| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2022/00303/И |
| Дугаар | 129/ШШ2022/00389 |
| Огноо | 2022-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 129/ШШ2022/00389
| 129/ШШ2022/00389 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн, 60 настай, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 15-01 тоотод оршин суух У овогт О.У-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багт оршин суух З овогт Л.Ч-д холбогдох
60.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов. Хариуцагч Л.Ч-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.У нь хариуцагч Л.Ч-д холбогдуулан 60.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл хаагаад өгье гээд О.У надаас 95.000.000 төгрөг зээлж авсан. Бид хоёр тооцоо хийж 60.000.000 төгрөг дутуу байгаа боловч өгнө, өгнө гэсээр өдийг хүрлээ. Иймээс Л.Ч-с 60.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч О.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ч 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл хаагаад өгье гээд надаас 96,000,000 төгрөг зээлж авсан. Түүнээс 36,000,000 төгрөгийг нь эргүүлж өгсөн. Одоо 60,000,000 төгрөг өгөх дутуу байгаа. Л.Ч бид хоёр 04 дүгээр сард тооцоо нийлээд 30,000,000 төгрөгийг 03 дугаар сард, үлдсэн 30,000,000 төгрөгийг нь 07 дугаар сард багтааж өгнө гэж тохирсон. Тэгээд 03 дугаар сард Л.Ч 30,000,000 төгрөгөө өгөөгүй болохоор нь би тус шүүхэд нэхэмжпэл гаргасан гэв.
2. Нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Л.Ч би О.У-д 95.000.000 төгрөгийг хүүгүй төлж барагдуулна. 01 сарын 18-ны өдөр 3.500.000 х/ авсан, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг х/өгсөн” гэсэн бичилт бүхий нэхэмжлэгч хариуцагч нарын гарын үсэгтэй 1 хуудас баримт өгсөн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.У-н нэхэмжлэлтэй хариуцагч Л.Ч-д холбогдох 60.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Л.Ч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээл хаагаад өгье гээд О.У надаас 95.000.000 төгрөг зээлж авсан. Бид хоёр тооцоо хийж 60.000.000 төгрөг дутуу байгаа боловч өгнө, өгнө гэсээр өдийг хүрлээ. Иймээс Л.Ч-с 60.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.У нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 95.000.000 төгрөг хариуцагч Л.Ч-д шилжүүлж, хариуцагч нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргийг хүлээж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээ бодит үйлдлээр байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон түүний нотлох баримтаар өгсөн “Л.Ч би О.У-д 95.000.000 төгрөгийг хүүгүй төлж барагдуулна. 01 сарын 18-ны өдөр 3.500.000 х/ авсан, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг х/өгсөн” гэсэн бичилттэй бичгийн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааны талаар баримт гаргаагүй, зээлийн төлбөрийг даруйхан буцааж өгөхөөр тохирсон гэх тайлбар гаргаж байх бөгөөд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т зааснаар хугацаа тогтоогоогүй зээлийг зээлдүүлэгчийн шаардсанаар буцаан төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нийт 95000000 төгрөг зээлүүлсэнээс хариуцагч 35 сая төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа үйл баримтаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардаж байсан нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь зээл 95 сая төгрөгийг 2019 оны 01 сарын 02-ны өдөр шилжүүлсэн, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч нь 5 сая төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн тоолоход мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх шаардлага гаргах хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч О.У-г хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.
2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Л.Ч-д нэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан журмын дагуу гардуулж хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан тайлбарлаж өгчээ. Хариуцагч Л.Ч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл тайлбар түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй, 60 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримт, тайлбар гаргаагүй болно.
- Шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч Л.Ч-д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар хариуцагчид мэдэгдсэн боловч хариуцагч Л.Ч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй эсэх талаар эргэж мэдэгдээгүй болно. Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, шүүхэд тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбараа өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
- Иймд нэхэмжлэгч О.У-н хариуцагч Л.Ч-с 60.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч О.У-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.960 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч-с улсын тэмдэгтийн хураамж 457.960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.У-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Ч-с 60.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.У-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.У-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.960 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Ч-с улсын тэмдэгтийн хураамж 457.960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Уртнасанд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН