| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0008/э |
| Дугаар | 2025/ШЦТ/84 |
| Огноо | 2025-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/84
2025 04 18 2025/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, хохирогч Ч.А, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2435001830016 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Чийн Б (РД: ........), 1973 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ... аймагт төрсөн, эрэгтэй, 51 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ... аймгийн .... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух хаягтай, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 6 сарын баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн.
Холбогдсон хэргийн талаар: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн 1503 тоотод байх хохирогч Ч.Аийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу байшингийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, хохирогчийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 1’405’800 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар түүнийг үйлдлийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-12 дугаар хуудас), хохирогч Ч.Аийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалж, яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсанд тооцуулах санал гаргасан;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогч Ч.Аийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 37 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Ч.Аээс ...гаргасан нь: ...Улаангом сумын 01 дүгээр багийн 9-22 тоот хашаанд байх байшингаас хонины мах, эд зүйл хулгайлагдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний 18 цаг 35 минутад хүлээн авч” гэх агуулгатай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);
- Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг болсон гэх газар нь Улаангом сумын 1- р баг буюу сумын төвөөс 5 км зайд байрлах суурин газар байв. ...1503 гэсэн хаяг байв. ...хаалга талын цүү бага зэрэг мурийсан, ..хаалганы рам талын цүү баруун тийш бага зэрэг нугаларсан, цоожгүй байв. ...орны дээр буюу хөл хэсэгт хар өнгөтэй, Neo Lux гэх бичигтэй 43 инчийн зурагтыг дэлгэцийг нь дээш харуулж тавьсан, дэргэд нь хар өнгийн уртасгагч олон залгуур, цагаан өнгийн Univision кабелийн болон интернэтийн WiFi цацагч төхөөрөмж, кабелийн телевизийн сувгийн хар төхөөрөмж утас кабелын хамт эмх цэгцгүй овоолж тавьсан байв. ...бээлий 1 ширхэг, зурагт 1 ширхэг, уртасгагч 1 ширхэг, интернэт цацагч төхөөрөмж 1 ширхэг, сувгийн төхөөрөмж 1 ширхэг, холбогч кабел зэргийг үзлэг хийх, үнэлгээ тогтоолгох зорилгоор хураан авав. ...үзлэгийг үргэлжлүүлэхэд хашааны ертөнцийн зүгээр хойд талд хашааны нэг банз доод хэсгээр хугарч зай гарсан байх ба уг зай гарсан хэсэгт хашааны гадна ёроолд цэнхэр тортой боов, хүнсний скочоор ороосон мах, өвчүү зэрэг илэрсэн тул үзлэг хийхэд бог малын 3 ширхэг хаа, 3 ширхэг өвчүү, тортой боорцог зэрэг байсныг хураан авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-13 дугаар хуудас);
- Хохирогч Ч.Аийн “...Манайх Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1503 тоотод хувийн байшинд амьдардаг. ...Би өнөөдөр хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиас нь авахаар ...шар өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн жижиг дүүжлэгддэг цоожоор гаднаас түгжээд 16 цаг 40 минутын үед сургуулийн хүүхэд авахаар гарсан. Улаангом сумын төв орж ирээд 1 дүгээр сургуулиас зээгээ аваад буцаад 17 цаг 25 минутад гэртээ ирсэн. Том зээ маань байшинд түрүүлээд орсон. Би автомашинаа тавиад хартал гал тогооны цонхоор байшин дотор нэг хүн байгаа харагдсан тул очиж харахад цэнхэр өнгийн ажлын хувцастай, эрэгтэй хүн гал тогооны ширээн дээр цагаан ууттай хөлдөөсөн аарцны амыг задлаад зогсож байсан. Би эргээд орох хооронд урдаас зээ гарч ирээд гэрт хүн байна гэж хэлсэн. Байшингийн хаалга хаалттай байсан бөгөөд дотогш ороход нэг архи үнэртүүлсэн танихгүй эрэгтэй хүн байшинд байсан. Би тэр хүнийг чирч гаргаад юу хийж байгааг асуухад урдаас би гэртээ байна гэж хэлсэн. Харахад зочны өрөөний орон дээр хойморт байсан зурагт, кабелийн болон интернэт төхөөрөмжийг салгаж авч явахаар бэлдэж тавьсан, зурагтын мөлхөө тавиурын шилэн тавцанг аваад газарт унагаасан, цонхны хөшигний хаалт мод доош унжсан, гал тогооны өрөөний шаланд ногоон хувинтай байсан 3 литр сүүг асгасан, хөлдөөгчөөс 10 кг хөлдөөсөн аарцыг гаргаж амыг задалсан, ширээн дээр аяганд цай хийж тавьсан, үүдний коридорт гадна нүүрсний амбаарт байсан модон иштэй сүхийг авч ирээд хөх өнгийн усны баллон түшүүлж тавьсан байсан. Тэр хүнээс хулгай хийж байсан уу гэж асуухад цагдаа нар намайг тоодоггүй юм гэж хэлээд тоохгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн. Тэр хүн гартаа ...цайвар өнгийн ажлын бээлий өмссөн байсан. Би явахад хүн үлдээгүй, эзэнгүй учир шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг цүүнд дүүжлэгдэж цоожлогддог цоожоор түгжээд явсан. Ирэхэд хаалга цоожгүй, хаалттай байсан. Байшин дотор амбаарт байсан сүхийг оруулж ирж тавьсан байсан. Би тэр сүхийг явахын өмнө нүүрсний амбаарт нүүрс хийхдээ ашиглаад тэнд нь үлдээсэн байсан учир сайн санаж байна. Би тэр сүхээр байшингийн хаалганы цоожийг эвдэж орсон гэж бодож байна. Байшингийн цоожийг хайгаад олоогүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас);
- Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр өдөр би 4 цаг 30 минутад нүүрс хийчхээд зээгээ авахаар яваад 5 цаг 20 минутад гэртээ ирэхэд зээ ирээд манай гэрт хүн байна гэж хэлэхээр нь ороход энэ залуу байсан. Ширээн дээр ууттай нойтон аарц гаргаад тавьчихсан байсан. Чи яаж байгаа юм бэ? гэхэд гэртээ байна гэсэн. Чамайг цагдаа дуудаж өгнө гэхэд цагдаа намайг тоодоггүй юм гэж хэлсэн. Тэгээд би чирээд гаргачхаад байж байтал манай зээ манай зурагт боогоод тавьчихсан байна гэхээр харсан бүгдийн боогоод тавьчихсан байсан тул цагдаа дуудсан. Цагдаа ирээд шалгалт хийхэд 3 ширхэг хонины хаа, 3 ширхэг өвчүү, 1 ууттай боорцог байхгүй байсан ба хашааны гадна гаргаад тавьчихсан байсан” гэх мэдүүлэг;
- Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас);
- Мөрдөгчийн согтуурал шалгасан “...Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.33% согтолттой байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас);
- 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хөрөнгө үнэлгээний “...8 нэр төрлийн зүйлсийн үнэлгээ 1’133’500 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46 дугаар хуудас);
- 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгө үнэлгээний “...3 нэр төрлийн зүйлсийн үнэлгээ 272’300 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52 дугаар хуудас) зэргийг харьцуулан дүгнэвэл: 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Улаангом сум, 1 дүгээр багийн 1503 тоотод байх хохирогч Ч.Аийн эзэмшлийн байшингийн цоожийг эвдлэн орж, тухайн байшингаас бог малын 3 ширхэг хаа, 3 ширхэг өвчүү, тортой боорцог зэргийг хашааны гадна гаргаж тавиад Neo Lux загварын 43 инчийн зурагт удирдлагын хамт, цагаан өнгийн Univision кабелийн төхөөрөмж болон интернэтийн WiFi төхөөрөмж, тухайн төхөөрөмжүүдийн холбогч кабел 4 ширхэг, Mengdel брэндийн уртасгагч залгуур зэргийг авахаар бэлтгэж тавьсан байна. Мөн шүүгдэгч нь хохирогчийн байшингийн гал тогооны өрөөнд хөлдөөсөн аарц задалж байхад нь хохирогч ирж түүнийг гэрээсээ гаргаж, цагдаа дуудсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн гэмт хэрэгт хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогчоос уучлалт гуйж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж, мөн түүний өмгөөлөгч “...Шүүгдэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа талаар мэдүүлсэн байгаа. Гаргасан үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна” гэж хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Улаангом сум, 1 дүгээр багийн 1503 тоотод байх хохирогч Ч.Аийн эзэмшлийн байшингийн цоожийг эвдлэн орж, тухайн байшингаас бог малын 3 ширхэг хаа, 3 ширхэг өвчүү, тортой боорцог зэргийг хашааны гадна гаргаж тавиад Neo Lux загварын 43 инчийн зурагт удирдлагын хамт, цагаан өнгийн Univision кабелийн төхөөрөмж болон интернэтийн WiFi төхөөрөмж, тухайн төхөөрөмжүүдийн холбогч кабел 4 ширхэг, Mengdel брэндийн уртасгагч залгуур зэргийг авахаар бэлтгэж тавьсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангасан байх боловч прокурор төгссөн гэмт хэрэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Хулгайлах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй тул заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардана. Тухайлбал энэ хэргийн тохиолдолд шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр, хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авахаар байшинд нэвтэрч зарим эд зүйлсийг зөөж хашааны гадна гаргаж, зарим зүйлсийг авахаар бэлтгэсэн боловч хохирогч тухайн үйлдлийг таслан зогсоосон үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу төгсөөгүй байна.
Гэмт хэрэг нь гэмт санаагаа төлөвлөж, түүнийгээ бодит байдлаар хэрэгжүүлэхэд бэлтгэх, гэмт хэрэг үйлдэхээр шууд завдах, үйлдэж дуусгах буюу төгсөх гэсэн дэс дараалал бүхий үйл явцын нэгдэл байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж үздэг. Иймд шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.
3.2. Хүний орон байранд болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглодог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг. Иймд хулгайлах гэмт хэргийг хүний оронд байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүний өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Увс аймгийн Улаангом сум, 1 дүгээр багийн 1503 тоотод байх хохирогч Ч.Аийн эзэмшлийн байшинг орон байр гэж үзнэ.
Увс аймгийн Улаангом сум, 1 дүгээр багийн 1503 тоотод байх хохирогч Ч.Аийн эзэмшлийн байшин нь шүүгдэгч Ч.Бийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай бөгөөд тухайн байшинд шүүгдэгч нь цоож, цуургыг эвдэж орсон тул хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ. Тодруулбал шүүгдэгч Ч.Бийн хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх тус гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.
3.3. Шүүгдэгч Ч.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Ч.Б нь 1’405’800 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлахыг завдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн зүйлсийг хохирогчид буцаан өгсөн нь эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас)-ээр тогтоогдож байна.
Мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт даргалагчийн “Одоо хохирогчид нэхэмжилж байгаа зүйл байна уу?” гэх асуултад “Байхгүй” гэж, “Гомдол, санал байна уу?” гэх “Байхгүй” гэж тус тус хариулсан тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн нь иргэний үнэмлэхийн лавлагаагаар (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75-77 дугаар хуудас), мөн тус шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 20-ны 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 80-84 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын гаргасан шүүгдэгчийн ам бүлийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь ганц бие, тодорхой эрхэлсэн ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 6 сарын баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх хувийн байдал тогтоогдлоо.
2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдалд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Түүний хувийн байдал болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэх санал тус тус гаргажээ.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан тус хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жилийн хорих ялтай, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх дээр дурдсан урьдач нөхцөлүүд хангагдсан байна.
Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
3.2. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
3.3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/242 дугаартай захирамжаар шүүгдэгч Ч.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 21 хоног хоригджээ.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна. Иймд шүүгдэгчийн цагдан хоригдсон 21 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй.
4. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б ургийн овогт Ч-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА