байхгүй, асуусан асуултад хариулахгүй, дотор амьсгалтай, тархинд цус харвачихсан байх шиг байна” гэж ярьсан. Би эм тариа бэлдээд сумын төвөөс эмнэлгийн автомашинтай 15 цагийн үед гараад 16 цаг өнгөрч байхад талийгаачийн гэрт очсон. Талийгаачийн гэрт очиход талийгаач гэрийн зүүн талын орон дээр хэвтчихсэн, ширүүн амьсгалтай, цээж хэржигнэсэн байдалтай, зүүн талдаа өгсөн командыг биелүүлэхгүй, гар хөлөө хөдөлгөхгүй, баруун талын гарын хуруу, хөлийн хуруу бага зэрэг хөдөлсөн байдалтай, миний нүдээ нээ, амаа ангай гэх командыг биелүүлэхгүй, үзлэгээр даралт нь их байсан. Би яасан талаар асуухад түүний эхнэр Б.У нь архи уугаад орой 2 цагийн үед унтсан гэсэн. Хүзүүний хэсэгт маажигдсан шархтай байсан бөгөөд баруун болон зүүн гарын аль нэг хэсэгт нь бага хэмжээний хөхөрсөн шархтай хавдаж овойсон зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас);
- Гэрч А.Угийн дахин өгсөн “...Одоо миний санаж байгаагаар амь хохирогч Х.Бийн зүүн талд байх сайн санахгүй байна хүзүүнд нь маажигдсан гэмээр 1-2 см орчим хэмжээтэй зураас маягийн шарх байсан, мөн аль гарыг нь мэдэхгүй байна гарын булчингийн хэсэгт жижигхэн эрхий хурууны дайны гэмээр хөхрөлттэй байсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 169 дүгээр хуудас) зэрэгтээ харьцуулж болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл:
2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дэвсгэрт байх шүүгдэгч Ч.Б, гэрч Б.Ц нарын гэрт амь хохирогч Х.Б, гэрч Б.У нар очсон. Улмаар шүүгдэгч Ч.Б нь эхийнхээ гэр рүү явсан байх бөгөөд амь хохирогч Х.Б нь түүний араас явна гэсний улмаас амь хохирогч болон гэрч Б.У нарын хооронд маргаан болжээ. Уг маргааны явцад гэрч Б.У нь амь хохирогчийн биед халдсан байна.
Тухайн маргаан дууссаны дараа шүүгдэгч Ч.Б гэртээ ирсэн байх бөгөөд шүүгдэгч орондоо орсны дараа амь хохирогч болон гэрч Б.У нар дахин маргалджээ. Мөн уг маргааны явцад амь хохирогч нь шүүгдэгчийг зүй бус үгээр доромжилсны улмаас тэд хоёр нэгнийгээ заамдах зэргээр бие махбодын хүчирхийллээр маргааныг шийдвэрлэх хэмжээнд очсон байх бөгөөд энэ явцад амь хохирогч Х.Б нь модон шкафыг ар хэсгээрээ налж унасан. Амь хохирогч Х.Б нь унаснаас хойш ямар нэгэн үйлдэл хийгээгүй, улмаар унтаж буй мэт хурхирах, бөөлжих зэргээр тархины битүү гэмтлийн үед бий болдог шинж тэмдэг илэрчээ. Энэ хугацаанд тухайн гэрт хамт байсан шүүгдэгч Ч.Б, гэрч Б.Ц, Б.У нарын зүгээс амь хохирогчийг хэрхсэн талаар анхаарал тавьж, ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй өглөө хүртэл тухайн газарт нь орхисноос үзвэл амь хохирогч болон шүүгдэгч, гэрч нарын хооронд зүй бус маргаан дэгдэж, уг маргааныг хүчирхийллийн аргаар шийдвэрлэсэн буюу шүүгдэгч амь хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн довтолгоо хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл амь хохирогч унасан байхад шүүгдэгч, гэрч нар ямар нэгэн тусламж үзүүлээгүй нь тэдгээр нь тухайн үед амь хохирогчийн эсрэг сөрөг сэтгэл хөдлөлдөө автан түүний эсрэг хүчирхийлэл үйлдсэнийг, мөн амь хохирогч тухайн үед зүй бус авир гаргасныг илтгэнэ.
Нөгөөтэйгөөр тухайн маргааны явцад байсан гэрч Б.Ц нь шүүгдэгч Ч.Бн эхнэр, Б.У нь гэрч Б.Цгийн садангийн хүн бөгөөд гэрч Б.У нь болсон хэргийн үнэнийг нуух талаар гэрч, шүүгдэгч нарт зааварчилгаа өгсөн. Гэрч Б.У нь болсон хэргийн үнэнийг нуусныхаа төлөө шүүгдэгч Ч.Бгаас 300’000 төгрөг авсан, мөн шүүгдэгч болон гэрч Б.Цгаас мөнгө нэхэж байсан үйл баримт гэрч Б.Угийн Хаан банк дахь харилцах дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 232 дугаар хуудас), гэрч Х.Бгийн эзэмшлийн Redmi 9A загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэн хавтаст хэргийн 6-12 дугаар хуудас), мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас) зэргээр нотлогджээ.
2.3. Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Лхагва-Очир Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шинжээч эмч Н.Т, Б.Б, Б.Х нарыг байлцуулан цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас);
- Амь хохирогч Х.Бийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаартай “...Талийгаач Х.Бийн цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын зулай ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост учирсан дээр гэмтэл нь шинэ гэмтэл байх ба цогцос ялзарч муудсан тул цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, гавлын зулай ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаачийн цогцос ялзарч муудсан тул архаг хууч өвчин тогтоох боломжгүй. Шүүх химийн шинжилгээгээр цогцсоос авсан гэх цусанд 1.4 промилл спиртийн агууламж илэрсэн байх ба цогцос ялзарч муудсан, ялзралын эцсийн бүтээгдэхүүн ялгарч эхэлсэн тул согтолтын зэрэг тогтоохгүй. Шүүх биологийн шинжилгээгээр цус нь гемолиз болсон, хайлсан, бүлэг тогтоох боломжгүй байна гэжээ. Талийгаачийн нас барсан хугацааг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 118-131 дүгээр хуудас);
- Шинжээч эмч Б.Бын “...гэмтлээс харахад баруун зулай хэсгийн хугаралд анх хүч үйлчилсний улмаас гавлын зүүн хэсэг рүү үргэлжилсэн хугарал үүссэн. Тухайлбал толгойн баруун хэсгээр модон тавилга мөргөх, цохигдохын аль ч үед үүсэх боломжтой. ...Тархины битүү гэмтэл учирснаар хурхирч унтрах, бөөлжих, нүд цэхийж харах тохиолдол үүсдэг. ...уг гэмтлийг авснаас хойш хэдий хугацаанд амьд, бие даан явах боломжтойг тогтоох боломжгүй. Х.Бийн хувьд тархины эд ялзарч муудсан, байхгүй болсон тул тархинд ямар гэмтэл учирсныг, мөн эмнэлгийн тусламж дариу аваад амь нас аврагдах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас);
- Шинжээч эмч Б.Хын “...Дээрх гэмтэл нь зөвхөн модон тавилга биш мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цохилт үйлчилсэн хэсэг буюу анхны хугарлын шугам үүссэн хэсэг болох баруун чамархайд анх цохилтын хүч үйлчилсэн. ...харин тархины эдэд үүссэн гэмтлийг нарийн тогтоох боломжгүй. Зөвхөн тархинд цус харвалт үүссэнийг шинжилгээний явцад тархины эдээс гарч ирсэн цусан бүлэнгээр тогтоосон. Иймд гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины эдэд цус харвалт үүсэж нас барсан байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас);
- Шинжээч эмч Н.Тгийн “...Талийгаачийн шарилд шинжилгээ хийх үед баруун зулай ясны урд хэсэгт “Л” хэлбэрийн салаалсан, дотогш баг зэрэг хонхойсон хугаралтай, уг хугарлаас дээш зулайн орой хэсэг рүү үргэлжилж зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд модон сандлын гурвалжилсан ирмэг, мөн модон тавилгын ирмэг хэсгийг мөргөх зэргийн аль алинаар нь үүсгэгдэх боломжтой байна. Харин гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсгэгдэх боломжгүй.
...гэмтэл авснаас хойш тархины эдэд няцрал, цус харвалт, цусан хураа үүссэн тохиолдолд толгой өвдөх, тэнцвэр алдагдах, унтаарах, бөөлжих, огиулах, хурхирах, амин үзүүлэлтүүд буурах, зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Талийгаачийн шарилд шинжилгээ хийх үед тархины эд ялзарч муудсан, хар ногоон өнгийн тараг мэт урсаж гоожсон байдалтай байсан тул тархины эдэд тухайн нас барах үед ямар гэмтэл байсан эсэхийг тогтоох боломжгүй байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 189 дүгээр хуудас);
- Х.Бийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ (2 дахь хавтаст хэргийн 100 дугаар хуудас) зэргээр Х.Б нь гавал тархины битүү гэмтэл, гавлын зулай ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн өнцөг ирмэг зүйлээр цохих болон цохигдох нэг удаагийн үйлдлээр үүссэн байна. Өөрөөр хэлбэл Х.Б нь гаднын нөлөөтэйгөөр нас баржээ.
Энэхүү үйл баримтыг дээрх (2.2-т дүгнэсэн) хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэвэл:
а. Гэрч Б.У нь амь хохирогч Х.Бийн хацар, цээж, хөл хэсэгт цохисон гэх үйл баримт тогтоогдсон боловч тухайн довтолгооны улмаас амь хохирогчийн биед гавлын зулай ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал гэмтэл учрах боломжгүй байна.
б. Амь хохирогч Х.Бийн биед учирсан баруун зулай ясны урд хэсэгт зулайн орой хэсэг рүү үргэлжилж зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн “Л” хэлбэрийн салаалсан, дотогш баг зэрэг хонхойсон хугарал нь гараар цохих үед үүсэх боломжгүй болох нь шинжээч эмч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн гэрч нар хэдий тухайн хэрэгт хувийн сонирхолтой, болсон хэргийн үйл баримтыг шүүгдэгчид ашигтайгаар мэдүүлсэн байх боловч тэдгээрийн мэдүүлэгт тогтвортой дурдагддаг “амь хохирогч хойшоо буюу араараа (дагз хэсгээрээ) модон шкаф налж унасан” гэх үйл баримттай харьцуулан дүгнэвэл амь хохирогч шкаф налж унах үедээ уг гэмтлийг авах боломжгүй болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл уг гэмтэл нь хатуу мохоо (гурвалжилсан) зүйлийн ирмэгтэй зүйлээр үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Тодруулбал амь хохирогчийн гавал ясанд учирсан дээрх гэмтэл нь урагшаа чөлөөт байдлаар унах буюу цохигдох үед, эсхүл гурвалжилсан ирмэг бүхий хатуу мохоо зүйлээр цохих үед үүсэх боломжтой бөгөөд арагшаа унаж модон шкаф мөргөх үед үүсэх боломжгүй юм.
в. Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хүрэн бор өнгийн, модон материалаар хийсэн сандал 1 ширхгийг, хуванцар материалаар хийсэн сандал 1 ширхгийг хэрэг гарснаас хойш дөрвөн сарын дараа шүүгдэгчээс хураан авсан нь эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр (1 дэх хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас) нотлогдож байна. Тухайн хүрэн бор сандал нь 28.5 см өндөртэй, дөрвөн хөлтэй, 25х22х1.5 см хэмжээтэй модон тавцантай, тавцангийн нэг талын ирмэг хэсэг нь модны ширхгийн дагуу хагарсан байна.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтын хүрээнд болсон хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл амь хохирогчийн биед дээрх гэмтлийг учруулж болох эд зүйл нь гагцхүү модон сандал байх бөгөөд тухайн сандлын тавцангийн ирмэг хэрэг болсон гэх цаг хугацаанд эмтэрсэн /хагарсан/ нь гэрч Б.Цгийн мэдүүлгээр тогтоогдсон. Хэдий гэрч Б.У, Б.Ц нар шүүгдэгч амь хохирогчийн эсрэг хуванцар сандал ашиглаж довтолсон гэх үйл баримтын талаар мэдүүлж байгаа боловч тэдгээр нь тухайн хэрэгт хувийн сонирхолтой, болсон хэргийн үйл баримтыг нуун дарагдуулсан зэргээс үзвэл уг хуванцар сандлаар шүүгдэгч амь хохирогчийг цохисон гэх үйл баримтыг үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөөтэйгөөр амь хохирогчийн гавлын ясанд учирсан гэмтлийг гараар цохиж учруулах боломжгүй болох нь тогтоогдсон, мөн уг эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хуванцар сандал нь хөнгөн, зөөлөн материалаар хийгдсэн тул довтолгооны хүчийг нэмэгдүүлэх, дээрх гэмтлийг учруулах боломжгүй юм. Иймд шүүгдэгч Ч.Б нь амь хохирогчийг тухайн модон сандлаар цохиж уг гэмтлийг учруулсан гэх дүгнэлтэд хүрэв.
2.4. Иргэдийн төлөөлөгч М.Нямбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “Санамсаргүй үйлдлээс болж хохирогч болсон тул гэм буруугүй гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргажээ.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримт, талуудын дүгнэлт, тайлбараар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Ч.Б болон амь хохирогч Х.Б нар маргалдаж, уг маргааныг хүчирхийллийн аргаар шийдвэрлэх явцад амь хохирогчийн биед гэмтэл учирч нас барсан байх тул санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөөтэйгөөр шүүгдэгчийн зүгээс амь хохирогч руу шууд чиглэсэн довтолгооныг болгоомжгүй үйлдэл гэж үзэхгүй тул иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэв.
2.5. Шүүгдэгч Ч.Б: 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар “...би тухайн үед Х.Бтой хэрэлдэж, маргалдсан, бид хоёрын хооронд өш хонзон өр авлагын асуудал байхгүй. Тэр үед Х.Б нь өөрийн эхнэр болох Э.Угийн биед халдаж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үед нь би салгахад миний хоолойг цамцны захаар боомилохоор нь би түүний гар руу сандлаар цохих үед хойшоо тавилга налаад унасан. Би Х.Бийн биед санаатай гэмтэл учруулах зорилгоор, түүний амь насыг хохироох зорилгоор цохисон зүйл байхгүй, намайг боомилсон гарыг тавиулах гээд чадахгүй байсан учраас аргагүйн эрхэнд тийм үйлдэл хийсэн.
Тэр орой Х.Б тавилга цохиж унасны дараа манайх гал түлээгүй. Тухайн асуудал ойролцоогоор 01 цагаас 02 цагийн хооронд болсон байх. Бид унтаад өглөө 09 цаг өнгөрөөд сэрсэн. Намайг сэрэхэд манайх болон Б.У, талийгаач нар унтаж байсан. Би өглөө босоод гал түлчхээд гараад малын баас түүгээд, хонио гаргаад гэрийн хажуугаар явж байхад Б.У надад Х.Б бид хоёрыг гэрт хүргээд өг гэж хэлсэн. Гэрт ороход Х.Б бөөлжсөн байдалтай, ухаангүй байсан. Тэгээд би Х.Б болон Б.У нарыг гэрт нь хүргэж өгсөн.
Би манай гэрт байдаг хуванцар шар өнгийн сандлаар амь хохирогч Х.Бийн зүүн гар руу нь цохисон юм.
...Амь хохирогч Х.Б нь миний хоолойг гараараа боомилсон учраас миний амьсгал боогдоод өөрийнхөө гараар гарыг нь салгах гэж оролдоод чадахгүй болохоор өөрийн баруун талын хэсэгт байсан хуванцар сандлаар түүнийг зүүн гарын хэсэгт 1 удаа цохисон. Би тэр үед гарт нь гэмтэл учрах боломжтой гэдгийг бодолгүйгээр зөвхөн түүний миний хоолойг боомилж байгаа гарыг нь тавиулах гэж цохисон. Түүний биед гэмтэл учруулах ямар нэгэн санаа зорилго надад байгаагүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 227-228 дугаар хуудас);
- 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд “...Тэр хүн манай гэрт ирж согтуу унтсан. Бид гэртээ унтаж байтал талийгаач шөнө босоод эхнэртэйгээ маргалдах үед би босож тэр хоёрыг салгасан. Гэтэл талийгаач миний хоолойг боогоод эхэлсэн. Би тэр хүнийг нас барна гэж мэдээгүй. ...Би нойрмог босоод татаад автал намайг боогоод авсан. Зүүн гараараа боосон гэж бодож байна. Би гараараа талийгаачийн гарыг салгах гэж оролдсон боловч дийлээгүй. Хоолой боосны улмаас нүд бүрэлзээд байсан учир болохгүй болохоор нь гараараа самардаж үзтэл сандал таарсан. Тэгээд сандлаар гарыг нь цохисон. Би Талийгаачийн эхнэр Б.Утай тохирсон зүйл байхгүй. Б.У талийгаачийг гэртээ хоносон гэж хэлээрэй, тэгэхгүй бол би амиа хорлоно гэж хэлсэн” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 67 дугаар хуудас);
- 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд “...Би Х.Бийг манайд хүрээд ир гэж дуудаагүй өөрсдөө золголт хийх зорилгоор ирээд манайд хоносон. Тэгээд хонож байх явцдаа шөнө эхнэртэйгээ хэрэлдэж маргалдсан үүднээс л энэ хэрэг болсон. Ер нь хэрэлдээд эхнэрийнхээ толгой руу 2 удаа цохиж байсан. Би араас нь очоод салгаад автал эргээд миний хоолой боочихсон. Хоолой боогоод тэр хугацаанд надад ямар ч хариу үйлдэл хийх боломжгүй, миний толгой руу хэд хэдэн удаа чанга цохисон. Тухайн үед хоолой боогдоод хойшоо унах явцад энэ сандал надад таарахаар нь сандлаар гарыг нь салгах зорилготой цохисон. Тэрнээс би хойшоо унаж шкаф мөргөх ч юм уу? хойшоо унаад гэмтэл авна гэдгийг тухайн үед огт мэдээгүй. Өөр хэлэх юм алга” гэх мэдүүлэг тус тус өгчээ.
Шүүгдэгчийн дээрх мэдүүлгүүд нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй. Мөн шүүгдэгчийн мэдүүлэгт дурдсан зарим үйл баримт нь бодит байдалд нийцэхгүй, үнэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тухайлбал хэрэг болсон гэх цаг хугацаанд шүүгдэгчийн өмсөж байсан хувцасны талаар шүүгдэгч болон гэрч нар футболк, нимгэн цамц, зузаан тэмээний ноосон цамцтай байсан зэргээр харилцан адилгүй мэдүүлдэг бөгөөд тухайн үед гэр дулаахан байсан талаар гэрчүүд мэдүүлдэг, мөн амь хохирогч тухайн үед футболктой байсан, шүүгдэгч нь орондоо орсны дараа босож ирсэн үйл баримт тогтоогддог тул түүнийг зузаан цамцтай байсны улмаас цамцны захаар нь боосон боолтод орж амь насанд аюултай байдалд орсон гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нимгэн цамц болон футболкны захаар боосны улмаас шүүгдэгч амь тэмцсэн нөхцөл байдалд орох боломжгүй.
Нөгөөтэйгөөр шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглээгүй, амь хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үйл баримт гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог, мөн шүүгдэгч нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ хамгаалах чадвар сул байсан нь гэрч Б.Цгийн “...Талийгаачийг Б.У хөлөөрөө 2-3 удаа дэвсээд, өрч рүү нь өшиглөөд, хацар руу нь ташаад, шанагаар хацар шанааны хэсэг рүү нь цохисон. ...Талийгаачийг Б.У хавирга руу нь өшиглөөд байхаар согтуу хүнийг болиоч эсхүл явуулчихгүй яасан юм бэ? гэж хэлсэн” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд амь хохирогч шүүгдэгчийн хоолойг цамцных нь захаар боомилж, амь насанд аюултай нөхцөл байдалд хүргэх чадвартай байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн шүүгдэгч анх яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө амь хохирогчтой маргалдаж, зодолдсон юм болоогүй гэх агуулгатай тайлбар гаргаж байсан боловч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр амь хохирогч миний толгой руу цохисон гэх мэдүүлэг гаргаж байгаа тул түүний тогтвортой үнэн зөв мэдүүлэг өгч байна гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч Ч.Бн мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.6. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутагт байрлах гэртээ шүүгдэгч Ч.Б нь агсам тавилаа гэх шалтгаанаар амь хохирогч Х.Бтой маргалдах явцдаа модон сандлаар цохиж, баруун зулай ясны урд хэсэгт зулайн орой хэсэг рүү үргэлжилж зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн “Л” хэлбэрийн салаалсан, дотогш баг зэрэг хонхойсон хугарал, хуйханд цус хуралт гэмтэл учруулсны улмаас амь хохирогч Х.Б нас барсан гэх үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүн амьд явах эрхийг баталгаажуулсан бөгөөд амьд явах эрх нь хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоос үл хамааран төрснөөр бий болдог жам ёсны эрх юм. Энэхүү хүний жам ёсны эрхийг эрх зүйн бүл, төрийн байгууламжийн тогтолцооны хэлбэрээс үл хамааран улс үндэстэн бүр хуулиар хамгаалах үүрэгтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд зааснаар уг хуулийн зорилго нь хүний амьд явах эрхийг гэмт халдлагаас хамгаалах юм. Өөрөөр хэлбэл уг хуулиар хүний амь насыг хамгаалсан бөгөөд хүний амьд явах эрхэд санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас халдсан бол гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг алсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар бусдын амь насыг санаатай хохироосон гэдэг зүйл ангиар оруулж зүйлчилж байгааг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Яагаад үндэслэлгүй гэж үзэж байна гэвэл ер нь гэм буруугийн субьектив шинж сэдэл зорилгыг бид нар ялгаж ойлгох хэрэгтэй. Санаатай алах гэдэг шууд гэмт хэрэг үйлдсэн хохирогчийг үхлийг хүссэн байдаг. Тухайн үйлдлээ хүсвэл шууд санаагаар гэмт хэрэг хохирогчийг үхэлд хүргэх зорилго тавьсан байдаг. Гэтэл Ч.Бн хувьд ямар нэгэн тийм нөхцөл байдал хэрэг дотор тогтоогдоогүй.
...Тэгэхээр Ч.Б урьдчилж харж чадаагүй, амь хохирогчийг алчихъя энэнээс болоод сандлаар цохиж унаж байгаа үйлдэл чинь амь хохирогчийг амь насанд хүрчих юм гэдгийг нь урьдчилан харж чадаагүй. Тэгэхээр энийг бид нар хуулиар юу гэдэг вэ болгоомжгүй үйлдэл. Өнөөдрийг хүртэл зүйлчлэл өөрчлөгдөөд л хараад байхад ер нь болгоомжгүй үйлдэл байсан юм байна гэдэг талаас нь харж байгаа юм. Тийм ч учраас улсын яллагч зүйлчлэлийг миний хүсэлт гаргасны дараагаар хүлээж аваагүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан байсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр оруулж ирсэн. Энэ бол арай үндэслэлтэй л гэж үзэж байгаа. Бид хуульчид зүйлчлэлийг бол төсөөтэй хэрэглэх боломжгүй. зүйлчлэлийг яг л тохирсон байх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас энийг анхаарна уу гэж хэлмээр байна” гэж маргажээ.
Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх зэрэг нь санаатай үйлдэл юм. Учир нь ердийн ухамсарт хүн уг үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг мэдэх боломжтой. Тодруулбал шүүгдэгч Ч.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж амь хохирогчийг эд зүйлээр цохиж, улмаар уг цохилтын улмаас унасан амь хохирогчид ямар нэгэн тусламж үзүүлэхгүйгээр орхисон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч нь хууль бус довтолгооныхоо хүчийг нэмэгдүүлэх зорилгоор сандал ашигласан буюу амь насанд аюултай аргаар довтолсон, уг довтолгооны улмаас амь хохирогч Х.Бийн биед баруун зулай ясны урд хэсэгт зулайн орой хэсэг рүү үргэлжилж зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн “Л” хэлбэрийн салаалсан, дотогш баг зэрэг хонхойсон хугарал учруулснаар хохирогч нас барсан зэргээр шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив талын шинжийг бүрэн агуулсан байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэв.
Мөн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаар амь хохирогч шүүгдэгчийг заамдсан гэх үйл баримтыг няцаан үгүйсгээгүй боловч амь хохирогч Ц.Б нь шүүгдэгчийг боомилсны улмаас амь тэнсэх нөхцөл байдалд хүргэх буюу амь насанд аюултай довтолгоо хийсэн гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Мөн тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд амь хохирогч нь агсам тавьж, шүүгдэгч амь хохирогчийн хооронд маргаан үүсэж, уг маргааныг хүчирхийллийн аргаар шийдвэрлэсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан нэг нэгнийхээ эрх чөлөөнд халдан довтолж байгаа үйлдлийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.
2.3. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлсон.
Энэхүү гэмт хэргийн улмаас амь хохирогч Х.Бийн амь нас хохирсон. Тодруулбал энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хүний амь нас бөгөөд хүний амь насыг мөнгөөр үнэлж болдоггүй, бусад зүйлээр орлуулж, нөхөн сэргээх боломжгүй тул уг хохирлыг нөхөн төлөгдөх боломжгүй гэж үзнэ.
Харин энэхүү төрлийн гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал, олох байсан орлого, бусдад төлөх төлбөр, эцэг эх, үр хүүхэд, гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн хямрал буюу хор уршиг зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гэм буруутай этгээдээс гаргуулдаг.
Энэхүү гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хт баримтаар 11’026’369 төгрөгийн хор уршиг учирсан нь тогтоогдсон. Гэм буруугийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт шүүгдэгч Ч.Бгаас 11’026’369 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хт олгохоор шийдвэрлэсэн.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс дээрх хор уршгийг нөхөн төлөх хүсэлт гаргаж, шүүх хуралдаан завсарласан хугацаанд 11’027’000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтаар нотлогдсон байна. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван дөрвөн насанд хүрсэн хүн тус хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 107 дугаар хуудас)-аар нотлогдсон байна.
Шүүх сэтгэц, эмгэг судлалын 18 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас)-ээр шүүгдэгч Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, хэрэг хариуцах чадвартай болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 118 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 120 дугаар хуудас), Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн Засаг даргын шүүгдэгчийн ам бүлийн талаар гаргасан тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 119 дүгээр хуудас), шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд (2 дахь хавтаст хэргийн 109-111 дүгээр хуудас, 4 дэх хавтаст хэргийн 18 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар шүүгдэгч нь гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй, эхнэр хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд амь хохирогч гэрч Б.Утай маргалдаж, биед нь халдсан, мөн шүүгдэгчийн гэрт агсам тавьсны улмаас маргалдсан гэх үйл баримт тогтоогдож байх тул үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч Ч.Б тухайн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байсан оролцоо, хувийн байдал зэргийг улсын яллагчийн зүгээс харгалзаж шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах оногдуулах заалт байгаа. Ч.Б үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдлыг харгалзаад оногдуулах бүрэн боломжтой гэж миний зүгээс үзэж байгаа. ...Эдгээр нөхцөл байдлуудыг шүүх хуралдааны бүрэлдэхүүн анхаарч төрийн нэрийн өмнөөс ял шийтгэл оногдуулахдаа миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар ялыг багасгаж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд наймаас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг.
Мөн тус хэсгийн 1.4-д зааснаар хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.
Энэхүү хэргийн хувьд хүний амь нас хохирсон тул уг хохирол нөхөн төлөгдөх боломжгүй. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх урьдач нөхцөл, мөн тус хэсгийн 1.4-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэл бий болоогүй тул өмгөөлөгчийн саналыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүгдэгч нэг удаагийн үйлдлээр хохирогчийн биед халдаж алсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.2. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3.3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/160 дугаартай захирамж (4 дэх хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас)-аар шүүгдэгч Ч.Б нь тус өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл буюу нийт 50 хоног цагдан хоригджээ.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна. Иймд шүүгдэгчийн цагдан хоригдсон 50 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй.
4. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг хуванцар сандал, 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц ургийн овогт Чын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг 9 (ес) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Бн энэ хэрэгт цагдан хоригдсон 50 (тавь) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ч.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг хуванцар сандал, 1 ширхэг модон сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
ШҮҮГЧ Я.УРНАА