Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0256/З |
Дугаар | 128/ШШ2022/0733 |
Огноо | 2022-10-05 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2022/0733
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Ш****** /РД:***********/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Н.Ч******** /РД:ТК**********/-д холбогдох газар олгосон захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б****** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын иргэн Ш.Ш****** анх тус шүүхэд хандан Нийслэлийн Засаг даргын 11-26-А/985 захирамжид байгаа СБД-ийн 14-р хороо, Х******** тоот Н********** холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дугаартай захирамжийн Н.Ч****** холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэж залруулсан болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Ш.Ш****** нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Х******** тоотод байрлах 414 м.кв газрыг өмчлөх эрхтэй болсон.[1]
2.2. Харин гуравдагч этгээд Н****** нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Х******* тоотод байрлах 401 м.кв газрыг өмчлөх эрхтэй болсон.[2]
2.3. Нэхэмжлэгч 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх тухай гомдлыг Нийслэлийн Засаг даргад гаргасан.[3]
2.4. Дээрх гомдолд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07/4332 тоот албан бичгээр Танаас ирүүлсэн гомдлыг хянаж үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/985 дугаар захирамжтай 414 м.кв талбай бүхий таны өмчлөлийн газарт Газрын кадастр, нэгдсэн санд давхцаж бүртгэгдсэн газрын мэдээлэл байхгүй байна ... гэх агуулга бүхий хариуг өгсөн.[4]
2.5. Нэхэмжлэгчээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Т.Б***** 843 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналаар Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 396 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.[5]
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс ... манайх 2011 онд иргэн A******* гэдэг хүнээс СБД-ийн 14 дүгээр хороо, Х******** тоот энэ хашааг 30 сая төгрөгөөр худалдаж аваад, хашаан дотроо 2 давхар хувийн сууц бариулж тасралтгүй 10 жил энэ цемент, блокоор барьсан хашаанд амьдрахдаа бусадтай ямар нэгэн байдлаар маргалдаж байгаагүй. Би өнөөдрийг хүртэл энэ хашааг ямар нэгэн байдлаар байрлалыг нь өөрчлөөгүй байгаа бөгөөд анх л иргэн A******** 10 жилийн өмнө 30 сая төгрөгөөр би худалдаж авахад байсан тэр хашаа, яг тэр байрлалаараа өнөөдөр ч байгаа. Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс 2021.07.15-ны өдөр анх удаагаа иргэн Ш.Ш****** надад хандаж танай хашааны тал газар нь манайх шүү гэж хэрүүл эхэлсэн. Прокурорын тогтоол дээр Н.Ч********* гэрчийн мэдүүлэг өгөхдөө ... 450 тоотод байрлах 226 м.кв газрыг өмчилж авсан ... гэсэн байдаг. Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан 226 м.кв газар нь ямар үндэслэлээр 401 м.кв болсон нь тодорхойгүй. Нийслэлийн Засаг дарга Н.Ч***** 401 м.кв газрыг өмчлүүлэх шийдвэр гаргахдаа холбогдох байгууллага нь тухайн газар дээр очиж үзээгүй, хээрийн судалгаа зэрэг ажиллагааг хийгээгүй. Тийм атлаа 226 м.кв газрыг 401 м.кв болгосон нь ойлгомжгүй. Би энэ талаарх тодорхой ажиллагааг хийгээгүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг тогтоолгохоор шүүхэд хандаж байна ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагчийн зүгээс ... Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаартай захирамж болон 2018 оны 05 дугаар сарын 08-ны А/401 дүгээр захирамжууд нь хуульд нийцсэн. Иргэн Ш.Ш******, Н.Ч******* нарын газар ямар нэгэн байдлаар давхцалгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.8. Гуравдагч этгээдийн зүгээс ... Нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий газрыг ямар нэг байдлаар давхардаж олгосон зүйлгүй ба 2010-02-21-ны өдөр 000048865 дугаартай өмчлөх эрхийг гэрчилгээ гарсан. Ш.Ш****** нь иргэн Н.Ч*****, Б.Б****** нарын өмчлөлийн газрын зарим хэсгийг хууль бусаар эзэмшилдээ авч, чөлөөлөх шаардлага тавихад шүүхэд, цагдаад гомдол гарган өнөөдрийг хүрсэн. Дээрх нөхцөл байдлаас үүдэн гуравдагч этгээдийн өмчийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байна ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ш.Ш****** би 2011 онд иргэн Б*** гэдэг хүнээс С******* тоот энэ хашааг 30 сая төгрөгөөр худалдаж аваад, хашаан дотроо 2 давхар хувийн сууц бариулж тасралтгүй 10 жил энэ цемент, блокоор барьсан хашаанд амьдрахдаа бусадтай ямар нэгэн байдлаар маргалдаж байгаагүй. Нэхэмжлэгч Ш.Ш****** би өнөөдрийг хүртэл энэ хашааг ямар нэгэн байдлаар байрлалыг нь өөрчлөөгүй байгаа бөгөөд анх л иргэн Б** 10 жилийн өмнө 30 сая төгрөгөөр би худалдаж авахад байсан тэр хашаа, яг тэр байрлалаараа өнөөдөр ч байгаа. Гэтэл хариуцагч Н.Ч******* нь 2021.07.15-ны өдөр анх удаагаа иргэн Ш.Ш****** надад хандаж танай хашааны тал газар нь манайх шүү гэж хэрүүл хийлээ. Хэрвээ ийм газрын маргаантай асуудал байсан бол биднийг энэ хашааг худалдаж аваад, энэ 2 давхар хувийн сууцыг бариулахын тулд хашааны бичиг баримтыг анх Бид ББСБ-д барьцаалж зээл аваад 2 давхар хувийн сууцаа саяхан барьж дуусгасан байхад, бүтэн 10 жил болж байхад урьд нь мэдэгдэж болох байсан. Мөн манай хашаа салхинаас болоод 1 удаа нурахад хариуцагч Н.Ч****** нь нөхөртэйгөө нийлж барьж, босгож байсан. Энэ нь хариуцагч Н.Ч********** нь өөрөө өнгөрсөн 10 жилийн хугацаанд маргаагүй, манай хашааны газрын хэмжээг хүлээн зөвшөөрдөг байсныг нь нотолдог. Мөн Н.Ч**** авна гээд байгаа манай хашааны энэ газрын дор манай ил 00, бохирын шугам, 2 давхар хувийн сууцны халаалт бохирын инженерийн бүх шугам сүлжээнүүд байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч Ш.Ш****** би бусдаас илүү газар аваагүй бөгөөд өөрт хуулиар олгогдсон авах ёстой 0.7 га газраа ч хэмжээнд нь хүргэж аваагүй. СБД-ийн ГА-ны авлигач, ашиг сонирхлын зөрчилтэй газар зохион байгуулагч нь иргэний авч байгаа газар бусдын газартай давхцаж байгаа эсэхийг шалгах, иргэний өмчилж байгаа газрын хэмжээ зөв эсэхийг шалгах, иргэний өмчилж байгаа газар нь бусадтай маргаантай байгаа эсэхийг шалгах гэсэн газрын тухай 3 хуулийн заалтыг маш ноцтойгоор зөрчиж авлигал, ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгдсөн. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг даргын 11 дүгээр сарын 26-ны өдрийн A/985 захирамжийн, иргэн Н.Ч******** холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Маргааны зүйл бол энэ хашааг Ш.Ш****** 2011 онд худалдаж авсан. Худалдаж авахад байсан хашаа өнөөдрийг хүртэл тэр хэвээрээ байгаа. Гэтэл 2017 онд гэнэт хажуу айлын Ч**** маргаж эхэлсэн байдаг. Манайх 10 гаран жил болж байхад урьд нь хэлж байхгүй яасан юм бэ гээд маргадаг. Гол будилаан нь Газрын албаны газар зохион байгуулагчийн буруу байсан. Нэгэнд нь дутуу өгөөд нөгөөд нь илүү өгчихсөн. Нэхэмжлэгчээс хашааны газрыг чинь буруу бичсэн байхад мэддэггүй юм уу гэж асуухад манай авсан газрыг маань л яг бичиж байгаа байх гэж бодсон. Хууль эрх зүйн мэдлэг байхгүй учраас сайн учрыг нь олохгүй өнөөдрийн энэ байдалд хүрсэн. Энэ олон жилийн дараа гэнэт л газрын маань талыг нь авна гэдгийг мэдээгүй. Анх байсан хашааныхаа газраас хүнд өгмөөргүй байна гэсэн байр суурьтай байгаа.
...Шүүхээр хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд байгаа баримт болох Ч******** Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдүүлгийг үнэлж өгөөч гэж хүсмээр байна. Энэ баримтыг харах юм бол худал үнэн ярьсан нь мэдэгдэнэ. Энэ маргааны талаар шударгаар яривал хашаа анх Ч****** газраа худалдаж авах үед ч тэр, Ш.Ш******ыг ирэхэд ч яг энэ чигтээ байсан. Хашаа, хашааныхаа газрыг л авах ёстой.
... Өөрийнхөө хашаан дахь газрыг хүнд өгмөөргүй байна. Хүний юмыг авахгүй. Шударга ёсыг л нэхэж байна. гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө***** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Иргэн Ш.Ш******ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар өмчлүүлсэн иргэн Н.Ч*******д холбогдох хууль бус хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг хавсралтаар хүргүүлэв.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжаар иргэн Ш.Ш******т Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х****** 449 тоотод 414 м.кв газрыг өмчлүүлсэн байна. Тухайн захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 /Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх/ дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1.3 /Аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах/ дахь заалт болон тухайн онуудын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус үндэслэсэн байна. Иргэн Ш.Ш******аас Нийслэлийн Засаг даргад хандсан 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн гомдолд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07/4332 дугаар албан бичгээр өмчлөлийн газарт Газрын кадастрын, нэгдсэн санд давхцаж бүртгэгдсэн газрын мэдээлэл байхгүй талаар хариу хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны А/401 дүгээр захирамжаар иргэн Н.Ч****** Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Х******* тоотод 401 м.кв газрыг өмчлүүлсэн байна. Тухайн захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт /Аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах/ болон тухайн онуудын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тус тус үндэслэсэн байна. гэжээ.
3.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ш.Ш******ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий газрыг ямар нэг байдлаар давхардаж олгосон зүйлгүй ба 2010-02-21-ны өдөр 000048865 дугаартай өмчлөх эрхийг гэрчилгээ гарсан. Ш.Ш****** нь иргэн Н.Ч****, Б.Б***** нарын өмчлөлийн газрын зарим хэсгийг хууль бусаар эзэмшилдээ авч, чөлөөлөх шаардлага тавихад шүүхэд, цагдаад гомдол гарган өнөөдрийг хүрсэн. Дээрх нөхцөл байдлаас үүдэн өмчийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байх тул Ш.Ш******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү ...
...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж байна. 2010 онд газрыг өмчилж авсан. Хашаа барихдаа газрын тодорхой хэсгийг үлдээгээд барьчихсан байсан. Хажуу талын айл газрыг авахдаа хашаатай наагаад барьчихсан. Газрын тодорхой хувь манайх шүү гэж хэлээд явдаг байсан. Ш****** газар дээрээр байшин барих үед нь энэ хэсэг манайх шүү, танайх газар өмчлөлийн гэрчилгээгээ авахдаа манай хашааг оруулаад барьсан гэдгийг хэлдэг байсан. Хашаагаа буулгаад сунгах асуудал яригдахад маргаан үүсгэж эхэлсэн. байшингаа өөрийнхөө бүтэн эзэмшлийн газар дээр барьсан. гэр бүлийн хамт Өмнөговь аймагт амьдардаг. Энд дүү нь амьдардаг. эзгүйд нь өөрийнхөө байшингийн бохирын шугамыг газар дээр хийчихсэн. Энэ бол захиргааны маргаан биш иргэд хоорондын маргаан гэж үзэж байгаа. Ч**** хууль бус эзэмшилд байгаа газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа. Ч****** 2020 оноос хойш олон байгууллагаар явсан. Энэ асуудал дуусмагц хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх арга хэмжээ авах байр суурьтай байгаа.
... Нэхэмжлэгч гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн тодорхой хэсгийг хүчингүй болгуулъя гэсэн байсан. Гэтэл төрийн эрх бүхий байгууллагаас иргэнд газар өмчлүүлэхдээ давхардуулж олгосон зүйл байхгүй. Захирамж, газар төлөвлөлт, кадастрын зураг, нэгж талбарын баримтаас харагдана. Хашаагаа нааш цааш болгон барих л асуудал байгаа. Энэ нь захиргааны акттай холбоотой асуудал биш. Төрөөс нэгэнт өмчилж өгсөн газрыг хашаалж авах л асуудал. Энэ маргаан захиргааны хэм хэмжээний акттай холбоогүй. Газар зохион байгуулагчийн буруутай үйл ажиллагаа хайнга хандсан хуйвалдсан гэсэн олон асуудал гарсан юм шиг байсан. Энэ байдлыг шалгаад тийм зүйл байхгүй гэсэн баримт байсныг харсан. Энэ бол Захиргааны хэргийн харьяаллын маргаан биш иргэний хэргийн маргаан. Төрөөс иргэнд өмчлүүлсэн газрынхаа эрх хэмжээгээр хашаагаа барих шаардлагатай байна. Байшин барихдаа наашлуулсан гэж буруу яриад байна. Нэхэмжлэгч байшингаа барихдаа өөрийнхөө газар дээр барьсан. Байшингийн хоолойг хийхдээ манай өмчлөлийн газар руу оруулчихсан. Энэ талаар нь хэлэхээр маргаан үүсгээд явчихсан. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дугаартай захирамжийн Н.Ч******* холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана: гээд мөн зүйлийн 20.1.3 дахь заалтад өмчилж авах газрын зориулалт, хэмжээ; гэж заажээ.
2. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана. гэж зохицуулсан.
3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд холбогдох эрх бүхий Засаг даргаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргахдаа тухайн өмчлөх гэж буй газрын зориулалт болон хэмжээг тодорхой тогтоохын зэрэгцээ тухайн тодорхой хэмжээ бүхий талбайтай газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр газар өмчлүүлэх шийдвэр гаргахаар хуульчлан тогтоожээ.
4. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан.
5. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбараас үзэхэд, маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дугаартай захирамжийн Н.Ч*** холбогдох хэсгийг бүхэлд нь, шууд байдлаар хүчингүй болгох боломжгүй хэдий боловч хэргийн нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага дахин нягтлан тодруулах шаардлагатай үйл баримтууд тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
6. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдтэй газрын маргаан өрнүүлж, улмаар гэмт хэргийн талаарх гомдлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гаргаж байсан байх ба тус хэлтсийн мөрдөгч, комиссар Т.Б***** 843 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналаар Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 396 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
7. Дээрх тогтоолоос үзвэл, гуравдагч этгээд Н.***** нь гэрчийн мэдүүлэг өгсөн байх ба тухайн мэдүүлэгтээ ... Манайх 2010 онд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Х**** тоот 226 метр квадрат газрын Д**** гэх хүнээс 10 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм ... 2015 онд манай өмчлөлийн газарт дахин төлөвлөлт хийгдсэн ... Тэгтэл манай өмчлөлийн 226 метр газар нь хэмжээндээ хүрэхгүй, манай баруун талд оршин суух Ш.Ш****** гэх айл нь манай газар руу хашаагаа оруулж барьсан асуудал тогтоогдсон ...[6] гэж мэдүүлсэн, мөн тогтоолд ... Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулан авсан баримтуудаар дараах үйл баримт нотлогдож байна. Үүнд: Иргэн Н.Ч***** нь иргэн Ж.Д*** өмчлөлийн С***** 450 тоот хаягт орших 226 метр квадрат газрыг 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан байх бөгөөд ... 226 метр квадрат газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж, улсын бүртгэлийн Г******** дугаарт бүртгэж гэрчилгээг олгожээ ...[7] гэжээ.
8. Дээрх мэдүүлэг, дүгнэлтүүдээс үзэхэд гуравдагч этгээд Н.Ч**** нь анх 226 м.кв газрыг иргэн Ж.Д**** шилжүүлэн авч өмчлөх эрхтэй болсон үйл баримт маргаангүй байх боловч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дүгээр захирамжаар ямар үндэслэлээр тухайн газрын хэмжээ 401 м.кв болж нэмэгдэж өөрчлөгдсөн нь эргэлзээтэй байна.
9. Энэ талаар захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, холбогдох хууль журмын дагуу газар дээр нь очиж судалгаа хийгээгүй гэх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.
10. Тиймээс шүүх дээр дурдсан эргэлзээ бүхий үйл баримтуудыг цаашид хариуцагч захиргааны байгууллага нягтлан тодруулах нь зүйтэй буюу шинжлэн судлах асуудлын цар хүрээ нь шүүхэд хамааралгүй байна гэж үзэж хариуцагчийг 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.
11. Шүүхээс тогтоосон дээрх хугацаанд хариуцагч нь энэ шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй А/401 дугаартай захирамжийн иргэн Н.Ч****** холбогдох түүний анх иргэн Ж.Д**** шилжүүлэн авсан 226 м.кв газраас бусад хэсэг хүчингүй болохыг дурдаж байна.
12. Шүүхээс тогтоосон 1 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэж байна.
13. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан энэхүү маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, харин иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн.
14. Учир нь, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч захиргааны байгууллагыг иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа хууль журмаар тогтоосон бодит нөхцөл байдлыг судлан тогтоогоогүй, шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй гэж маргаж байгаа энэ тохиолдолд тухайн маргааныг хэргийн харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж үзсэнийг тэмдэглэж байна.
15. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэснийг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 20.1.3 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ш******ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/401 дугаартай захирамжийн Н.Ч**** холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий А/401 дугаартай захирамжийн иргэн Н.Ч***** холбогдох хэсэг /226 м.кв -аас бусад хэсэг/ хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ