Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2022/01658

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: УБЗ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 587,406,577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн өмгөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч УБЗ нь А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 1,669,599,218 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хариуцагчийг төлбөрөө төлсөн үндэслэлээр 587,406,577 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Улсын чанартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын тендер шалгаруулалтаар 1 дүгээр багцад шалгарсан А ХХК-тай УБЗ нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дугаартай, дүгээр төмөр замын гармын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч нь хатуу хучилттай авто замтай нэг түвшинд огтлолцсон 361, 384 дүгээр км дэх төмөр замын байгууламжийг шилжүүлэх, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

1.2.А ХХК-иас 2021 оны 01 сарын 13-ны өдөр ирүүлсэн тоот албан бичгээр хүсэлтийн дагуу гэрээний төлбөрийн нөхцлийг тохиролцон ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 123,764,016.20 төгрөгийг УБЗ-ын нэхэмжлэх №4-өөр 2021 оны 02 сарын 10-нд Захиалагч тал шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал болох УБЗ ХНН нь ажлыг гүйцэтгэн, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Захиалагч талд хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Улмаар дээрх комиссын шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн баримт бичиг болон үлдэгдэл 1,113,066,145.80 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхийн хамт 2021 оны 08 сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Захиалагч тал төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүй тул тухайн компанитай хамтран 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн.

1.3.Бид захиалагч талаас гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө хугацаандаа төлөхийг удаа дараа шаардан, З яам, Зөвлөх Ай ХХК-д хандаж байсан. А ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр төлбөрийг 2021 оны 12 сард багтаан төлөх тухай манайд мэдэгдсэн боловч төлбөрийг хугацаандаа төлөөгүй ба шүүхэд нэхэмжлэлийг гаргасны дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 560,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 491,229,137.80 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Одоо гэрээний баталгааны 2,5 хувь буюу 30,918,504 төгрөг, алданги 556,488,073 төгрөг буюу нийт 587,406,577 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4.Хариуцагч тал үнийн дүнгийн 0.5 хувиар алдангид 5,565,331 төгрөг төлнө гэж тайлбарлаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6.7.а, 1.6.7.б хоёр заалт нь гэрээний тэгш эрхийн зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Хоног тутам хүлээх үүргийн хувьд адил байх ёстой. Алдангийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 144 хоногоор тооцсон гэв.

 

2.Хариуцагч "А" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, өмгөөлөгч Р.О нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. А ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу нийт 1,236,740,162 төгрөгийн тооцоо үүссэнийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 123,764,016.20 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 560,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 491,229,137.80 төгрөгийг тус тус төлсөн байна.

2.2.Хариуцагч А ХХК нь Е банкны санхүүжилтээр барих Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын Нэгдүгээр багцийн 37 км замын ажлыг 2021 оны 03 дугаар сараас эхлэн гүйцэтгэж эхэлсэн бөгөөд гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн төлбөр нь холбогдох байгууллагаас хугацаа алдаж А ХХК-д санжүүжилт хийгдэж байгаатай холбоотой Гэрээт ажлын төлбөрийг удаасан санхүүгийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар манай компанийн зүгээс 2021 оны 07, 08 дугаар сард хийгдсэн ажлын санхүүжилтийг аваагүй байгаа нь дээрх төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй нөхцөл үргэлжилсээр байгаа болно.

2.3.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6.4-т зааснаар чанарын баталгааны 2.5 хувийг гүйцэтгэгч ажлыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа өгөх байгаа. Хариуцагчийн зүгээс баталгааны 2.5 хувь болох 30,918,504 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.4.Ажил гүйцэтгэх гэрээний 1.6.7-д анзын талаар тохирсон. Гэрээний 1.6.7.а-д нэхэмжлэгч УБЗ үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөх, 1.6.7.б-д нь А ХХК нь төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр зохицуулсан. Гэрээнд заасны дагуу үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг тооцож, 5,565,331 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 36,483,835 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэж өгнө үү.

2.5.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэхээр хэд хэдэн удаа уулзалт хийсэн боловч эвлэрээгүй. А ХХК-ийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч талд албан бичиг хүргүүлсэн бөгөөд төлбөрийг 2021 оны 12 дугаар сардаа багтаан барагдуулна гэсэн. Энэ албан бичигт нэхэмжлэгчийн зүгээс хариу өгөөгүй тул төлбөр төлөх хугацааг хойшлуулсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд 12 дугаар сараас хойш 28 хоногийн хугацаа хэтэрсэн харагдаж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэв.

3 Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. УБЗ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хх5-17/

3.2.2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын төмөр замын гармын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээ /хх18-26/

3.3. дүгээр км дэх төмөр замын гармын өргөтгөлийн ажлын даалгавар, ажлын төсөв, ажлын хуваарь /хх27-35/

3.4.Гол замын гармын ажлын гүйцэтгэлийг А ХХК-д хүлээлгэн өгсөн акт /хх36-37/

3.5.А ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дугаартай, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай албан бичиг /хх38-39/

3.6.Нэхэмжлэх 37 /хх40/

3.7.Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх41/

3.8.УБЗ-ын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай албан бичиг /хх42/

3.9.Т яамны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай албан бичиг /хх43/

3.10. УБЗ-ын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай албан бичиг /хх 44/

3.11.Монгол Улсын З яамны 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай албан бичиг /хх89/

3.12.Ай ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг /хх90/ зэрэг баримт

 

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1."А" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх49/

4.2.Үндсэн хөрөнгийн үлдэгдлийн тайлан /хх61/

4.3.Т ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан бичиг /хх62/

4.4.Төлбөрийн даалгавар /хх63/

4.5."А" ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг /хх 64/

4.6.УБЗ-ын хууль зүйн албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай албан бичиг /хх 65/

4.7.Зам барилгын ажлын ерөнхий төлөвлөгөө 2021-2023 он /хх66-70/

4.8.Гэрээний нөхцөл /хх71-76/

4.9.Төлбөрийн даалгавар 131 /хх91/

4.10.М ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дугаартай албан бичиг /хх104/ зэрэг баримт

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч УБЗ-ын нэхэмжлэлийн шаардлагаас 37,102,204.81 төгрөгийн шаардлагыг хангаж, 550,304,372.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч УБЗ нь хариуцагч А ХХК-ийг Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр үндсэн төлбөр, алдангид 1,669,599,218 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 560,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 491,229,137.80 төгрөгийг тус тус төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, гэрээний баталгааны 2.5 хувь буюу 30,918,504 төгрөг, алданги 556,488,073 төгрөг, нийт 587,406,577 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлжээ.

 

3.Хариуцагч А ХХК нь гэрээний баталгааны 2.5 хувь болох 30,918,504 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин алдангийг гэрээний 1.6.7.б-д заасны дагуу үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алдангид 5,565,331 төгрөгийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.УБЗ, "А" ХХК-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын дүгээр төмөр замын гармын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээнд заасан ажлыг нэхэмжлэгч УБЗ нь хийж гүйцэтгэн, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр "А" ХХК-д хүлээлгэн өгсөн, энэ талаар талууд маргаагүй. /хх 18-37/

4.2. УБЗ нь гэрээт ажлыг 1,236,740,162 төгрөгөөр гүйцэтгэхээр, гэрээний үнийн дүнгийн 10 хувийг урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажлын 3 хоногт шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр урьдчилгаа төлбөрт 123,674,016 төгрөгийг "А" ХХК нь төлжээ. /хх41/

4.3.Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 1,113,066,146 төгрөгийг "А" ХХК нь төлөөгүй үндэслэлээр УБЗ шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 560,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 491,229,137.80 төгрөгийг тус тус шилжүүлж, гэрээний баталгааны 2,5 хувь буюу 30,918,504 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

4.4.Хариуцагч А ХХК нь гэрээний баталгааны 2,5 хувь буюу 30,918,504 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

4.5. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын дүгээр төмөр замын гармын өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээний 1.6.7-д анзын талаар харилцан тохиролцож, 1.6.7.б-д "Захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө" гэжээ.

Энэхүү заалтын дагуу нэхэмжлэгч УБЗ нь алдангид 556,488,073 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагч нь алдангид 5,565,331 төгрөг төлнө, үлдэх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6.7.б-д заасан "Захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө" гэсэн нь гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж ойлгогдохоор байна.

Нэхэмжлэгч тал нь гэрээний 1.6.7.а-д "...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр Захиалагч алданги төлнө" гэж зохицуулаад 1.6.7.б-д "... үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө" гэж зохицуулсан нь гэрээний тэгш эрхийн зарчим алдагдсан гэж тайлбарлах боловч талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй гэж шүүх дүгнэж, тэдний тохиролцооны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд гэрээний үнийн дүн болох 1,236,740,162 төгрөгийн 0.5 хувь буюу 6,183,700.81 төгрөгийг хариуцагч "А" ХХК-иас гаргуулж, УБЗ-д олгох үндэслэлтэй байна.

Тодруулбал, гэрээний 1.6.1.а-д урьдчилгаа 10 хувийн урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчийн нэхэмжлэхийн дагуу гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажлын 3 хоногт шилжүүлэх үүрэгтэй байх боловч 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэхийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр "А" ХХК-нь шилжүүлсэн байгаа нь тохирсон хугацааг хэтрүүлэн шилжүүлсэн гэж үзэхээр байна. Үүнээс үндэслэн хариуцагчийг хугацаандаа төлбөрөө бүрэн шилжүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний нийт үнийн дүн болох 1,236,740,162 төгрөгөөс алдангийг 0.5 хувиар тооцов.

 

4.6.Дээрхийг дүгнэж, хариуцагч "А" ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 30,918,504 төгрөг, алдангид 6,183,700.81 төгрөг, нийт 37,102,204.81 төгрөгийг гаргуулж, УБЗ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550,304,372.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 8,505,946 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 5,754,424.23 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар А ХХК-иас 37,102,204.81 төгрөгийг гаргуулж, УБЗд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550,304,372.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч УБЗ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,505,946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "А ХХК-иас 5,754,424.23 төгрөг гаргуулж, УБЗ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ