Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/08

 

 

 

 

*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Төмөртулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн /онлайнаар/, Б.Энхтуяа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/310 дугаар шийтгэх тогтоолтой *******д холбогдох 1934005430285 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өндөр овгийн Бадрахын Баянтуул, Баянхонгор аймгийн Жинст суманд 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Усны аж ахуй в1-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: ВН:900424**,

Шүүгдэгч ******* нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнжийн 2103 тоот хашаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Э.Мөнгөншагай, Б.Дашмаа нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар тэдний толгойн тус газар нь туйпуугаар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/310 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Өндөр овгийн Бадрахын Баянтуулыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Өндөр овгийн Бадрахын Баянтуулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Өндөр овгийн Бадрахын Баянтуулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн 1934005430285 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Цэцэгбаяр нь шүүгдэгч *******д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Өндөр овгийн Бадрахын Баянтуулаас 1.237.095 /нэг сая хоёр зуун гучин долоон мянга ерэн тав/ төгрөгийг гаргуулж хохирогч НЭ76052608 дугаарын регистртэй, Боржигон овгийн Батбуянгийн Дашмаад олгохоор,

            Хохирогч НЭ:76052608 дугаарын регистртэй, Боржигон овгийн Батбуянгийн Дашмаа нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Өндөр овгийн Бадрахын Баянтуулаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Өндөр овгийн Бадрахын Баянтуулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие 2009 онд нөхөр болох Э.Мөнгөншагайтай гэр бүл болж хүү Билэгтийг төрүүлсэн билээ. Бид хүүгийнхээ хамт хоёр идэхгүй, хоосон хонохгүй бусдын адил л амьдарч байсан боловч, хүний амьдрал эрээнтэй бараантай тул нөхөр маань өөр эмэгтэйтэй амьдрах болж, бидний амьдрал салсан билээ.

Гэтэл хэрэг гарах өдөр буюу 2019.07.10-ны өдрийн урьд өдөр нь нөхөр Мөнгөншагай маань хүү бид хоёртой ирж уулзаад буцаж амьдрах талаар ярилцаад явсан ба маргааш нь ирээгүй. Баяр наадам болж байсан тул хүү бид хоёр ороод ирэх болов уу гэж зөндөө харсан боловч ирээгүй тул би биеэ барьж дийлэхгүй амьдарч байсан гэр нь очиж, 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

Би өөрийн үйлдсэн хэргийн талаар ямар нэгэн маргаан байхгүй төрийн хуулийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа боловч анхан шатны шүүхээс оногдуулсан ял, хохирогч Б.Дашмаагийн гаргасан хохирол төлбөрийн байдлыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "...600.000 төгрөгний торгох ялыг оногдуулж, уг ялыг 3 сар буюу 90 хоногт багтаан..." төлж барагдуулахаар заасан билээ.

Гэтэл миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин хөлсгүй, зүрхний архаг дутмагшил өвчний улмаас хэт таргалалттай болж /148 кг/ ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, одоо хүүгийн хамт эмээгийндээ амьдардаг болно.

Мөн нөхөр Э.Мөнгөншагай маань биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 2020.06.22-ны өдөр нас барсан ба төрсөн эгч Э.Цэцэгбаяр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож, эрүүгийн 1934005430285 дугаартай хэрэгт ямар нэгэн гомдол саналгүй гэсэн хүсэлтээ шүүхэд өгсөн.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 600.000 торгох ялыг доод хэмжээгээр багасгаж, ял биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож бидний амьдралд туслана уу.

2.Шүүхээс хохирогч Б.Дашмаад эмчилгээний зардалд 1.387.095 нэхэмжилснээс эмчилгээ болон эд хөрөнгийн хохиролд нийт 1.237.095 төгрөгийг гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар Б.Дашмаагийн биед тогтоогдсон "...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал гэмтлүүд нь хуучин гэмтэл байх ба хэзээ үүсгэгдснийг нарийвчлан тогтоох боломжгүй..." гэсэн дүгнэлтийг тусгай мэдлэг мэргэшил бүхий байгууллагын шинжээч гаргасан атал шүүх хурлын үед Дашмаагийн нэхэмжилсэн "...нүдний хагалгаанд..." орно хараа муудсан гэх мэдүүлгийг үндэслэн шүүх цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулахаар нээлттэй орхиж шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл 2019.07.18-ны өдрийн 460 дугаартай дүгнэлтэд дурьдагдсан "...хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт үүссэн шарх зөөлөн эдийн няцрал, хамар баруун бугалга, сарвуу зүүн бугалга баруун тавхайн зулгаралт гэмтлийн улмаас 1.387.095 төгрөгний эмчилгээ хийгдэж, түүгээр ч барахгүй цаашид эмчлүүлэх шаардагдах зардлыг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

3.Хэрэг шүүхэд шилжснэээс хойш 3 удаа хойшилсон ба хэргийн үзлэгээр тоосго байхгүй байна гэж байсан атал анх хурал эхэлхэд хохирогч Б.Дашмаа нь "хаалганы хажууд байсан тоосгыг хараагүй байна.." гээд барьж ирсэн. Энэ үндэслэлээр хурал хойшилж байсан болно.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 310 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтэндээ: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байна. Шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хохирлын баримтыг нэг бүрчлэн шалгаагүй. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан саналдаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шийтгэх тогтоолоор учруулсан хохирол, гэм бурууд тохироогүй ял оногдуулсан. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтанд үндэслэн хохирлыг буруу тооцож гаргасан. Торгох ялын доод хэмжээ болох 450.000 төгрөгөөр торгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн ******* гаргасан тайлбартаа: Шүүхээс гаргасан шийдвэрт эмчилгээний зардлыг жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэнд гомдол гаргасан. Торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1934005430285 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Шүүгдэгч ******* нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Дэнжийн 2103 тоот хашаанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Э.Мөнгөншагай, Б.Дашмаа нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар тэдний толгойн тус газар нь туйпуугаар цохиж хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

Хохирогч Б.Дашмаа /хх-ийн 9-10,130 дугаар хуудас/, хохирогч Э.Мөнгөншагай /хх-ийн 13,131 дугаар хуудас/, яллагдагч ******* /хх-ийн 30-31, 61 дүгээр хуудас дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 483 дугаартай /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 461 дугаартай /хх-ийн 19 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 460 дугаартай /хх-ийн 21 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1208 дугаартай /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 576 дугаартай /хх-ийн 197-212 дүгээр хуудас/дүгнэлтүүд,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20/16 дугаартай ...Б.Дашмаагийн эвдэрсэн 10 ширхэг эд зүйлсийг 206800 /хоёр зуун зургаан мянга найман зуу/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 137-142 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хохирогч Б.Дашмаагийн хохирлын баримтууд /хх-ийн 98-112, 133-134 дүгээр хуудас/, шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 32-36, 38-41, 60-61 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь “Шүүхээс хохирогч Б.Дашмаад эмчилгээний зардалд 1.387.095 нэхэмжилснээс эмчилгээ болон эд хөрөнгийн хохиролд нийт 1.237.095 төгрөгийг гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн. ... анхан шүүхээс оногдуулсан 600.000 торгох ялыг доод хэмжээгээр багасгаж, ял биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх хохирлын талаар нотлох баримтад үндэслэн эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хэргийн ямар нотлох баримтыг үндэслэн хохирогч Б.Дашмаад эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохиролд 1.237.095 төгрөг гаргуулах болсон хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан заасантай нийцээгүй байна.

Хавтаст хэрэгт хохирогч Б.Дашмаагийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой 1.227.795 төгрөгийн нотлох баримт авагдсан байна. Үүнээс 138.000 төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэстэй байна. Үлдэх 1.089.795 төгрөгийн баримтууд нь эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын баримтууд гэж үзэх боломжгүй буюу нотлогдохгүй баримтууд байна. Тухайлбал хохирогчийн ямар эд хөрөнгөд хохирол учирсан нь нотлогдоогүй, авсан эмийн нэр тодорхойгүй, зарим эмнүүд нь хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролтой шалтгаант холбоогүй, эрүүл мэндийн даатгал төлөгдсөн, зарцуулалт нь тодорхойгүй шатахууны баримтууд байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч ******* нь хохирогч *******д 150.000 төгрөг өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасан. Хавтаст хэрэгт шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой нотлох баримтууд авагдаагүй байх тул хуулийн дээрх заалтыг хэрэглэн оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох боломжгүй байна. Иймд шүүгдэгчийн гаргасан анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/310 дугаартай шийтгэх тогтоолын 7, 8 дугаар заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Өндөр овгийн Бадрахын Баянтуул нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлын зарим болох “анхан шүүхээс оногдуулсан 600.000 торгох ялыг доод хэмжээгээр багасгаж, ял биелүүлэх хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА

 

     ШҮҮГЧИД                                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ