Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 353

 

М.С-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 318 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 566 дугаар магадлалтай, 1709008980311 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1998 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Галзууд овогт М.С нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.С-ыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, түүнд 1 жил хорих ял оногдуулж, М.С-ыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-ыг 1 жил хорих ялаар шийтгэж, М.С-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас үлдсэн 536 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 318 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.С-д холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн аль тохирох зүйл ангийг журамлан ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч М.С-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял оногдуулж, М.С-ын Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 813 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Ялтан М.С-ын дээрх 3 гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсний дараа буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойшхи үйлдэл. Тиймээс хуучин Эрүүгийн хуулийн ойлголтоор заавал хэргийг нэгтгэх шаардлагагүй, үйлдэл тус бүртээ ял оногдуулах хууль зүйн зохицуулалттай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх” гэж заасан ойлголт нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйл буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах зохицуулалтыг баримтлахаар хуульчилсан гэсэн үг. Иймд шүүгдэгч М.С-ын дээрх гэмт хэргүүдэд эцсийн бүлэгтээ Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийг журамлан ял оногдуулахаар байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 318 дугаар шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан заалтыг хүчингүй болгож, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь заалт болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох саналтай байна гэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 Сүхбаатар дүүргийн прокурорын газраас М.С-ыг 2017 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны гадна байсан хохирогч С.Цэвэгжавын 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 17-80 УНЭ улсын дугаартай “Сүзүки Свитч” маркийн машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

М.С-д холбогдох дээрх үйлдэл нь 2017 оны 10 дугаар сарын 9 болон 2017 оны 12 дугаар сарын 6-н өдрийн шийтгэх тогтоолууд гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх” тохиолдол нь өмнөх тогтоолоор ял оногдуулснаас хойш буюу ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр хууль тогтоогч зохицуулжээ.

Иймд энэ талаар дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзнэ.

М.С урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон, энэ талаар шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн байхад /хх-23/ Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 37 тоот яллах дүгнэлт /хх-57/ болон шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт М.С-ыг ял шийтгэлгүй гэж тэмдэглэсэн нь буруу байна.

Түүнээс гадна М.С нь 2017 онд 2 удаагийн давтан үйлдлээр бусдын автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, улмаар мөнгө олохын тулд уг автомашинаар зорчигч тээвэрлэн өөрийн үзэмжээр хэрэглэж байсан ижил төрлийн үйлдлийг шүүх өөр өөрөөр зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх М.С-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэхдээ тухайн хэргийн үйл баримт ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдсон талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлж дүгнэлт хийгээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 566 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН