Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                           Хэргийн индекс: 307/2025/0170/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,

улсын яллагч Б.Э ,

шүүгдэгч Г.П , түүний өмгөөлөгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000790156 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овогт Г-ын П , (РД:Т********), 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн, ** настай, эмэгтэй яс үндэс халх, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл 3, эх дүүгийн хамт Дархан-Уул аймгийн ** баг, ** дугаар хороолол, ** дугаар байр ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.П  нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 02 цагийн орчимд Дархан-Уул аймаг, ** дүгээр баг, Дархан Номин худалдааны төвийн урд зам дээр таксинд явж байсан Б.Э-ийг хөлсөө км-р тооцож авна гэж хэлсний төлөө хэрүүл маргаан үүсгэж, Б.Э-ийн биед халдаж дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд, доод уруул, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Г.П  нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 02 цагийн орчимд Дархан-Уул аймаг, ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан Номин худалдааны төвийн орчим таксинд суугаад явж байхдаа жолооч Б.Э-ийг “километрээр төлбөр тооцож авах гэлээ” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, түүнийг янхан, гичий, чи шөнө явж байгаа юм чинь угаасаа янхан байгаа гэж хэлээд үснээс зулгааж газарт унаган зодож, биед нь  дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд, доод уруул, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “...Дархан Номингийн дэргэд машин дотроо 2 эмэгтэйд зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б.Э ийг хохирогчоор тогтоох тухай тогтоол (хавтаст хэргийн 36 дахь тал),

 

Хохирогч Б.Э-ийн өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 02 цаг 40 минутын орчим Дархан Номин худалдааны төвийн хажуу талын зогсоол дээр таксинд явж байсан. Дараагийн дуудлагаа хүлээгээд зогсож байтал хуучин Дархан явна гээд 2 эмэгтэй суусан. Би хуучин явахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь яавал хуучин явах уу гэж асуусан. Би километрээр нь явбал явна гэж хэлсэн. Тэгтэл хэдэн км байдаг юм гэж надаас асуусан. Би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл 1 хүүхэн чи яг одоо яв гээд байсан. Нөгөө хүүхэн нь чи яахаараа км мэддэггүй юм гэж орилоод байсан. Тэгээд тэр хоёулаа над руу чи яг одоо яв гээд орилоод байсан. Чи шөнө явж байгаа юм чинь янхан, хямдхан янхан минь гээд хоёулаа дайраад байсан. Эгчээ та хоёр буучих, өөр таксинд суучих гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр машинаас буучихаад муу янхан минь гээд эргээд орилоод байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад би та хоёрыг цагдаад хэлнэ. Та хоёр яахаараа намайг хэл амаар доромжилдог юм гэж хэлээд буцаад машиндаа суусан. Тэгтэл араас хүрч ирээд машины хаалга онгойлгоод намайг үсдэж чирээд газар унагаад нэг нь нүүр лүү алгадаад самардаад толгой дээрээс өвдөглөөд байсан. Би туслаарай гэж орилсон. Намайг цагдаа дуудах гэхээр утас авч шидээд байсан. Би мөлхөж очоод утсаа авч бичлэг хийсэн. Тэгтэл нэг машинтай ах ирж салгасан. Тэгтэл тэр хоёр хүүхэн энэ манай нөхөртэй явалддаг хүүхэн гэж худлаа хэлсэн. Би тэр хооронд машиндаа суугаад машинаа цоожлоод цагдаа дуудсан. Тэгээд би машиндаа сууж байтал хүрч ирээд цонх тогшоод машинаа онгойлго гээд жолооч талын толь эвдсэн. Цонхны шил хагалах гэж оролдсон. Тэгээд ална гээд орилоод байсан. Тэгээд цонх балбаад зогсож байхад цагдаа ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 38, 40 дэх тал),

 

Гэрч Ч.Б ын өгсөн: “...Би тухайн өдөр 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн орчим Дархан сумын ** дугаар багт үйлчилгээний эсрэг талын Кровн нэртэй бааранд найз Г.П , н.С , н.Б  нарын хамтаар орсон Тухайн газар хоол идсэн хоёр шил 0.75 граммтай Экс нэртэй архи уусан. Ингээд шөнө 2025 оны  01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжих шөнө 02 цагийн үед Г.П  бид хоёр тухайн газраас түрүүлээд гарсан. Ингээд бид хоёр кровны урдаас таксинд суусан. Тэгтэл тухайн таксины жолооч эмэгтэй киломертоор явна гэж хэлсэн. Тэр үед манай найз Г.П  тухайн хүүхэнд хандан яахаараа тэгж явдаг юм Улаанбаатар хот бишдээ гэж хэлсэн. Тэр үед тухайн хүүхэн манай найз Г.П тэй маргалдаад байсан. Тэгээд жаахан явж байгаад Дархан Номин буудал дээр зогсоод бууж ирээд араар хаалган дээр ирээд бид хоёрыг буу гэсэн. Бид хоёр буусан. Манай найз тухайн хүүхнийг үснээс зулгаагаад тэр үед хальтиргаатай байсан болохоор газар унасан. Тэр үед манай найз дээр нь өвдөглөөд суучихсан. Би болохоор тэр хоёрыг салгаж дийлэхгүй байсан. Тухайн үед хажуугаар явж байсан машинтай эрэгтэй хүн салгаад тухайн жолооч хүүхэн өөрийнхөө машин дотор ороод хаалгаа хаагаад суучихсан. Тэр үед манай найз Г.П тухайн хүүхнийг машинаа онгойлго гээд тухайн хүүхний машины баруун талыг толийг гараараа цохиод хагалчихсан. Тэгээд тэр хүүхэн цагдаа дуудсан. Цагдаа нар маш хурдан ирсэн. Тэгээд бид хэд цагдаа дээр очсон (хавтаст хэргийн 8 дахь тал),

 

Г.П ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 19 цагийн орчим Дархан сум ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Кровн нэртэй ресторанд өөрийн найз н.С , н.Б , н.Б нарын хамт орсон. Тэгээд бид нар 2 шил 0.75 литрийн савлагаатай Х нэртэй архи уусан. Мөн Ч.Б  бид хоёр нэг нэг лааз пиво нэмж уусан. Ингээд шөнө 02 цагийн орчим Ч.Б бид хоёр гэр лүүгээ харих гээд Кровн гээд газрынхаа урд замаас Т.Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд суугаад хуучин Дархан явья гэж хэлээд суусан. Тэгтэл тухайн машины жолооч эмэгтэй хүн байсан ба километрээр тооцно шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би яахаараа тэгдэг юм Улаанбаатар биш шүүдээ орой 00 цагаас хойш 2000 төгрөгөөр л явдаг биз дээ гэхэд тэр эмэгтэй тийм юм байхгүй километрээр тооцдог болсон гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би ч уучихсан байсан болохоор бид хоёр жаахан маргалдсан. Тэгтэл тэр жолооч эмэгтэй нэг хүнтэй видео каллаар ярьж байсан ба тухай хүндээ Ч.Б бид хоёрыг харуулаад энэ хоёр согтуу авгайг хардаа мөнгөө төлж чадахгүй гэх мэтээр яриад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд чи юу гээд байгаа юм бэ гэхэд ярьж байсан дуудлагаа таслаад бид хоёрыг утсаараа бичлэг хийгээд эхэлсэн. Тэгснээ машинаасаа буугаад арын хаалгаа онгойлгоод одоо та хоёр буу гэж хэлсэн. Тэгээд тэр хооронд маргалдаад нэгнээ үгээр идээд байж байхдаа нөгөө эмэгтэй машиндаа суух гээд эргэж хараад алхах үед миний уур хүрээд үснээс  зулгаагаад газар унагаасан. Тэр үед хальтиргаатай би ч согтуу байсан тул давхралдаад газар унасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 147 дугаартай “...Б.Э ийн биед дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд, доод, уруул, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...Эхний 1 минут 05 секунтын бичлэгт үзлэг хийхэд 1 секунтээс 25 секундийн хооронд холбогдогч Г.П  нь хохирогч Б.Э ийн машины цонхыг гараараа нүдэж танхайрч байгаа  нь бичигдсэн байв. 25 секунтээс 35 секунтийн хооронд холбогдогч Г.П нь хохирогч Б.Э-ийн машины цонхыг гараараа нүдэж чи муу янхан эрийн дэвсгэр гэж харааж танхайрч байгаа нь бичигдсэн байна. Дараагийн 4 секунтэд холбогдогч Г.П  нь хохирогч Б.Э-ийн үснээс зулгаагаад газар унагаагаад тавихгүй танхайрч байгаа нь бичигдсэн байна. Дараагийн 3 секундэд холбогдогч Г.П  нь хохирогч Б.Э-ийн үснээс зулгаагаад машинаас гаргаж байгаа нь бичигдсэн байна” гэх үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дахь тал),

 

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А ХХК-ийн автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 147 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.П  нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Б.Э ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.П  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Г.П  нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э ийн автомашинд учирсан 220,000 төгрөгийн  хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, ... сэтгэцэд ... хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/278 дугаар тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын хоёрдугаар хавсралтад тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2 дугаар зэрэглэлд хамаарч байна.

 

Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” журмаар хоёрдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр зохицуулжээ.

 

Хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт 6,600,000 төгрөг нэхэмжилсэн нь хэмжээ хязгаарын дотор байгаа боловч шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, ... шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн зовуурь шаналал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан үзэх учиртай.

 

Иймд шүүгдэгч Г.П ийн хувийн байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлж 3,960,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-ид олгох зүйтэй гэж үзлээ.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  2.1. Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч: Шүүгдэгч Г.П г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.П  гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өрх толгойлсон байдал, ажил төрөл эрхэлж байгаа гэх хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр, торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хор болох сэтгэл санааны хохиролд 6,600,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн тул тухайн хохирлыг шүүгдэгч Г.П-ээс гаргуулж хохирогч Б.Э-д олгох нь зүйтэй юм. Хохирогчид 220,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох эд хөрөнгийн үнэлгээний баримтаар бусдын биед халдаж гэмт хэрэг үйлдэх явцдаа түүний эд хөрөнгө болох машины толийг эвдэж гэмтээсэн хохирол төлсөн төлбөр байна. Хохирогчоос эрүүл мэндтэй холбоотойгоор баримт гаргаж хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргах саналыг тус тус шүүхэд гаргаж байна”, 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.З : Миний үйлчлүүлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхлэн энэ гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруутай маргадаггүй. Өөрийн үйлдэлдээ гэмшиж тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн хэмжээнд төлсөн. Хавтас хэрэгт хохирогч нь мэдүүлэгтээ энэ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхээ илэрхийлсэн байна. Үүний дараагаар миний үйлчлүүлэгч нь хохирогчтой 2 удаа уулзаж эвлэрсэн гэж ярьж байна. Энэ хэрэгт хохирогчийн зүгээс ирсэн баримт байхгүй боловч миний үйлчлүүлэгч нь энэ  талаар ярихгүй гэж бодож байна. Миний үйлчлүүлэгч нь хохирогчийн сэтгэл санааны хохирлыг төлөхгүй гэсэн зүйл байхгүй бөгөөд шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байгаа учир яах учраа сайн ойлгохгүй байна гэж хэлдэг. Түүний хувийн байдлын хувьд өрх толгойлсон эмэгтэй, нэг хүүхэдтэй, 4 жил ганцаараа ээж, хүүгээ авч явж байгаа, ажлын хувьд Дархан захын гадна талбайд бэлэн хувцас худалдаалдаг ажилтай зэрэг хувийн байдал зэргийг харгалзан хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3,300,000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчаас оногдуулсан 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял нь хүнддэж байна гэж үзэж байна. Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өрх толгойлсон байдал, ажил төрөл эрхэлж байгаа гэх хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр, торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүгдэгч Г.П эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг  харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх учиртай. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.П ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нас барсны гэрчилгээний хуулбар, М.М-ийн төрсний гэрчилгээний хуулбар, (хавтаст хэргийн 66-69, 71-73 дах тал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь  шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.П-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

           

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй,  түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Г-ын П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.П-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

 4. Шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг 3,960,000 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг, *** баг, **-** тоотод оршин суух Б-ийн Э  (РД:*******, утас:********)-д олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТ-АМГАЛАН