| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0198/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/227 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/227
2025 05 05 2025/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Э.Г
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 2525000000196 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Ж-ийн Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ж.Б нь Фейсбүүк цахим орчинд 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “О А” гэх хаягаас “Моней, Лэнд.мн апп дээр зээлийн эрх үүсгэж өгнө” гэх хуурамч зар байршуулан тус зарын дагуу хохирогч Б.Б-н өөрийн хэрэгцээнд ашиглахаар 2 500 000 төгрөгийн зээл авах сонирхлыг далимдуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний “БИД" апликейшний нэвтрэх нэр нууц үг, худалдаа хөгжлийн банкны нэвтрэх нэр нууц үг зэргийг авч “БИД” апликейшний хэтэвчнээс 293 300 төгрөг авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Хохирлыг төлсөн” гэв.
Хохирогч Б.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо гаргуулна” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Б-н “Би 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд Эрдэнэт зар дээр “О А” гэх хаягтай хүн бид “Моней, Ленд.мн” гэх апп дээр зээлийн эрх үүсгэж өгнө гэх зарын дагуу мөнгө хэрэгтэй байсан болохоор тухайн фейсбүүктэй чатаар холбогдоод сайн байна уу эрх гаргуулах гэсэн юм гэтэл ямар апп дээр вэ гэхэр Бид апп дээр гаргуулна гэтэл аан за 21-с дээш насны 7-8 апп дээр зээлгүй байхад болно, 20 хувиар гаргаж өгч байгаа шүү 1-т бүртгэлээ өгч байгаарай. 2-т ямар төрлөөр гарахаар байна харна, 3-т ямар төрлөөс зээл гарахаас хамаарч зээлийн хүсэлт явуулна, гарсан зээлээс 20 хувь авна, хэдийн зээлтэй вэ ямар апп дээр вэ явуулаад өгөөрэй гэж хэлэхээр нь би миний дугаар дээр 72722828 гэх кодыг тухайн хүн рүү явуулсан. Хэсэг хугацааны дараа тухайн хүн өөрөөс чинь зээл гарахгүй юм байна, барьцаа байршуулаад гаргаж болох юм байна машин, хашаа байшин, байр, машин зэрэг байж болно эсвэл авах гэж буй зээлийнхээ 10 хувийг байршуулаад гаргаж болох юм байна гэсэн. Тэгэхээр нь би итгээд Бид апп-н хэтэвч хэсэгт 250,000 төгрөг байршуулсан тэгтэл өөрт чинь 3,800,000 төгрөг гарах юм байна нэг авбал дахиж авахгүй шүү дээ болох юм уу гэсэн. Тэгэхээр нь би 2,5-р авъя гэсэн чинь нэг авчихвал дахиж авах боломжгүй шүү гэхээр нь 2,500,000-р авъя гэж хэлсэн тэгтэл Худалдаа хөгжлийн банкны данс байдаг уу гэж хэлэхээр нь би юм бодохгүй нэвтрэх нэр, нууц үгээ өгөөд код оо явуулсан. Тэгээд түр хүлээж байгаарай гэж хэлээд дахиад нэг код явуулсан. Би тухайн үед утгыг нь анзааралгүй кодыг нь өгчихсөн. Тэгтэл тэр нь 43,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл аваад “Бид” аап-н данс руу татаад нийт 293,000 төгрөг бид аппс-с зарлага хэлбэрээр шилжүүлж авсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18-р тал/
2. Гэрч Г.Б-н “Би тухайн асуудлын талаар мэдэхгүй байж байгаад таныг надтай холбогдож ярихаар Б-с болсон асуудлын талаар тодруулахад би тухайн зүйл болдог эсэхийг сонирхоод зээлийн апп-р дамжуулан бусдын хандах эрхээр нэвтэрч зээл гаргаж өөрийн данс руугаа шилжүүлж үзтэл мөнгө нь ороод ирсэн юм гэж хэлсэн надад өөр зүйл яриагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22-р тал/
3.“Бизнес инвест деволопмент ББСБ” ХХК-ны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/26/01 дугаартай “2025.03.13-ны өдөр тус ББСБ-н * тоот дансанд QR танилтаар 200,000₮, 50,000₮, 43,300₮-н нийт 293,300₮-н орлогын гүйлгээ хийгдэж тус харилцагчийн хэтэвчинд хуваарилагдаж улмаар тус өдрөө 292,900 төгрөгөөр Хаан банкны * Б Ж гэх данс руу зарлагын гүйлгээ хийгдсэн байна” гэх албан бичиг. /хх-ийн 43-р тал/
4. Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б-25/301 дугаартай “* тоот данс эзэмшигч нь Ж овогтой Б (РД:) данс болохыг тодорхойлсон албан бичиг. /хх-ийн 45-р тал/
5. Ж овогтой Б (РД:)-н * дугаарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 46-р тал/
6. Яллагдагч Ж.Б ын “Би 2024 оны 03 дугаар сард өөрөө зээлийн апликейшн дээр зээл гаргаж өгнө гэх хуурамч зарын дагуу холбогдож 1,600,000 төгрөг шилжүүлж залилуулж байсан юм. Миний яллагдагчаар татагдаад байгаа хэрэгт тухайн үед буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би “О А” гэх фэйсбүүк хаягнаас “Бид, Моней, Лэнд.мн дээр зээлийн эрх үүсгэж өгнө” гэх хуурамч зарыг фейсбүүк цахим орчинд байршуулсан юм. Тухайн зарыг тавиад 20-30 минутын хугацаа өнгөрч байхад хүмүүс чат бичээд эхэлсэн, тэгээд би энэ хэрэг дээр гомдол гаргасан хүнтэй чатаар харилцаж зээлийн эрх үүсгэж өгнө гэж хэлээд Бид апликейшных нь нэвтрэх нэр, нууц үг, худалдаа хөгжлийн банк зэргээр нь нэвтрээд тэрний дараа тухайн хүнд “2,500,000 төгрөгний зээл гаргаж өгнө гэж хэлээд арван хувийг нь байршуулаад зээл гаргах боломжтой юм байна гэж хэлээд бид апликейшнээс нь 292,900 төгрөгний зээл гаргаж, өөрийн эзэмшлийн хаан банкны * тоот дугаарын данс руу гүйлгээ хийж залилсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Э.Г дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Б нь Фейсбүүк цахим орчинд 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “О А” гэх хаягаас “Моней, Лэнд.мн апп дээр зээлийн эрх үүсгэж өгнө” гэх хуурамч зар байршуулан тус зарын дагуу хохирогч Б.Б-н өөрийн хэрэгцээнд ашиглахаар 2 500 000 төгрөгийн зээл авах сонирхлыг далимдуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний “БИД" апликейшний нэвтрэх нэр нууц үг, худалдаа хөгжлийн банкны нэвтрэх нэр нууц үг зэргийг авч “БИД” апликейшний хэтэвчнээс 293 300 төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, банкны дансны хуулга, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-н “Бид апп дээр гаргуулна гэтэл аан за 21-с дээш насны 7-8 апп дээр зээлгүй байхад болно, 20 хувиар гаргаж өгч байгаа шүү 1-т бүртгэлээ өгч байгаарай. 2-т ямар төрлөөр гарахаар байна харна, 3-т ямар төрлөөс зээл гарахаас хамаарч зээлийн хүсэлт явуулна, гарсан зээлээс 20 хувь авна, хэдийн зээлтэй вэ ямар апп дээр вэ явуулаад өгөөрэй гэж хэлэхээр нь би миний дугаар дээр 72722828 гэх кодыг тухайн хүн рүү явуулсан, би итгээд Бид апп-н хэтэвч хэсэгт 250,000 төгрөг байршуулсан тэгтэл өөрт чинь 3,800,000 төгрөг гарах юм байна нэг авбал дахиж авахгүй шүү дээ болох юм уу гэсэн. Тэгэхээр нь би 2,5-р авъя гэсэн чинь нэг авчихвал дахиж авах боломжгүй шүү гэхээр нь 2,500,000-р авъя гэж хэлсэн тэгтэл Худалдаа хөгжлийн банкны данс байдаг уу гэж хэлэхээр нь би юм бодохгүй нэвтрэх нэр, нууц үгээ өгөөд код оо явуулсан. Тэгээд түр хүлээж байгаарай гэж хэлээд дахиад нэг код явуулсан. Би тухайн үед утгыг нь анзааралгүй кодыг нь өгчихсөн. Тэгтэл тэр нь 43,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл аваад “Бид” аап-н данс руу татаад нийт 293,000 төгрөг бид аппс-с зарлага хэлбэрээр шилжүүлж авсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Б-н “би тухайн зүйл болдог эсэхийг сонирхоод зээлийн апп-р дамжуулан бусдын хандах эрхээр нэвтэрч зээл гаргаж өөрийн данс руугаа шилжүүлж үзтэл мөнгө нь ороод ирсэн юм гэж хэлсэн надад өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг, “Бизнес инвест деволопмент ББСБ” ХХК-ны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/26/01 дугаартай албан бичиг, Хаан банкны 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б-25/301 дугаартай “* тоот данс эзэмшигч нь Ж овогтой Б (РД:) данс болохыг тодорхойлсон албан бичиг, Ж овогтой Б (РД:)-н * дугаарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, яллагдагч Ж.Б ын “энэ хэрэг дээр гомдол гаргасан хүнтэй чатаар харилцаж зээлийн эрх үүсгэж өгнө гэж хэлээд Бид апликейшных нь нэвтрэх нэр, нууц үг, худалдаа хөгжлийн банк зэргээр нь нэвтрээд тэрний дараа тухайн хүнд “2,500,000 төгрөгний зээл гаргаж өгнө гэж хэлээд арван хувийг нь байршуулаад зээл гаргах боломжтой юм байна гэж хэлээд бид апликейшнээс нь 292,900 төгрөгний зээл гаргаж, өөрийн эзэмшлийн хаан банкны * тоот дугаарын данс руу гүйлгээ хийж залилсан юм.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Б нь Фейсбүүк цахим орчинд 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “О А” гэх хаягаас “Моней, Лэнд.мн апп дээр зээлийн эрх үүсгэж өгнө” гэх хуурамч зар байршуулан тус зарын дагуу хохирогч Б.Б-н өөрийн хэрэгцээнд ашиглахаар 2 500 000 төгрөгийн зээл авах сонирхлыг далимдуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний “БИД" апликейшний нэвтрэх нэр нууц үг, худалдаа хөгжлийн банкны нэвтрэх нэр нууц үг зэргийг авч “БИД” апликейшний хэтэвчнээс 293 300 төгрөг авч залилсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б ын үйлдлийн улмаас хохирогч Б.Буянжаргалд 293 300 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгч Ж.Б-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирол нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдад харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ж ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС