Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Н.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Их тамир сумын харъяат, 1987 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Архангай аймгийн Их тамир сум 5-р баг Хужиртын 7-6 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 он 07 сарын 01-ний өдрийн 863 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл Боржигон овогт Чулуундоржийн Баттулгад /РД:АГ87122075/  холбогдох эрүүгийн 201710010158 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд авагсанаар /

Шүүгдэгч Ч.Баттулга нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны шөнө иргэн Б.Амгаланбаатарын гэрт орон дээр байсан Амгаланбаатарын Хаан банкны картыг хулгайлан улмаар түүний Хаан банкны 5006593600 тоот данснаас 500,000  төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2017 оны  06 сарын 15-ны өдөр би Амгаланбаатарын гэрийн гаднах хашааг шинээр  хийж өгч  байгаа юм.  Тэгээд тэнд хашаа хийж байх үедээ 18 цагийн орчимд би, Амгаланбаатар болон түүний найзууд гэх 2 залуугийн хамт 4-үүлээ  3-4 шил архи хувааж уусан юм.  Тэгээд би  тэднийхээс гарч явж  байгаад удалгүй буцаж гэрт усны  сав янзлахаар  очих үедээ 22 цагийн орчимд орон дээр нь ХААН  банкны карт байхаар нь  авч гарсан. Картыг  харахад Амгаланбаатарын  банкны карт байсан, түүнийг нь авч яваад  Эрчимийн ХААН банкны  гадаа байрлах  АТМ машинд уншуулж 500,000 төгрөг уншуулан  авсан ба  нууц дугаар нь 1221  байсан юм.... хохирогчид 500,000 төгрөгийг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Хохирогч  Б.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ 2017 оны 06 дугаар сарын 15-ны орой өдөр манай аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Олонцэцэгийн нөхөр Баттулга манай гэрийн хашааг хөлсөөр  хийж өгч байсан юм. Манай гэрээр орж гардаг хүн байгаа юм. Тэр өдөр манайд засвар хийж байх үед би түүнийг цемент  авна гэхээр нь 13 цагийн орчимд өөрийн Хаан банкны  картыг өгч явуулж байсан ба тэр үедээ картын нууц дугаар болох 1221 дугаарыг хэлж өгч  байсан юм. Тэр миний картыг авч явж АТМ-ээс 67,500 төгрөг авч  эргүүлэн картыг маань авчирч өгсөн. Тэр орой би 19 цагийн орчимд Сүхбаатар аймаг руу  явсан юм. Би явахдаа өөрийн Хаан банкны картыг эхнэр Дуламсүрэнд өгч үлдээсэн  байсан гэтэл Баттулга манай гэрээр орж гарах үедээ миний орон дээр байсан картыг авч гарч миний данснаас 500,000 төгрөгийг АТМ машинаас уншуулан  22 цаг  24 минутанд  авсан байсныг  сүүлд мэдсэн юм. Миний данснаас мөнгө авчихаад маргааш  өглөө нь  07 цагийн үед гэрт ирэх үедээ буцаагаад тавьчихсан байсан юм. Түүнээс өөр гадны хүн манай гэрээр тухайн орой орж гараагүй байсан ба түүнээс асуухаар мэдэхгүй гээд байсан сүүлд нь учир байдлыг хэлж ярихад авсан гэдгээ  хэлж мөнгийг маань цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний данснаас авсан 500,000 төгрөгийн хохирлыг  бүрэн барагдуулсан болохоор надад ямар нэгэн санал хүсэлт гэх зүйл байхгүй ярилцаж ойлголцон эвлэрсэн  тул энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 он 07 сарын 01-ний өдрийн 863 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 19-22/

Шүүгдэгч Ч.Баттулга нь Архангай аймгийн Их тамир сум,  5-р баг Хужирт 7 гудамж 6  тоотод оршин суудаг гэсэн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23/

Шүүгдэгч Ч.Баттулга урд ял шийтгэл эдэлж байсан гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Баттулга нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын гудамжны 1-12 тоотод хохирогч Б.Амгаланбаатарын гэрт байхдаа орон дээр байсан хохирогч Б.Амгаланбаатарын Хаан банкны картыг хулгайлан  авч, улмаар түүний Хаан банкны 5006593600  тоот данснаас 500,000  төгрөгийг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Амгаланбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Б.Амгаланбаатарт 500,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Баттулга нь бусдын хөрөнгөд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр  хохирогч Б.Амгаланбаатарт  хохиролд 500,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр хэрэгт тогтоогдсон байгаа тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Баттулга нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн, тэрээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар “ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”  гэсний дагуу Замын-Үүд сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Баттулгад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэнээр гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэрэг нь шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулсан байна. Иймд 2002 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан буюу хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо төлсөн,  гэм хор арилгасан  гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Чулуундоржийн Баттулгыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чулуундоржийн Баттулгыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас  чөлөөлсүгэй.

3. Ч.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Амгаланбаатар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Баттулгад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, Ч.Баттулга, хохирогч нар өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ     А.ЦЭРЭНХАНД