| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 318/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/90 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/90
2025 04 22 2025/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000120084 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ө ургийн овогт Л-гийн Б (РД: ...), 1988 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл тав, нөхөр, гурван хүүхдийн хамт ... аймгийн ... сум,... дугаар багийн ... тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл шүүгдэгч Л.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн 317 тоотод байх гэртээ нөхөр М.Б, С.Ч, Л.Н нарын хамт архидан согтуурах явцдаа хоорондоо маргалдаж, улмаар хохирогч С.Ч-гийн зүүн бугалганд 1 удаагийн үйлдлээр хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас), хохирогч С.Ч-гийн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 26, 28, 30, 32, 34 дүгээр хуудас), гэрч Б.Ё-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), гэрч М.Б-ын мэдүүлгүүд (хавтаст хэргийн 38-39, 41 дүгээр хуудас), гэрч Л.Н-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Б-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), насанд хүрээгүй гэрч Б.Э-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), гэрч Д.Э-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас), гэрч Д.О-н мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас), гэрч Н.М-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), хохирогч С.Ч-гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 25 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 62-63 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Л.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.Б нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогч С.Чимэгсүрэнгийн “...Л.Б нь надаас уучлалт гуйж, надад учирсан хохиролд 6’000’000 төгрөг төлж барагдуулсан. Надад одоо Л.Бгээс нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас)-ээр нотлогджээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тус хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хутгыг устгах гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.
Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг хутга ашиглаж үйлдсэн бөгөөд тухайн хутгыг зэвсэг гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулдаг журамтай. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг устгах нь зүйтэй.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө ургийн овогт Л-гийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 650 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
4. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн нэг ширхэг бор өнгийн иштэй хутгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА