Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

 

 

 

Б.Байгалсүрэнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/261 дугаар шийтгэх тогтоолтой Б.Байгалсүрэнд холбогдох 1934006990399 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Баярмаагийн Байгалсүрэн, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бага боловсролтой, жолооч, Хархорин зах дээр наймаа эрхэлдэг, ам бүл 5, 01-13 насны 4 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан овооны 30-39 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар: ЗИ:900216** тай,

Урьд 2007 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 900000 төгрөгийн торгуулийн ялаар, 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 458 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 833 дугаартай магадлалаар хорих ялыг өөрчилж 9406800 төгрөгөөр торгох ялаар, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 628 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэн хянан харгалзаж байсан.

              Шүүгдэгч Б.Байгалсүрэн нь 2019 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн нутаг 159 дэх километрийн шонгийн орчимд 1754 УББ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож, Л.Цолмонгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/261 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигин овгийн Баярмаагийн Байгалсүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Баярмаагийн Байгалсүрэнг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.Дуламсүрэнгээс 2336696 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Цолмонд олгож, шүүгдэгч Б.Байгалсүрэн нь 2836696 төгрөг, иргэний хариуцагч С.Дуламсүрэн нь 500000 төгрөгийг хохирогч Л.Цолмонд тус тус төлснийг дурдаж,

Хохирогч Л.Цолмонгийн цаашид эмчилгээ, асаргаа сувилгаа, цус нөхөн төлжүүлэх болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Байгалсүрэнгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Байгалсүрэнд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Уг хэргийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон ял шийтгэл оногдуулсан талаар шүүхээс гарсан шийдвэрийг буруу гэхээсээ илүү авто осол гарах үед ашиглагдсан, жинхэнэ өмчлөгч болох “Бэрс Финанс” ХХК байхад эрүүгийн хэргийн хариуцагчаар татаж хохирогчид төлбөр гаргуулахаар шийдвэрлэж өгөөгүй нь буруу байна. Ер нь аливаа гэрээ хэлэлцээрийг хуульд нийцсэн байх, тэр тусмаа "хүний бие эрүүл мэнд амь насанд аюулгүй нөхцөл үүсгэсэн гэрээ хэлцэл хийхгүй байх" зарчмыг зөрчсөн байдлаар хариуцлага тооцохгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн нэгэнт эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар буюу осол гарах үеийн авто машин нь Дуламсүрэнгийнх байсан гээд “Бэрс Финанс”-ыг чөлөөлсөн мөртлөө цаашид хохирогчид гарах зардлыг хариуцагч Дуламсүрэнгээс гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.07-ний өдрийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, осол гарах үеийн авто машины жинхэнэ өмчлөгч байгууллага нь “Бэрс Финанс” ХХК бүртгэлтэй байсан учир “Бэрс Финанс”-ыг иргэний хариуцагчаар татаж, хохирогч Цолмонд хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Цаашид хохирогч хүнд гэмтсэн учир эмчилгээний зардлыг Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах үед Эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад /өөрөөр хэлбэл иргэний хариуцагчийн тухай асуудлыг шийдвэрлэсэн бол/ дахин нэхэмжлэлд хариуцагчийг татан оролцуулан шийдвэрлэх боломжгүй байдал нь хохирогч хохирсон дээрээ хохирох, хохирол төлбөрөө гаргуулан чадахгүй байдалд хүргэдгийг харгалзан үзнэ үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хохирол төлбөр авах талаар нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх “Бэрс финанс” ХХК-ийг иргэний хариуцагчаар таталгүй буруу шийдвэрлэсэн гэсэн гомдол гаргасан. Шүүх фидуцийн гэрээний асуудлыг дүгнэх биш машины хэний өмчлөлд байсныг дүгнэх ёстой байсан. Хохирлыг “Бэрс финанс” ХХК-аас гаргуулж, дараа нь уг компани хохирлоо Дуламсүрэнгээс гаргуулж авах боломжтой байсан. Гомдлоо дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Байгалсүрэнд холбогдох эрүүгийн 1934006990399 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Байгалсүрэн нь 2019 оны 08 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн нутаг 159 дэх километрийн шонгийн орчимд 17-54 УББ улсын дугаартай тоёота приус20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 18.3 Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Цолмонгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

Хохирогч Л.Цолмон /хх-ийн 20-21 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ /хх-ийн 27-28 тал/, иргэний нэхэмжлэгч С.Дуламсүрэн /хх-ийн 31 тал/, иргэний нэхэмжлэгч Д.Ганбаяр /хх-ийн 39 тал/, гэрч С.Дуламсүрэн /хх-ийн 40-41 тал/, Б.Мөнхцэцэг /хх-ийн 45-46 тал/, Д.Жаргалмаа /хх-ийн 47-49 тал/, Г.Мөнхцэцэг /хх-ийн 50 тал/ нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүхээс шүүгдэгч Б.Байгалсүрэнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ “Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.07-ний өдрийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, осол гарах үеийн авто машины жинхэнэ өмчлөгч байгууллага нь Бэрс Финанс ХХК бүртгэлтэй байсан учир Бэрс Финансыг иргэний хариуцагчаар татаж, хохирогч Цолмонд хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн гомдлыг гаргажээ. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Дуламсүрэн автомашин худалдан авах зорилгоор “Бэрс Финанс” ББСБ-аас 12.712.000 төгрөгийг зээлж, 17-54 УББ улсын дугаартай тоёота приус20 маркийн тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгөөр зээлийн болон фидуцийн гэрээ хийж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргад түр хугацаагаар буюу зээл төлөгдөх хүртэл хугацаагаар Бэрс Финанс ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохоос өмчлөх эрхийг бүр мөсөн шилжүүлэхэд чиглэсэн хэлцэл гэрээ биш юм гэж анхан шат дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд “...эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар буюу осол гарах үеийн авто машин нь Дуламсүрэнгийнх байсан гээд “Бэрс Финанс”-ыг чөлөөлсөн мөртлөө цаашид хохирогчид гарах зардлыг хариуцагч Дуламсүрэнгээс гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.” гэсэн нь үндэслэлтэй байх тул хохирогч Л.Цолмонгийн цаашид эмчилгээ, асаргаа сувилгаа, цус нөхөн төлжүүлэх болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Байгалсүрэн, С.Дуламсүрэн нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх

хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.Дуламсүрэнгээс 2.336.696 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Цолмонд олгож, шүүгдэгч Б.Байгалсүрэн нь 2.836.696 төгрөг, иргэний хариуцагч С.Дуламсүрэн нь 500.000 төгрөгийг хохирогч Л.Цолмонд тус тус төлснийг дурдаж, хохирогч Л.Цолмонгийн цаашид эмчилгээ, асаргаа сувилгаа, цус нөхөн төлжүүлэх болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Байгалсүрэн, иргэний хариуцагч С.Дуламсүрэн нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.“ гэж өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүгдэгч Б.Байгалсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

 

     ШҮҮГЧИД                                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ