Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/01279

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2022/01279 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0 дүгээр баг, сурагчид гудамж 0-000 тоот хаягт оршин суух, Т овогт Б Б /РД:0000000/,

 

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 0 дүгээр баг, сурагчид гудамж 0-000 тоот хаягт оршин суух, Х овогт Р Н /РД:0000000/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00дугаар хороо, Буянт-Ухаа 0 хороолол 000-00 тоот хаягт оршин суух, Р овогт Ж Г /РД:00000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Буянт-Ухаа 0 хороолол 000-00 тоот хаягт оршин суух, Т овогт Нийн Э /РД:0000000/ нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 11 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, Р.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б хариуцагч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2018 оны 3 дугаар сарын эхээр манай хамаатан болон О.Бтай түүний найз болох Ж.Г нар манайд ирж 4 хоноод буцсан юм. Улаанбаатар хот руу буцаж очоод О.Быг цагдан хоригдсон гэж Ж.Г хэлсэн. Мөн хэд хоногийн дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 12-ноос эхлэн танай дүү О.Бы дансанд 40 000 000 ам долларын хөрөнгө оруулалт орж ирсэн чинь Авлигатай тэмцэх газраас хорьсон гэж хэлсэн. Эндээс гарч ирээд мөнгөө аваад ажлаа явуулж эхэлнэ гээд Голомт банкны 40 000 000 ам доллар О.Бы дансанд орсон теллерийн гарын үсэг, тамгатай хуулга мессенжерээр явуулсан. Ж.Г удаа дараа над руу залгаж ярьсаар байгаад мөнгө шилжүүлж авсан. Тухайн үед өөрт байсан 6 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ж.Гийнэхнэр Н.Эын Хаан банкны 0000000000 тоот данс руу шилжүүлсэн. Дахиад мөнгө байхгүй гэсэн ямар нэгэн аргаар хүүтэй ч хамаагүй мөнгө олж өгөөч гэж шаардсан. Иймд эхнэр Р.Нээр цалингийн зээл Хаан банкнаас авхуулан 5 000 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дээрх данс руу шилжүүлсэн. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дахин мөнгө нэхэхээр нь 150 000 төгрөгийг Н.Эын данс руу шилжүүлсэн. Би О.Быг 2 сар цагдан хоригдоод гарч ирэхээр нь биечлэн уулзахад Ж.Г танаас авсан бүх мөнгөө надад зарцуулаагүй, өмгөөлөгчийн мөнгийг ч өгөөгүй Ж.Г өөрөө хэрэглэсэн гэдэг. Ж.Г, Н.Эын нараас залилуулсан 11 150 000 төгрөгийг гаргуулан бидэнд олгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Уг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Ж.Гийнхувьд олон удаа утсаар ярьж, 40 000 000 ам.долларын хуурамч баримт үзүүлж төөрөгдөлд оруулж, өмчлөх эрхэд халдаж, 3 удаагийн гүйлгээгээр 11 150 000 төгрөгийг авсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 510 дугаар зүйлд зааснаар Ж.Г, Н.Э нараас 11 150 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт өгөх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нарын ярьж байгаа нь үнэн. Гэхдээ яагаад энэ хүмүүстэй холбогдоод, мөнгө авсан бэ гэхээр Архангай аймгаас ирчихээд О.Б шалгагдаж байсан юм байна лээ. Тэгээд 461 дүгээр хорих ангид хоригдоод намайг байцаагч нь дуудаад, би О.Бтай уулзахад чи Б.Б ах руу яриад намайг дансанд мөнгө орсон асуудлаар авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгааг хэл, тэгээд Голомт банкны дансанд байгаа Хануйн Гоулд ХХК-ийн захирал руу яриад дансны хуулга аваад Б.Б ахтай уулзаад өмгөөлөгч аваадах, өмгөөлөгчийн хөлс хэдэн ч төгрөг байсан хамаагүй аваад батлан даалтад гаргаад өг гэсэн. Би гарч ирээд таньж мэдэх хүмүүс рүүгээ яриад О.Бы найзаар дамжуулж н.Манлайжав гэх өмгөөлөгчтэй холбогдсон. Тэгээд 15 000 000 төгрөгийн хөлсөөр ажиллана гээд гэрээ байгуулсан. Би 15 000 000 төгрөг болох нь гээд 2 удаа орж О.Бтай уулзахад Б.Б ахтай яриад өмгөөлөгчийн хөлсийг аваад өгчих гэсэн, би тухайн үед мөнгөгүй байсан. Б.Б ах руу ойр ойрхон залгасан нь үнэн. Ийм асуудал үүсээд байна та туслаад өгөөч ээ гэж хэлсэн. Тэгээд Б.Б ах 2 удаагийн гүйлгээгээр 11 000 000 төгрөгийг өгөөд би найзынхаа машиныг ломбардаад 15 000 000 төгрөг болгоод өгсөн. 1 сар гаруй хугацаанд хөөцөлдөөд батлан даалтад гаргаж чадаагүй. Тэгээд мөнгөө буцаагаад авъя гэхэд 2 000 000 төгрөгийг нь аваад үлдсэнийг нь буцаагаад шилжүүлсэн. Би таньдаг хуулийн фирмд ажилладаг н.О эгч рүү ярихад н.Бв гэх өмгөөлөгчийг аваад ажилла гэсэн санал тавьсан. н.Бв өмгөөлөгч өмгөөлөгчийн хөлсөнд 10 000 000 төгрөгийг авна гээд уг мөнгийг шилжүүлсэн н.О эгчийн данс руу шилжүүлээд н.Бв өмгөөлөгчид бэлнээр авч өгсөн. Өмгөөлөгчийн хөлсийг хэргийн ард гарын үсэг зуруулж баримтжуулсан. Хий хоосон гэрээ хийгээд мөнгийг авч явсан зүйл байхгүй. Дүүд нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өгсөн мөнгө учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нараас иргэний үнэмлэхийн хуулбар, Архангай аймгийн прокурорын газрын 2021.06.03-ны өдрийн 000дугаар мэдэгдэх хуудас, Монгол Улсын прокурорын ерөнхий газрын 2021.07.01-ний өдрийн 00 дугаар хариу мэдэгдэх хуудас, Архангай аймгийн прокурорын газрын 2021.04.30-ны өдрийн 00 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Б.Бийн Хаан банк дахь 0000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банкны 2018.11.22-ны өдрийн 00 тоот албан бичиг, Х ХХК-ийн Голомт банк дахь 3205102526 тоот ам.долларын дансны хуулга, 2018.08.21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 7-9 дүгээр талд авагдсан Архангай аймаг дахь Цагдаагийн газрын 2019.07.17-ны өдрийн 00 тоот албан бичиг, Голомт банкны 2018.11.22-ны өдрийн 00 тоот албан бичиг, хх-ийн 17-21 дүгээр талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

 

Хариуцагч Н.Э нь шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүх хариуцагч Ж.Гийнхүсэлтээр Архангай аймгийн прокурорын газраас 0000000000дугаартай хэргээс О.Баярсайханд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Б.М, Б.Б, П.Бв нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

2. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ... Ж.Г нь манай хамаатан О.Быг хэрэгт шалгагдаж байсан байдлыг ашиглан 3 удаагийн шилжүүлгээр эхнэрийнхээ дансаар дамжуулан 11 150 000 төгрөгийг биднээс залилан авсан. Эрүүгийн журмаар шалгуулсан боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэргийг хаахдаа иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж шийдсэн. Иймд залилан мэхлэх гэмт хэргийн улмаас бидэнд учирсан гэм хорын хохирол 11 150 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч Ж.Г ...нэхэмжлэгч нарын хамаатан О.Бы хүсэлтээр өмгөөлөгчийн хөлс төлөх зорилгоор нэхэмжлэгч нараас 11 150 000 төгрөгийг авсан нь үнэн. Тухайн мөнгийг О.Бы өмгөөллийн хөлсөнд зарцуулсан. Би залилсан зүйлгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Б өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 0000000000 тоот данснаас 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 0000000000 тоот дансанд 6 000 000 төгрөгийг Батсайхан дүүд Баас гэх утгаар, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр мөн дансанд 150 000 төгрөгийг Батсайханд Баас гэх утгаар тус тус шилжүүлжээ. /хх-ийн 15-17/

 

Хаан банк дахь 0000000000 тоот данс хариуцагч Н.Эын эзэмшлийн данс болох талаар болон хариуцагч Н.Эын дээрх дансанд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөгийг Б.Баас шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч Б.Баас мөнгө шилжүүлсэн шилжүүлгийн утга, мөн хэрэгт авагдсан өмгөөлөгч Б.Манлайжав, О.Б нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр байгуулагдсан 2018/25 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өмгөөлөгч Б.Батцэнгэл, О.Б нарын хооронд байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өмгөөлөгч П.Бвтай Ж.Гийнбайгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, эдгээр баримтаас дүгнэхэд маргааны зүйл болж буй 11 150 000 төгрөгийг нэхэмжлэгч нь О.Бд зориулан шилжүүлсэн, хариуцагч Ж.Г нь өөрийн эхнэр гэх хариуцагч Н.Эын дансаар дамжуулан авч О.Бы өмгөөллийн хөлсөнд зарцуулсан болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нарын шаардлагын үндэслэл болсон Архангай аймгийн прокурорын газрын 2021 оны 04 сарын 30-ны өдрийн 67 дугаар тогтоолоор хариуцагч Н.Э болон Ж.Г нарыг гэм буруутай болохыг тогтоогоогүй. Уг прокурорын тогтоол болон Архангай аймгийн прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаар гомдол шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэх хуудсаар ...О.Б эрүүгийн хэрэгт цагдан хоригдох үедээ өмгөөлөгч авах зорилгоор хуурамч дансны хуулга ашиглан Б.Баас Ж.Г нь мөнгө авсан... гэх үйл баримтын талаар агуулж байгаа боловч ийнхүү мөнгө авахдаа хариуцагч Ж.Г залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүй дүгнэх баримт биш юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч нарын гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нотлогдсон байхыг шаардана. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаарддаг. Өөрөө хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б, Р.Н нарын хариуцагч Ж.Г, Н.Э нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 11 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж.Г, Н.Э нараас гэм хорын хохиролд 11 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б, Р.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Г.СОЛОНГО