| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0063/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/74 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 25.5.1., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/74
2025 04 07 2025/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Ч.А, Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2411019320036 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г ургийн овогт Чгийн А (РД: ...), 1964 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ... аймаг ... суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, механикч мэргэжилтэй, эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт ... хот ... дүүрэг, ... дүгээр хорооны ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ц-ийн Б (РД: ....), 1969 оны 08 дугаар сарын 21-ний өдөр .... хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, мэргэжилгүй, эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт .... хот ... дүүрэг, ... дугаар хорооны ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл “шүүгдэгч Ч.А, Ц.Б нарыг бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд хууль бусаар эртний эдлэл, хэрэгсэл олох зорилгоор Улаанбаатар хотоос Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт ирж, хуучнаар ... нэртэй хийдийн тууриас металл хайгч, хүрз, жоотуу зэрэг багаж ашиглан 290 төрлийн 12’749’000 (арван хоёр сая долоон зуун дөчин есөн мянга) төгрөгийн үнэ бүхий түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг малтаж олборлосон” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн үйлдлийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Шүүгдэгч Ч.Аын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас), эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 24-29 дүгээр хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас), шүүгдэгч Ч.Аын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 47 дугаар хуудас), шүүгдэгч Ц.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 55-61 дүгээр хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/608 дугаартай Соёлын өвийн үндэсний төвийн албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас), 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8/795 дугаартай Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 70-84 дүгээр хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дэх хавтаст хэргийн 92 дугаар хуудас), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Аийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 97-102 дугаар хуудас), 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Соёлын өвийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 111-145 дугаар хуудас), 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 149-154 дугаар хуудас), 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 168-179 дүгээр хуудас), шүүгдэгч Ч.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 206-209 дүгээр хуудас), шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас);
- Шүүгдэгч нарын өмгөөлөгч: 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүгдэгч Ч.Аыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол (1 дэх хавтаст хэргийн 199 дүгээр хуудас), 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүгдэгч Ц.Быг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол (1 дэх хавтаст хэргийн 209 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 222, 243 дугаар хуудас), Чингэлтэй дүүргийн 3-р хорооны засаг даргын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас)” зэргийг тус тус шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Ч.А-ын Samsung A55G загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл, тухайн ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 24, 26 дугаар хуудас);
- Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүгдэгч Ц.Бын Iphone 13 загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл, тухайн ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 27, 29 дүгээр хуудас);
- Мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүгдэгч Ч.Аын Nissan X-Trial загварын, 19-59 улсын дугаартай автомашинд үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 30-44, 46 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ч.Аын Samsung A55G загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 47 дугаар хуудас);
- Шүүгдэгч Ц.Б-ын Iphone 13 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас);
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 55-61 дүгээр хуудас);
- Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/608 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас);
- Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 8/795 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 69 дүгээр хуудас);
- Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 92 дугаар хуудас);
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А-ийн “...Соёлын өвийн улсын бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй хэдий ч эд өлгийн зүйлээс харахад сүм хийдийн туурь түүнээс гарсан үлдэгдэл болох магадлалтай эд зүйлс байна. Хураагдсан эд зүйлс нь сүм хийдийн тууриас илэрдэг боловч тухайн газар нь соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй шинэ дурсгалт газар учраас мэргэжлийн хүмүүс судалгаа хийсэн бол шинжлэх ухааны хувьд маш чухал дурсгалт газар байх боломжтой байсан байна. Харин мэргэжлийн бус хүмүүсийн гараар орж тоногдож сүйтгэгдсэн байна. Археологийн хайгуул хийх зөвшөөрлийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27.5-д зааснаар мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагад зөвшөөрөл олгодог бөгөөд хувь хүнд олгодоггүй болно. Шүүхээр эцэслэгдсэн шийдвэрлэгдэж хураагдсан тохиолдолд орон нутгийн музей болон соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгвөл зохистой” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас);
- Соёлын өвийн үндэсний төвийн шинжээч нарын 2024-28 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн нийт 290 ширхэг /хэсэг/ эд зүйлийн хадгалалтын байдал, эвдрэл гэмтэл, зэврэлийн өнгө зэрэг хэв шинж нь газрын хөрсөнд ил болон далд хадгалагдаж байсныг илтгэж байна. Эд зүйлсийг холбогдох зөвшөөрлийн дагуу мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаас явуулсан археологи, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын судалгаа шинжилгээний үр дүнд бус сум хийдийн туурь түүний орчмоос ухаж гаргасан, түүвэрлэн олсон байх магадлалтай. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдох бүрэн боломжтой бөгөөд ижил төстэй эд зүйлс манай улсын нутагт нийтлэг байдаг. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлийн хэв шинж, хийцэд нь тулгуурлан XX зууны эхэн үед хамаарна гэж тодорхойлов. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь сүм хийдийн тууриас олдсон газрын гүнд удаан хугацаанд байсан тул эвдрэл, гэмтэл ихтэй, иж бүрдэл дутуу, бүрэн бүтэн бус хэдий ч түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн төрөл зүйлд хамаарна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 112-140 дүгээр хуудас);
- Хөрөнгө үнэлгээний 11 дугаартай “...Увс аймагт 2024 оны 08 дугаар сарын байдлаар түүх соёлын дурсгалт зүйлсийн үнэлгээ нийт 12’749’000 /арван хоёр сая долоон зуун дөчин есэн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 167-178 дугаар хуудас);
- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч Ч.Аын яллагдагчаар өгсөн “...Эртний эдлэлийн чиглэлээр 2016 оноос хойш худалдаа наймаа эрхэлж байгаа. Одоогоор Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Хар сувд нэртэй эртний эдлэлийн дэлгүүрт лангуу ажиллуулж байгаа. Мөн Урт цагаанд байрлах Тайваны төвийн 3 тоот лангууг түрээсэлж ажиллуулдаг. Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос найз Ц.Б-ын хамт Увс аймаг Түргэн сумын нутаг руу өөрийн эзэмшлийн 19-59 УЕО улсын дугаартай, Nissan X-Trial загварын автомашинтай явсан. Тухайн сумын нутаг дэвсгэрт хуучнаар Төгсбуянт нэртэй хийдийн туурь байсан юм. Уг хийдэд урьд өмнө нь 1000 лам амьдарч байсан бөгөөд 1937 онд их хэлмэгдүүлэлтийн үеэр устаж үгүй болсон учраас эртний эдлэл ихээр олдох боломжтой гэж бодоод уг газар руу явах санааг гаргаж найз Ц.Бд хэлсэн. Ц.Б зөвшөөрч бид хоёр явахаар тохиролцсон. Ц.Б бид хоёр хар өнгийн металл хайгч болон хүрз, жоотуу зэргийг аваад 22-ын товчоогоор гарч явсан. Бид хоёр Увс аймаг руу явах замдаа Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт машиндаа хонож маргааш өдөр нь Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт очсон. Түргэн сумын төвөөс баруун хойд зүгт ойролцоогоор 60-71 км зайтай Төгсбуянт нэртэй хийдийн туурь руу явсан. Уг хийдийн туурийн ойролцоо ширүүн урсгалтай гол урсаж байсан ба ертөнцийн зүгээр зүүн талд нь хадан хясаатай газар байсан. Ц.Б бид хоёр 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд шөнийн цагаар металл хайгчаа ашиглаад дохио өгсөн газруудыг хүрз ашиглаж 20-30 сантиметр гүнтэй ухаж туухай, тахилын аяга, цөгц, эвдэрхий бурхан, очир, хонхны толгой, тодовны таг зэргийг олсон юм. Олсон эд зүйлсээ өөрийнхөө 19-59 УЕО улсын дугаартай автомашинд ачсан. Бид хоёр 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө нь Улаанбаатар хот руу хөдөлж 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын ойролцоо хөдөө машиндаа хоносон. Увс аймгаас чигээрээ давхисаар байгаад Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орж ирээд Сонгинохайрхан дүүрэг хорин хоёрын товчоогоор орж ирэхдээ цагдаагийн байгууллагад баригдсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 206-207 дугаар хуудас);
- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон шүүгдэгч Ц.Б-ын яллагдагчаар өгсөн “...би эртний эдлэлийн талаар сайн мэдэхгүй. Миний найз Ч.А нь автомашин бариад хамт яваад ирье гэхээр нь автомашиныг нь барьж хамт явж хайгуул малтлага хийсэн юм. Би тухайн Түргэн сумын нутаг дэвсгэрт археологийн хайгуул хийхдээ ямар нэгэн байгууллагаас зөвшөөрөл авсан зүйл огт байхгүй. Би тухайн малтлагыг хийхдээ өөрийн найз Ч.Аын хамт хайгуул хийсэн бөгөөд өөр ямар нэгэн хүн байгаагүй. Харин хайгуул, малтлага хийхдээ Ц.Бын эзэмшлийн металл хайгч болон хүрз, жоотуу зэргийг ашигласан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 216 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Ч.А, Ц.Б нар нь бүлэглэн хууль бусаар эртний эдлэл, хэрэгсэл олох зорилгоор Улаанбаатар хотоос Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт ирж, хуучнаар Төгсбуянт нэртэй хийдийн тууриас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд металл хайгч, хүрз, жоотуу зэрэг багаж ашиглан 290 төрлийн 12’749’000 (арван хоёр сая долоон зуун дөчин есөн мянга) төгрөгийн үнэ бүхий түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг малтаж олборлосон үйл баримт тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч” гэж хуульчилсан. Соёлын өв нь түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдолтой тул аливаа этгээд төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хайгуул, малтлага, судалгаа хийж, үнэт зүйлийг завших нь нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учруулдгаараа нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг.
Энэхүү агуулгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль бусаар археологи, палентологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
3.2. Энэхүү гэмт хэрэг нь төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр археологийн хайгуул, судалгаа, малтлага хийх зорилгоор газрын хэвлийд халдсанаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм.
Шүүгдэгч Ч.А, Ц.Б нар нь бүлэглэн хууль бусаар эртний эдлэл, хэрэгсэл олох зорилгоор Улаанбаатар хотоос Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт ирж, хуучнаар Төгсбуянт нэртэй хийдийн тууриас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрүүдэд металл хайгч, хүрз, жоотуу зэрэг багаж ашиглан 290 төрлийн түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг малтаж олборлосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль бусаар археологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн” гэх шинжийг хангаж байна.
3.3. Энэхүү хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь түүх соёлын өвийн зүйлийг олборлон худалдан борлуулж ашиг олох зорилгоор археологийн хайгуул малтлага хийсэн байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учруулдаг. Тодруулбал энэхүү гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй тул хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй юм. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр нийтийн болон үндэсний ашиг сонирхолд хохирол учруулсан сөрөг үр дагаврыг арилгасанд буюу гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсанд тооцдог. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх төлбөргүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ч.А, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Ч.А-ын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 222 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 229 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 228 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 230 дугаар хуудас), шүүгдэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 234-235 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч Ч.А нь эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 243 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 245 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 246 дугаар хуудас), Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 4 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч Ц.Б нь эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэж үйлдсэн байх тул үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.
3. Эрүүгийн хариуцлагын талаар: улсын яллагч “...шүүгдэгч Ч.А, Ц.Б нарын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ч.А-ын эзэмшлийн арван 18’000’000 төгрөгийн үнэлгээ бүхий Nissan x-trial загварын 19-59 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 882’000 төгрөгийн үнэлгээ бүхий хүрз нэг ширхэг, жоотуу 1 ширхэг, EQX11 загварын металл хайгч 1 ширхгийг шүүгдэгч тус бүрээр хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох” гэх санал;
- шүүгдэгч нарын өмгөөлөгч “...Шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа байдал, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдлыг харгалзаж үзээд торгох ялаар шийдэж өгнө үү” гэх агуулгатай санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.
Шүүгдэгч нарын гэм буруугаа ойлгон ухамсарлаж хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдлыг нь харгалзан тэдгээрт тухайн зүйл хэсэгт заасан хөнгөн төрлийн ял болох торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.А тухайн гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, өөрийн өмчлөлийн автомашин, металл хайгч, хүрз, жоотуу зэргийг бэлтгэж, шүүгдэгч Ц.Б нь автомашиныг нь барих, малтлага хийх зэргээр хамтран оролцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрт ялын хэмжээний хувьд ялгамжтай оногдуулна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат 14’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14’000’000 төгрөгөөр торгох ял; шүүгдэгч Ц.Бд 12’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12’000’000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
3.2. Шүүгдэгч Ч.А, Ц.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Nissan X-Trial загварын, 19-59 УЕО улсын дугаартай автомашиныг ашигласан нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулдаг журамтай. Харин тус зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулдаг. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан хөрөнгийг улсын төсөвт шилжүүлдэг.
Nissan X-Trial загварын, 19-59 УЕО улсын дугаартай автомашины үнэлгээг шинжээчийн 37 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас)-ээр 18’000’000 төгрөгөөр тогтоожээ. Иймд улсын яллагчийн саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Nissan X-Trial загварын, 19-59 УЕО улсын дугаартай автомашины үнэлгээг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ч.Ааас 9’000’000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Бас 9’000’000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлнэ. Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хүрз, 1 ширхэг жоотуу, 1 ширхэг EQX11 загварын металл хайгч төхөөрөмжийг устгах нь зүйтэй.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шүүх болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг холбогдох журмын дагуу музей, эрдэм шинжилгээний байгууллагад шилжүүлдэг. Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 290 ширхэг түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг хураан авч, Увс аймгийн музейд шилжүүлэхээр шийдвэрлэв.
4. Мөрдөгч 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (1 дэх хавтаст хэргийн 219, 221 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгч нарыг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 290 ширхэг түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг хураан авч, Увс аймгийн музейд шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тухайн байгууллагад шилжүүлэх нь зүйтэй. Мөн хэрэгт битүүмжилсэн Nissan X-Trial загварын, 19-59 УЕО улсын дугаартай автомашины үнэлгээг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлэх хүртэл битүүмжлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г ургийн овогт Ч-гийн А, Б ургийн овогт Ц-ийн Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: шүүгдэгч Ч.А-ыг 14’000 (арван дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14’000’000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар;
- шүүгдэгч Ц.Б-ыг 12’000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12’000’000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар: шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 290 ширхэг түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг хураан авч, Увс аймгийн музейд шилжүүлж;
- Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Nissan X-Trial загварын, 19-59 УЕО улсын дугаартай автомашины үнэлгээг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ч.Ааас 9’000’000 (есөн сая) төгрөгийг, шүүгдэгч Ц.Бас 9’000’000 (есөн сая) төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж;
- Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хүрз, 1 ширхэг жоотуу, 1 ширхэг EQX11 загварын металл хайгч төхөөрөмжийг устгасугай.
4. Шүүгдэгч Ч.А, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл Nissan X-Trial загварын, 19-59 УЕО улсын дугаартай автомашины битүүмжлэлийг үргэлжлүүлж;
- Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 290 (хоёр зуун ер) ширхэг түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлсийг Увс аймгийн музейд шилжүүлж, 1 ширхэг хүрз, 1 ширхэг жоотуу, 1 ширхэг EQX11 загварын металл хайгч төхөөрөмжийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА