Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/184

 

 

 

 

 

 

2025      04         11                                          2025/ШЦТ/184

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн Д.У

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 2525000000108 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ш овгийн Ж-ийн Б, Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД:/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ж.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэр Их хаадын цуваа 3 дугаар байрны урд талын авто машины зогсоол дээр байрлуулж тавьсан хохирогч Ж.Л-н эзэмшлийн Тоёота королла /Тoyota corolla/ загварын мөнгөлөг шаргал өнгийн **** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг сонота загварын тээврийн хэрэгслийн түлхүүрээр жолооч талын хаалгыг онгойлгон завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “Тэр өдөр их хүйтэн байсан. Согтуудаа даараад байхаар нь машиныг авч яваад гэрийнхээ гадаа орхисон. Согтуудаа гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Миний буруу” гэв.

 

Хохирогч Ж.Л “шүүх хуралдаанд оролцохгүй гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн Их хаадын цуваа хотхоны 3 дугаар байрны урд талын автомашины зогсоолд 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслээ байрлуулж тавьсан гэх газрыг гэрэл зургаар баталгаажуулав, үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тоёота королла загварын ****БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй байв. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг *** тоот айлын хашааны гадна тоёота королла загварын мөнгөлөг шаргал өнгийн ****БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба уг эзэмшигч Ж.Л-г байлцуулан үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн гадна талд ямар нэгэн эвдрэл гэмтэл сэв зураас байхгүй байв” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 9-14-р тал/

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Камерын хяналтын төвийн Найрамдал баг хүүхдийн ордны хяналтын камерын 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн бичлэгт үзлэг хийхээр тогтов. 13:58:27 секунтэд бараан малгайтай, ногоон эрээн куртиктэй хүн явган хүний зам дээр зогсож байна.14:09:45 секунтэд бараан малгайтай, ногоон эрээн куртиктэй хүн Их хаадын цуваа байрны урд талын зогсоол дээр байрлуулсан автомашинуудын урд зогсож байлаа.14:10:36 секунтэд бараан малгайтай, ногоон эрээн куртиктэй хүн Их хаадын цуваа байрны урд талын авто машины зогсоол дээр байгаа саарал өнгийн приус маркийн автомашины хаалгыг татаж байна. 14:13:24 секунтэд зогсоол дээр байрлуулсан мөнгөлөг шаргал өнгийн королла маркийн машины баруун тал буюу жолоочийн талын хаалганы хажууд зогсож, 14:13:48 секунтэд зогсоол дээр зогсож байгаа мөнгөлөг шаргал өнгийн королла маркийн машины баруун тал буюу жолоочийн талын хаалгаар орж 14:54:39 секунтэд мөнгөлөг шаргал өнгийн королла маркийн машин зогсоолоос хөдөлж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 16-20-р тал/

3. Хохирогч Ж.Л-н “Би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймаг Бүрэнгхангай сумаас Эрдэнэтэд эмнэлэгт хэвтхээр эхнэр З-н  хамт охин Э-д  Их хаадын цуваа гэх байранд ирсэн. Би ирэхдээ өөрийн Тоёота кролла маркийн ****БУА улсын дугаартай автомашинаа байрных нь гадаа зогсоол дээр тавьсан. Тэгээд эхнэрийн хамт эмнэлэгт 7 хоног хэвтээд гарч ирсэн. Тэгээд би 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цаг өнгөрч байхад машиныхаа цасыг арилгачихаад хэсэг халаачихаад гэртээ орсон. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед Булган аймаг руу гэр лүүгээ явах гээд машин дээрээ ирсэн чинь миний машин байхгүй болчихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн цагдаа нар ирээд камер шүүж үзээд миний автомашиныг Наран багт айлын гаднаас олж надад хүлээлгэж өгсөн. Би 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр автомашинаа халаачихаад машинаа түлхүүрээр нь цоожилсон. Миний машин түлхээрээ онгойж, цоожлогддог. Би өмнө өөр түлхүүрээр машинаа онгойлгож асааж үзээгүй. Миний машин асаастай байхдаа түлхүүр нь сугарч унаад байдаг юм. Миний машин 2001 онд үйлдвэрлэгдсэн 2010 онд Монголд орж ирсэн. Би 2021 онд Улаанбаатар хотоос 6 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байна гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/

4. Гэрч З.У-н “2025 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр 11 цагийн үед нөхөр Б-н   хамт гэртээ байж байсан чинь манай нөхрийн найз В  гэх залуу орж ирээд Вансэмбэрүү дэлгүүр цуг явчихаад ирье гэсэн чинь манай нөхөр цуг гараад явсан. Тэгээд манай нөхөр 15 цагийн үед архи уучихсан нилээн даарчихсан орж ирсэн. Тэгээд би хэсэг загнаж байгаад унтуулсан. Тэгээд манай нөхөр шөнө 01 цагийн үед сэрээд гарч бие засаж орж ирээд манай гадаа хашааны үүдэнд нэг машин байна гэж байсан. Тэгээд өглөө сэрээд урд шөнийн үүдэнд байсан машин манай хашааны гадаа хоносон байна гэж байсан. Тэгээд би город орчихоод гэртээ ирсэн чинь манай ач хүү өвөөг цагдаа аваад явсан гэхээр нь араас нь ирсэн. Бараан өнгийн кэпикэн малгай, ногоон эрээн куртик, бор өнгийн богино түрүүтэй гуталтай явсан. Манай нөхөр ирэхдээ их даарсан байсан машинтай ирсэн талаар мэдэхгүй байна би өчигдөр хашаанаасаа гараагүй гэртээ байсан. Манай хашаанд байгаа сонота маркийн автомашин миний төрсөн дүү У-н    автомашин байгаа юм 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр акумлятор нь суучихсан гээд авчирч тавьсан юм. Түлхүүр нь манайд байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/

5. Гэрч Д.З-н  “Би нөхөртэйгөө 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нөхрийн хамт Булган аймгаас Эрдэнэтэд эмнэлэгт хэвтэх гээд манай гэр бүлийн Тоёота королла маркийн **** БУА улсын дугаартай автомашинтайгаа ирээд машинаа хүүхдийнхээ байрны гадаа буюу Их хаадын цуваа байрны гадна талын зогсоол дээр тавьсан. Тэгээд нөхөр бид хоёр эмнэлэгт хэвтээд эмнэлэгээс 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө гарсан. Тэгээд манай нөхөр 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн үед гарч машинаа халааж цасыг нь арилгачихаад орж ирсэн ба 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 09 цагийн үед бид хороолол руу дүүгийнхээ гэр лүү явах гээд гарсан чинь манай машин байхгүй болчихсон байсан. Манай машины хаалга нь түлхүүрээрээ түгжигддэг. Өөр түлхүүрээр хаалга онгойдог болон машин асдаг талаар мэдэхгүй байна. Өмнө нь өөр түлхээрээ хаалгаа онгойлгох болон машинаа асааж байгаагүй Манай нөхөр өмнө нь машинаа түгжилгүй асаалттай орхиж байгаагүй. Манай машин дотроос алга болсон зүйл байхгүй. Мөн машинд маань эдврэл гэмтэл үүсээгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р тал/

6. Гэрч О.В-н “Би 2025 оны 01 сарын 27-ны өдөр 10 цагийн үед Наран багт найз Б-н   гэрт нь очоод Б-г  аваад горд орж хүнээс мөнгө аваад 5-13 дугаар байрны Ж.Б бид хоёр 0,5 граммын стандарт нэртэй архи хувааж уусан. Тэгээд дахиад 0,5 граммын стандарт архи нэг шилийг аваад сүмийн уулзварын урд байрны саадан дотор хувааж уусан. Тэгээд цаг хэд болж байсныг мэдэхгүй байна барагцаагаар 15 цагийн үед бид хоёр салаад би Цагаанчулуут руу гэр лүүгээ харьсан. Б  Их хаадын цуваа байрны ард байдаг хамаатныхаа гэрт орлоо гээд явсан. Тэгээд хэдэн өдрийн дараа Б-н   эхнэр над руу залгаад Б  чамтай архи уудаг өдрөө гордоос машин унаад ирсэн байна тэр машин нь хөдөөний хүний машин байсан байна гэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-р тал/

7. Гэрч М-н  “найз Б-н  д очиж ус авах гээд очисон. Намайг очиход хашааных нь гадаа Тоёота королла маркийн мөнгөлөг шаргал өнгийн машин том гүйдэг хаалганд тулгаад тавьчихсан байсан. Тэгээд би гэрт нь орсон чинь Б  унтчихсан байсан эхнэр У  энэ үүдэнд байгаа машиныг хашаанд оруулаад өгөөч гээд надад хар оосортой өмдний тэлээнд зүүдэг юмтай машины түлхүүр өгсөн. Тэгээд би машин дээр нь очсон чинь тухайн машины хаалга цонх нь онгорхой байхаар нь У гийн өгсөн түлхүүрээр нь уг машиныг асааж жолоодоод хашаанд нь оруулж тавьчихаад түлхүүрийг нь У д буцаад өгчихөөд явсан. Б-н   эхнэр нь тухайн автомашиныг хэний автомашин болох талаар надад хэлээгүй би ч асуугаагүй. Наад Б  чинь энэ машиныг хашаанд оруулчихаарай гэж хэлчихээд унтаад өглөө гэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 31-р тал/

8. Яллагдагч Ж.Б-н   “Их хаадын цуваа байрны урд талын зогсоол дээр байсан мөнгөлөг шаргал өнгийн Тоёота королла маркийн автомашин зогсож байхаар нь дулаацах гээд хаалгыг нь татсан чинь онгойсон тэгээд орж сууж байгаад карманд байсан дүүгийн сонота 6 загварын автомашины түлхүүрийг хийсэн чинь таараад асчихсан. Тэгээд даарсан байсан болохоор паарийг нь тавьж сууж байгаад жолоодоод гэр лүүгээ буюу Наран баг **** тоотын үүдэнд аваачсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 49-р тал/

9. “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1002120 дугаартай “тоёота королла загварын тээврийн хэрэгсэл 4.000.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 38-40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэр Их хаадын цуваа 3 дугаар байрны урд талын авто машины зогсоол дээр байрлуулж тавьсан хохирогч Ж.Л-н эзэмшлийн Тоёота королла /Тoyota corolla/ загварын мөнгөлөг шаргал өнгийн ****БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг сонота загварын тээврийн хэрэгслийн түлхүүрээр жолооч талын хаалгыг онгойлгон улмаар уг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Хот тохижуулах газарт эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Ж.Л-н “Би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймаг Бүрэнгхангай сумаас Эрдэнэтэд эмнэлэгт хэвтхээр эхнэр З-н  хамт охин Э-д  Их хаадын цуваа гэх байранд ирсэн. Би ирэхдээ өөрийн Тоёота кролла маркийн ****БУА улсын дугаартай автомашинаа байрных нь гадаа зогсоол дээр тавьсан. Тэгээд эхнэрийн хамт эмнэлэгт 7 хоног хэвтээд гарч ирсэн. Тэгээд би 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цаг өнгөрч байхад машиныхаа цасыг арилгачихаад хэсэг халаачихаад гэртээ орсон. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагийн үед Булган аймаг руу гэр лүүгээ явах гээд машин дээрээ ирсэн чинь миний машин байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэрч З.У-н “манай нөхөр шөнө 01 цагийн үед сэрээд гарч бие засаж орж ирээд манай гадаа хашааны үүдэнд нэг машин байна гэж байсан. Тэгээд өглөө сэрээд урд шөнийн үүдэнд байсан машин манай хашааны гадаа хоносон байна гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.З-н  “Би нөхөртэйгөө 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нөхрийн хамт Булган аймгаас Эрдэнэтэд эмнэлэгт хэвтэх гээд манай гэр бүлийн Тоёота королла маркийн **** БУА улсын дугаартай автомашинтайгаа ирээд машинаа хүүхдийнхээ байрны гадаа буюу Их хаадын цуваа байрны гадна талын зогсоол дээр тавьсан. Тэгээд нөхөр бид хоёр эмнэлэгт хэвтээд эмнэлэгээс 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө гарсан. Тэгээд манай нөхөр 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 14 цагийн үед гарч машинаа халааж цасыг нь арилгачихаад орж ирсэн ба 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 09 цагийн үед бид хороолол руу дүүгийнхээ гэр лүү явах гээд гарсан чинь манай машин байхгүй болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэрч О.В хүүгийн “Б  Их хаадын цуваа байрны ард байдаг хамаатныхаа гэрт орлоо гээд явсан. Тэгээд хэдэн өдрийн дараа Б-н   эхнэр над руу залгаад Б  чамтай архи уудаг өдрөө гордоос машин унаад ирсэн байна тэр машин нь хөдөөний хүний машин байсан байна гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч М-н  “найз Б-н  д очиж ус авах гээд очисон. Намайг очиход хашааных нь гадаа Тоёота королла маркийн мөнгөлөг шаргал өнгийн машин том гүйдэг хаалганд тулгаад тавьчихсан байсан. Тэгээд би машин дээр нь очсон чинь тухайн машины хаалга цонх нь онгорхой байхаар нь У гийн өгсөн түлхүүрээр нь уг машиныг асааж жолоодоод хашаанд нь оруулж тавьчихаад түлхүүрийг нь У д буцаад өгчихөөд явсан” гэх мэдүүлэг, яллагдагч Ж.Б-н   “Их хаадын цуваа байрны урд талын зогсоол дээр байсан мөнгөлөг шаргал өнгийн Тоёота королла маркийн автомашин зогсож байхаар нь дулаацах гээд хаалгыг нь татсан чинь онгойсон тэгээд орж сууж байгаад карманд байсан дүүгийн сонота 6 загварын автомашины түлхүүрийг хийсэн чинь таараад асчихсан. Тэгээд даарсан байсан болохоор паарийг нь тавьж сууж байгаад жолоодоод гэр лүүгээ буюу Наран баг **** тоотын үүдэнд аваачсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1002120 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багийн нутаг дэвсгэр Их хаадын цуваа 3 дугаар байрны урд талын авто машины зогсоол дээр байрлуулж тавьсан хохирогч Ж.Л-н эзэмшлийн Тоёота королла /Тoyota corolla/ загварын мөнгөлөг шаргал өнгийн ****БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Б-н   үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Хохирогч Ж.Лхагвад Тоёота королла /Тoyota corolla/ загварын мөнгөлөг шаргал өнгийн ****БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн ба хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хуурцаг хураагдаж ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Ж-ийн Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437-р нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС