Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2022/01654

 

                                                                                         

 

 

 

 

 

 

 

                                      2022        05         30

                            182/ШШ2022/01654

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, шүүгч Ц.Наранчимэг, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “МД” ХК

Хариуцагч: О ОНӨААТҮГ

 

эд хөрөнгөнд учирсан хохиролд 4,248,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С,

хариуцагчийн төлөөлөгч Д.Г

иргэдийн төлөөлөгч Г.З,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн.                        

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай эд хөрөнгийн даатгалын №19/00252954 тоот гэрээт даатгуулагч “ТБФ” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, Сансарын их тойруу, 61-1 тоот хаягт байрлах КФС Сансар салбарын цахилгааны төв кабелийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Зүүн түгээх төвийн ажилчид тус салбарын гадна талд орон сууцны дулааны шугам гэмтлийг засаж байх үедээ даатгуулагчийн 10 кв кабел шугамд 3 фазын богино залгаа үүсгэж гэмтээсний улмаас 4,720,000 төгрөгийн хохирол учирсан байна. Гэмтлийг “АЭ” ХХК-иар засварлуулсан. Гэмтлийн шалтгааныг тус мэргэжлийн байгууллагын тогтоосноор үзсэн.  “МД” ХК-иас тус гэмтлийн улмаас даатгуулагчийн хөрөнгөнд учирсан 4,248,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан бөгөөд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Хөрөнгийн даатгалын гэрээний 5.5.1-т заасны дагуу шаардах эрхтэй болно. Иймд Иргэний хуулийн 497.1, 498.1, 510.1 дэх хэсэгт зааснаар “ТБФ” ХХК-ийн хөрөнгөнд учирсан хохирол 4,248,000 төгрөгийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас гаргуулж, “МД” ХК-д олгож өгнө үү гэв.

 

          2. ООНӨААТҮГ-ын шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах манай ус, дулаан дамжуулах 19 дүгээр төвийн харьяа орон сууцны 57 дугаар байрны гадна халаалтын шугамд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэмтэл гарч, шугам засварын ажил хийгдсэн. Газар шорооны ажил хийгдэхээс өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 195 дугаар албан бичгээр УБЦТС ТӨХК-д хандаж, цахилгааны кабелийн тодруулга хийлгэхэд, трассын дагуу 0.4 квт кабел чагнагдсан тул кабелтай газарт нь гараар ухаж, 0.4 кв-ын кабелийг ил гаргасны дараа нь экскаватор оруулж, засварын ажил хийсэн. Гараар ухаж гаргаж ирсэн кабел нь БД 43-101-03-ын 2,3,33, 2,3,34 дэх заалтыг зөрчсөн хамгаалсан хүчилгүй, газрын гадаргаас 40 см дор байрласан байсан боловч манай ажилтнууд кабелийг хөндөлгүй засварыг хийж гүйцэтгэсэн. Трассын дагуу ухахад дээд дурдсан кабелиас гадна өмнө нь тасраад удсан 0.4 кв-ын кабел байсныг шалгуулахад хүчдэлгүй кабел бөгөөд эдгээрээс өөр кабел байгаагүй болно. Хэрэв шугам засварын ажлын үед кабел тасарсан бол манай байгууллага хүчдэлгүй байх үед нь албан ёсоор мэдэгдэх ёстой байсан. Бид мэргэжлийн байгууллагын хувьд тодорхой арга хэмжээ авах боломжтой байсан.

 

          Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу маргааш нь засварлуулж хүчдэлтэй болсон гэх үедээ манай ажилтан руу ярьж мэдэгдсэн бөгөөд манай инженерүүд тухайн газарт 20 минутын дотор очиж үзэхэд бидний ухсан газраас 1 м орчим газарт 10 квт кабелд муфт хийсэн байсан бөгөөд уг кабел нь манай шугам засварын ажлын үед шугамын трассын дагуу гарч ирээгүй бөгөөд манай байгууллага засварын ажил хийх үед гэмтэл учруулаагүй болно.

 

          Манай ухсан газарт тухайн кабел байгаагүй. Өндрийн кабел тасарч богино холбоо үүссэн тохиолдолд ХТП дээр автомат салгуур салгагдаж, хүчдэлгүй болно. Гэхдээ тухайн далд гэмтэл гарсан газарт өндөр даралттай ус гоожиж газар норсон байдаг тул хэрэв цахилгааны 10 квт кабел тэр газар тасарсан тохиолдолд алхмын хүчдэлд нэрвэгдэн, цахилгаан гүйдэл дамжиж, хүн гэмтэж ажил үйлчилгээ явуулах боломжгүй болно. 

 

          Иймд тухайн 10 кв цахилгааны кабелийг манай төв засварын ажил хийх явцдаа тасалж гэмтээгээгүй тул МДын гаргасан 4,248,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          3. Иргэдийн төлөөлөгч Г.Заяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “МД” ХК-аас нэхэмжилж байгаа асуудал тодорхой баримт хангахгүй байгаа тул хариуцагч талын буруугүй гэж үзэж байна гэв.

 

          4. Шүүх нэхэмжлэгчийн ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн даатгалын гэрээ болон гэрээний тусгай, үндсэн нөхцөл, гэрээний хавсралт 1, нөхөн төлбөрт мөнгө шилжүүлсэн баримт, “ТБФ” ХХК-ийн Сансар салбарын 10 кв-ын кабел шугамын засварын ажлын зардлын баримтын хуулбар, “ТБФ” ХХК-ийн хүсэлтийн хуулбар, кабел шугамын угсралтын ажлын актын хуулбар, “АЭ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажил гүйцэтгэх гэрээ, захиалгын дагуу гүйцэтгэх ажил, түүний төлбөрийн баримтын хуулбар, гүйцэтгэсэн ажлын баталгааны хуулбар, хамтран ажиллах гэрээний мэдээлэл, саналын хуудас болон нэхэмжлэх хуудсын хуулбар, хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбар, маргаан бүхий газрын гэрэл зураг, хариуцагчийн гэрчилгээ,  гэрч асуусан тухай тэмдэглэлүүд, үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хавсаргасан гэрэл зургууд, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Зүүн түгээх төвөөс ирүүлсэн албан тоот, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

         

          1. Нэхэмжлэгч “МД” ХК хариуцагч ООНӨААТҮГ-т холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохиролд 4,248,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ даатгуулагч “ТБФ” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, Сансарын их тойруу, 61-1 тоот хаягт байрлах КФС Сансар салбарын цахилгааны төв кабелийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Зүүн түгээх төвийн ажилчид тус салбарын гадна талд орон сууцны дулааны шугам гэмтлийг засаж байх үедээ даатгуулагчийн 10 кв кабел шугамд 3 фазын богино залгаа үүсгэж гэмтээсний улмаас 4,720,000 төгрөгийн хохирол учруулж, даатгалын нөхөн төлбөрт “ТБФ” ХХК-д 4,248,000 төгрөг олгосон, үүнийгээ гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ гэж тайлбарлаж байна.

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч байгууллагын гаргасан гэмтэл биш гэж марган мэтгэлцэж байна.

 

          2. “МД” ХК, “ТБФ” ХХК-иуд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан байх ба “ТБФ” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, Сансарын их тойруу, 61-1 тоот хаягт байрлах КФС Сансар салбарын цахилгааны төв кабель 2020 оны 10 дугаар сард гэмтсэнийг даатгалын тохиолдол болсон гэж үзэж, “МД” ХК “ТБФ” ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр даатгалын нөхөн төлбөр шилжүүлж, энэ хэмжээгээр өөрийгөө хохирсон гэж үзэн, тухайн кабелийн гэмтлийг ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн ажилтнууд орон сууцны халаалтын шугамыг засварлахаар ажиллахдаа гэмтээсэн буруутай гэж үзэж ОСНААУГ-аас 4,720,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрт 3,823,200 төгрөгийг шилжүүлсэн баримтыг ирүүлжээ.

 

          3. Нэхэмжлэгчид учирсан хохиролд дараахь байдлаар хариуцагчийн гэм буруутай байдал тогтоогдохгүй байна. Үүнд:

 

          3.1 “ТБФ” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, Сансарын их тойруу, 61-1 тоот хаягт байрлах КФС Сансар салбарын цахилгааны төв кабель 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэмтсэнийг даатгалын байгууллагаас үзэж даатгалын тохиолдлыг тогтоохдоо шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байна. Даатгалын нөхөн төлбөрийг олгохдоо нэхэмжлэгч “АЭ” ХХК-ийн “Кабель шугамын угсралтын ажлын акт”-ыг үндэслэсэн гэх ба энэ нь хариуцагч байгууллагын гэм бурууг шууд нотлохгүй юм. Актын кабель гэмтсэн шалтгаан гэдэгт: 10кВ-ын кабель шугам гадна нөлөөллийн улмаас 3 фазын богино залгаа үүсэж гэмтсэн. Тухайн “ТБФ” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, Сансарын их тойруу, 61-1 тоот хаягт байрлах КФС Сансар салбарын 10кВ-ын өндөр хүчдэлийн кабель шугамыг ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар чагнуулж, тодруулга аваагүй, бага оврын трактороор газар шорооны ажил гүйцэтгэж байгаад тус тус 2 хэсэгт гэмтээсэн болно гэжээ. 3 фазын богино залгаа хэрхэн яаж үүсдэг, түүнчлэн газар шорооны ажил хэн гүйцэтгэж байсан зэрэг нь тодорхойгүй байна. Мөн актын он сар өдөр 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байх бөгөөд хэдийд гарсан гэмтлийг засварласан нь харагдахгүйн гадна актын 3 дахь заалтанд Кабелийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 8 цаг сунгав гэж тэмдэглэжээ. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс тухайн газарт очиж үзсэн гэх боловч энэ талаар баримтгүй, даатгалын тохиолдол болсныг хэрхэн баталгаажуулсан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч энэ талаар тодорхой тайлбарлахгүй байна.

 

          3.2 Хариуцагч тайлбарлахдаа: КФС Сансар салбарын урд талд орон сууцны 57 дугаар байрны гадна халаалтын шугамд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэмтэл гарч, шугам засварын ажил хийгдсэн. Газар шорооны ажил хийгдэхээс өмнө 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 195 дугаар албан бичгээр УБЦТС ТӨХК-д хандаж, цахилгааны кабелийн тодруулга хийлгэж, кабелгүй хэсэгт эксковатороор ухаж шугамын засварыг хийсэн. Засвар хийсний маргааш өдөр инженер рүү утасдаж кабель гэмтээсэн тухай хэлэхэд нь шууд очиж үзэхэд ухсан газраас өөр газарт кабелийн засвар хийсэн байсан. Хэрэв өндрийн кабел тасарч богино холбоо үүссэн тохиолдолд ХТП дээр автомат салгуур салгагдаж, хүчдэлгүй болно. Бас тухайн далд гэмтэл гарсан газарт өндөр даралттай ус гоожиж газар норсон байдаг тул хэрэв цахилгааны 10 квт кабел тэр газар тасарсан тохиолдолд алхмын хүчдэлд нэрвэгдэн, цахилгаан гүйдэл дамжиж, хүн гэмтэж ажил үйлчилгээ явуулах боломжгүй болно гэж тайлбарлаж, “Кабель шугамын тодруулга хийлгэх” тухай албан бичгийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр УБЦТС ТӨХК-ийн Зүүн түгээх төвд хүргүүлсэн тухай баримтыг ирүүлсэн байна.

 

          3.3 Дээрх газарт шүүх үзлэг хийсэн бөгөөд КФС Сансар салбарын урд, орон сууцны 57 дугаар байрны зүүн талд халаалтын шугамд засвар хийсэн гэх газарт газрын гадарга тэгш бус нүхийг буцаж булсан байдалтай ором ертөнцийн зүгээр урд, хойд хэсэгт 2 газарт байх ба тэдний хооронд 14 м зайтай, хариуцагч байгууллагын ажилтны тайлбараар урд хэсэгт тодруулгаар кабель мэдрэгдсэн тул гараар ухсан, гэмтэл гарсан хойд хэсэгт эксковатороор ухсан ором байсан, эксковатороор ухсан энэ хэсгээс зүүн тийш 1 м зайд бас ухсан газрыг буцаж булсан байдалтай, тэгш бус гадаргуутай газар байсан тухай үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан байна.

 

          3.4 Нэхэмжлэгч хариуцагч нарын хүсэлтээр шүүх гэрчээр КФС Сансар салбарын ажилтан Б.Болортуяа, хариуцагчийн инженерээр ажиллаж байсан Ю.Галхүү нарыг асуусан ба Б.Болортуяа нь 2020 оны 10 дугаар сард ээлжийн амралттай байх үед оройхон манай ажилтан утасдаж тог тасарсан, Зүүн түгээх гэсэн хувцастай хүмүүс газар ухаж байна гэж хэлсэн, нөөцийн тогоо ажиллуулсан гэсэн, би даатгал дуудаарай гэж хэлсэн, Ю.Галхүү нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр халаалтын шугамд гарсан гэмтлийг засварлахад инженерээр ажилласан, шугам явсан газарт кабельтай хэсэгт гараар, кабельгүй хэсэгт эксковатороор ухаж, гэмтлээ засварлан дуусгасан, маргааш нь КФС Сансар салбар утасдаж кабель гэмтсэн тухай утсаар хэлж, цахилгааны инженер очиж үзэхэд өөр газарт байсан гэсэн. Манайх мэргэжлийн байгууллага тул цахилгаан тасарсан даруйд засварлах боломжтой, тийм яриа болоогүй гэж тус тус мэдүүлсэн.

 

          Нэхэмжлэгч талын санал болгосон гэрчийн мэдүүлэг хэт ерөнхий, хариуцагчийн гэм бурууг нотлохгүй байна гэж үзнэ. Даатгалын тохиолдол болсон огноог тодорхойлж мэдэхгүй, мөн Зүүн түгээх төвийн хувьд, ОСНААУГ-ын Зүүн түгээх төв, УБЦТС-ийн Зүүн түгээх төвүүд гэж байдаг байна.

 

          4.Ийнхүү дээрх байдлуудаар “МД” ХК, “ТБФ” ХХК-иудын даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсонд хариуцагч ОСНААУГ-ын буруутай байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ОСНААУГ-т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          5. Иргэдийн төлөөлөгч “МД” ХК-аас нэхэмжилж байгаа асуудал тодорхой баримт хангахгүй байгаа тул хариуцагч талын буруугүй гэж үзэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

           

            Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

  1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтлан ООНӨААТҮГ-иас 4,248,000 төгрөг гаргуулах тухай “МД” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МД” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2,  120-р зүйлийн  120.2-д  зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн  хүчинтэй  болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14 хоногт бэлэн болох  шийдвэрийг 14 хоногийн  гардан авах  үүрэгтэй ба  гардан авснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                            С.БУД

 

                     ШҮҮГЧИД                                               Ц.НАРАНЧИМЭГ

 

                                                                                     Т.ЭНХТУЯА