Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

 

2025       04          25                                          2025/ШЦТ/94

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Янжиндулам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000460085 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ш ургийн овогт Ц-ын У (РД: ....), 1980 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл арав, нөхөр, зургаан хүүхэд, хоёр зээгийн хамт ... аймгийн ... сум, ... дугаар багийн ... тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл шүүгдэгч Ц.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.У нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1 давхрын үүдэнд буюу хүлээлгийн танхимд хохирогч Б.Б-ын сандал дээр мартаж үлдээсэн эд хөрөнгө болох цүнхийг авч, цүнхэнд байсан бэлэн мөнгөнөөс 520’000 төгрөг авч завшсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас), хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас), хохирогч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), гэрч Б.Б-ийн  мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Ц.Уыг гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.У нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогчид 520’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан. Шүүгдэгч Ц.У нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хохирогч Б.Б-ын “...Ц.Ут ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 96 дугаар хуудас)-ээр нотлогджээ. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий Си Ди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Ц-ын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700’000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг Си Ди дискийг хэргийн хамт хадгалсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МӨНХЗАЯА