Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар  2025/ШЦТ/193

 

 

 

 

 

 

 

2025      04         16                                            2025/ШЦТ/193

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

    Улсын яллагч Э.Г

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Д

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.А

    Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д  холбогдох эрүүгийн 2425005800093 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Ч-н Б , Монгол Улсын иргэн, 1969 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД:    /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 07 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах 6-15 дугаар байрны арын асфальтан замд **** ОРО улсын дугаартай Хонда фит загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр зүйлийг зөрчин явган хүний гарцаар гарч байсан бага насны Д.Н, Д.С нарыг мөргөж Д.С-н эрүүл мэндэд зүүн тавхайн 5-р шивнүүр ясны хугарал, баруун, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ “2024 оны 11 сарын 27-ны өдөр өглөө эхнэрээ сургуульд хүргэж өгчихөөд буцаж яваад болгоомжгүй охины хөлийг дайрч гэмтээсэн. Гадаа харанхуй байсан. Миний хайхрамжгүй байдлаас болсон” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Д  мэдүүлэхдээ “2024 оны 11 сарын 27-нд 2 охин маань машинд шүргүүлсэн. Анх энэ хүн буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. 5 сая төгрөг нэхэмжлэнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогч Д.С-н “Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө эмээгийн гэрээс буюу 6-18 дугаар байрнаас 4 настай дүүгээ 1 дүгээр цэцэрлэгт хүргэж өгөх гээд 6-15 дугаар байр буюу тавын буудлын явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд дүүгээ урдаа тэврээд явж байтал гэнэт машин зүүн талаас хурдтай ирээд миний баруун талаас мөргөсөн. Тэгээд би шууд зүүн тал руугаа зам дээр унахад зүүн хөлийн чигчий хуруу цуурсан. Тухайн үед би унахдаа дүүгээ өөр дээрээ авч унасан учраас дүү маань гэмтээгүй. Тэгээд уг гарцаар гарч байсан хүмүүс дүү бид хоёрыг босгоод байж байтал жолооч ах шууд машинаа зогсоогоод машинаасаа бууж ирээд бид хоёрыг аваад машиндаа суулгаад эмнэлэг яваагүй гэр рүүгээ авч яваад гэрээсээ гар утсаа аваад тэгээд эмнэлэг рүү явсан. Тухайн үед дүү бид хоёрыг зам дээр хэвтэж байхад босгосон хүн манай ээж рүү утсаар ярьж мэдэгдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/

2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Д гийн “Уг хэрэг болсон өдрөөс хойш эмнэлэг, гэр, цагдаагийн байгууллага гээд зөндөө явсан. Тухай бүрт нь энэ хэргийн холбогдогч нь дагуулж яваад эмнэлэгт үзүүлж явсан. Одоо миний охин Д.С нь биеийн тамирын хичээлдээ орж чадахгүй байгаа, хичээл дээр суух үед толгой нь өвдөөд байгаа, удаан алхах үед гэмтэлтэй хэсгээрээ өвдөх зэрэг зовууриуд илэрч байгаа. Цаашид нарийн мэргэжлийн эмчид дахин үзүүлэх шаардлагатай байх тул миний бие гарсан зардлыг нэхэмжлэх болно. Одоогоор надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй байна. Гэхдээ миний бие уг хэрэгт холбогдсон хүнээс 5,000,000 төгрөг нэхэмжилж байна. Миний хүүхдийн сэтгэл санаа болон цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх учир энэ хэмжээний хохирлыг нэхэмжилж байна. Гэхдээ бид хүүхдийнхээ сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №19 дугаартай “Д.С-н биед зүүн тавхайн 5-р шивнүүр ясны хугарал, баруун, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн тавхайн 5-р шивнүүр ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 30-31-р тал/

4. Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаартай “Сэжигтэн Ч.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйлд заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна” гэх магадалгаа. /хх-ийн 54-55-р тал/

5. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургууд. /хх-ийн 5-12-р тал/

6. Яллагдагч Ч.Б гийн “Би 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 07 цагийн үед Цагаанчулуут багийн **** тоот гэрээсээ **** ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад эхнэр Алтанцэцэгийг 13 дугаар сургууль буюу ажил дээр нь хүргэж өгчихөөд буцаад төв замаараа гэрлүүгээ харьж явтал явган хүний гарцтай хэсэг дээр зүүн талаас нэг хүүхэд дүүгээ тэвэрчихсэн гүйгээд ороод ирсэн. Би тормоз гишгээд зогсоход уг хоёр хүүхдийг машиныхаа зүүн талаар шүргэсэн чинь зам дээр уначихсан юм. Ингээд машинаасаа буугаад уг хоёр хүүхэд дээр очсон чинь тэр хавьд байсан хүмүүс яаралтай эмнэлэг рүү аваад яв гээд байхаар нь би машинаа унаад тухайн хоёр хүүхдийг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очоод байж байтал хоёр хүүхдийн ар гэрийхэн нь ирээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах 6-15 дугаар байрны араар дайран өнгөрөх төв асфальтан замд зүүнээс баруун зүгт 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 07 цагийн орчим **** ОРО улсын дугаартай Хонда фит загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр зүйлийг зөрчин тус замд байрлах явган хүний гарцаар гарч байсан бага насны Д.Н, Д.С нарыг мөргөж Д.С-н эрүүл мэндэд зүүн тавхайн 5-р шивнүүр ясны хугарал, баруун, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмчилгээний зардалтай холбоотой баримтаа ирүүлээгүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг дурьдах нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.А  дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 350 000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол хор уршигийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Д.С-н “явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд дүүгээ урдаа тэврээд явж байтал гэнэт машин зүүн талаас хурдтай ирээд миний баруун талаас мөргөсөн. Тэгээд би шууд зүүн тал руугаа зам дээр унахад зүүн хөлийн чигчий хуруу цуурсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Д гийн “Одоо миний охин Д.С нь биеийн тамирын хичээлдээ орж чадахгүй байгаа, хичээл дээр суух үед толгой нь өвдөөд байгаа, удаан алхах үед гэмтэлтэй хэсгээрээ өвдөх зэрэг зовууриуд илэрч байгаа. Цаашид нарийн мэргэжлийн эмчид дахин үзүүлэх шаардлагатай байх тул миний бие гарсан зардлыг нэхэмжлэх болно. Одоогоор надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй байна. Гэхдээ миний бие уг хэрэгт холбогдсон хүнээс 5,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №19 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 6 дугаартай магадалгаа, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургууд, яллагдагч Ч.Б гийн “явган хүний гарцтай хэсэг дээр зүүн талаас нэг хүүхэд дүүгээ тэвэрчихсэн гүйгээд ороод ирсэн. Би тормоз гишгээд зогсоход уг хоёр хүүхдийг машиныхаа зүүн талаар шүргэсэн чинь зам дээр уначихсан юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 07 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн нутаг дэвсгэрт байрлах 6-15 дугаар байрны арын замд **** ОРО улсын дугаартай Хонда фит загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байсан бага насны Д.Н, Д.С нарыг мөргөж Д.С-н эрүүл мэндэд зүүн тавхайн 5-р шивнүүр ясны хугарал, баруун, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр зүйлд заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Б г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.С-н эрүүл мэндэд “зүүн тавхайн 5-р шивнүүр ясны хугарал, баруун, зүүн өвдөг, зүүн тавхайд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Д  насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардал 5 сая төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, эмчилгээний зардалтай холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Мөн хууль ёсны төлөөлөгч Ө.Д  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад мэдүүлэг өгөхдөө насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой хохирлын талаар мэдүүлсэн тул шүүх насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болохын дурьдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д  шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ч-н Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д  оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Ч.Б-д  оногдуулсан эрх хасах, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэрл гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС