Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2022/01256

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2022/01256 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Нарны үйлдвэрийн бүс энгель гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Монгол овогт Тн БРД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Будда Виста 000-00 тоот хаягт оршин суух, Бн Б /РД:00000000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 60 780 764,6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Б нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өөрийн 10 жилийн сургуульд хамт суралцдаг байсан найз Б.Бд 43 700 ам долларыг 50 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өөрийн Голомт банкны 2205129821 тоот данснаас зээлдэгч Б.Б Голомт банкны 0000000000 тоот данс руу 32 300 ам долларыг шилжүүлсэн. Гэвч зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Зээлийн төлбөр төлөх хугацаа дууссанаас хойш 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 4 994 ам доллар, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр 5 000 ам доллар, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөгийг дансаар 2019 онд 32 000 000 төгрөгийг Б.Э, Э.С, н.У нараар дамжуулж авсан. Үүнээс хойш төлбөр хийгээгүй ба удаа дараа нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Б.Б нь зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүд 48 450 ам доллар төлөх ёстой байсан. Үүнээс Б.Б нь 9 494 ам долларыг төлсөн, мөн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөг төлсөн ба тухайн өдрийн Монгол банкны ханш 1 ам доллар 2647,10 төгрөг байсан ба энэ нь 5 666 ам доллар болно. Мөн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 32 000 000 төгрөгийг тухайн өдрийн Монгол банкны ханшид 1 ам доллар 2651,04 хөрвүүлэхэд 12 071 ам доллар болж байна. Дээрх тооцоогоор Б.Б нь нийт 27 231 ам доллар төлсөн байна. Хариуцагч нь нийт 48 450 ам доллар төлөхөөс 27 231 ам долларыг төлсөн ба одоо үлдэгдэл 21 219 ам долларыг төлөөгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 219 ам доллар буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн үүрэг үүсэх үеийн ханш 2864,45 төгрөгөөр хөрвүүлэхэд 60 780 764,6 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээнд заасан алдангийг нэхэмжлээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2019.05.03, 2019.05.22-ны өдрийн Голомт банкны мемориалын баримт, 2019.03.14-ний өдрийн зээлийн гэрээ, Голомт банкны төлбөрийн баримт, оршин суугаа хаягийн лавлагаа, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Т.Б  нь хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 60 780 764 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 12 994 577 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 47 786 187 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2.   Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Б.Бд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 43 700 ам.долларыг 1 сарын хугацаатай, 50 хувийн хүүтэй зээлүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 48 450 ам.доллар төлөхөөс 27 231 ам.доллар төлсөн. Үлдэгдэл 21 219 ам.доллар буюу 60 780 764 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлав.

 

3.   Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4.   Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

Талууд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т.Б  нь 43 700 ам.долларыг, зээлийн хүү 50 хувь буюу 21 850 ам.доллар байхаар, нэг сарын хугацаатай зээлдэгч Б.Бд шилжүүлэхээр, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт эргүүлэн төлөхөөр тохирчээ.

 

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээний 2.1-т зээлдэгчид зээлдүүлэгч нь 43 700 ам.долларын зээл олгож байгаа болно. 2.2-т зээлийн хүү нь нэг сард 50 хувь буюу 21 850 ам.доллар байна гэж заасан ба 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдөр нэхэмжлэгчээс 32 300 ам.долларыг хариуцагчид шилжүүлсэн болох нь Голомт банкны төлбөрийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 43 700 ам.долларыг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан гэж дүгнэв.

 

Хариуцагч Б.Б нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 4 994,31 ам.долларыг, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид эгүүлэн төлсөн болох нь Голомт банкны мемориалын баримтаар тогтоогдож байх ба 5 000 ам.долларыг бэлнээр, 2019 оны 5 дугаар сард 32 000 000 төгрөгийг бусдаар дамжуулан төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

 

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөгийг мөн өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 647,10 төгрөгөөр тооцоход 5 666,5 ам.доллар, 32 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ханш 2 644,04 төгрөгөөр тооцоход 12 102,69 ам.доллар байх ба хариуцагч нийт 27 763,5 ам.долларын төлөлт хийжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь 4 536,5 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 864,45 төгрөгөөр тооцон нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т ...гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар ...тооцно. гэж заасантай нийцэх тул хариуцагч Б.Бэс зээлийн гэрээний үүрэгт 12 994 577 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Бат-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47 786 187 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2022.04.15-ны өдөр хариуцагчийн 000000000 дугаарын утсаар мэдэгдсэн хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бэс 12 994 577 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47 786 187 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 461 854 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 222 864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ