Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

 

2025       04          22                                          2025/ШЦТ/89           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч А, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, хэлмэрч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000080064 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Оросын Холбооны Улсын иргэн, К ургийн овогт А (паспортын дугаар: ...), 1993 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Т өвөр хошуу, Х төрсөн, 31 настай, эрэгтэй, ерөнхий боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, О компанид цахилгаанчин ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт .... Улс, ... хот ... дугаар байрны ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй шүүгдэгч Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” дэлгүүрийн автомашины аюулгүйн тойрог дээр 2024 оны 12 дугаар сарын 14-ний шөнө шүүгдэгч А нь согтуугаар хохирогч Э.Этой маргалдаж, улмаар хохирогчийг чулуугаар цохиж биед нь духны ясны баруун хэсэг, баруун нүдний ухархайн дээд ирмэг дотогш цөмөрсөн, бяцарсан хугарал, хугарлын харалдаа буюу духны баруун хэсэгт тархины хатуу хальсны дээрх нимгэн ялтаслаг цусан хураа, баруун нүдний ухархайн дээд хана, гадна хана, доод хананы цөмөрсөн, бяцарсан хугарал, баруун хацар ясны нум хэсгийн хугарал, баруун хөмсөгт язарсан шарх, баруун нүдний алимны салстад, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн нүдний дотно булан доод зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 3 дугаар хуудас), хохирогч Э.Эын мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 135-136, 138, 140 дугаар хуудас), гэрч А.М-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 146, 148 дугаар хуудас), гэрч А.Ө-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150 дугаар хуудас), гэрч Г.Б-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 152 дугаар хуудас), гэрч З.Э-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 154, 156 дугаар хуудас), гэрч Алаш З- мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас), гэрч Д мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 162 дугаар хуудас), гэрч А-гийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 165 дугаар хуудас), гэрч Х-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас), гэрч Б-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 172-173 дугаар хуудас), гэрч Ч-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас), гэрч С-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас), гэрч А-ын В-ийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас), гэрч Д.Мөнхгэрэлийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188 дугаар хуудас), гэрч Т.Б-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 190 дүгээр хуудас), гэрч К-ын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 192 дугаар хуудас), хохирогч Э.Эын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 73 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 58-61 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Аийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч А нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ба шүүгдэгч А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогч Э.Эын “...Миний эрүүл мэндэд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас)-оор нотлогджээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11’00’000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг Ди Ви Ви диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалж, харин 1 ширхэг чулууг устгахаар шийдвэрлэв. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шүүгдэгч А-ийн ... дугаартай паспортыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.

 Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч К ургийн овогт А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аийг 11’000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11’00’000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг Ди Ви Ди дискийг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А-ийн ... дугаартай паспортыг буцаан олгож, 1 ширхэг чулууг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА