| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/75 |
| Огноо | 2025-04-08 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/75
2025 04 08 2025/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Б.Б, С.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000044 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Э ургийн овогт Бгийн Б (РД: ....), 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, мэргэжлийн боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт ... аймгийн ... сумын ... багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн, Д ургийн овогт С-ы О (РД: ....), 1999 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл гурав, эцэг, эхийн хамт ... аймгийн ... сумын .... багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл шүүгдэгч Б.Б, С.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б, С.О нар бүлэглэж Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг, Далан гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч С.Нын 6 настай цулгуу хоо зүсмийн, буруу чих нь шуурхай, буруу гуяндаа өргөстэй сар тамгатай 1 тооны адууг хулгайлж хохирогчид 1’200’000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81, 91 дүгээр хуудас)-ээс гадна Увс аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Хын илтгэх хуудас (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас), хохирогч С.Нын мэдүүлгүүд (хавтаст хэргийн 21-24, 26 дугаар хуудас), гэрч О.Оийн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас), гэрч Г.Оын мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас), гэрч О.С-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас), хөрөнгийн үнэлгээний 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр дүгнэлт (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Б.Б, С.О нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б, С.О нар нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б, С.О нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогч С.Нын “миний бие С.Нт Б.Б хохирлыг төлж барагдуулсан нь үнэн болно. Иймд сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол нэхэмжлэхгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 129 дүгээр хуудас)-оор нотлогджээ. Иймд шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Бд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Од 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн тус хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгээс 5 настай морь, эмээл хазаарын үнэлгээ болох 931’000 төгрөгийг, шүүгдэгч С.Огээс 6 настай морь, эмээл хазаарын үнэлгээ болох 1’231’000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох гэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э ургийн овогт Бгийн Б, Д ургийн овогт С-ы О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Бг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Ог 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, С.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан морины үнэлгээ буюу шүүгдэгч Б.Бгээс 931’000 (есөн зуун гучин нэгэн мянга) төгрөгийг, шүүгдэгч С.Огээс 1’231’000 (нэг сая хоёр зуун гучин нэгэн мянга) төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ мөчөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорьсугай.
6. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бн өмчлөлийн 1 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА