Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/212

 

 

 

 

 

 

 

2025      04         24                                            2025/ШЦТ/212

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 2425001190066 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Х овгийн Д-ийн Д, Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын *** цехэд засварчин ажилтай, ам бүл 3, аав ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр худалдааны гудамжинд Б.А-н нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Д-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ “Хохирогчийг нэг удаа цохьсноо хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.А-д “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.А-н “2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байх Вегас бааранд найз Б , Ө нарын хамт орсон. Бааранд Ө-н  найз гээд цагаан цамцтай залуу бааранд 2-3 хүнтэй муудалцсан юм. Тэгээд бид хэд баарнаас гарч гадаа ярилцаж байгаад эвлэрсэн. Баар хаах үед Ө , Б  бид гурав гараад худалдааны гудамжинд явж байхад манай хоёр найзтай өмнө бааранд муудалцсан залуучууд дахиж муудалцахаар нь салгасан, хойноос хоёр залуу ирээд шууд миний хамар луу нэг нь цохиж авсан. Тэгээд манай найз Б , Ө нар ирж салгасан. Ө түрүүлж яваад цагдаа дуудсан... Ингээд бааранд бүжиглэж байгаад бид нар бүгдээрээ тамхи татахаар баарнаас гарсан. Баарны гадаа манай найзууд тамхи татаад зогсож байгаад хэсэг залуучуудтай маргалдсан. Юунаас болж маргалдсанг мэдэхгүй байна. Тухайн үед тийм сүртэй ч зүйл болоогүй, буцаад баар луу орсон. Үлдсэн шар айрагнуудаа уугаад бүжиглэж байгаад 00 цагийн үед баарнаас гарч ирсэн. Энэ үед найз Д , Д  нар түрүүлээд гараад явсан. Б , Ө бид гурав үлдсэн байсан. Баарны гадаа 2-3 залуу орилоод бид нарыг явуулахгүй байсан. Энэ үед би уг залууг дагуулаад худалдааны гудамж руу юм яриад явж байсан. Бид хоёрын араас тухайн залуутай хамт явж байсан хоёр залуу дагаад явж байсан. Би өндөр нуруутай залуутай юм яриад зогсох үед араас явж байсан хоёр залуу бид хоёрын хажууд ирээд зогссон. Урт үстэй залуу миний нүүр лүү гараараа цохиж, намайг хавсарч унагааж газар унасан байхад хөлөөрөө хэд хэд өшиглөсөн. Энэ үед хамт явсан хоёр залуу нь салгаж байтал Б  ирээд тухайн залуучуудыг холдуулж байсан. Намайг 2-3 хүн нийлж зодсон гэж бодсон боловч нэг залуу нь ганцаараа зодсон байсан. Хамт байсан залуучууд нь салгах гэж оролдсон байх” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21, 23-р тал/

2. Гэрч Б.Ө н “баарны гадна талд хэсэг залуучууд байсан ба нэг залуу нь А-той   юм яриад худалдааны гудамж руу явсан. Араас нь үл таних хоёр залуу явж байсан. Г.Б , Д  бид гурав араас нь очиж байхад А-тг  тухайн гурван залуугийн урт үстэй нэг залуу нь газар унагаасан өшиглөж, цохиж байсан. Б , Д  бид гурав салгаад байж байхад зөндөө олон залуучууд ирэхээр нь 6-р микрийн аюулгүйн тойрог руу гүйж очоод цагдаа байхаар нь дагуулаад ирэхэд нөгөө залуучууд байхгүй болчихсон байсан. А-г  урт үстэй нэг залуу ганцаараа зодож цохьсон. Хамт байсан залуучууд салгах гэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 45-р тал/

3. Гэрч Э.Ө-н  “баарнаас гараад Д  бид нараас салаад явсан. Хаашаа хэнтэй явсныг хараагүй. Ц  бид хоёр С-тай  уулзаад хамт такси бариад гэр гэртээ харьсан. Д  нь урт үстэй, үсээ сул тавьчихсан байсан. Нурууны хувьд бид гурав ойролцоо нуруутай. Бид нартай явж байхад өөр хэн нэгэн байгаагүй. Бид нараас салсны дараа хэнтэй уулзсаныг мэдэхгүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р тал/

4. Гэрч Г.С-н “Ө  , Ц , Д  бид хэд тамхи татах гээд гарч ирэхэд араас нөгөө цагаан цамцтай залуу 4-5 залуу дагуулж гарч ирж маргалдсан юм. Тэгээд эвлэрч буцаж орж талбай дээр цуг бүжиглэсэн. Тэгээд баар хаах үед Ө  , Ц , Д  бид дөрөв гарч би сандал дээр тамхи татаад сууж байхад нөгөө хэд маань байхгүй байсан. Би хэсэг сууж байгаад араас нь Ө  ын араас гар утас руу залгаж холбогдоод Богд голын гадаа байхад нь очиж Ө  , Ц  бид гурав таксинд сууж хороолол руу цуг явсан. Би бааран дотор, худалдааны гудамжинд бусадтай зодоон хийсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-36-р хуудас/

5. Гэрч Д.Д ын “2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хамт ажиллаж байсан Б.А , Б , Ө , Д  нарын хамт Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Вегас бааранд орсон. Бааранд ороод хүний 1-2 шил шар айраг уусан санагдаж байна. Би машин барьж явсан болохоор уугаагааүй. Бааранд ороод нэлээдгүй хугацаа өнгөрсөн ба нэг харахад Ө намайг дуудаад А-г олон хүмүүс тойрчихсон зодох гээд байна гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Баарнаас гараад очиход үүдний хэсэгт А нь 3-4 залуутай маргалдах янзтай зогсож байсан. Энэ үед А урт үстэй нэг залуугийн хамт юм яриад худалдааны гудамж руу алхаад явахаар нь бид нар араас нь явж байсан чинь урт үстэй залуу А-тг  цохиод авсан. Энэ үед хамт явсан Ө , Б  хоёр салгахаар очсон, би ард нь хоцорсон юм. Уг худалдааны гудамжинд явж байсан залуучууд ирээд салгаж байх шиг байсан. А-тг  зодсон гэх урт үстэй залуу зугтаагаад яваад өгсөн Ө цагдаа дуудаад, цагдаа дагуулаад ирж байсан. Цагдаа ирэхэд А-тг  зодсон гэх залуу байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 47-р тал/

6. Гэрч А.Д-н “А, Б , Ө , Д  нартай Вегас бааранд орсон. Бааранд ороод бүжиглэж байхад урт үстэй үл таних залуу бүжгийн талбай дээр А-тг  мөрлөж, хоорондоо бага зэрэг муудалцахаар нь салгасан. Ингээд А бид хоёр 00 орчихоод буцаж гарч ирээд баарны гадаа гарч тамхи татсан. Баарны гадаа үл таних хүмүүс маргалдаж байсан. Буцаж ороод хэсэг хугацаанд сууж байхад намайг ажлаас дуудахаар нь би гараад явчихсан. А, Д , Б , Ө нар үлдсэн. Маргааш нь буюу 2024 оны 01 сарын 27-ны өдөр А ажилдаа зодуулчихсан байдалтай ирсэн. Юу болсон талаар асуухад баарнаас гарч явж байгаад бүжгийн талбай дээр маргалдсан урт үстэй залуутай муудалцаж, худалдааны гудамжинд зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 49-р тал/

7. Орхон аймгийн шүүх эмнэлгийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 172 дугаартай “Б.А-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 58-59-р тал/

8. Яллагдагч Д.Д гийн “бид нар баарнаас гараад гэр гэртээ харихаар болсон. Худалдааны гудамжинд тэд нараас салаад би ганцаараа Эрдэнэт их дэлгүүр тал руу алхаад явж байхад Ц тай муудалцсан 3-4 залуу зогсож байсан. Тухайн залуучууд намайг хараад түрүүн бид нартай муудалцсан залуугийн нэг байна гэж хэлээд нэг залуу нь над руу дайраад гараараа намайг цохих шиг болохоор нь гараараа хаагаад дахин дайрах үед би уг залуугийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 81-82-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт худалдааны гудамжинд Б.А-н нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.А-н “хойноос хоёр залуу ирээд шууд миний хамар луу нэг нь цохиж авсан. Тэгээд манай найз Б , Ө нар ирж салгасан. Урт үстэй залуу миний нүүр лүү гараараа цохиж, намайг хавсарч унагааж газар унасан байхад хөлөөрөө хэд хэд өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.Ө н “урт үстэй нэг залуу нь газар унагаасан өшиглөж, цохиж байсан. А-тг  урт үстэй нэг залуу ганцаараа зодож цохьсон. Хамт байсан залуучууд салгах гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Ө-н  “Д  нь урт үстэй, үсээ сул тавьчихсан байсан. Нурууны хувьд бид гурав ойролцоо нуруутай” гэх мэдүүлэг, гэрч Г.С-н “Ө  , Ц , Д  бид хэд тамхи татах гээд гарч ирэхэд араас нөгөө цагаан цамцтай залуу 4-5 залуу дагуулж гарч ирж маргалдсан юм. Би бааран дотор, худалдааны гудамжинд бусадтай зодоон хийсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Д ын “Ө намайг дуудаад А-г олон хүмүүс тойрчихсон зодох гээд байна гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Баарнаас гараад очиход үүдний хэсэгт А нь 3-4 залуутай маргалдах янзтай зогсож байсан. Энэ үед А урт үстэй нэг залуугийн хамт юм яриад худалдааны гудамж руу алхаад явахаар нь бид нар араас нь явж байсан чинь урт үстэй залуу А-тг  цохиод авсан” гэх мэдүүлэг, гэрч А.Д-н “Маргааш нь буюу 2024 оны 01 сарын 27-ны өдөр А ажилдаа зодуулчихсан байдалтай ирсэн. Юу болсон талаар асуухад баарнаас гарч явж байгаад бүжгийн талбай дээр маргалдсан урт үстэй залуутай муудалцаж, худалдааны гудамжинд зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 172 дугаартай дүгнэлт, яллагдагч Д.Д гийн “Тухайн залуучууд намайг хараад түрүүн бид нартай муудалцсан залуугийн нэг байна гэж хэлээд нэг залуу нь над руу дайраад гараараа намайг цохих шиг болохоор нь гараараа хаагаад дахин дайрах үед би уг залуугийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр худалдааны гудамжинд Б.А-той   маргалдан зодолдож, нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Д нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Д-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-н эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Д-ийн Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Д-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС