Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 662

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/00041 дүгээр шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Б.Ш-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.А-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 32 436 547 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Хохирол барагдуулах тухай гэрээ”-г болон 35 000 000 төгрөгийн зээлийг барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга    Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ш- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Н.А- нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 00 дүгээр гудамжны 0-тоотод орших 2 давхар 140,4 м.кв талбайтай хувийн сууц, 426 м.кв талбайтай газрын хамт Бүрэн финанс банк бус санхүүгийн байгууллагад 35 000 000 төгрөгийн барьцаанд тавьж мөнгийг авсан боловч ямар нэгэн төлбөр төлөөгүй тул өөрөөсөө 3 362 667 төгрөгийг төлсөн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2015/04437 дугаартай шүүгчийн захирамжаар “Б Ф ББСБ” ХХК-д 39 497 654 төгрөгийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хохирол барагдуулах гэрээ-г байгуулж 35 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож өөрт холбогдох эрүүгийн хэргээ хэрэгсэхгүй болгосон боловч тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөлгүй зугтаж алга болсон тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөрийг барагдуулж, барьцаанаас эд хөрөнгөө чөлөөлсөн. Иймд Б.Ш- миний өмчлөлийн хөрөнгийг хариуцагч нь зээлийн барьцаанд тавьж мөнгийг авсан боловч зээлтэй холбоотой ямар нэгэн төлөлт хийгээгүй тул хариуцагчаас 44 396 321 төгрөг нэхэмжилсэн гэжээ. “Б Ф ББСБ” ХХК-д төлөгдсөн 35 000 000 төгрөгийн зээлийг авахдаа Хаан банк ХХК-ийн Драгоны салбараас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Н.А- надаар авахуулсан. Хамтран зээлдэгчээр өөрийн төрсөн дүү н.Бат-Өлзийг оруулсан. Хаан банк ХХК-ийн Драгоны салбарын эдийн засагч н.Сэргэлэнбаатар гэдэг хүнийг Н.А- таньдаг байсан. Тухайн үед “Б Ф ББСБ” ХХК-аас авсан 35 000 000 төгрөгийн зээлээс би 21 838 871 төгрөгийг “Хаан банк” ХХК-ийн Драгоны салбарт төлсөн, мөн Н.А-, н.Адилбиш нарын авсан зээлд 5 000 000 төгрөг, өдрийн зээлд 5 000 000 төгрөгийн хүүг н.Должинсүрэн болон түүний нөхрөөс авсан 25 000 000 төгрөгийн зээлд төлсөн. Өдрийн зээл гаргадаг н.Амгаланбаатар гэдэг хүнд 3 000 000 төгрөгийн зээл төлсөн. Үлдсэн мөнгө нь унааны зардалд гарсан. Хариуцагчаас 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төлсөн мөнгөний талаар болон н.Мөнгөн гэдэг хүний дансаар 6 000 000 төгрөг авсан талаар маргахгүй, харин би 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр н.Мөнгөний дансаар шилжүүлсэн 400 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Н.Мөнгөн болон хариуцагчийн дансаар төлсөн нийт 8 900 000 төгрөгийг хасаад 32 436 547 төгрөгийг Н.А-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б Ф ББСБ” ХХК-аас 35 000 000 төгрөг зээлж хариуцагчид өгсөн гэдэг боловч энэ тухай баримт нь хавтаст хэрэгт байхгүй. Б.Ш-д өгсөн тооцоо нь хавтаст хэрэгт байгаа. Хаан банкны дансны хуулга байгаа. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид өнөөдрийн байдлаар ямар нэгэн өр, төлбөртэй асуудал байхгүй. Хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд өмнө нь нэг зээлийн гэрээ байсан. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэлийн үнийн дүнг асуухад 35 500 000 төгрөг гэж хэлсэн. Гэтэл сая н.С гэдэг хүний хажууд 28 500 000 төгрөг өгсөн гэж байна. Гэтэл өнөөдөр 28 500 000 төгрөгийг авсан гэдэг баримт байхгүй. Яагаад 28 500 000 төгрөг нь өнөөдөр 35 500 000 төгрөг болсон гэдэг нь үндэслэл тодорхойгүй байна. Хаан банкинд 21 838 871 төгрөгийг хариуцагч төлөх ёстой байсан гэж байна. Гэтэл нэхэмжлэгч нь 22 500 000 төгрөгийг төлсөн гэж байна. Үлдсэн төлбөрийг нь хэн төлсөн гэдэг асуудал байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн байрыг барьцаанд байхад нь 4 000 000 төгрөг төлж чөлөөлсөн байдаг. Мөн хариуцагчийг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцсон боловч хариуцагч нь цагаадсан байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн хэлсэн зүйлс няцаагдаж байна. Н.А- нь Б.Ш-ийн данс руу 25 330 000 төгрөгийг, н.Мөнгөн гэдэг хүний данс руу 2 300 000 төгрөгийг, нийт 27 630 000 төгрөгийг төлсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Н.А- болон Б.Ш- нарын хооронд байгуулсан ямар нэгэн зээлийн гэрээ байхгүй. Нэхэмжлэгч нь “Б ББСБ”-аас авсан зээлийг шаардаж байгаа. Энэ зээлийн гэрээнд бол Н.А- нь хамааралгүй юм. Учир нь “Б Ф ББСБ” ХХК болон Б.Ш- нарын зээлийн гэрээтэй холбоотой маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэсэн. Мөн “Б ББСБ”-аас зээл ав гэж Н.А- нь хэлээгүй. Энэ бол Н.А- гэдэг хүний хүсэл зориг биш. Н.А- нь анх Хаан банкнаас зээл авах сонирхолтой байсан. Хаан банктай байгуулсан гэрээг цуцалж “Б Ф ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулах эрх нь зөвхөн Б.Ш-д байгаа. Ингээд 28 500 000 төгрөгөөс 27 630 000 төгрөгийг хасаад нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 870 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Зохигчид нь бичгээр байгуулагдсан зээлийн гэрээ байхгүй учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хүү болон алданги шаардах эрхгүй нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31 566 547 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.А- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хохирол барагдуулах гэрээ байгуулсан шалтгаан бол Б.Ш- миний шүүхийн асуудал шийдвэр гүйцэтгэл дээр ирчихлээ. Чи надад 41 000 000 төгрөгийн өглөгтэй гээд гэрээ хийгээд өг. Тэгвэл хугацаа авах гээд байна гэхээр нь Хохирол барагдуулах тухай гэрээ-г хийж өгсөн. Б.Ш- бид 2-ын дунд өглөг авлага байсан. Б.Ш- чамд төлөх мөнгөө Хаан банк ХХК-ийн зээл рүү чинь хийчихье гэсэн боловч хийгээгүй. Тухайн үед буюу 2015 оны 12 дугаар сарын 23-нд би Б.Ш-д 22 000 000 төгрөг өгөх ёстой байсан. 38 700 000 төгрөг яаж гарч ирсэн бэ гэхээр анх Б.Ш-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг “Х банк” ХХК-д барьцаанд байсан. Тиймээс уг барьцаануудыг суллаж чөлөөлөхөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь ашигласан. Намайг 38 700 000 төгрөгөө нэхтэл Б.Ш- шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Ш-д ямар ч өглөг байхгүй. Харин ч авлагатай. Намайг хуурч хийсэн 2015 оны 12 дугаар сарын 23-ны хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Б.Ш- бид 2 урьдын харьцаан дээр үндэслэн “Хаан банк” ХХК-аас зээл авсан. Энэ тухай хэлцлийг 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн. Гэтэл Б.Ш- “Хаан банк” ХХК дахь зээлээ надад хэлэлгүй хааж “Б Ф ББСБ” ХХК-аас нэмж зээл авсан байсан. “Б Ф ББСБ” ХХК Б.Ш-ийг шүүхэд өгснөөр тэд эвлэрч 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04437 тоот захирамж гарсан байдаг. Энэ захирамж нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт ирснээр Б.Ш- сандарч Н.А- над дээр ирж дээрх 35 000 000 төгрөгийн тухай 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийсэн хэлцлийг бичүүлж авсан. Маргааш нь буюу 2015 оны 12 дугаар сарын 23-нд ирээд нотариатаар хийлгэх шаардлагатай юм байна гээд нотариатаар “Хохирол барагдуулах тухай гэрээ”-г хийлгэсэн. Гэтэл шүүхэд урьд нь хийлгэсэн хэлцлээ гаргаж өгсөн байна. Иймд хуурч мэхэлж хийсэн дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ. “Б Ф ББСБ” ХХК-аас авсан зээлээ өдрийн зээлд өгсөн. Н.А- нь 28 500 000 төгрөгийг авсан юм байна. Тэгэхээр өнөөдөр 28 500 000 төгрөгийн асуудал яригдах ёстой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хуурч мэхэлж хэлцэл хийсэн гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллага дээр ямар учраас ямар дарамт шахалт үзүүлсэн гэдгийг би мэдэхгүй байна. Нэг л үүргийн биелэлтэд олон баримт хийлгэчихсэн байдаг гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ш- сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.А-ийн хэлсэн ярьсан бүх зүйл худал. Би өнөөдрийг хүртэл маш их алдагдалд орсон байгаа. “Б Ф ББСБ” ХХК-аас авсан зээл нь Хаан банкнаас авсан зээлтэй холбоотой. Үүнийг яагаад нотлуулах гээд байгаа юм бэ. Уг авсан мөнгийг Н.А- нь хэрэглэж байсан. Би уг зээлээс мөнгө төлж байсан. Энэ талаарх баримт нь байхгүй. Энэ бүгдийг Н.А- нь мэдэж байгаа. “Б Ф ББСБ” ХХК-аас авсан мөнгө нь өдрийн зээлээр авсан 5 000 000 төгрөгийг төлсөн. 3 000 000 төгрөгийг нь өдрийн зээлд төлсөн. Надад гаргаж ирээгүй болохоос биш гэрчүүд зөндөө байна. Энэ бүгд нотолгоотой. Хууран мэхэлж, хүч хэрэглэж хэлцэл хийсэн явдал байхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Н.А-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 070 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 366 547 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хохирол барагдуулах тухай гэрээ болон 35 000 000 төгрөгийн зээлийг барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-ээс 48 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ш-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 696 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ш-ээс 696 000 төгрөг гаргуулан хариуцагч Н.А-т олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э давж заалдах гомдолдоо:

... Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Иргэн н.Д, н.А нараас авч Хаан банкны зээлийг хааж барагдуулан 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “ БФ ББСБ”-аас 35 000 000 төгрөгийн зээл авч, иргэн н.Д-д 25 000 000 төгрөг хүү 5 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөг төлсөн, н.А 3 000 000 төгрөг төлж үлдсэн мөнгийг бусад зардалд зарцуулсан талаар тайлбарлан “Бүрэн финанс ББСБ”-д 35 000 000 төгрөгийг зээл үүссэн байдаг. Тухайн зээлийг Н.А- нь “Хаан банк” ХХК-аас авсан зээлийг хаах зорилгоор авсан болох нь төлбөр төлсөн баримт, дансны хуулгаар тогтоогдож байхад хариуцагчийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэсэн байна.

Н.А- нь хэлцэл хийж хүлээж авсан 28 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн боловч “Б Ф ББСБ”-аас авсан зээлийг огт мэдэхгүй гэж шүүхэд мэдүүлж байх боловч

2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 1 000 000 төгрөг Б.Ш-ийн 5062046756 данс

2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1 000 000 төгрөг Б.Ш-ийн 5062046756 данс

2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 1 000 000 төгрөг Б.Ш-ийн 5062046756 данс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг Б.Ш-ийн 5062046756 данс 2017     оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 1 000 000 төгрөг Б.Ш-ийн 5062046756 данс

2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 500 000 төгрөг Б.М-ний данс

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 300 000 төгрөг Б.М-ний данс

2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 600 000 төгрөг Б.М-ний данс

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 500 000 төгрөг Б.М-ний данс

2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 500 000 төгрөг А-ын данснаас Б.Ш-ийн дансруу тус тус төлсөн баримтыг шүүх Н.А-, Б.Ш- нарын хооронд хийсэн 28 500 000 төгрөгийн аман хэлцлийг “Хаан банк”-ны зээл 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зээлийн гэрээний үүргийн төлж дуусгавар болгон хаасан  болохыг тогтоосон  хэдий ч 2014 оноос хойш төлөгдөж буй төлбөр Н.А-, Б.Ш- нар хооронд хийгдсэн дээрх аман хэлцлийн төлбөр гэж үзсэн нь үйл баримтыг  шударгаар  тогтоогоогүй нэхэмжлэгчийг хохироосон үйлдэл болжээ.

Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.А-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 070 000 төгрөгийг гаргуулан Б.Ш-д олгох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 366 547 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тухай

Хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Өөрөө хэлбэл хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хүлээн зөвшөөрсөн, хэлцлийнхээ агуулгыг эндүүрч хийхээс гадна эрүүгийн хэрэгт шалгагдсан шалтгаантай холбогдуулан бодит байдлыг үл ухамсарлан хүлээн зөвшөөрсөн болох тогтоогдохын зэрэгцээ өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийн төлөлтийг хийж байсан байх ба бодит байдал дээр уг зээл нь 35 000 000 төгрөгөөс 41 000 000 төгрөгийн хэмжээтэй хохирол үүссэн болох нь хариуцагчийн буруутай үйлдлээс болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-т зааснаар гаргасан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн "Хохирол барагдуулах тухай гэрээ"-г болон 35 000 000 төгрөгийн зээлийг барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй байна." гэх үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн "Хохирол барагдуулах гэрээ" болон 35 000 000 төгрөгийн зээлийг барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Н.А- нь “БФ ББСБ”-аас Б.Ш-ээр дамжуулж авсан 35 000 000 төгрөгийн зээлийг төлөх байсан тул Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Б.Ш- нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гомдол гаргаж Н.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн 201526010219 дугаартай хавтаст хэргийг үүсгэн мөрдөн шалгасан байдаг.Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 1735 дугаар тогтоолоор нотлогдож байдаг.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт “Хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй”. Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт “Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй”.

Хариуцагч Н.А- нь цагдаагийн байгууллагад мөрдөн шалгагдаж байх явц, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол гарснаас хойш хугацаанд Б.Ш-д төлбөр төлж байсан нь тогтоогдсон байдаг.

Шүүх хариуцагчийн эрх ашгийг хамгаалан нэг талыг баримтлан хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан байх тул иргэн Н.А-, Б.Ш- нарт холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүхэд дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ш- нь хариуцагч Н.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32 436 547 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч “Хохирол барагдуулах тухай гэрээ”-г болон “35 000 000 төгрөгийн зээлийг барагдуулах тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2015/04437 тоот захирамжаар Б.Ш- нь зээлийн гэрээний үүрэгт 39 497 654 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар Б.Ш- 39 497 654 төгрөгийг төлж барагдуулсан байна. /1 хавтас 9-10 дугаар тал/

 

            Мөн Б.Ш-, Н.Бат-Өлзий нар 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Хаан банк” ХХК-тай Барьцаат зээлийн гэрээ байгуулж уг гэрээгээр 30 000 000 төгрөг 24 сарын хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэй зээлсэн. Б.Ш- 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр дээрх зээлийг 21 838 871 төгрөг төлж зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ш- “Б Ф ББСБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу авсан 35 000 000 төгрөгийг хариуцагч Н.А-т хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, харин хариуцагч Н.А- 28 500 000 төгрөг авсан болохоо үгүйсгээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ.

 

            Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Ш- нь хариуцагч Н.А-ээс мөнгөө төлөхийг шаардах эрхтэй.

 

            Анхан шатны шүүх зохигчдоос нотлох баримтаар гаргасан Хаан банкны мөнгөн шилжүүлгийг үндэслэн хариуцагч Н.А- зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Ш-д 2 070 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

            Нэхэмжлэгч Б.Ш- нь хариуцагчийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэх үндэслэлээр үүсгэсэн эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1 хавтас 70-74 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Нэхэмжлэгч Б.Ш- нь хариуцагч Н.А-т “Хохирол барагдуулах тухай гэрээ”-ний дагуу 35 000 000 төгрөг өгсөн болохоо нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

            Иймд анхан шатны шүүх хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/00041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 005 653 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО