Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/187

 

 

 

 

 

 

 

2025       04        14                                            2025/ШЦТ/187

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Г.Энхтунгалаг, Б.Нармандах нарын бүрэлдхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Иргэдийн төлөөлөгч О.Ц

Хохирогч Б.П

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 2425005910040 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн Б-ийн Э, Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа тогоочийн ажил эрхэлдэг, ам бүл 1, Булган аймгийн Хангал сумын *** гэх газарт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, /РД:  /.

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын ***  дугаар байрны ***  тоот Б.Н-н гэрт Б.П тай үл ялих шалтгаанаар маргалдаж, гэрээс нь гарч Өнөр хорооллын ***  дугаар байрны орцонд харилцан зодолдох явцдаа хүрэн өнгийн иштэй эвхэгддэг жижиг тонгорог хутгаар хохирогчийн цээжин хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “үл ойлголцолоос болж ийм явдал болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 6 500 000 төгрөг төлсөн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.П  мэдүүлэхдээ “Хохиролд 8 сая төгрөг төлөхөөр тохирсон. Үлдсэн 1 сая төгрөгийг гаргуулмаар байна. Өөр ярих зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 3-7-р тал/

2. Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 17-18-р тал/

3. Хохирогч Б.П-н “Тэгээд би болон манай найз охин А  бид 3 машинтай хойноос нь дагаж Өнөр хотхонд Н гэрт нь очсон. Тэгээд тэндээ пиво виски хольж уугаад ярьж хөөрцгөөсөн. Тэгээд ихэнх хүмүүс согтоцгоосон. Тэгээд манай найз охин намайг хайраа явъя гэхээр нь би заза тэгье 30 минутын дараа гаръя гэж хэлсэн чинь манай найз охин за за би хэсэг хэвтлээ гэсэн. Тэгэхээр нь за за гэсэн. Тэгээд Э  том өрөөний буйдан дээр хэвтэж байхад нь Н татаж босгоод жижиг өрөө рүү орж унт гэж хэлсэн тэгээд Э  жижиг өрөө рүү явсан. Би ч удалгүй бие засах гээд жорлон орох гээд явж байхдаа жижиг өрөө рүү хартал Э  манай найз охины гуянаас барьчихсан байсан. Тэгээд би Э  дээр очоод “чи муу юу хийж байгаа юм бэ” гэж хэлээд шууд барьцалдаад жижиг өрөөнөөс гараад барьцалдаж байтал Н  бид хоёрыг салгасан. Тэгээд би Э од хандан 2-лаа айлд хэрэлдэж маргалдаад яахав гадаа гарч учраа олъё гэж хэлээд бид хоёр гэрээс нь гарсан. Тэгээд гадаа хэрэлдэж маргалдаж байтал Э ыг З  авч гэрлүүгээ орсон. Би хойноос нь ортол Э  хувцасаа өмсчихсөн Н-н  гэрээс гараад ирсэн. Тэгээд бид хоёр орцон дотор бас барьцалдаад байж байгаад би шатруу унасан. Э  миний хөлрүү 1-2 удаа өшиглөсөн. Тэгэхээр би шууд босоод Э ыг заамдаад авсан чинь шууд миний цээжин тус газар 4 удаа цохих шиг болсон. Тэгээд би цээжрүүгээ харсан чинь цус гойжиж байсан. Тэгээд би жижиг тонгорог байхыг нь хараад 2 гарыг нь хөдөлгөөнгүй барьж байгаад Н аа Э  намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл Н  Э од хандан чи хүн хутгалчихлаа гэж хэлээд нүүрэн тус газар нь 2 удаа цохиод тонгоргийг нь булааж авсан. Тэгээд би шууд орцноос зугтааж гарсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд эмнэлэг явсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжпэх зүйл байна. Би эмчилгээний зардал болон ажилгүй байх хугацааны мөнгө, цаашид гарах үр дагавраас шалтгаалаад 8 000 000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-р тал/

4. Гэрч Б.Н-н “Тэгээд манай гэрт хоол унд хийж идээд ярьж хөөрөөд виски, архи ууцгаасан. Тэгээд бүгдээрээ нэлээн халаад зарим нь согтчихсон. Тэгээд байж байтал хажуу өрөөнд пизда минь гээд чанга дуу гарахаар нь жижиг өрөө рүү яваад орсон чинь Б.П  Б.Э той хэрэлдчихсэн мөн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тухайн үед Б.Э жижиг өрөөнд унтаж байсан П-н  найз охиныг манай эхнэр З  гэж ойлгоод хөлнөөс татаж байхад нь П  орж ирээд найз охиныг нь оролдож байна гэж буруу ойлгосон байсан. Уг нь манай найз Б.Э тэгж хүн оролдох хүн биш. Тэгээд П  гараад ир гээд манай гэрээс гарч явсан. Хойноос нь Э  гараад явсан. Тэгээд гэрийн гадаа учраа олоогүй бас л хэрэлдсэн. Тэгээд Э  манайх руу буцаж ороод буцаад гарах гэж байтал П  шатан дээр Э ыг барьж аваад хоорондоо дахиж барьцалдаад салж өгөхгүй байсан. Тэгээд Э ын уур хүрээд шууд жижиг тонгорог гаргаж ирээд Б.П-н хэвлий тус газар нь 2-3 удаа хутгалсан. Тэгтэл П-н  хэвлийнээс цус гоожихоор нь хүүе ээ чи хүн хутгалчихлаа шүү дээ гэж би хэлээд Э оос тонгоргийг нь булааж аваад сандраад хаашаа ч хамаагүй шидчихсэн. Тэгээд би уурандаа Э ыг нүүрэн тус газар нь нэг удаа цохичхоод П-н  хойноос гарсан. Тэгээд түргэн тусламж ирээд П-г  авч явсны дараа цагдаа нар ирсэн. Б.П-г  Б.Э тонгоргоороо хэвлий тус газар 2 удаа хутгалсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/

5. Гэрч Л.А ын “Тэгээд Өнөр хороолол байх Н гэх залуугийн гэрт нь очиж 0,75 литрийн архинаас 3 шилийг ууцгаасан. Тэгээд бараг гэр гэрлүүгээ явах гэж байтал П-н  найз охин болох Д-н нойр нь хүрээд жижиг өрөөнд ороод унтаж байтал Э  ардаас нь орсон чинь ардаас нь П  орсон. Тэгээд удаачаагүй жижиг өрөөнд П , Э  хоёр хоорондоо зодолдоод байх шиг болохоор нь Н бид хоёр орсон хоорондоо чи миний найз охиныг оролдлоо гэсэн утгатай зүйл хэлэлцэж зодолдоод байсан. Тэгээд Н бид хоёр тэр хоёрыг салгаад би П-г  аваад гадаа гарсан. Тэгтэл Э  бас ардаас гараад ирсэн. Гадаа нөгөө 2 бас л барьцалдаж ноцолдоод байхаар нь Н Э ыг аваад гэр лүүгээ орсон. Тэгээд би П-н  хамт тамхи татаад байж байтал гэнэт П  орц руу гүйгээд орсон. Тэгээд би бас яасан юм бол гэж бодоод араас нь орсон. Тэгсэн чинь уг байрны 3-н давхарт Э  П-г  хэвлий тус газар нь 2-3 удаа цохих шиг болсон. Тэгсэн чинь П  наадах чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Н Энхбатын гарт нь байсан хутгыг булааж аваад нэг удаа цохиж унагасан. Тэгээд би орцноос П-г  авч гарангуутаа шууд цагдаа, түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/

6. Гэрч Э.А-н“Тухайн хэрэг гардаг өдөр манай нөхөр Н  найз Э ын хамт намайг баарнаас ирж аваад манай гэр лүү очихоор болсон. Тэгээд манай гэрт Э , П  болон түүний найз охин, А  нар манай гэрт хоол унд идэж архи согтууруулах ундаа уусан. Тэгээд бүгд нэлээн халчихсан байсан. Тэгээд манай гэрийн гадаа нэг эмэгтэй найз маань дуудаад байхаар нь би гарч уулзаад байж байтал манай нөхөр гарч ирээд над руу уурлаад гэрт зодоон болоод байна гэсэн. Тэгээд удалгүй ардаас нь П  ална хаана байна гээд орилоод гараад ирсэн. Тэгээд буцаад хар хурдаараа гэр лүү гүйж орсон чинь Э  гэрээс гарч ирээд П  өөдөөс нь угталцаж ирээд шууд үгийн зөрүүгүй цохиод авсан. Тэгээд Э ыг П  шатруу түлхчихсэн. Тэгээд Э  П  руу аллаа шүү дээ гээд дахиад барьцалдаад авсан. Тэгсэн чинь П  Э ыг хоолойноос нь боогоод заамдаад байсан. Тэгтэл гэнэт П-н  хэвлийнээс цус гараад шалан дээр дусахаар нь гайхаад харсан чинь Э  гартаа цус болчихсон түлхүүрийн оосор барьчихсан байсан. Тэгээд уг түлхүүрийн оосрыг Н  барьж аваад Э од хандан чи сэргээчээ юу хийгээд байгаа юм бэ гээд Э ыг нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд удалгүй цагдаа эмнэлэг болсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-р тал/

7. Яллагдагч Б.Э ын “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирогчид эмчилгээний зардал болон нөхөн төлбөр 6 500 000 төгрөг өгсөн. П  бид хоёр тухайн хэрэг гардаг өдөр буруу ойлголцоод маргалдаж барьцалдаад гадаа гараад учраа олох гэсэн боловч учраа олж чадахгүй болохоор нь би Н  гэр лүү ороод машины түлхүүрээ аваад гарах гэж байтал П  миний хойноос хүрч ирээд би чамайг ална, пизда минь, намайг оролддог хэн юм гээд миний хоолойноос боогоод шахаад амьсгал давхцаад байхаар нь миний уур хүрээд кармаанаасаа жижиг тонгоргоо гаргаж ирээд хэвлий тус газар нь хутгалсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 74-р тал/

8. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** 1 дугаартай “Б.П-н биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх гэмтэл нь дан дангаараа бусад гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт. (хх-ийн 34-41-р тал/

9. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн тонгоргийн бариулын зүүн болон баруун талын хэсэгт болон ажпын хэсэгт гарын мөр илрэхгүй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 44-47-р тал/

10. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай “Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-н2024.11,20-ны өдрийн *** 1 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хохирлыг зэрэг өөрчлөгдөхгүй. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 50-55-р тал/

11. Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс гаргуулан авсан хохирогч Б.П-н өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, холбогдох эмнэлгийн баримт бичгүүд /хх-ийн 90-118-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын ***  дугаар байрны ***  тоот Б.Н-н гэрт Б.П тай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар гэрээс нь гарч тус Өнөр хорооллын ***  дугаар байрны орцонд харилцан зодолдох явцдаа хүрэн өнгийн иштэй эвхэгддэг жижиг тонгорог хутгаар хохирогчийн цээжин хэсэгт нь удаа дараа хутгалж эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б  дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, мөн хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч О.Ц  дүгнэлтдээ: “Улсын яллагч болон өмгөөлөгч нар нь хавтаст хэргийн материалтай танилцаж болсон хэргийн талаар хэлэлцүүлэг хийлээ. Шүүх хурал дараалал дүрэм хуулийн дагуу явагдаж байна. Гэм буруугийн тал дээр хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу тогтоогдож байна” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч Б.П-н “Э ыг заамдаад авсан чинь шууд миний цээжин тус газар 4 удаа цохих шиг болсон. Тэгээд би цээжрүүгээ харсан чинь цус гойжиж байсан. Тэгээд би жижиг тонгорог байхыг нь хараад 2 гарыг нь хөдөлгөөнгүй барьж байгаад Н аа Э  намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл Н  Э од хандан чи хүн хутгалчихлаа гэж хэлээд нүүрэн тус газар нь 2 удаа цохиод тонгоргийг нь булааж авсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Н-н “Э ын уур хүрээд шууд жижиг тонгорог гаргаж ирээд Б.П-н хэвлий тус газар нь 2-3 удаа хутгалсан. Тэгтэл П-н  хэвлийнээс цус гоожихоор нь хүүе ээ чи хүн хутгалчихлаа шүү дээ гэж би хэлээд Э оос тонгоргийг нь булааж аваад сандраад хаашаа ч хамаагүй шидчихсэн. Б.П-г  Б.Э тонгоргоороо хэвлий тус газар 2 удаа хутгалсан” гэх мэдүүлэг, гэрч Л.А ын “уг байрны 3-н давхарт Э  П-г  хэвлий тус газар нь 2-3 удаа цохих шиг болсон. Тэгсэн чинь П  наадах чинь намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Н Энхбатын гарт нь байсан хутгыг булааж аваад нэг удаа цохиж унагасан” гэх мэдүүлэг, гэрч Э.А-н“гэнэт П-н  хэвлийнээс цус гараад шалан дээр дусахаар нь гайхаад харсан чинь Э  гартаа цус болчихсон түлхүүрийн оосор барьчихсан байсан. Тэгээд уг түлхүүрийн оосрыг Н  барьж аваад Э од хандан чи сэргээчээ юу хийгээд байгаа юм бэ гээд Э ыг нүүрэн тус газар нь цохисон” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Э ын “П  миний хойноос хүрч ирээд би чамайг ална, пизда минь, намайг оролддог хэн юм гээд миний хоолойноос боогоод шахаад амьсгал давхцаад байхаар нь миний уур хүрээд кармаанаасаа жижиг тонгоргоо гаргаж ирээд хэвлий тус газар нь хутгалсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** 1 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс гаргуулан авсан хохирогч Б.П-н өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, холбогдох эмнэлгийн баримт бичгүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах Өнөр хорооллын ***  дугаар байрны ***  тоотод Б.П тай үл ялих шалтгаанаар маргалдаж, гэрээс нь гарч тус Өнөр хорооллын ***  дугаар байрны орцонд харилцан зодолдох явцдаа хүрэн өнгийн иштэй эвхэгддэг жижиг тонгорог хутгаар хохирогчийн цээжин хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол, хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “Гэм буруугийн тал дээр хэрэгт авагдсан нотлох баримтын дагуу тогтоогдож байна” гэж дүгнэсэн бөгөөд хэргийн үйл баримт, хуулийн зүйлчлэлийн талаар улсын яллагч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гаргаагүй байна.

            Шүүгдэгч Б.Э нь шууд санаатай үйлдлээр, хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн халдаж, амь насанд аюултай хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.П гийн эрүүл мэндэд “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, нуруу, цээж, хэвлийд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэвлийд шарх, баруун бугалга, баруун тохой, зүүн гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт” бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь 8 000 000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч 6 500 000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч Б.П  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хохиролд 8 сая төгрөг төлөхөөр тохирсон. Үлдсэн 1 сая төгрөгийг гаргуулмаар байна” гэж мэдүүлж байх боловч гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирогчийн эрүүл мэндийн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролд 6 500 000 төгрөг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан, тусгай ангид заасан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 12см урттай, хүрэн өнгийн модон бариултай, 5.1см урт ажлын хэсэгтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Э-г 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 12см урттай, хүрэн өнгийн модон бариултай, 5.1см урт ажлын хэсэгтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС

 

                                                ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ

 

                                                ШҮҮГЧ                           Б.НАРМАНДАХ