Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/01231

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2022/01231 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Чийн Б /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 0 байр, 00 тоот хаягт байрлах, Н ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл уг компанид түгээгчээр ажилласан. Сүүлийн 6 дугаар сарын цалин 200 000 авсан. Одоо үлдэгдэл 300 000 авах ёстой боловч өгөхгүй миний хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Иймд ажлын хөлс 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Монгол улсын иргэн Ч.Б нь Н ХХК-д 2020 оны 9 дүгээр сард борлуулагчийн албан тушаалд ажилтан сонгон шалгаруулах зарын дагуу ерөнхий менежертэй уулзан Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Ажилтан байсан Ч.Б нь 2021 оны 3 дугаар сард жолооч, түгээгч албан тушаалын зарын дагуу өөрийн хүсэлтээр компанид буцаж ажиллах хүсэлт гаргасны дагуу тухайн үеийн хүний нөөцийн менежер түр ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан боловч ажлын байрны тодорхойлолтод заасан заалтыг зөрчин хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьсан, гэр бүлийн хүн нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 26 байр, 26 тоотод байрлах объектод түр хугацаагаар байршиж байх хугацаанд удаа дараа ирж албан өрөө, тасалгаанд зөвшөөрөлгүй халдсан, цонх руу чулуу шидсэний улмаас шил цуурсан, хаалга өшиглөж бариул хугалсан, ажлын хамтрагчид болон гэрээт байгууллагын удирдах ажилтантай уулзаж байх хугацаанд албан өрөө тасалгаанд нэвтрэн хэл амаар доромжилсон, байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд саад учруулан хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Манай байгууллага нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тухайн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 байрны 00 тоотод байрлах үйлчилгээний объектын түрээсийн гэрээг цуцалсан ба иргэн Ч.Бын гэр бүлийн хүний буруутай үйлдлээс болж цуурсан шилний төлбөрт 200 000 төгрөг, хаалганы бариулыг засах, солиулах, дуудлагын хөлс зэрэгт 100 000 төгрөг, нийт 300 000 төгрөгийг компанийн хөрөнгөөс гаргасан ба дээр дурдсан асуудлаас улбаатай зарим бизнесийн харилцагчдыг алдсан, компани руу татан төвлөрүүлэх хөрөнгө багассан шууд бус хохирол учирсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Н ХХК-ийн 2021.04.09-ны өдрийн 116 дугаар тодорхойлолт, тусгай зөвшөөрөл гэх баримтыг, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, хуулийн этгээдийн хаягийн лавлагаа тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан ажлын хөлс 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчаас ажлын хөлс 500 000 төгрөг авах ёстойгоос 200 000 төгрөгийг авсан, үлдэгдэл 300 000 төгрөгөө гаргуулна... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч ...нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн /эхнэр/ компанийн эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээс цуурсан шилний төлбөр 200 000 төгрөг, хаалганы бариул засуулсан 100 000 төгрөгийг суутган авсан. Үлдэгдэл 200 000 төгрөгийг нь төлсөн... гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэжээ.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Ч.Быг тус компанид түгээгч, жолоочоор ажиллаж байсан талаар маргаагүй, түр ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зохигчдын тайлбараас үзэхэд хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болсон, ажиллагч буюу нэхэмжлэгчийн 2021 оны 6 дугаар сарын ажлын хөлс 500 000 төгрөг болох талаар хэн аль нь маргаагүй байна.

 

Харин ажиллуулагч буюу хариуцагч нь төлбөл зохих хөлснөөс нэхэмжлэгчийн эхнэрийн компанид учруулсан хохирол 300 000 төгрөгийг суутгасан гэж тайлбарлаж байх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлс 300 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

 

Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2022.04.11-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаясгалангийн 94571000 дугаарын утсаар мэдэгдсэн хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 259 дүгээр зүйлийн 259.1-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бод олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 9 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ