Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/07

 

 

 

 

 

 

*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ /онлайнаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хянан шийдвэрлэсэн, 2020 оны 07 сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/702 дугаар шүүгчийн захирамжтай *******ад холбогдох 1934003570211 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн орчим Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бүрд 3 дугаар багийн нутаг “Өвөр шаварт” гэх газар Д.Батбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний гаран тус газар хутгалж алсан гэмт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/702 дугаартай шүүгчийн захирамжаар:

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Боржигон Дэмбэрэлжамцын Чинбатад холбогдох эрүүгийн 1934003570211 дугаартай, 2 хавтас хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэг Прокурорын газар очтол яллагдагч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн заалтад нийцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгасан байхад дахин шалгуулахаар буцаасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн тогтоолд зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эхнэр Д.Дуламсүрэнг тогтоож мэдүүлэг авсан бөгөөд тэрээр... "Би уг хэргийн талаар өмнө нь удаа дараа гэрчийн мэдүүлгүүдийг үнэн зөвөөр өгсөн байгаа тэдгээр мэдүүлгүүд дээрээ нэмж ярих зүйлгүй, хавтаст хэрэгт хийгдсэн ажиллагаа, хэргийн болон гэм буруугийн хувьд маргаан байхгүй гэх мэдүүлгийг өгчээ.

Шүүхийн захирамжид заагдсан гомдол санал нэхэмжлэх зүйл байгаа эсэхиийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчоос мэдүүлэг аван асуулт асуун тогтоох бүрэн боломжтой.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар амь хохирогч Д.Батбилэгийн үхлийн шалтгааныг тогтоолгохоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжээчид талийгаачийн биед ямар гэмтэл учирсан эсэх, талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөл юу вэ, талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн эсэх, талийгаачид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой байсан эсэх зэрэг асуултыг асууж, дүгнэлтийг гаргуулсан байна.

Дүгнэлтэнд ... "Талийгаач зүүн мөрний гүн хатгагдсан шархны улмаас суганы тараагуур, хураагуур том судас, мэдрэлийн багцыг гэмтээсэн шарх гэмтэл учирчээ, талийгаач нь зүүн суганы тараагуур, хураагуур судас гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалтанд орж нас барсан , эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна, эмнэлгийн тусламж үйлчилгээг тухай бүрд нь цаг хугацаанд нь үзүүлсэн боловч амь нас аврагдах боломжгүй байжээ гэжээ.

Шинжээч эмч нар дүгнэлтийг санал нэгтэй гаргасан бөгөөд шинжээч нараас гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах зорилгоор шүүх хуралдаанд оролцуулж, асуулт асуун амь хохирогчийн биед учирсан нурууны зүүн дээд хэсэгт 6,7 дугаар хавирганы түвшинд 3,5-0,3 см 2 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх бүхий гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах болон бусад асуудлыг тодруулах бүрэн боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Д.Батбилэгт эмнэлэг, эмнэлгийн байгууллагын ажилтан анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн ямар хэлбэрээр үзүлсэн эсэхийг хангалттай тогтоосон байхад Д.Дуламсүрэнгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан гаргаж байгаа гомдол, хүсэлтүүдийг мухарлаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэв гэсэн нь тодорхой ойлгомжгүй, ямар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр буцааж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, захирамжийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 702 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ /онлайнаар/ гаргасан дүгнэлтдээ: Шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой ойгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээ эсэргүүцэл бичсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай мэдүүлэг авсан. Захирамжид хугацаа алдаж эмнэлэгийн тусламж авсныг шалгах гэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн 1934003570211 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 2020/ШТ/14 дугаартай тогтоолоор Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Дэмбэрэлжамцын Чинбатад холбогдох эрүүгийн 1934003570211 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. Уг тогтоолд амь хохирогчийн эхнэр Д.Дуламсүрэнгийн төрсөн ах нь хэрэгт холбоотой гэх үндэслэлээр амь хохирогчийн эхнэр Д.Дуламсүрэнгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1, 8.2-т заасан эрхийг хууль бусаар хязгаарлаж, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж дүгнэн эрүүгийн 1934003570211 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоож, мөрдөн шалгах ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг хангах нь зүйтэй гэжээ.

            Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцсаны дараа мөрдөгчийн тогтоолоор Д.Дуламсүрэнг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон нэг удаа мэдүүлэг авсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийг эдэлсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3-д хохирогч нас барсан бол түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор заасан. Хавтаст хэрэгт Мэгзэм овогтой Болдыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор оролцуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоосон гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд шүүхийн тогтоолд заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох гэсэн заалт биелэгдээгүй байна. Анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/702 дугаартай шүүгчийн захирамжид заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэнгээс мэдүүлэг авахдаа түүний төрсөн ах яллагдагч *******ын эсрэг мэдүүлэг өгөх эсэх, өгөх бол нэхэмжлэх зүйл, гомдол санал байгаа эсэхийг тодруулаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийг прокурорт буцаасан өмнөх анхан шатны шүүхийн тогтоолд заасан амь хохирогчийн нуруунд учирсан /зүсэгдсэн шарх бүхий 2 оёдол тавьжээ/ гэмтлийн талаар дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргахдаа орхигдуулсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэстэй байна.

            Яллагдагч *******ад холбогдох хэрэгт тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолыг бүрэн биелүүлээгүй, яллагдагчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэн нарын удаа дараа гаргасан "Амь хохирогчид хугацаа алдаж хагалгаанд оруулсан." гэх агуулга бүхий хүсэлтэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэн эрүүгийн 1934003570211 дугаартай, 2 хавтас хэргийг хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 08-ны өдрийн 2020/ШЗ/702 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Сувд-Эрдэнийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД                                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ