| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0196/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/225 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/225
2025 05 05 2025/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2525000000157 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ш овгийн Э-ийн Б, Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Төгс майнинг” ХХК-д усан бууч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнийн 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ сар” худалдааны төвийн гадаа Л.Д-тэй маргалдаж, Л.Д-н хамарт нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “2025 оны 3 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө “юүби каб” дуудаад гэрийнхэнтэйгээ хамт явж байтал ах маань 4-5 залуучуудтай маргалдаж байсан. Би очоод салгах гэж байхад Д надад хандаж намайг таньж байна уу гэхээр нь таниад яахын айх юм уу гэж хэлсэн. Тэгээд маргалдаад хохирогчийг цохьсон. Миний буруу. Хохирлыг төлнө” гэв.
Хохирогч Л.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол болон ажилгүй байсан 7 хоногийн цалингаа нэхэмжилнэ” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Л.Д-н “Би 2025 оны 03 дугаар сарын 04-ний орой найз нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ сар” төвийн хажууд байдаг пабд сууж байхад 02 цаг болоод паб хааж бөөндөө тухайн газраас гарч ирээд гэртээ харих зорилгоор такси дуудаад явах гэж байтал манай найз нар гадаа зогсоол дээр хэсэг залуустай маргалдаад байсан. Тэгээд би найз нар дээрээ очоод хартал манай найз нартай манай багын найзын найз Б байсан. Тэгээд би тэдгээр хүмүүсийг салгах зорилгоор Б д хандан хөөе чи намайг таньж байна уу гэж асуугаад Б танихаараа яадаг юм бэ гээд нар руу дайраад бид хоёр маргалдтал тэр залууг нэг үл таних эмэгтэй аваад явсан. Тухайн үед би Б тэй хамт явж байсан эмэгтэйтэй юм яриад зогсож байтал Б гэнэт гүйж ирээд намайг санаандгүй байж байхад миний хамар руу маш хүчтэй цохисон. Тэгээд миний хамраас цус гараад би цусаа дараад байж байтал манай найзууд намайг ирж аваад бид нар салцгаасан. Би тухайн үед Бат-Эрдэнийг таньсан тул тэр орой нь Б-ий чат руу миний хамар хугарчихсан юм шиг байна чи надтай холбогдоорой гэж хэлээд үлдээсэн байсан чинь маргааш өглөө нь Б надтай холбогдсон. Тэгээд бид хоёр уулзаж хамт эмнэлгээр явж байгаад салаад би Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Би Б эс эмчилгээний зардал болох 3,993,960 төгрөг, урсгал зардал болох 346,000 төгрөг. Ажилдаа явж чадалгүй 7 хоносон тул тухайн 7 хоногийн ажлын хөлс ойролцоогоор 1,800,000 төгрөг нийт 6,139,360 төгрөг нэхэмжилж байна. Миний сэтгэл санаа зүгээр сэтгэцээ тогтоолгохгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 7-8, 51-р тал/
2. Гэрч П.М-н “Би 2025 оны 03 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө өөрийн багын найз нарын хамт “Шинэ сар” худалдааны төвийн доод талд үйл ажиллагаа явуулдаг пабд сууж байгаад 02 цагийн үед паб хааж бид нар гэртээ харих гээд такси хүлээгээд байж байтал гадаа зогсоол дээр хэсэг бүлэг залуучууд маргалдаж байсан. Тэгээд би тэдгээр хүмүүсийг салгах гээд байж байтал цаанаас нэг үл таних залуу орилоод гүйгээд ирж байгаа харагдсан. Тэгтэл тэр залууг манай найз Д таниад хөөе Б э гээд дуудаад тэр хоёр маргалдаад байж байтал тэр Б гэх залуу манай найз Д гийн хамар луу цохисон. Тэгээд би гялс гүйж очоод салгатал Д гийн хамраас их цус гараад тогтохгүй байсан бөгөөд би Д д хандан чи наад залуугаа таньдаг юм чинь дараа уулзаж байгаад учраа олчих гэж хэлээд аваад явсан. Тэгээд манай гэрт хамт очтол Д гийн хамраас цус гараад бас тогтохгүй байгаад байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18-р тал/
3. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 395 дугаартай “Л.Д-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 19-20-р тал/
4. Сэжигтэн Э.Б-ий “2025 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө бэр эгч болох Н , хаатаны эгч М нарын хамт 02 цаг өнгөрөөгөөд Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллаагаа явуулдаг Гранд караокены гадаа харих гээд такси хүлээгээд байж байтал гадаа зогсоол дээр хэсэг бүлэг залуучууд хоорондоо маргалдаад байсан тэгээд би тэдгээр хүмүүсийн салгах зорилготой очтол тэр дундаас намайг нэг залуу таниад Б би Ч н найз байна хоёулаа эр хүн шиг нэгээрээ үзэх үү гээд орилоод байсан тэгээд би тэр залуутай маргалдтал манай эгч нар тэр залууг холуудаад аваад явсан тэгтэл тэр залуу цаана оччихоод чи эгч нарынхаа араар орчихоод томроод байна гээд орилоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр залуу дээр гүйж очоод гараа атгаж байгаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон тэгтэл манай эгч нар намайг татаж авах үед нь дахин нэг удаа цохитол онолгүй нүүрнийх нь урдуур зөрсөн. Тэгээд намайг манай эгч нар аваад явсан. Би гэртээ очоод амрсан тэгээд маргааш өглөө нь гар утсаа хартал Л.Д гэх хаягаас миний Э.Б гэх хаяг руу надад хандан санаандгүй байж байгаад чамаар хамраа хугалуулчихлаа чи эдгээр хүмүүсийг эрх биш танина биздээ гээд манай найз нарын зураг болон чатыг явуулсан байсан тэгээд би харсан даруйдаа буюу 2025 оны 03 дугаар сарын 05-ний өглөө 11 цагийн үед тухайн чатад нь хариу өгч гар утасны дугаарыг нь аваад Л.Д-тэй очиж уулзтал Д гийн хамар бага зэрэг хавдсан байдалтай байсан тэгээд би өөрөө цохисон нь үнэн юм чинь гээд уучлал гуйгаад гар барьсан. Тэгээд салж явсан тэгтэл Л.Д удалгүй дахин надтай холбогдоод миний хамар хугарчихсан юм шиг байна тэгээд Д бид хоёр хамт эмнэлэгээр явсан. Тэгээд Д гийн хамарыг рентигэнээр харуултал таславч мурийсан гэсэн тэгээд томографигт дахин харуул гэж эмч зөвлөж байсан тэгээд би мөнгөгүй байсан тул маргааш нь дахин уулзаад нэгдсэн эмнэлэг дээр очоод үзүүлсэн. Тэгээд би Д тэй харилцан тохиролцож цагдаа гэхгүй салахаар болсон, тэгтэл маргаашнаас нь эхлээд Д би гомдолтой хуулийн дагуу шийдүүлнэ гээд байх болсон сүүлдээ би аргаа бараад за чи өөрөө явдаг газраар нь яв гээд хэлсэн. Би тухайн үед гадаа зогсоол дээр маргалдаж байсан хэсэг бүлэг хүмүүсийг салгаж байтал хажуу талаас тэр Д намайг таниад Б чамайг таниж байна хоёулаа үзье чи айгаад байгаа юм уу гэх зэргээр өдөөд байхаар миний уур Л.Д г нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны шөнийн 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ сар” худалдааны төвийн гадаа Л.Д-тэй маргалдаж улмаар Л.Д-н хамар луу нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Д-н “Б гэнэт гүйж ирээд намайг санаандгүй байж байхад миний хамар руу маш хүчтэй цохисон. Тэгээд миний хамраас цус гараад би цусаа дараад байж байтал манай найзууд намайг ирж аваад бид нар салцгаасан. Би Б эс эмчилгээний зардал болох 3,993,960 төгрөг, урсгал зардал болох 346,000 төгрөг. Ажилдаа явж чадалгүй 7 хоносон тул тухайн 7 хоногийн ажлын хөлс ойролцоогоор 1,800,000 төгрөг нийт 6,139,360 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, гэрч П.М-н “Б гэх залуу манай найз Д гийн хамар луу цохисон. Тэгээд би гялс гүйж очоод салгатал Д гийн хамраас их цус гараад тогтохгүй байсан бөгөөд би Д д хандан чи наад залуугаа таньдаг юм чинь дараа уулзаж байгаад учраа олчих гэж хэлээд аваад явсан” гэх мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 395 дугаартай дүгнэлт, сэжигтэн Э.Б-ий “миний уур хүрээд тэр залуу дээр гүйж очоод гараа атгаж байгаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон тэгтэл манай эгч нар намайг татаж авах үед нь дахин нэг удаа цохитол онолгүй нүүрнийх нь урдуур зөрсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Б нь 2025 оны 03 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 2 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ сар” худалдааны төвийн гадаа Л.Д-тэй маргалдаж улмаар Л.Д-н хамар луу нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д-н эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хамрын эмчилгээний зардал 3 993 960 төгрөг, урсгал зардал болох 346 000 төгрөг. Ажилдаа явж чадалгүй 7 хоносон тул тухайн 7 хоногийн ажлын хөлс ойролцоогоор 1 800 000 төгрөг нийт 6 139 360 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүх гэм хорын хохирлын баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээний зардал 346 000 төгрөг, хамрын хагалгааний зардал 1 835 400 төгрөг, нийт 2 181 400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ. Хохирогчид 300 000 төгрөгийн хохирол төлөгдсөн талаар мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул хасч тооцон шүүгдэгчээс 1 881 400 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. Хохирогч ажилгүй байсан хугацааны цалин орлоготой холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Э-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б эс 1 881 400 /нэг сая найман зуун наян нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан хохирогч Ш овгийн Л-ийн Д /Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн толгод **** тоотод оршин суух, РД:, утас /-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС