Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 146/ШШ2022/00153

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ***** гудамж, ****** гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, ******* байрлах хаягтай, ****** холбогдох гэрээний үүрэгт 19,296,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өвөрхангай аймгийн Хархорин сумын ****** багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг ****** нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сантай 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ***** дугаартай зээлийн гэрээ байгуулан, 5 жилийн хугацаатайгаар 15,000,000 төгрөгийг эргүүлэн төлөх нөхцөлтэй, жилийн 2.4 хувийн хүүтэйгээр зээл авсан.

******ноос гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2021 оны 08 дугаар сард тооцоо нийлсэн актаар үндсэн зээл 12,864,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд анз тохирсон учир биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодоход 6,432,000 төгрөг нийт 19,296,000 төгрөгийг гаргуулж ******д олгож өгнө үү... гэв.

Хариуцагч *****ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...***** нь *****гаас 15,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээл нь барьцааны гэрээтэй. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тул анз тооцож 6,432,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуульд заасан үүргийг гүйцэтгэлийг хамруулах хэлбэр нь анз, дэнчин, баталгаа байдаг. Гэтэл уг зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ хийгдсэн тул анз тооцох нь тохиромжгүй байна. Хариуцагч ****** нь үндсэн зээлийн төлбөр 12,864,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Анз 6,432,000 төгрөгийг төлөхгүй гэв.

            Шүүх *******гаас 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 01/306 дугаартай ***** олгосон итгэмжлэл,  ****** тоот 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* тоот зээлийн гэрээний барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******ны үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ***** дугаартай улсын бүртгэлийн хэлтсийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 09-ний, 2014 оны 06 дугаар сарын 02-ны /газар захиран зарцуулах/ өдрийн итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай МУ-ын ЗГ-ын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* гийн ажлын алба Төрийн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн **** дугаартай ****** сайдын тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ***** , ****** тоо нийлсэн акт 59, *****ы улсын бүртгэлийн лавлагаа, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** хариуцагч *****нд холбогдуулан үүргийн гүйцэтгэл 12,864,000 төгрөг, анз 6,432,000 төгрөг нийт 19,296,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа *****ны дарга ******с нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул шүүхээс хоршооны дарга *****д нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж өгөхөд **** гэрээ байгуулах үед би уг ***** дарга нь байсан. Харин одоо өөрчлөгдсөн гэж тайлбар гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс тодруулахад зээлийн гэрээ байгуулах үед *****ны даргаар **** ажиллаж байсан. Тус ***** дарга солигдсоныг мэдээгүй. Тус ******г хариуцагчаар татаж байна гэж хариуцагчаа тодруулж тайлбар гаргасан. ****** яамны мал хамгаалах сан ******той ***** тоот зээлийн гэрээг байгуулсан байх ба *******сан 2020 оны 01 дүгээр сарын 31-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ***** дугаартай МУ-ын ******** сайдын тушаалаар ******д хөрөнгө балансаас балансад шилжүүлэхийг үүрэг болгожээ.

***** нь *******ноос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүссэн байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч ******** нэхэмжлэлийн шаардлагаас анз 6,432,000 төгрөг төлөхийг эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ хийгдсэн. Гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгө барьцаална гэж заасан тул анз 6,432,000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 Нэхэмжлэгч  ******** нь хариуцагч **********той 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай *********** тоот гэрээ байгуулсан байна. /хх-ийн 4-6 дугаар хуудас/

2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний тооцооны үлдэгдэл 12,864,000 төгрөг, анз 6,432,000 төгрөг нийт 19,296,000 төгрөг болох нь тооцоо нийлсэн актаар /хх-ийн 26 дугаар хуудас/ тогтоогдож байх ба хариуцагч ********** шүүх хуралдаанд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,864,000 төгрөг төлнө маргахгүй гэж тайлбар гаргасан.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа ******* хариуцагч *******ны хооронд үүссэн, гэрээний дагуу эргэн төлөлтөд 2,136,000 төгрөгийг ********* төлсөн, гэрээний нөхцлийн дагуу тооцоход үндсэн төлбөр, хүү нийт 12,864,000  төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тооцоо нийлсэн акт /хх-ийн 26 дугаар хуудас/, зээлийн гэрээ /хх-ийн 4-6 дугаар хуудас/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч  зээлийн гэрээний гүйцэтгэл одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 7.1.1-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 6,432,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбар гаргасан.

            Харин хариуцагч өнгөрсөн хугацаанд санхүүгийн байдал хүндэрсэн, сүүлийн 5 жил уг ***** Х тайлан гаргаж байгаа, мөн барьцааны гэрээ байгуулсан атлаа анз 6,432,000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, анз төлөхгүй гэсэн тайлбар гаргаж маргаж байх ба маргаж буй үндэслэлээ барьцааны гэрээ байгуулсан тул анз нэхэмжилж байгаа нь тохиромжгүй гэжээ.

            ******* тоот зээлийн гэрээний 7.1.1-д зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлнө гэж тохирсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан тул ******** тоот зээлийн гэрээний 7.1.1-д тохирсноор нэхэмжлэгч ***** хариуцагч ********с анз нэхэмжлэх эрхтэй.

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.

Зохигч зээлийн гэрээндээ анз төлөхөөр тохирсон, анз 6,432,000 төгрөг нэхэмжилсэн нь гүйцэтгээгүй үүрэг 12,864,000 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан боловч хариуцагч багасгах талаар хүсэлт гаргаагүй болно.

Хариуцагч нь ******** үйл ажиллагаа явуулахгүй Х тайлан гаргаж байгаа болон төлбөр төлбөрийн чадваргүй болсон гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзах үндэслэл болохгүй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч анзын хувьд тохирч багасгаж болно гэж тайлбар гаргасан боловч хариуцагч анзын хувьд эвлэрэх боломжгүй гэсэн тайлбар гаргасан.

Иймд хариуцагч ********с зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 12,864,000 төгрөг, анз 6,432,000 төгрөг нийт 19,296,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********д олгож шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааныг товлох талаар мэдэгдэхэд ямар нэг хүсэлт гаргаж өгөөгүй ба шүүх хуралдаанд уг хоршооны татварын тайлан, хөрөнгийн лавлагааг шүүхээр гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд эдгээр баримтыг хариуцагч өөрөө гаргаж ирүүлэх боломжтой байх тул хүсэлтийг хангахаас татгалзсан.

            Нотлох баримт гаргаж өгөхийн тулд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч төрийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч **********с нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид 254,430 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч ***********с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,864,000 төгрөг, анз 6,432,000 төгрөг нийт 19,296,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ********д олгосугай

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч *********с 254,430 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА