| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03534/И |
| Дугаар | 183/ШШ2022/01257 |
| Огноо | 2022-04-26 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2022/01257
2022 оны 04 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2022/01257 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Хүннү вилла хотхон 0с байр, 0 давхрын 00 тоот оршин суух, Б овогт Дгийн Л /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөнч өлөө, Барилга архитектурын корпорацийн 0 давхар, 000 тоот хаягт байрлах, Ш ХХК /РД:00000000/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Кинг товер 000 байр, 0-000 тоот хаягт оршин суух, Б овогт Чийн Н/РД:000000000/ нарт холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Ривер стоун хотхон 00 байр, 0000 тоот хаягт оршин суух, Б овогт Д-ийн Б /РД:00000000/
Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Хүннү Вилла хотхоны 0с байрны 0 давхрын 00 тоот дахь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч Ш.Б, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ч.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хүннү Вилла хотхоны 0с байрны 0 давхрын 00 тоот дахь 00000 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг байраа 2020 оны 5 дугаар 20-ны өдөр зарахаар болж үл хөдлөх зуучлалын ремакс компаниар зуучлуулан Ш ХХК-ийн захирал Д.Б гэдэг хүнд худалдахаар болж 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр суллаж өг гэсэн шаардлагын дагуу болон зуучлагч ремакстай хийсэн гэрээний дагуу цаг хугацаанд нь суллаж Д.Баас урьдчилгаа болох 30 000 000 сая төгрөгийг авсан. Уг байранд манайх 5 сар амьдарсан бөгөөд тэр хугацаанд байрыг борлуулсан. Хүннү Вилла хотхоны борлуулалтын албатай хийсэн гэрээ байсан бөгөөд уг байрны гэрчилгээг надад гаргаж өгөөгүй. Д.Б нь манайд төлөх мөнгөө заасан хугацаанаас хэтрүүлэн удаа дараа чирэгдэл учруулсан. Миний хувьд Д.Бтай ямар ч танил тал биш гэдгийг ремакс компанийн н.У гэх хүн гэрчилнэ. Мөн Д.Баас байрны мөнгөө авах гээд очтол Д.Л гэх манай байранд орсон залуутай тааралдсан. Д.Б нь Д.Лаас 15 000 000 төгрөг авч миний дансанд шилжүүлсэн. Би ойлгохдоо энэ хоёр хоорондоо өгөө аваатай юм байна гэж ойлгосон. Одоо болохоор Д.Б нь байрны гэрчилгээг Д.Лт өгч болохгүй, Д.Л нь Д.Бд өгч болохгүй гэж надад хэлдэг. Миний хувьд анхнаасаа Д.Бтай зуучлагчаар дамжуулж холбогдсон болохоор гэрээг Д.Бд шилжүүлэх нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ одоо болтол үлдэгдэл болох 12 654 000 төгрөгийг авч чадаагүй. Иймд үнэн зөв шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах болон түрээслэх, ямар нэгэн байдлаар шилжүүлэн өгөх тухай гэрээ, хэлэлцээр хийгээгүй. Уг байрыг иргэн Ч.Нболон Д.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээг хийгдсэн байдаг. Тухайн байрыг захиран зарцуулах эрх нь ч Ш ХХК-д хамааралгүй учраас тус орон сууцыг Д.Лт шилжүүлэн өгөх үүрэг үүсэхгүй. Учир нь Н.Б нь Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж зааснаар иргэн Д.Л болон Н.Б нарын хооронд үүссэн харилцааны үр дагаврыг Ш ХХК-аас шаардах эрхгүй гэж үзэж байгаа. Мөн тухайн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Маргаан бүхий 00000 м.кв талбай бүхий байрыг Ч.Н2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр А ХХК-иас аваад 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Бд 105 060 000 төгрөгөөр зарсан. Уг төлбөрөөс Д.Б нь 12 654 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үүний дараа Ш ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 21-ны өдөр орон сууц хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулаад, үүний дагуу 105 000 000 төгрөгийн байраа өөрчлөөд 75 703 785 000 төгрөгийг төлөхөөр болж гэрээ байгуулсан. Ш ХХК болон иргэн хоорондын байгуулсан гэрээнд Д.Б нь иргэнээр оролцоогүй. Өмнө нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19/1206 дугаартай гэрээг компанийн зүгээс тухайн үед төөрөгдөлд орж байгуулсан гэрээ байдаг. Д.Бы зүгээс уг байрыг 58 000 000 гаруй төгрөгөөр зарсан зөрүү үүсч байгаа. Уг зөрүүгээ өгчихвөл байрыг хүлээлгэж өгөхөө илэрхийлсэн байгаа. Ш ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлээр байрыг авах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, 2019 оны 12 сарын 07-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 12 сарын 07-ны өдрийн гэрээ цуцлах тухай Ш ХХК болон Д.Л нарын хооронд үйлдэгдсэн баримт, 2019 оны 12 сарын 07-ны өдрийн 19/12-06 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 2020 оны 08 сарын 27-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Д.Лын хаягийн тодорхойлолт, кассын орлогын ордер, орлогын баримтын тасалбар гэх 5 хуудас баримтуудыг, хариуцагч Ч.нгээс шүүхэд гаргасан хариу тайлбар, 2020 оны 05 сарын 26-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/00000 дугаар шийдвэрийг нотлох баримтаар, хариуцагч Ш ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн гэрчилгээг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Ш ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, нэхэмжлэгчийн хүсэлтээр А ХХК болон Ч.Ннарын хороонд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 19/05/10-02 тоот орон сууц захиалан бариулах гэрээг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Ш ХХК болон Ч.Ннарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 0с байрны 0 давхрын 00 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах гэж шаардлагаа тодорхойлов.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Ш ХХК-тай байгуулсан 2020 оны 8 сарын 27-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 0с байрны 0 давхрын 00 тоот орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн эзэмшиж байна. Гэрээний төлбөрийг Ш ХХК-д бүрэн төлсөн тул уг орон сууцыг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох, хариуцагч Ч.Нүл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг байгаа гэж тайлбар шүүхэд гаргасан тул түүнээс баримт бичгийг гаргуулна... гэж тайлбарлав.
4. Хариуцагч Ш ХХК нь ...Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх компанид байхгүй. Уг байрыг иргэн Ч.Нболон Д.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээг хийгдсэн байдаг. Тухайн байрыг захиран зарцуулах эрх нь ч Ш ХХК-д хамааралгүй учраас тус орон сууцыг Д.Лт шилжүүлэн өгөх үүрэг үүсэхгүй. Учир нь Н.Б нь Ш ХХК-ийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч бөгөөд компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй тул Д.Л болон Н.Б нарын хооронд үүссэн харилцааны үр дагаврыг Ш ХХК-аас шаардах эрхгүй. Мөн тухайн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл... гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэв.
5. Хариуцагч Ч.Ннь ...Тухайн орон сууцыг Ш ХХК-ийн захирал Д.Б гэдэг хүнд худалдсан. Д.Б нь байрны гэрчилгээг Д.Лт өгч болохгүй, Д.Л нь Д.Бд өгч болохгүй гэж надад хэлдэг. Одоогоор хэнд өгөх ёстойгоо мэдэхгүй байгаа. Үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Дараагийн хуралд ирж оролцох боломжгүй ... гэж шүүхэд тайлбарласан.
6. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
Ш ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 07-нд байгуулсан орон сууцны хөрөнгө оруулалтын 19/12-05 дугаартай гэрээг Д.Б, Д.Л нар байгуулан, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Богд вилла төслөөр баригдаж буй Б блок, 1-р орц, 4-11 /давхрын тоот өөрчлөлттэй/ 70,04 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрх хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлэх, эрх хүлээн авагч хэлэлцэн тохирсон 105 060 000 төгрөгийг эрх шилжүүлэгч талд төлөхөөр тохирчээ. /хх-4/
Улмаар талууд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулан, Ш ХХК нь орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний 1.3-т заасан 70,04 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг олгох боломжгүй болсноо хүлээн зөвшөөрч тус барилгажих талбайн хажууд баригдаж байгаа Хүннү вилла хотхоны 0с байр 0 давхрын 00 тоот дахь 74,06 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Д.Лд шилжүүлэн олгохоор харилцан тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Ш ХХК нь ...Тухайн байрыг захиран зарцуулах эрх Ш ХХК-д байгаагүй. Гэрээ хүчин төгөлдөр бус... гэх татгалзал үндэслэлгүй байна.
Хариуцагч Ч.Ннь А ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээний дагуу эзэмшиж байсан Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Хүннү вилла хотхон, с блок, 0 давхрын 00 тоот хаягт байршилтай 71,06 м.кв талбай бүхий орон сууцыг Ш ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр 163 438 000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Улмаар Ч.Ннь Ш ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/00000 дугаар шийдвэрээр Ч.Нболон Ш ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэж, Ш ХХК-иас гэрээний үүрэг гаргуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд хариуцагч Ш ХХК нь Ч.нтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байжээ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын хооронд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2-т ...2019 оны 12 сарын 07-ны өдрийн 19/12-06 дугаартай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ болон энэхүү нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу 105 060 000 төгрөгийн төлөлтөөс 85 060 000 төгрөгийг төлсөн ба 20 000 000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байгааг баталгаажуулж байна... гэж, 4-т ...гүйцэтгэгч нь Хүннү вилла хотхоны 0с байрны 0 давхрын 00 тоот дахь 71,06 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг иргэн Ч.нгээс нийт 175 763 785 төгрөгийг төлөх үүрэг хүлээн авсан ба үүнээс 143 438 000 төгрөгийг иргэн Ч.нд төлсөн ба үлдэгдэл 32 325 185 төгрөгийг гүйцэтгэгч хариуцан иргэн Ч.Нтөлнө... гэжээ.
Нэхэмжлэгч Д.Л нь гэрээний дагуу хэлэлцэн тохирсон үнэ болох 105 060 000 төгрөгийг хариуцагч Ш ХХК-д төлж гэрээний үүргээ биелүүлсэн болох нь кассын орлогын баримтаар тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.
Гэрээний 3-т ...орон сууцыг Д.Л нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ашиглаж эхэлсэн... гэж зааснаас үзэхэд хариуцагч Ш ХХК нь гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 0с байрны 0 давхрын 00 тоот, 74,06 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болжээ.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гаргасан маргааны зүйл болох орон сууцыг өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох шаардлага үндэслэлтэй байна.
Гэрээний 5-т гүйцэтгэгч тал болох Ш ХХК нь тус гэрээний зүйл болох Хүннү вилла хотхоны 2 с байрны 0 давхрын 00 тоотын 71,06 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны захиалагчийн эрхийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Д.Лын нэр дээр шилжүүлэн өгнө гэж үүрэг хүлээсэн байх боловч хариуцагч Ч.Ннь А ХХК-тай байгуулсан захиалгын гэрээний эрхээ Ш ХХК-д шилжүүлээгүй болох нь хариуцагч Ч.нгийн тайлбараар тогтоогдож байгаа нь дээр тухайн орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй болох нь Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 00 дүгээр сарын 21-ний өдрийн 123 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, хэдийгээр хариуцагч Ч.Ннь нэхэмжлэгч Д.Лын өмнө гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд биш боловч маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардагдах бичиг баримт түүнд байгаа талаар маргаагүй тул хариуцагч Ч.нгээс Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 0с байрны 0 давхрын 00 тоот, 74,06 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 100 дүгээр зүйлийн 101.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лыг Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Хүннү вилла хотхоны 0с байрны 0 давхрын 00 тоот хаягт байрлах, 74,06 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Д.Лт гаргаж өгөхийг хариуцагч Ч.нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 683 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 683 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ