Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/223

 

 

 

 

 

 

 

2025     05        05                                           2025/ШЦТ/223

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 2525000000192 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г овгийн Л-ийн Б, Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Б нь 2025 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн *** тоот гэртээ хамтран амьдрагч Д.Ө-н  нүүрэн тус газарт нь 4-5 удаа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь “баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн хөх хэвлий, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б “хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Ө “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.Ө-н  “2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр найз Ү  , Б нартай уулзаад Ү  гийн гэрт очиж цай уусан, дараа нь Б-гийн гэрт очиж цай уугаад 1 шил архийг хувааж уусан юм. Ингээд цаг орой болохоор нь би нөхөр Б рүү залгаад ирээд авчих гэсэн чинь уурлаад ирж аваагүй. Ингэхээр нь би такси бариад гэртээ харьсан, гэртээ орсон чинь нөхөр Б ганцаараа байсан ба түүнд хандаж чи ирээд авчихгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь архичдыг зөөх унаа биш гэж уурлаж над руу дайрч гараараа миний нүүр хэсэг рүү 4-5 удаа цохисон, цээж хэвлий хэсэг рүү бас гараараа цохисон юм. Ингэж байгаад гараад машинаа унаад яваад өгсөн юм. Энэ үед би хаалгаа түгжээд унтаж амарсан. Маргааш нь би төрсөн дүү Д.Т руу залгаж болсон асуудлыг хэлсэн. Миний нүүр ам хөхөрч хавдсан. Нөхөр бид хоёр хамт амьдраад 25 гаруй жил болж байна. Миний нүүр, цээж, хэвлий, гар гээд бүх хэсгүүдэд хөхөрч, няцарсан, хавдсан байсан. Надад хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9, 11-р тал/

2. Гэрч Д.Т-н “Ө  бол миний төрсөн эгч байгаа юм. 20 гаруй жилийн өмнө Ө  эгч Б гэх эрэгтэйтэй танилцаж нийлж байсан. Өчигдөр намайг Орхон аймагт эмнэлэгт хэвтэж байсан чинь Ө  эгч өөрийнхөө **** дугаараас над руу залгаж нөхөр намайг зодсон гаднаас түгжээд явсан гэж хэлсэн. Ил харагдаж байгаагаар бол нүүр нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/

3. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №429 дугаартай “Д.Ө-н  биед баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн хөх хэвлий, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 18- 19-р тал/

4. Яллагдагч Л.Б “Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой асуух зүйл байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдрийн орой эхнэр Д.Ө над руу залгаад намайг ирээд аваарай би Шандад байна гэж хэлэхээр нь би чадахгүй гэж хэлээд очиж аваагүй. Нэлээдгүй хугацааны дараа эхнэр Д.Ө согтуу байдалтай гэрт орж ирээд агсраад байхаар нь гараараа түүний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон юм. Тухайн шөнө хэрэлдэж маргалдаж байгаад өглөө нь босоод гараад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Б нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн *** тоотод байх өөрийн гэртээ 2025 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хамтран амьдрагч Д.Ө-н  нүүрэн тус газарт нь 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн хөх хэвлий, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Л.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 300 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 300 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн хохирогч Д.Ө-н  “нөхөр Б ганцаараа байсан ба түүнд хандаж чи ирээд авчихгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь архичдыг зөөх унаа биш гэж уурлаж над руу дайрч гараараа миний нүүр хэсэг рүү 4-5 удаа цохисон, цээж хэвлий хэсэг рүү бас гараараа цохисон юм” гэх мэдүүлэг, гэрч Д.Т-н “Ө  эгч өөрийнхөө **** дугаараас над руу залгаж нөхөр намайг зодсон гаднаас түгжээд явсан гэж хэлсэн. Ил харагдаж байгаагаар бол нүүр нь хавдчихсан байсан” гэх мэдүүлэг,  Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №429 дугаартай дүгнэлт, яллагдагч Л.Бат-Ө гийн “эхнэр Д.Ө согтуу байдалтай гэрт орж ирээд агсраад байхаар нь гараараа түүний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон юм. Тухайн шөнө хэрэлдэж маргалдаж байгаад өглөө нь босоод гараад явчихсан юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Б нь 2025 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн *** тоот гэртээ хамтран амьдрагч Д.Ө-н  нүүрэн тус газарт нь 4-5 удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн хөх хэвлий, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Б нь хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ө-н  эрүүл мэндэд нь “баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн хөх хэвлий, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн Л-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 / найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Л.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС