| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0128/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/238 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/238
2025 05 12 2025/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч О.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.У-т холбогдох эрүүгийн 2525000000071 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
С овгийн О-ийн У, Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн **** тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд: Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч О.У нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 03 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баян-Өндөр хотхоны *** тоотод О.Ц-тай маргалдаж, баруун гуя хэсэгт хайчаар хатгаж, хохирогчийн эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх, цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.У мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр өдрийн асуудлаас болж маргалдсан. Хохирогч нэхэмжлэл гаргана гэсэн боловч гаргаж өгөөгүй” гэв.
Хохирогч О.Ц “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо нэхэмжлэх эрхийг хангаж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч О.Ц-н “2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байсан чинь гаднаас миний танил манай байрны У гэх залуу нэг үл таних эрэгтэй хүнтэй орж ирсэн. Орж ирээд У нь хөгшин өлсөөд байна. Танайд хоол хийж идэж болох уу гэж асуухаар нь би тэгээ хөгшөөн манайд мах бол байна өөр хүнсний юм алга байна баяр ёслол болоод хамаг дууссан байна чи гаднаас 2 хирчсэн гурил авч орж ирээд цуйван хийгээд идүүл идээ гэж хэлсэн чинь У за хөгшин нь гурил оруулаад ирнэ гэж хэлээд би гэртээ махаа гаргаад У би нөгөө үл таних С гэдэг залуу бид 3 цуйвангаа хийгээд идсэн надад аягалж өгхөөр за би зүгээрээ дараа иднэ чи ширээн дээр тавьчих гэж хэлсэн чинь за гээд ширээн дээр тавьсан. Тухайн үед У С хоёр 0,2 граммын стандарт нэртэй хуванцар савтай архи аваад орж ирсэн юм аа. Тэрийг нь уучаад байж байсан юм. Тухайн У тай орж ирсэн С гэх залуу нь Улаанбаатар хотод байдаг маргааш буцаад явна гэж ярьж байсан Эрдэнэтэд таньдаг айл байхгүй хонох газар байхгүй гээд манайд ирсэн юм. Тэгээд байж байгаад би том өрөөнийхөө буйдан дээр хэвтэж байсан гэнэт У ирээд миний баруун хөлийн гуянд манай гэрийн хар хөх өнгийн иштэй хайчаар хатгаад авсан” гэх мэдүүлэг./хх-ийн 24-25 дахь тал/
2. Гэрч Д.Н-н “2025 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн орчимд үүдний хаалга нүдээд байхаар нь онгойлгоход миний хүү У байсан бөгөөд ээж манай найз Ц нь заазууран дээр унаж цус алдаад тогтохгүй байна, таны утсаар түргэн дуудъя гэж хэлсэн. Ингээд би өөрийнхөө утсаар түргэн дуудаж хүү маань цагдаа руу залгасан. Тэгээд би хүүгийн хамт Ц ын гэрт ороход Ц нь танихгүй нэг залуугийн хамт 2-лаа байж байсан түүний гуянаас цус гарч байсан юм. Би Ц аас юу болсон талаар асуухад заазууран дээр уначихсан юм гэж хэлсэн. Тэгээд цагдаад хэлсэн юм. Надад мэдэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар хуудас/
3. Гэрч А.С ийн “Би 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд О.У гэх өөрийн танилтай Даниста худалдааны төвийн орчимд тааралдаад 3 шил Хараа нэртэй 0.75 литртэй архи уугаад орой 23 цагийн орчимд У орой болсон байна манай байрны тийш явж манай найзынд очиж хоноё гэсэн тэгээд Дэнж багийн Баян-Өндөр гэх байрны *** дугаар байрны *** тоотод У ын найз Ц гэх айлд ороход Ц ганцаараа байсан тэгээд орохдоо У бид хоёр 200 грамм Өргөө нэртэй архитай орсон тэгээд тэрийгээ хувааж тойруулах гэхээр нь би уухгүй та хоёр хуваагаад уучих гэж хэлээд унтах гэж хэвтээд унтаад өгсөн байсан тэгээд унтаж байсан чинь У гэнэт татаж сэрээгээд утсаа өг гэсэн тэгэхээр надад ямар утас юу байхав дээ юу болов гэсэн чинь Ц ын баруун талын бүдүүн гуянаас цус гарч байсан гээд У гүйж гараад ээжийнхээ утсыг авч ирэхээр явсан би тэр хооронд нь Ц ын цусыг тогтоох гэж оролдсон боловч тогтохгүй би 00-н цаасаар гуяны шархан дээр нь дарсан тэгээд байж байтал У ээжийнхээ гар утсыг авч ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгснээ би цагдаа дуудчихлаа тэр хайчийг хаячих гэж надад хэлсэн тухайн хайч нь жижгэвтэр бараан өнгийн л хайч байсан тэгэхээр нь би тухайн хайчийг нь аваад гал тогооны шүүгээ рүү нь хийсэн юм тэгээд байж байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн. Би энэ хэргийг У ыг үйлдсэн гэж бодож байна. Учир нь тухайн гэрт бид гураваас өөр хүн байгаагүй мөн У цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө заазууран дээр Ц ыг уначихлаа гэж дуудлага өгсөн, яаж ч заазууран дээр унасан Ц ын биед учирсан шиг тийм гэмтэл үүсэхгүй тухайн гэмтэл нарийн үзүүртэй зүйл орсон мэт 1 сантиметр орчим өргөнтэй гэмтэл байсан ба Ц ямар ч заазууран дээр унасан шинжгүй орон дээрээ л хэвтсэн хэвээрээ байсан. Цус алдсан байдал нь ч гэсэн орон дээр цус алдсан байсан тэгээд цагдаад дуудлага өгчихлөө тэр хайчийг хаячих гэж надад хэлсэн нь надад бас их сонин санагдаж байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 дэх тал/
4. Яллагдагч О.У ын “2025 оны 01 сарын 02-ны өдөр би О.Ц-н гэрт нэг танил С гэх залуутай очсон. Тэгээд өлсөөд байсан болохоор Ц аас аймар өлсөөд байна хоол хийж идэж болох уу гэж асуухад болноо чи гараад хэрчсэн гурил аваад ир гэж хэлэхээр нь би гараад дэлгүүрээс 2 ширхэг хэрчсэн гурил, 1 ширхэг 0,5 граммын архи аваад буцаад орж ирээд цуйван хийж идээд авсан 0,5 граммын архиа бид 3 хуваагаад уусан. Тэгээд Ц бид 2 архиа ууж байгаад хоорондоо маргалдаад би Ц ыг айлгах гээд жижигхэн хайчийг ширээн дээрээс аваад, хальт гуя руу нь дүрэх гээд гараа хөдөлгөсөн чинь гуя хэсгийг нь хайчаар хатгачихсан. Тэгээд би сандараад цагдаа дуудсан. Тухайн үед Ц ын цусыг тогтоох гээд зөндөө оролдоод тогтоосон байсан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарийг аваад явсан. Би цагдаад энд нэг хүн заазууран дээр уначихлаа гэж хэлээд дуудлага өгсөн. Яг үнэндээ заазууран дээр биш би хайчаар хатгачихсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 46-48 дахь тал/
5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 196 дугаартай “О.Ц-н биед баруун гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Баруун гуянд шарх, цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдпоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 34-35-р тал/
6. Хэргийн газарт болон хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зургууд. /хх-ийн 10-19 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч О.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 03 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баян-Өндөр хотхоны *** тоотод шалтгаангүйгээр О.Ц-н баруун гуя хэсэгт хар өнгийн иштэй хайчаар хатгаж, хохирогчийн эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх, цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-т 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь 13 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялаас хасч шүүгдэгчид оногдуулах ялыг 616 цагийн хугацаагаар тогтоох нь зүйтэй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Ц-н “би том өрөөнийхөө буйдан дээр хэвтэж байсан гэнэт У ирээд миний баруун хөлийн гуянд манай гэрийн хар хөх өнгийн иштэй хайчаар хатгаад авсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Н-н “би хүүгийн хамт Ц ын гэрт ороход Ц нь танихгүй нэг залуугийн хамт 2-лаа байж байсан түүний гуянаас цус гарч байсан юм. Би Ц аас юу болсон талаар асуухад заазууран дээр уначихсан юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч А.С ийн “Ц ын баруун талын бүдүүн гуянаас цус гарч байсан гээд У гүйж гараад ээжийнхээ утсыг авч ирэхээр явсан би тэр хооронд нь Ц ын цусыг тогтоох гэж оролдсон боловч тогтохгүй би 00-н цаасаар гуяны шархан дээр нь дарсан тэгээд байж байтал У ээжийнхээ гар утсыг авч ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгснээ би цагдаа дуудчихлаа тэр хайчийг хаячих гэж надад хэлсэн тухайн хайч нь жижгэвтэр бараан өнгийн л хайч байсан тэгэхээр нь би тухайн хайчийг нь аваад гал тогооны шүүгээ рүү нь хийсэн юм тэгээд байж байтал цагдаагийн алба хаагч нар ирсэн” гэх мэдүүлэг, яллагдагч О.У ын “би Ц ыг айлгах гээд жижигхэн хайчийг ширээн дээрээс аваад, хальт гуя руу нь дүрэх гээд гараа хөдөлгөсөн чинь гуя хэсгийг нь хайчаар хатгачихсан. Яг үнэндээ заазууран дээр биш би хайчаар хатгачихсан юм” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 196 дугаартай дүгнэлт, хэргийн газарт болон хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зургууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.У нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 03 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баян-Өндөр хотхоны *** тоотод О.Ц-н баруун гуя хэсэгт хайчаар хатгаж, хохирогчийн эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх, цус хуралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч О.У нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.У-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ц-н эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч О.Ц нь хохирлоо нэхэмжлэх эрхийг хангаж өгнө үү” гэсэн тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.У нь 13 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялаас хасч тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн О-ийн У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-г 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У ын цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялаас хасч шүүгдэгчид оногдуулах ялыг 2 сар 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.У-т оногдуулсан 2 сар 17 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрэх комисст даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч О.Ц нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС