| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 307/2025/0167/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/192 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0167/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О,
улсын яллагч К.Н,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000128 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт О-н М, (РД:*******), 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, ээж дүүгийн хамт Дархан-Уул аймгийн ** дугаар баг Баяндавааны ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ** дугаар баг Түлээт ** гудамжны ** тоотод “миний гар утсыг авлаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэн улмаар нүүр рүү нь удаа дараа гараараа цохих зэргээр биед нь халдаж зодон баруун доод зовхи, баруун хацар, эрүү, зүүн хацарт зулгаралт, баруун доод, зүүн дээд зовхи, баруун нүдний алиманд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч О.М нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ** дугаар баг Түлээт ** дүгээр гудамжны ** тоотод согтуурсан үедээ “миний гар утсыг авлаа” гэх шалтгаанаар маргаан үүсгэн улмаар түүний нүүр хэсэгт удаа дараа цохих зэргээр биед нь халдаж зодон баруун доод зовхи, баруун хацар, эрүү, зүүн хацарт зулгаралт, баруун доод, зүүн дээд зовхи, баруун нүдний алиманд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...Дархан-Уул аймгийн ** дугаар баг Түлээт ** гудамж ** тоотод зүс таних О.М гэх хүнд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний орой 21 цагийн орчимд зодуулж биедээ гэмтэл авсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),
2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “...Д.П-г хохирогчоор тогтоох тухай тогтоол (хавтаст хэргийн 6 дахь тал),
Хохирогч Д.П-ийн өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ 2 хүүхдийн хамтаар ууж байхад 04 цаг 00 минутын орчимд найз О.М, иргэн С-дын хамтаар ирсэн. Тэр 2-ын дараа манай эхнэр н.У н.У-ийн хамтаар ирээд тэд нарын авчирсан 0.75 литрийн агар нэртэй архи хувааж уугаад н.С , н.У 2 яваад бусад нь амарсан. Тэгээд бид нар 12 цагийн орчимд сэрээд гэрээ цэвэрлэсэн. Тухайн өдрийн 16 цаг 00 минутын орчим О.М-ийн эхнэр н.У ирээд хэсэг байж байгаад манай эхнэрийн хамт гараад явсны дараа манай охин П.М ирсэн. Хоёр эхнэр ирэхгүй байхаар нь би гадагшаа дэлгүүр орж өөрт байсан 20,000 төгрөгөөр 0.75 литрийн Хамаг Монгол нэртэй архи худалдан аваад гэртээ ирээд О.М-ийн хамтаар хувааж уугаад согтсон байсан. Тэрнээс хойш би юу болсон, ямар асуудал үүснийг мэдэхгүй байна. 2025 оны 02 дугаар сарын 01-ний шөнө 04 цаг 00 минутын орчимд ухаан орж сэрсэн. Би эмнэлэгт үзүүлснээ санахгүй байсан. Миний биед О.М халдсан. О.М нь намайг юугаар цохисныг санахгүй байна. Миний нүүр, хацар, нүд орчим хөхөрсөн. Одоо гайгүй байна. Эмнэлэгт үзүүлж бичиг авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч П.М ийн өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 12 цаг 00 минутад хичээлдээ явсан. Хичээл 17 цаг 00 минутад тараад Дархан-Уул аймаг, ** дүгээр гудамжны ** тоот гэртээ ирэхэд манай аав Д.П найз О.М ийн хамтаар согтууруулах ундаа хэрэглээд байж байсан. Тэгээд би цайгаа уугаад 2 дүүгээ хараад байж байтал манай аав Д.П ны утсыг найз болох О.М нь энэ миний утас, утас аваад ир гэж хэлээд авахаар нь аав Д.П энэ миний утас, чи утас андуураад байна гэж хэлтэл О.М нь энэ миний утас, чи миний утсыг өг гээд аавын дээр гараад аавын толгой, нүүр хэсэг рүү нь цохиод зодоод байхаар нь би гэрээсээ гараад автобусын буудал дээрээс хүний утаснаас цагдаагийн байгууллага руу дуудлага өгсөн (хавтаст хэргийн 12 дахь тал),
О.М ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр Б.У ийн хамтаар Дархан сум ** дүгээр гудамжны ** тоотод амьдардаг Д.П ны гэрт очиж уулзаад хоносон. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дахиад Д.П- тай нийлж архи уусан. Архи ууж дуусаад байж байхад манай эхнэр Б.У , н.У нар гараад архи аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд ирэхгүй байхаар нь Д.П ардаас нь гараад орж ирэхдээ 0.75 литрийн хараа нэртэй архи аваад ганцаараа орж ирсэн. Тэгээд тухайн авчирсан архийг нь хувааж уугаад дуусаад байж байтал Д.П нь миний хоолойг боогоод, нүүр рүү нь цохихоор нь би зөрүүлээд Д.П-ы биед халдаж цохиод байж байхад цагдаа орж ирээд бид хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаартай “...Д.П-ы биед баруун доод зовхи, баруун хацар, эрүү, зүүн хацарт зулгаралт, баруун доод, зүүн дээд зовхи баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд, амь нас хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал),
Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал),
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 227 дугаартай “...О.М-йн биед гэмтэл тогтоогдоогүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М : “...Би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.М нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж, болсон асуудлыг тодруулж дүгнэлт хийлгүйгээр хохирогч Д.П ы эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.М “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримт ирүүлээгүй ба холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.М-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: Шүүгдэгч О.М нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Д.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа учир Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.П-ийн биед хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 35,390 төгрөгийг шүүгдэгч О.М-ээс гаргуулах саналтай байна. Иймд шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өдөрт 8-аас дээшгүй цагаар Дархан-Уул аймаг дахь тохижилт үйлчилгээний газарт эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэх дүгнэлтийг гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч О.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34-36, 38 дахь тал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт О-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8 (найм)-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.П нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч О.М-ээс 35,396 (гучин таван мянга гурван зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН