Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2022/01788

 

                                                                                                           

 

 

 

 

                                     2022         06         08

             182/ШШ2022/01788

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.Г

 

Хариуцагч: “БД” ХК

Даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Т.Г,

хариуцагчийн төлөөлөгч Б.Г, Ж.Д,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Г нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүүхээ худалдааны төвөөс доош уруудах замаар өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн ***улсын дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцон явж байх үед бүхээг дотор гэнэт гал гарч машинд шаталт үүссэн тул зайлшгүй зогсолт хийж зогссон. Миний машин бүрэн шатаж дуусах үед гал командын машин ирж унтраасан. Гэнэтийн зогсолт хийж зогссон газрын ойролцоо зогсож байсан 4 автомашинд галын халалтаас болж гадна эд ангийн хохирол үүссэн. Осол гарсан газарт надтай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан “БД” ХК-ийн шуурхай албыг дуудаж үзлэг, хэмжилт хийлгэсэн. Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирж ослын талаар судалсан. Онцгой байдлын шуурхай шинжээчийн баг ирж ослын газарт үзлэг явуулсан.

Миний бие тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед энэхүү даатгалын тохиолдол үүсч бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан тул би “БД” ХК-ийн нөхөн төлбөрийн газарт хандан 4 автомашинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгохыг хүсэхэд 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/286 тоот албан бичгээр хариу өгөхдөө “...осол гарсанд даатгуулагч буруутай эсэхийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр эцэслэн тогтоогоогүй байна. Эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт ирүүлснээр нөхөн төлбөрийг шийдвэрлэх боломжтой болохыг уламжилж байна” гэсэн байв. Энэ албан бичгийн утгаас осол гарсанд даатгуулагч миний бие буруутай нь тогтоогдвол нөхөн төлбөрийг олгох юм байна гэж ойлгосон учир өнгөрсөн хугацаанд шаардсан баримт, материалыг цуглуулахаар олон удаа нааш цааш явж хүчин чармайлт гаргасан. Даатгалын тохиолдлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэсэг болон Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Цагдаагийн хэсэгт шалгаад материалыг Нийслэлийн Онцгой байдлын газарт шилжүүлсэн. Тус газрын гал түймрийн байцаагч Дамдинсүрэн галын аюулгүй байдал хангаагүй гэж намайг Зөрчлийн тухай хуулийн 14.6-д заасны дагуу 100,000 төгрөгөөр торгосон. Тэгэхээр миний бие тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ галын аюулгүй байдлыг хангаагүй улмаас тээврийн хэрэгсэлд гэнэт гал гарч шатсанаас зайлшгүй зогсолт хийж бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан нь нотлогдлоо гэж үзээд шийтгэлийн хуудсыг торгууль төлсөн баримтын хамт “БД” ХК-ийн нөхөн төлбөрийн газарт аваачиж өгсөн. Гэтэл “БД” ХК-ийн нөхөн төлбөрийн газраас ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/443 тоот албан бичигт тээврийн хэрэгсэл зам дээр хөдөлгөөнд оролцож явах үед гэнэт шаталт үүсэж зайлшгүй зогсолт хийсэн үйлдлийг даатгалын тохиолдол биш гэж үзсэн байх бөгөөд үндэслэл болон Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т тусгасан энэ хуулийн зорилт нь ...зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн заалтыг дурдаж жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь зам тээврийн ослын улмаас жолооч бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд үйлчилнэ. Даатгуулагч зам тээврийн осолд холбогдоогүй учир нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.

Гэтэл энэ заалт нь хуулийн зорилт, зорилгыг тодорхойлсон, удиртгал шинжтэй заалт болохоос харилцааг зохицуулсан заалт биш учир энэ заалтын дагуу даатгалын тохиолдлыг тодорхойлох боломжгүй. Харин энэхүү хуулийн 3.1.9-д тусгасан жолоочийн даатгалын тохиолдол гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг гэсэн заалтын дагуу даатгалын тохиолдлыг тодорхойлох ёстой. Гэтэл хуулийн зорилго, зорилтыг тодорхойлсон эрх зүйн харилцааг зохицуулаагүй заалтыг дурдан зам тээврийн осол хэмээх үндэслэлгүй тохиолдол, нөхцөл дээр тулгуурлан нөхөн төлбөрөөс татгалзсан. Өөрийн машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үед энэхүү гэнэтийн гал гарч бусад хүмүүсийн өмчлөлийн эд хөрөнгө болох автомашинуудад хохирол учирсан, Зөрчлийн тухай хуулийн 14.6-ын 4.1-т заасны дагуу миний бие хариуцлагаа хүлээсэн учир Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.9-д тусгасан даатгалын тохиолдол бүрэн дүүрэн үүссэн байна гэж үзэж байна.

Түүнчлэн Жолоочийн даатгалын тухай хуулийн 7.1-т жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилгоор энэ хуульд заасан нөхцөлийн дагуу даатгагчтай даатгалын гэрээ байгуулна гэж маш тодорхой заасан.

“БД” ХК-тай миний байгуулсан даатгалын гэрээнд 1.1-т энэхүү гэрээ нь даатгуулагч даатгалын зүйлээ даатгагчид даатгуулах, даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 2.1-т энэхүү гэрээний даатгалын зүйл нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна, 3.1-т даатгуулагч нь дараах төрлийн эрсдэлийг даатгуулна. Үүнд 3.1.3-т жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол хэмээн тус тус заасан байна.

Дээрх хуулийн заалтууд болон “БД” ХК-тай миний байгуулсан даатгалын гэрээний заалтуудтай миний машин хөдөлгөөнд оролцож яваад шатсан тохиолдол бүрэн нийцэж даатгалын тохиолдол үүссэн байхад “БД” ХК нөхөн төлбөр олгохгүй гэж даатгуулагч миний эрх ашгийг ноцтой зөрчсөн тул Санхүүгийн зохицуулах хороонд хандаж өргөдөл, хүсэлт гаргасан юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос “БД” ХК-ийн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж дээрх тохиолдол нь жолоочийн даатгалын тохиолдолд хамаарах үндэслэлтэй, холбогдох хуулийн дагуу даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж хариу мэдэгд гэж 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 9/4384 тоот албан бичгээр “БД” ХК-д мэдэгдсэн. Гэвч “БД” ХК-ийн нөхөн төлбөрийн газраас Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хариу ирүүлсэн байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.9-д заасан даатгалын тохиолдол үүсч бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан байтал “БД” ХК-ийн нөхөн төлбөрийн газар холбогдох хуулийн заалтууд болон Даатгалын гэрээг үл ойшоон, даатгалын тохиолдлыг өөрсдийн үзэмжээрээ тайлбарлаж, даатгуулагч миний болон хохирогчдын эрх ашгийг ноцтой хохироож буй тул энэхүү үйлдлийг хянан шалгаж Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.9-д болон “БД” ХК-тай миний байгуулсан Даатгалын гэрээний 3.1.3-т тусгасан даатгалын тохиолдол, эрсдэл бүрэн дүүрэн үүссэнийг тогтоож даатгалын нөхөн төлбөр болох 5,000,000 төгрөгийг “БД” ХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Г нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “БД” ХК-тай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан бөгөөд тэрээр 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дүүхээ төвөөс дээш өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслээр уруудаж явахад гэнэт арын суудлын хавьд хүчтэй дэлбэрэлт сонсогдож машин утаагаар дүүрээд гал маналзаж эхэлсэн хэмээн дуудлага өгч, нөхөн төлбөр олгохыг хүссэн. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 26ё2-2/4188 тоот “Тус хэлтэст ...иргэн Т.Г нь ***улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үед тээврийн хэрэгсэл шатсан үйлдэлд Г-5101 дугаарт бүртгэгдэн шалгаж байна” гэх албан бичгийг ирүүлсэн. Гэвч дээрх албан бичгээр Т.Г нь зам тээврийн осол гаргасан эсэх, түүнээс үүдэлтэй бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан эсэх нь тодорхойгүй байсан тул нөхөн төлбөрийг шийдвэрлэх боломжгүй тухай хариуг 08 сарын 18-ны өдөр даатгуулагчид хүргүүлсэн. Ийнхүү даатгуулагч нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 0072251 тоот шийтгэлийн хуудсыг ирүүлсэн ба даатгуулагчийг Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн гэж торгосон болохоос замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, зам тээврийн осол гаргасан гэж дүгнээгүй бөгөөд энэ талаар даатгуулагч Зам тээврийн осол биш гээд цагдаа тодорхойлолт өгөөгүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь Зөрчлийн тухай хуулийн 14.6-ын 4.1-т заасны дагуу миний бие хариуцлага хүлээсэн учир Жолоочийн даатгалын тухай хуулийн 3.1.9-д тусгасан даатгалын тохиолдол үүссэн байна гэж үзэж байна хэмжээн нэхэмжлэлдээ дурджээ. Даатгуулагчийг Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг бус 5 дугаар зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар торгосон бөгөөд ийнхүү торгуулсан нь Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу нөхөн төлбөр авах үндэслэл болохгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг энэ заалт нь хуулийн зорилт, зорилгыг тодорхойлсон, удиртгал шинжтэй заалт болохоос харилцааг зохицуулсан заалт биш учир энэ заалтын дагуу даатгалын тохиолдлыг тодорхойлох боломжгүй гэжээ. Хуулийн зорилго нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.11-т зааснаар хуулиар хангахаар зорьж байгаа иргэний үндсэн эрх, бэхжүүлэх үндсэн зарчим, хүрэх үр дүнг тусгадаг. Өөрөөр хэлбэл хуулийн зорилго нь тус хуулийнхаа хамрах хүрээ хязгаар, хүрэх үр дүнг нийтэд нь хамаардаг болохоос биш зорилгоосоо давсан хуулийн заалт гэж байхгүй болно.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Тодруулбал, тус хуулиар зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирвал түүнийг нөхөн төлүүлэх зорилго, үр дүнгийн хүрээнд дэлгэрэнгүй зохицуулалтуудыг тусгасан болно. Гэтэл нэхэмжлэгч нь галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдлээ замын хөдөлгөөнд оролцож явах үед даатгалын тохиолдол үүссэн гэж тайлбарладаг.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д жолоочийн даатгалын тохиолдол гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг хэмээн тодорхойлсон тодорхойлолтыг хуулийн зорилгоос тусад нь авч үзэн зам тээврийн осол мөн эсэхээс үл хамаарч жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан л бол даатгалын тохиолдол мөн гэж тайлбарласан ч маргаж буй тохиолдол нь үүнд хамаарахгүй байна. Учир нь даатгуулагч Т.Г  хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан бус зогсож байсан тээврийн хэрэгслүүдийн хажууд тээврийн хэрэгслээ байрлуулж улмаар тээврийн хэрэгслээс гал үсэрсэн нь даатгуулагчийн ослын тэмдэглэл дээрх уруудаж авахад гэнэт арын суудлын хувьд хүчтэй дэлбэрэлт сонсогдож машин утаагаа дүүрээд гал маналзаж эхэлсэн. Буух үед дотор их гал гарч байсан гэх тайлбар болон нэхэмжлэлдээ бүхээг дотор гэнэт гал гарч машинд шаталт үүссэн тул зайлшгүй зогсолт хийж зогссон. Гэнэтийн зогсолт хийж зогссон газрын ойролцоо зогсож байсан 4 автомашинд галын халалтаас болж гадна эд ангийн хохирол үүссэн гэснээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн хөдөлгөөнд оролцох үед өөрийн тээврийн хэрэгсэл шатсан нь тээврийн хэрэгслийн даатгалд хамаарах нөхцөл бөгөөд даатгуулагч эрсдэлтэйг нь мэдсээр байж олон машин зогссон газар гал гарч буй тээврийн хэрэгслээ зогсоосон үйлдлээрээ тухайн тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн болно. Иймд тус тохиолдлыг жолоочийн хариуцлагын даатгалын тохиолдол гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан тул татгалзан шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, “БД” ХК-ийн албан бичгүүдийн хуулбар, орлогын ордерын баримт, шийтгэлийн хуудас, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээ, шинжээчийн дүгнэлт, цагдаагийн газрын албан бичиг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагчаас ирүүлсэн хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, даатгалын тохиолдлын ослын тэмдэглэлийн хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Г нь “БД” ХК-д холбогдуулан жолоочийн даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Даатгалын тухай хууль болон жолоочийн хариуцлагын даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй тул 5,000,000 төгрөгийг “БД” ХК нь төлөхгүй үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

2. Т.Г нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “БД” ХК-тай Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд гэрээний “Гурав. Даатгалын эрсдэлийн төрөл” хэсгийн 3.1.1-т жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол, 3.1.2-т жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, 3.1.3-т жолооч нь автотээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол гэж зааж тохиролцжээ.

 

3. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Т.Г өөрийн эзэмшлийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Дүүхээ төвөөс доош уруудаж явах үед автомашины бүхээг дотор нь гал гарч зогссон ба зогссон газрын ойролцоо зогсож байсан 4 автомашинд уг галын халалтаас болж гадна эд ангийг гэмтэж хохирол учирсан хэрэг учрал болсон байх ба үүнийг жолоочийн даатгалын тохиолдол үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн байна. Т.Г нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан үүргийн дагуу хэрэг учрал болсон тухай цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ба материалыг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс Нийслэлийн онцгой байдлын газарт шилжүүлж, ГТУХ-ийн байцаагч Т.Гийг галын аюулгүй байдлыг хангаагүй гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6-д зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь холбогдох албан бичиг, талуудын тайлбар, шийтгэлийн хуудсаар тогтоогдож байна.

 

4.Нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөр хүссэн баримтууд, тухайлбал хэдий хэмжээний ямар хохирол хэнд учирсан тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

5. Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “жолоочийн даатгалын тохиолдол гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг ойлгоно, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно гэж тус тус заажээ. Эдгээр заалтаас харахад жолоочийн бусдад хохирол учруулсан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үйлчлэлтэй холбоотой болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд автомашинд гал гарсан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, түүний үйлчлэлтэй холбоотой байж даатгалын тохиолдол болж чадах юм.

Гэтэл нэхэмжлэгчийн автомашинд гал гарсан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, түүний үйлчлэлтэй холбоотой биш байна. Автомашинд гал гарсан нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, түүний үйлчлэлтэй холбоотой гэж Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээч дүгнээгүй, түүнчлэн нэхэмжлэгч анх даатгалын болон цагдаагийн байгууллагад мэдэгдэхдээ автомашины арын суудал хавьд хүчтэй дэлбэрэлт сонсогдож машин утаагаар дүүрээд гал маналзаж эхэлсэн гэж мэдэгдэж байсан ба эдгээр нь гал автомашинд байсан эд зүйлээс үүсгэлтэй байсныг харуулж байна.

 

6. Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр 431.1-т заасныг баримтлан “БД” ХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 5,000,000 төгрөг гаргуулах тухай Т.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С. БУД