| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/0140/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/161 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ч-д холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ч нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар хороонд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр субару порестор маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн *********дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Ч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/837 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт субару порестор маркийн ***********улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чийн өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Гэрч П.Б өгсөн: “....***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа тээврийн хэрэгсэл мөн би 2021 онд авч байсан одоо өөрийн төрлийн ах болох Ч.Ж ахад бэлэглэсэн байгаа нэр бол шилжүүлээгүй байгаа юм. Одоо тухайн тээврийн хэрэгслийг Ч.Ж ах унаж байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 тал/,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 837 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 31-35 тал/,
Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 28 тал/,
Субару порестор маркийн 6960 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /хх-ийн 30 тал/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29 тал/
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Чийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн найз болох Ц.И-Тай уулзаад бид хоёр нэг лаазтай пиво уугаад тэрийгээ дуусгаад гэртээ харих гэж явах замд намайг цагдаа зогсоож шалгаад тэгээд багажаар шалгуулахад 0.41% байсан. Тухайн *-*****тухайн тээврийн хэрэгслийг надад манай захирал Батболд нь бэлэглэж байсан юм нэр бол шилжээгүй байгаа. Би 2024 оны 07 дугаар сард мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад эрхээ хасуулсан эрх сэргээгүй байгаа. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна, энэ асуудалд их харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Үүрийнтуяа гаргасан: “...Шүүгдэгч Д.Ч нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар хороонд 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр субару порестор маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогдсон болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгдэгч Д.-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Ч нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан гэрч П.Б өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 837 дугаартай шийтгэврийн хуулбар, жолоочийн лавлагаа мэдээлэл, субару порестор маркийн *********улсын дугаартай тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Чийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Д.Ч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/837 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт субару порестор маркийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.Чийн үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илэрдэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
Тодруулбал: шүүгдэгч Д.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа байж автомашин жолоодож замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж, “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Д.Ч нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ түүний амьсгал дахь спиртийн агууламж (0.41) хувийн промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд үүнийг Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтнаас драгер багажаар шалган тогтоож, шүүгдэгчийн Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/837 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хассан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Ч-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хэн нэгэнд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Д.Ч-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Ч-ийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.Ч-ийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ч-ийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ч-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал/ зэргийг харгалзсанаас гадна эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ч-д тайлбарлаж, түүний торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-д оногдуулсан 2800 (хоёр мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний баримт бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН