Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0924

 

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Н.А*******

Хариуцагч: Монгол Улсын Дээд шүүх, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Н.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, Д.Д********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдлын шаардлага: Ц.Т***** нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү” гэсэн мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэж мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын дээд шүүхийг төлөөлж Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 албан тоот хариуг хүчингүй болгуулах, “Ц.Т***** нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаарх” мэдээлэл өгөхийг даалгах

 

Гомдол гаргагч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Иргэн Н.А******* миний бие 2022 оны 09  сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхэд хандан “Ц.Т***** нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү” гэсэн нээлттэй мэдээлэл авахыг хүссэн хүсэлт гаргасан. Гэвч дээд шүүхийг төлөөлж Тамгын газрын дарга С.З********* урьд танд энэ мэдээллийг өгсөн дахин өгөх үндэслэлгүй гэсэн хариуг өгчээ. Өөрөөр хэлбэл дээд шүүх нь миний гаргасан “Ц.Т***** нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авч зохих мэдээллийг өгөхөөс татгалзсан гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 05/1114-ний өдрийн албан тоотоор Ц.Т***** нь Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр цахим бүртгэлд бүртгэгдсэн талаар мэдээлэл өгсөн боловч Ц.Т***** нь хэзээнээс хэзээ хүртэл хугацаанд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан нь тодорхойгүй байсан учир миний бие 2022 сарын 04-ний өдөр Ц.Т***** гэх хүн нь яг хэзээнээс хэзээ хүртэл Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаарх Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан юм. Харамсалтай нь дээд шүүхээс уг мэдээллийг урьд надад өгсөн, дахин өгөхгүй гэсэн агуулгатай хариу өгсөнд гомдолтой байна.

Дээд шүүхээс урьд иргэн Н.А******* надад “хэзээнээс хэзээ хүртэл ямар хугацаагаар Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаарх” мэдээллийг өгч байгаагүй болно. Тиймээс урьд өгч байгаагүй мэдээллээ өгсөн мэтээр надад хариу өгч байгаа нь миний хүссэн мэдээллийг өгөхөөс татгалзсан гэж үзэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 14.1.6-д заасан эрхийн хүрээнд шүүхэд гомдол гаргаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.2.3-т заасанчлан хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэр нээлттэй мэдээлэл юм. Иргэн нээлттэй мэдээлэл авах бол Нийтийн мэдээллийн и тод байдлын тухай 13.2-т “Нээлттэй мэдээлэл авах бол хүсэлтийг амаар  болон бичгээр ... гаргана” гэсний дагуу мэдээлэл хариуцагч этгээдэд хүсэлт гаргаснаар мэдээлэл хариуцагч уг мэдээллийг хуульд заасан хугацаанд өгөх ёстой гэж үзэж байна. Тодруулбал мэдээлэл хариуцагч нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 17.1-д “Мэдээлэл хариуцагч нь хуульд өөрөөр заагаагүй бол хүн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар дараахь үүрэг хүлээнэ” 17.1.2-т “хуульд заасан журмын дагуу мэдээллийг хүн, хуулийн этгээд саадгүй авах нөхцөлийг бүрдүүлэх” 17.1.5-д “мэдээлэл авах хүсэлтийг энэ хуульд заасан хугацаанд шийдвэрлэх” 17.1.6-д “мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэж, хариуг хүсэлт гаргагчийн сонгосон хэлбэрээр өгөх” гэж заасан үүрэгтэй. Иймд Н.А*******ын 2022 оны 09 сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхэд хандан “Ц.Т***** нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү” гэсэн хүсэлтийг урьд өгсөн үндэслэлээр дахин өгөхгүй гэсэн татгалзсан хариунд холбогдуулан дараах гомдлыг гаргаж байна. Н.А*******ын 2022 оны 09 сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхэд гаргасан хүсэлтэд дээд шүүхийг төлөөлж Тамгын газрын дарга хариу өгсөн хэдий ч миний Улсын дээд шүүхэд хүсэлт гаргасан, улс төрийн намын мэдээлэл хариуцагч нь Улсын дээд шүүх тул захиргааны хэргийн шүүхэд Улсын дээд шүүхийг үндсэн хариуцагчаар, түүний Тамгын газрыг хамтран хариуцагчаар татан энэхүү гомдол /нэхэмжлэл/-ыг гаргасан болно” гэжээ.

Гомдол гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуульд заасан эрхийн дагуу Мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан, хуулиар хориглоогүй төрийн нууцад хамаарахгүй мэдээллээр мэдээлэл хүлээн авах эрхийн хүрээнд Монгол Улсын Дээд шүүхэд улсын төрийн намыг бүртгэдэг байгууллагын хувьд хүсэлт гаргасан. Нийтийн мэдээллийн тухай хуульд нээлттэй болон хаалттай мэдээлэл гэж байдаг. Хуульд бичгээр хүсэлт гаргаад бичгээр хариугаа авъя гэсэн хуулийн хүрээнд мэдээлэл авахаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд Ц.Т***** нь хэдэн оны хэддүгээр сарын хэднээс, хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын Дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намыг үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү гэсэн. Яагаад Монгол Улсын Дээд шүүхэд хандсан бэ гэхээр Улсын бүртгэлийн тухай хуулийн 7.6-д зааснаар улс төрийн намын бүртгэлийг Монгол Улсын Дээд шүүх бүртгэдэг гэдэг агуулгаар гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс Тамгын газарт хуваарилаад Тамгын газраас хариуг өгсөн гэж ойлгож байгаа. Тус хариунд энэ тухай мэдээлэл өгчихсөн учраас дахин мэдээлэл өгөх шаардлагагүй гэсэн хариуд миний бие маргаж байгаа.

Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх даргын мэдээлэл олон нийтэд нээлттэй байхаар заасан. Улсын бүртгэлийн байгууллага ямар нэгэн байдлаар мэдээлэл лавлагаа авъя гэж иргэний хувиар хүсэлт гаргахад төлбөртэй эсэх хамаагүй урьд нь мэдээлэл өгч байснаас үл хамаарч мэдээллийг гаргаж өгөх ёстой гэж ойлгож байгаа. Ийм үйлдлийг болих хэрэгтэй. Мэдээллийг өмнө нь авч байсан нь үнэн. Тэр албан тоотыг уншихад бүртгэлийг огноог хэлээд байх шиг байсан. Тогтоолын огноогоор бүртгэсэн гээд байгаа юм уу, тогтоолоо унш гээд байгаа юм уу, огт тодорхойгүй. Надад өгсөн хариунд хэзээнээс хэдний хүртэл бүртгэсэн талаар байхгүй. Нотлох баримт шинжлэн судлахад би уншуулна, хэрэв тийм зүйл уншигдвал би нэхэмжлэлээсээ татгалзана. Монгол Улсын Дээд шүүх бол миний ойлгож байгаагаар манай эрх зүйн тогтолцооны манлай болсон хууль захирагдах үйл ажиллагааны манлайлал гэж ойлгож байгаа. Би үүнийг улс төрийн зорилготой гэж бодож байгаа. Бүртгэсэн тухайгаа л хэлээд өг, бүртгээгүй бол бүртгээгүй гэсэн мэдээлэл өгөх хэрэгтэй. Гомдол гаргах эрхтэй гэсний дагуу гомдол гаргаад явж байна. Засгийн газрын байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хүртэл өргөдөл гаргахад дор нь хариу өгдөг. Тамгын газрын даргаас ирсэн хариуг би татгалзсан гэж ойлгож байгаа. Төлөөлөгч нар хэлэхдээ өргөдлийг шийдвэрлэсэн учраас өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй байхгүй байна гэдэг. Туйлын хүсэлт маань мэдээлэл авах байтал өгөхгүй тойруугаар хариу өгч байгаа нь миний хувьд хүсэлт шийдвэрлэгдсэн гэж үзэхгүй байна. Өнөөдрийн байдлаар Ц.Т***** хэзээнээс хэзээг хүртэл бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Маргааныг тодорхой болгох үүднээс хэзээнээс, хэзээг хүртэл бүртгэлтэй байсан талаар гэсэн шаардлагаасаа татгалзъя. Ц.Т***** нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс Монгол Улсын Дээд шүүхийн улс төрийн намын бүртгэлд бүртгэлтэй байсан талаар мэдээлэл авъя. Миний нэхэмжлэлийн шаардлага бол Ц.Т***** нь хэзээнээс хэзээг хүртэл Монгол Улсын Дээд шүүхийн улс төрийн намын бүртгэлд бүртгэлтэй байсан талаар мэдээлэл авъя гэсэн хүсэлт гаргасан. Хүртэл хугацаанд гэдгээсээ татгалзаж байна. Цахим бүртгэлд бүртгэсэн байна. Харин хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн бүртгэлийн асуудал байгаа учраас хэдний өдрөөс эхлэн бүртгэлтэй байсан лавлагааг авах болгож шаардлагаа өөрчилж байна. Хууль ёсны эсэх нь миний асуудал биш. Хууль бус учраас татгалзаж байгаа юм биш. Шүүхийн тухай хуульд зааснаар шүүгч амаар, бичгээр тогтоод гаргана. Шүүхийн практикт хаяг өөрчлөгдөх асуудал гарч болно тэр болгонд хуралдахгүй. Магадгүй үүрэг гүйцэтгэгчийг өмнө нь яаж өөрчилж бүртгэдэг байсан юм. Түүн шиг бүртгэсэн байж болно. Шийдвэр гаргасан эсэхийг мэдэхгүй, бүртгэсэн гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байна. Бүртгэсэн гэдэг нь албан ёсны цахим сайтад байгаа учраас нээлттэй мэдээлэл авахын хүрээнд энэ мэдээллийг өгөх нь зүйтэй гэж ойлгож байна. Нийтийн мэдээллийн илт тод байдлын тухай хуульд зааснаар хуульд нээлттэй байхаар заасан мэдээлэл нээлттэй байна. Түүнчлэн хаалттай гэж зааснаас бусад мэдээлэл нээлттэй байх талаар ерөнхий зохицуулсан. Энэхүү мэдээллийг холбогдох хүмүүсээс гаргуулж өгөх ёстой. Бүртгэлээс хасагдсан байхад бүртгэсэн байх нь тодорхой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:Н.А*******ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдох “Ц.Т***** нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү” гэсэн мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэж мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын дээд шүүхийг төлөөлж Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 албан тоот хариуг хүчингүй болгох, Ц.Т***** нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаарх мэдээлэл өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  25.8-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 25.8.8-д “улс төрийн намын бүртгэл хөтлөх”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.” гэж заасны дагуу Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.З*********ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05/1114 дугаартай хариу өгсөн албан бичигт уг асуудлын талаар тодорхой тусгасан. Тухайлбал албан бичгийн “... 3. Ардчилсан намын ҮБХ-ны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16/06 дугаар тогтоолоор дэд дарга Ц.Т*****ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгүүлэх хүсэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд бүртгэсэн. 4. Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*****ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, тус цахим бүртгэлд Ардчилсан намын даргаар бүртгүүлэх С.Э****-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан тухай бүртгэлийг тус тус хийсэн байна ...” гэсэн хариуг хүргүүлсэн байна.

Иргэн Н.А*******оос 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтэд “Ц.Т***** нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү” гэх хүсэлтийн дагуу Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 дугаартай албан бичгээр “... Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/дарга/-ийн талаарх мэдээллийг авах хүсэлтэд Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 05/1114 тоот албан бичгээр хариу өгчээ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй гэх хариуг мөн хүргүүлсэн бөгөөд уг албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”  гэж заасан нь захиргааны актын шинжийг агуулахгүй бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолыг Тамгын газрын зүгээс тайлбарлах боломжгүй, ийм чиг үүргийг хууль тогтоомжоор оногдуулаагүй. Иргэн Н.А*******од хууль тогтоомжийн хүрээнд тодорхой хариуг тухай бүр, цаг хугацаанд хүргүүлсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Дээд шүүх бол Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д заасан шүүн таслах ажиллагаанаас бусад чиг үүргийг хэрэгжүүлдэг. Өмнө нь Монгол Улсын Дээд шүүхийн улс төрийн бүртгэл хөтөлдөг байсан. Улс төрийн намын бүртгэл хөтлөх үйл ажиллагаа гэж Улс төрийн намын тухай хуулийн хуульд заасан 7 чиг үүргийн дагуу бүртгэл хөтлөх үүрэгтэй. Энэ 7 чиг үүрэгт юу хамаарч байгаа вэ гэхээр Улс төрийн намын тухай хуулийн 9.4-д заасан улс төрийн намыг үүсгэн байгуулсныг бүртгэж гэрчилгээ олгох, 10 дугаар зүйлд заасан бүртгэхээс татгалзах, 15.1-д намыг нийлүүлэх, өөрчлөх, өөрчлөн байгуулсныг бүртгэх, 15.7-д зааснаар өөрчлөн байгуулах замаар үйл ажиллагаа зогсоосон намыг гэрчилгээг хүчингүйд тооцож уг намыг улсын бүртгэлээс хасагдсаныг нийтэд мэдээлэх, 21.2-д намын бүртгэл, мөрийн хөтөлбөр тэдгээрт оролцсон нэмэлт өөрчлөлтийг бүртгэх, 23.1-д намын үйл ажиллагааг зогсоосны дагуу бүртгэлээс хасах, 23.2-д намыг тараах тухай шийдвэр гаргах эдгээр чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу 25.8.8-д заасны дагуу улс төрийн намын бүртгэл хөтлөх асуудлыг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргахаар хуульчилсан байгаа. Энэ тогтоолын хүрээнд улс төрийн намын бүртгэл гэж энэ 7 асуудлыг шийдвэрлэж байгаа асуудлаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоол гарсан тохиолдолд үүнийг улс төрийн намын бүртгэл хийгдлээ гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн зүгээс өргөдөл гаргасан. Өргөдлийн хариуг өгөөгүй гэж хэлдэг. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15.4-д “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу Тамгын газрын даргын 051114 дугаартай албан бичгээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны  2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2606 дугаар тогтоолоор дэд дарга Ц.Т*****ыг Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчээр томилуулах хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд бүртгэсэн байна. Энэ нь 4 дүгээр заалтаараа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Монгол Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*****ыг Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсний хасаж, цахим бүртгэлд Ардчилсан намын даргыг бүртгүүлэх С.Э****-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан бүртгэлийг тус тус хийсэн гэсэн хариуг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас хариуг хүргүүлсэн. Мөн иргэн Н.А*******оос 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан Ц.Т***** хэзээнээс, хэзээг хүртэл Монгол Улсын Дээд шүүхэд Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү гэх хүсэлтийн дагуу Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3505 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн. 2022 оны 051114 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн.

Хууль тогтоомжид заасны дагуу өмнө нь хариу хүргүүлсэн асуудлаар дахин хүргүүлэх боломжгүй гэдэг байдлаар хариуг өгсөн. Хариу хүргүүлж байгаа албан бичгүүдийг хариуцагчийн зүгээс захиргааны актын шинжийг агуулахгүй, эрх зүйн үр дагавар үүсэхгүй, шийдсэн буюу захирамжилсан үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байгаа учраас захиргааны акт гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлээ тайлбарлахдаа Монгол Улсын Дээд шүүх бол Улсын бүртгэлийн байгууллага учраас миний хүссэн мэдээллийг гаргаж өгөх ёстой гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Монгол Улсын Дээд шүүх шүүн таслах чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан байгаа. Энэ чиг үүргийнхээ хүрээнд улсын бүртгэлийн байгууллага гэж үзэхгүй байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.7-д улсын бүртгэлийн байгууллага гэж ямар байгууллагыг ойлгохыг заасан. Хөдөө орон нутаг дахь газар хэлтэс, улсын бүртгэлийн мэргэжилтнийг хэлнэ гээд хууль тогтоомжид заасан байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Дээд шүүхийг улсын бүртгэлийн байгууллага гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс гаргасан шийдвэр нь бүгд хууль тогтоомжид нийцсэн, хууль тогтоомжийн дагуу явж байгаа гэж үзэж байна. Хэдний өдөр бүртгэсэн талаар мэдээлэл хэрэггүй гэдэг асуудлыг ярьж байна. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хэдний өдөр бүртгэгдсэн байгаа мэдээлэл нь надад чухал байна гэж хэлсэн нь урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ асуудлаар хариу тайлбараа бэлдэж ирсэн. Хариуцагчийн зүгээс Ц.Т*****ыг бүртгэсэн гээд байгаа асуудал нь цахим мэдээллийн санд оруулах хүсэлтээ Ардчилсан намаас гаргасан байдаг. Бүртгэсэн бүртгэл нь тэдний өдөр орсон юм гэдэг цахим сайтад мэдээлсэн нь 06 сарын санах ойтой байдаг. Хүсэлт гаргаснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрчихсөн байгаа учраас тэр талаар мэдээлэл өгөх боломжгүй. Цахим мэдээллийн хуудаст мэдээлэл оруулаад, оруулсан мэдээллээ тогтоолын дагуу буцаагаад хасаж байгаа. Тэр мэдээлэл нь 06 сарын хугацаанд хадгалагддаг. Үүнтэй холбоотой мэдээллийг өгнө үү гэж хандаж байгаа учраас тэдний өдөр оруулсан гэдэг мэдээллийг өгөх боломжгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч Н.А******* нь “Ц.Т***** нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаар мэдээлэл өгнө үү” гэсэн мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэж мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын дээд шүүхийг төлөөлж Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05/3505 албан тоот хариуг хүчингүй болгуулах, “Ц.Т***** нь хэдэн оны, хэддүгээр сарын, хэдний өдрөөс хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаарх” мэдээлэл өгөхийг даалгах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.

 

Гомдол гаргагч гомдлын шаардлагын зарим хэсгээс татгалзсан тухайд:

Гомдол гаргагч нь шүүх хуралдаанд Улсын Дээд шүүхийн тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 05/1114 дугаар албан бичгийн 4 дэх хэсэгт зааснаас үзэхэд,  Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Ц.Т*****ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлд бүртгэснийг хассан талаар тусгасан байх тул гомдлын шаардлагын “Ц.Т*****ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр улс төрийн намын бүртгэлд бүртгэснийг хэзээ хассантай холбоотой мэдээлэл авах хэсгээс татгалзаж байна гэж тайлбарлан гомдлын шаардлагын энэ хэсгээс татгалзсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана.”, 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудын дагуу гомдол гаргагч гомдлын шаардлагын зарим хэсгээс хэсэгчлэн татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иймд шүүх “Ц.Т*****ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр улс төрийн намын бүртгэлд бүртгэснийг хэзээ хассантай холбоотой мэдээлэл авах гомдлын шаардлагаас буюу гомдлын шаардлагын “Ц.Т***** нь хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаарх мэдээлэл өгөхийг даалгах” гэсэн хэсгээс гомдол гаргагч татгалзсаныг баталж, тус гомдлын шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

 

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Хариу өгөх тухай” №05/1114 тоот албан бичгийн 3-д “Ардчилсан нам/АН/-ын ҮБХ-ны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16/06 дугаар тогтоолоор дэд дарга Ц.Т*****ыг Ардчилсан нам/АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгүүлэх хүсэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн цахим бүртгэл/www.supremecourt.mn/-д бүртгэсэн”, 4-д “Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*****ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлд бүртгэснийг хасаж, тус цахим бүртгэлд Ардчилсан нам/АН/-ын даргаар бүртгүүлэх С.Э****-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан тухай бүртгэлийг тус тус хийсэн байна.” гэсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №05/3505 тоот албан бичигт “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/дарга/-ийн талаарх мэдээллийг авах хүсэлтэд Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 05/1114 тоот албан бичгээр хариу өгчээ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3-т “төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй” талаар заасан байна. Иймд хүсэлтийг буцаав.” гэсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн дараах мэдээлэл нээлттэй байна:”, 12.2.3-д “хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, улсын бүртгэлд бүртгэсэн огноо, үүсгэн байгуулагчийн нэр, тэдгээрийн тоо, хувьцаа эзэмшигчийн нэр, эцсийн эзэмшигч, эцсийн өмчлөгчийн нэр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан эсэх, хэлбэр, оноосон нэр өөрчлөгдсөн, татан буугдсан талаарх мэдээлэл;” гэж тус тус заасан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн мэдээллийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална:”, 5.1.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл ил тод, нээлттэй байх;”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан, эсхүл хязгаарлалттай болон хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзнэ.” гэж хуульчилсан.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана.” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, улс төрийн намын дарга буюу намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл нь нээлттэй мэдээлэлд хамаарч байна.

Тодруулбал, улс төрийн намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэл нь нээлттэй мэдээлэл байх ба хуульд нээлттэй байхаар заасан болон болон хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээлэл нээлттэй, уг мэдээллийг  мэдээлэл хариуцагч нь нээлттэй байлгах үүрэгтэй байна.

Гомдол гаргагч нь шүүх хуралдаанд “Ц.Т***** нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс эхлэн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Улсын дээд шүүхийн бүртгэлд бүртгэгдсэн талаарх мэдээллийг хариуцагч өгөөгүй” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 03 дугаар сарын №05/1114 тоот албан бичгийн 3-д “Ардчилсан нам/АН/-ын ҮБХ-ны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16/06 дугаар тогтоолоор дэд дарга Ц.Т*****ыг Ардчилсан нам/АН/-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгүүлэх хүсэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн цахим бүртгэл/www.supremecourt.mn/-д бүртгэсэн” гэсэн байна.

Дээрх албан бичгээс үзэхэд, хэзээнээс буюу хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрөөс эхэлж Ц.Т***** нь Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэгдсэн талаарх мэдээллийг хариуцагч нь гомдол гаргагчид өгөөгүй байна.

Тодруулбал, 2022 оны 03 дугаар сарын №05/1114 тоот албан бичгийн 3-д заасан ҮБХ-ны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16/06 дугаар тогтоол... гэсэн огноо нь Ардчилсан намын ҮБХ-ны хуралдааны тогтоолын огноо байх ба харин Улсын дээд шүүхийн улс төрийн намын бүртгэлд бүртгэсэн огноо биш байна.

Харин дээрх Улсын Дээд шүүхийн Тамгын газрын №05/1114 тоот албан бичгийн 4-д “Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ц.Т*****ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлд бүртгэснийг хасаж, ... бүртгэлийг тус тус хийсэн байна.” гэснээс үзэхэд, Ц.Т*****ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлд бүртгэснийг хэзээ хассан талаар тодорхой мэдээллийг гомдол гаргагчид хариуцагч өгсөн байх ба гомдлын шаардлагын энэ хэсгээс гомдол гаргагч татгалзсан талаар дээр тайлбарласан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Нийтийн мэдээллийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална:”, 5.1.4-т “мэдээлэл, үйлчилгээ нь ойлгомжтой, үнэн зөв, бүрэн байх;” гэж заасан ба уг зохицуулалтаас үзэхэд мэдээлэл хариуцагч нь ойлгомжтой, бүрэн гүйцэд мэдээллийг иргэнд өгөх үүрэгтэй байна.

Үүнээс үзэхэд, хариуцагч нь ойлгомжтой, бүрэн гүйцэд мэдээллийг өгөөгүй буюу Ц.Т***** нь Ардчилсан намын үүрэг гүйцэтгэгчээр хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрөөс эхэлж бүртгэгдсэн талаарх мэдээллийг гомдол гаргагчид өгөөгүй байна.

Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;” 17 дугаар зүйлийн 17.2-т “Мэдээлэл хариуцагч хүн, хуулийн этгээд мэдээлэл авах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.” гэж заасан байна.

 

Иймд гомдлын шаардлага тус бүрт дүгнэлт өгөх байдлаар авч үзвэл:

Дээрх тайлбарласан үйл баримтууд, хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд,  Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №05/3505 тоот албан бичгээр ойлгомжтой, бүрэн гүйцэд мэдээллийг гомдол гаргагчид өгөөгүй гэж үзэхээр байх ба тус албан бичиг нь хуульд нийцэхгүй байх тул уг албан бичгийг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн дээр тайлбарласан хууль зүйн үндэслэлүүд, үйл баримтуудад үндэслэн дүгнэхэд, Ц.Т***** нь хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрөөс эхлэн Монгол Улсын дээд шүүхийн улс төрийн намын бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэгдсэн талаарх мэдээлэл өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд “Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны №05/3505 тоот албан бичиг” нь захиргааны актын шинжийг агуулахгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулахгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн зорилго, агуулга, тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д хүсэлт гаргагч нь “нээлттэй мэдээлэл авах бол мэдээлэл авах зорилго, үндэслэлээ тайлбарлахгүй байх;”, 14.1.6-д “мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл мэдээлэл хариуцагчийн дээд шатны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол шүүхэд гомдол гаргах;” эрхтэй байхаар хуульчилснаас үзэхэд, иргэний мэдээлэл авах субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илүү тодорхой баталгаажуулан хуульчилсан байх тул дээрх №05/3505 тоот албан бичгийг гомдол гаргагчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шинжтэй захиргааны акт гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Н.А*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, “Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №05/3505 тоот албан бичгийг хүчингүй болгож,  Ц.Т***** нь хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрөөс эхлэн Монгол Улсын дээд шүүхийн улс төрийн намын бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэгдсэн талаарх мэдээлэл өгөхийг Монгол Улсын дээд шүүх болон Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан “Ц.Т*****ыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр улс төрийн намын бүртгэлд бүртгэснийг хэзээ хассантай холбоотой мэдээлэл авах гомдлын шаардлагаас буюу гомдлын шаардлагын “Ц.Т***** нь хэдэн оны хэддүгээр сарын хэдний өдөр хүртэл хугацаанд Улсын дээд шүүхийн бүртгэлд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байсан талаарх мэдээлэл өгөхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн гомдлын шаардлагаас гомдол гаргагч Н.А******* татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.А*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тус шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ