Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/200

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0176/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

улсын яллагч Б.Д,

шүүгдэгч Н.Д , түүний өмгөөлөгч Б.Х  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2518000000243 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Н-н Д , (РД:********), 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Дархан-Уул аймаг, төрсөн, **  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, “С ” ХХК-нд менежер ажилтай, ам бүл-3, ээж хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, *** дүгээр баг, ** дугаар хороолол, **-*** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь согтуугаар 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 07 цагийн орчимд Дархан-Уул аймгийн ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М ” дэлгүүгрийн авто зогсоол дээр асаалттай байсан хохирогч Ж.Г-ын **-** УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүгдэгч Н.Д  нь согтуугаар 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 07 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “М ” дэлгүүгрийн авто зогсоол дээр асаалттай байсан хохирогч Ж.Г-ын **-** УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь согтуурал шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал), 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-12 дахь тал), 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-18 дахь тал), хохирогч Ж.Г-н өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),  гэрч О.У-ийн өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 28 дахь тал), гэрч О.О-ын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал), шүүгдэгч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Түүнчлэн, шүүгдэгч Н.Д  нь шүүх хуралдаанд “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн гаднын нөлөө, дарамт шахалт байгаагүй, хэргийн материалтай бүрэн уншиж танилцсан, маргах зүйл байхгүй, прокурортой эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохиролцсон, хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдсэн, цаашид давж заалдах гомдол гаргах эрхээ хязгаарлуулж байгааг хүлээн зөвшөөрсөн....” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Н.Д нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Д-ын үйлдлийн улмаас хохирогч Ж.Г нь хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн байх тул Н.Д  нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.Д-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Шүүгдэгч Н.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н- Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ыг 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ыг Дархан-Уул аймгийн Тохижилт үйлчилгээний газарт өдөрт 8 (найм)-аас илүүгүй цагаар, түүний нас, эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Б.БАТ-АМГАЛАН