Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2022/01632

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

 

                                       2022        05        26

             182/ШШ2022/01632

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.Г

 

Хариуцагч: “ХШ” ХХК

 

газар чөлөөлүүлж, хууль бусаар баригдсан барилгыг хэсгийг буулгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А,

хариуцагчийн төлөөлөгч Ч.А,

хариуцагчийн төлөөлөгч Ж.Д,

хариуцагчийн өмгөөлөгч Г.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Г нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/726 дугаар захирамжаар 409 м.кв газрыг хууль ёсны дагуу үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг юм.

Хөрш зэргэлдээ “ХШ” ХХК нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч газрын маргаантай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үүнтэй холбоотой маргаан дуусгавар болсон.

“ХШ” ХХК нь Улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, ЧДхаягт байрлалтай, Ү-2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгуудаа барихдаа Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй, уг барилга байгууламжууд нь архитектор төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барьсан байх бөгөөд энэ нь “ХШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн 2018 оны 05 дугаар 25-ны өдрийн 09/1990 дүгээр албан бичгээр нотлогддог.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газарт үзлэг хийх явцад “ХШ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тэдний барилгын хэсэг нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр баригдсаныг хүлээн зөвшөөрдөг. Э.Г нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/22 дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/726 дугаар захирамжаар Дэнжийн 409 м.кв газрын хууль ёсны эзэмшигч ба “ХШ” ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэснийг зөрчиж, иргэн нэхэмжлэгчийн газар дээр өөрсдийн барилгаа барьж, эзэмших эрхэд ноцтойгоор халдаж барилга барьсан тул газрыг чөлөөлж, уг барилгын хэсгийг буулгахыг “ХШ” ХХК-д даалгаж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр “ХШ” ХХК-ийн 52 дугаар барилга нь нэхэмжлэгчийн газартай 2,5 м кв, сүүлд барьсан 58/1 дүгээр барилга нь 2,3 м кв хэмжээгээр хариуцагчийн газар руу орсон нь тогтоогддог  гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Г газар эзэмших эрхдээ үндэслэн газар чөлөөлүүлэх, түүнчлэн хууль бусаар барьсан гэх барилгыг буулгах утгатай хоёр шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлох, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль тогтоомжид зааснаар тодорхойлох боломжгүй шаардлагын хувьд шаардлага тус бүрд 70,200 төгрөгөөр улсын тэмдэгтийн хураамжийг төлдөг билээ. Иймд Э.Гын хувьд нэг шаардлагын дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэл болохуйц байна.

Түүнчлэн нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл, агуулгыг тодорхойлохдоо Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг удирдлага болгосон боловч өөрийн эзэмшлийнх газрын чухам аль хэсэгт хэрхэн ямар байдлаар газар эзэмших эрхийг нь зөрчсөн нөхцөл байдал бий болоод байгаа, өөрийн газар дээр давхцуулан барьсан гэх барилга байгууламжийн байршил, хил хязгаартай холбоотой ямар нэгэн тайлбар, мэдээ баримтыг шүүхэд болон хариуцагч талд огт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй болжээ.

Газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын зүйл нь тодорхой бодит байх ёстой. Хууль бусаар баригдсан барилгыг буулгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын зүйл нь мөн тодорхой баригдсан барилга байх ёстой. Гэтэл нэхэмжлэлд дурдсан “ХШ” ХХК-ийн үл хөдлөхийн гэрчилгээ, кадастрын зураг, дугаар бүхий 6 барилгын алийг нь буулгуулах гээд байгаа нь мэдэгдэхгүй байна.

Эдгээр барилгууд нь 1990 оноос өмнө баригдаж, 1995 онд үл хөдлөхийн гэрчилгээ авч газартайгаа хувьчлагдсан байдаг бөгөөд хожим 2017 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан иргэн Э.Гын газар дээр баригдсан гэх ямар ч боломжгүй. Энэ барилгууд 2005-2007 оныагаарын зурагт байгаа, барилгын дугаар авч байсан, газрын хил заасг дотроо байгааг баталгаажуулсан кадастрын зураг бий бөгөөд 6 цэг дээр шалгуулахад зөрчилгүй байсан. Хариуцагчийн барилга нэхэмжлэгчийн газар руу орсон гэдэг нь нотлогдохгүй байна.

Мөн Гын газар анх 2015 онд Хот тохижилт үйлчилгээний компанид эзэмшүүлэхээр өгч байсан газар байсан. Хариуцагчийн барилгууд илүү өмнө баригдсан тул нэхэмжлэгчийн газар руу орж баригдана гэх учир байхгүй.

Иргэн Э.Г болон “ХШ” ХХК-ийн хоорондын маргааны үүсвэр нь барилга хоорондын зай холбогдох хууль зөрчсөн эсэн тухай асуудал байдаг бөгөөд одоо захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байна. Энэхүү захиргааны хэргийн агуулга нь Э.Гын эзэмшил газар дээрээ барьж байгаа барилга болон “ХШ” ХХК-ийн барилгын хоорондын зай холбогдох хууль, галын норм дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох зорилготой. Шүүх хуралдааны явцад шинжээч томилж, Э.Г болон “ХШ” ХХК-ийн барилгууд, тэдгээрийн эзэмшил газрын кадастрын зургуудыг харьцуулан газар дээр нь хэмжилт хийж дүгнэлт гаргасан болно. “ХШ” ХХК-ийн барилга иргэн Э.Гын эзэмшил газартай давхцаагүй гэдэг нь энэ дүгнэлтээр тогтоогдсон.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан шийдвэртээ Э.Гын барилга холбогдох норм дүрмийг зөрчсөнийг тогтоож уг барилгын ажлын зөвшөөрлийн 0000735/186/2017 дугаар гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоосон.

Энэхүү захиргааны хэргээр маргаж буй талуудын барилга тус тусын эзэмшил газартаа баригдсан эсэх, хууль зөрчиж баригдсан эсэхийг хянан хэлэлцэж шийдвэрлэх тул энэхүү газар чөлөөлөх, хууль бус барилга буулгах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд шууд хамааралтай, чухал ач холбогдолтой байна.

Дээр дурдсан үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэж заасан үндэслэл болж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий. гэв.

 

3. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон кадастрын зургийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон кадастрын зураг, Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрх олгох тухай захирамжийн хуулбар холбогдох баримтууд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн материалаас холбогдох баримтууд, хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цагийг хүлээлгэн өгсөн тухай акт, гэрэл зураг, “ХШ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, кадастрын зураг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газрын даргад холбогдуулан гаргасан гомдол, маргаан бүхий газрын гэрэл зураг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, Хот байгуулалт, хөгжлийн газар хаягийн тодорхойлолт, хаяг байршлын зураг, барилгын дугаар хүссэн өргөдлийн хуулбар болон кадастрын зураг, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт болох холбогдох шүүх, Нийслэлийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Г “ХШ” ХХК-д холбогдуулж газар чөлөөлүүлж, газар дээр нь хууль бусаар баригдсан барилгыг буулгахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр хариуцагчийн 52, 58/1 дугаар барилгуудын нэхэмжлэгчийн газар дээр давхацсан хэсгийг буулгуулж газар чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

 

 Хариуцагч “ХШ” ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн газар эзэмшиж эхэлсэн хугацаа нь хариуцагчийн барилгаа барьсан хугацаанаас сүүлд бөгөөд барилга газартай давхцуулж барьсан гэдэг нь үндэслэлгүй, барилгын суурийн хэмжээнд өөрчлөлт ороогүй, газрын хэмжээсийн нарийвчлалтай холбоотой байж болно гэж марган мэтгэлцэж байна.

 

2.Нэхэмжлэгч Э.Г нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хариуцагч “ХШ” ХХК-ийн газартай хил залгаа 409 м кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/726 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар эзэмших болсон ба уг газрыг Хот тохижилт үйлчилгээний компанид Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/203 дугаар захирамжаар эзэмших эрхийг шинээр баталгаажуулж өгсөн газар байжээ. ХШ ХХК нь анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 160 тоот захирамжаар 17,530 м кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших болсон ба 2009 оноос Нийслэлийн Засаг даргын захирамжаар 15,945 м кв газар эзэмших болж өөрчлөгджээ.

 

3. “ХШ” ХХК-ийн барилгуудын талбай иргэн Э.Гын эзэмшлийн газар руу орсон эсэх, орсон бол хэмжээг тодорхойлуулахаар шүүх шинжээч томилсон ба шинжээчийн дүгнэлтээр “ХШ” ХХК-ийн барилга иргэн Э.Гын эзэмшлийн газартай зүүн талдаа 2,5, баруун талдаа 2,3 м кв талбайгаар давхцаж байгааг тодорхойлж, хавсралт зургийн хамт ирүүлжээ. Энэ нь компанийн 52 дугаар барилгатай 2,5 м кв, 58/1 дугаар барилгатай 2,3 м кв талбайгаар давхцаж буй давхцал болох нь талуудын тайлбар, кадастрын зураг, фото зургуудаар тогтоогдож байна.

 

4.Нэхэмжлэгч хариуцагч нар өөрсдийн хил залгаа газар нь давхцалгүй гэдэг дээр маргадаггүй. Хариуцагч “ХШ” ХХК-ийн худалдааны төвийн газар дахь 52 дугаар барилга 1996 онд баригдсан бөгөөд бусад хамт баригдсан барилгуудын хамт нэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байна. Анх баригдсанаас хойш барилгын суурийн 252 м кв талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй болох нь хариуцагчийн тайлбар, барилгын дугаар авч байсан баримт, кадастрын зураг, газрын мэдээллийг агаарын зурагтай давхцуулан гаргасан зураг, эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн акт зэргээр тогтоогдож байх тул энэ барилгыг нэхэмжлэгчийн сүүлд эзэмших болсон газартай давхцуулж барьсан гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн зургаас харахад барилгын хэсэг, газрын давхцал нарийхан харагдаж байх ба энэ нь хэмжилтийн нарийвчлалтай холбоотой байж болохоор байна.

 

5. Хариуцагчийн 58/1 дүгээр барилга нь 2012 онд баригдаж, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байна. Энэ барилгын ард хэсэгт бохирын шугам цооног баригдсан байдгийг талууд тайлбарлаж, зургаас харагддаг ба хариуцагч үүнийг 2014 онд баригдсан гэх боловч энэ нь хэдийд, ямар зургаар, хэний зөвшөөрлөөр хэрхэн баригдсан нь тодорхойгүй, нотлох баримтгүй байх бөгөөд энэ барилгын хэсэг нэхэмжлэгчийн газар руу тодорхой хэмжээгээр орж баригдсан байдал тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр давхацсан газрын талбай 2,3 м кв байна.

 

6. Э.Гын эзэмшил газар дээрээ барьж байгаа барилга болон “ХШ” ХХК-ийн барилгын хоорондын зай холбогдох хууль, галын норм дүрэм зөрчсөн эсэхийг тогтоолгох зорилготой хэрэг захиргааны хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж буй бөгөөд түүнийг шийдвэрлэхээс нааш энэ хэргийг хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн тайлбарыг хариуцагч гаргадаг боловч энэ нь үндэслэлгүй, энэ хэргүүд хоорондоо хамааралтай хэргүүд биш байна.

 

7.Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг Засаг даргын захирамжийн дагуу 2017 оноос газар эзэмшсэн атал барилга, газрын давхцлын талаар одоо нэхэмжлэл гаргаж буй нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх боловч энэ тайлбарыг рүлээн авах боломжгүй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан,... үеэс үүснэ гэж заасан ба Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад илэрсэн нөхцөл байдлаас үндэслэн өөрийн эрхийг зөрчигдлөө гэж нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

 

8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь түүний газар дээр давхцуулж барьсан бусдын барилгын хэсгийг буулгуулж газраа чөлөөлүүлэхийг хүссэн шаардлага байх тул тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь зөв байна.

 

9..Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан иргэн Э.Гын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх газартай 2,3 м кв хэмжээгээр давхацсан “ХШ” ХХК-ийн 58/1 дүгээр барилгын хэсгийг буулган, газар чөлөөлөхийг “ХШ” ХХК-д даалгаж, 2,5 м кв хэмжээгээр давхацсан гэж 52 дугаар барилгын хэсгийг буулгуулж, газар чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд  70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                         С. БУД