| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0199/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/226 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/226
2025 05 05 2025/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 2525000000185 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Т.Б.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ зочид буудлын 101 тоот өрөөнд эхнэр К.Б-тай маргалдах явцдаа, тус маргааныг болиулах гэсэн хохирогч К.М-н толгойн хэсэгт нь ус буцалгагчаар цохиж, эрүүл мэндэд нь “дагзанд шарх зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн шийтгэж өгнө үү. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч К.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч К.М-н “Би 2025 оны 03 дугаар сарын 08-наас 9-нд шилжих шөнийн 02 цагийн орчим би нөхөр М , дүү охин Б дүүгийн нөхөр Б нарын хамт бид 4 баарнаас гараад Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ зочид буудлын 101 тоотод өрөө авч орсон. Тэгээд бид нар буудал дотроо жоохон юм ярьж сууж байгаад буудлын мини хөргөгчөөс 0.5 граммын касс пиво 1 ширхгийг уугаад байж байтал манай дүү болох Б нь нөхөр болох Б тай хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан.Тухайн үед би тэр хоёр хоорондоо юунаас болж маргалдаад байгааг сайн ойлгоогүй. Тэгээд би босоод та хоёр болиоч гэж хэлсэн нөхөр нь том дугараад эхнэрээ цохих гээд дайраад байхаар нь би дундуур нь орж салгах гэтэл намайг ус буцалгагчаар толгой хэсэгт цохисон. Тэгээд би газар уначихсан байсан. Тэгээд манай дүү цагдаа дуудаач гээд орилж хашхираад байсан. Тэгээд би цус алдаад газар хэвтэж байсан. Тухайн үйл явдлыг сайн санахгүй байна. Тэгээд би нэг мэдэхэд яаралтай тусламж дуудаад намайг ирээд эмнэлэг рүү авч явсан юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, өөрийгөө удирдах чадвартай байсан. Намайг зодсон залуу манай дүү охин болох Б ийн нөхөр байсан юм. Миний толгой хэсэг рүү ус буцалгагчийн саваар 2-3 удаа цохиж байсан. Би тэгээд болиоч гээд тухайн үед толгойноос цус гаргачихлаа гээд орилж байснаа санаж байна. Яаралтай тусламжийн тасагт очиж 4 оёдол толгойнд тавиулсан мөн намайг үзсэн эмч толгой хэсэг судас дайрснаас болж их цус алдсан гэсэн. Надад сэтгэл санааны хохирол учраагүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9 дэх тал/
2. Гэрч Ц.О-н “Би тухайн үед ажлаа хийгээд байж байтал 2025 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 02 цагийн үед 2 эмэгтэй 2 эрэгтэй орж ирээд 101 тоот өрөөнд орсон. 1 эмэгтэй нь манай буудлаар үйлчлүүлж байсан М гээд эмэгтэй байсан. Тэр эмэгтэйн төрсөн өдөр нь болж байгаа гэж байсан Өглөө 07 цагийн үед хоёр эрэгтэй нь гараад явчихсан араас нь М гэх эмэгтэй гараад 20-30 минут болоод тэр гурав гурвуулаа ороод ирсэн. 101 тоот өрөөнд ороод удалгүй М тай цуг явж байсан эмэгтэй чи хэнтэй хаагуур заваарч яваад ирж байгаа юм гээд орилоод хэрүүл болоод эхэлсэн. Тэгээд нэг эрэгтэй нь уурласан бололтой гараад явчихсан, нөгөө эрэгтэй нь ардаас нь гараад буцаад оруулаад ирсэн тэр хоёр буцаж өрөөндөө ороод удалгүй М гэх эмэгтэйтэй цуг явж байсан эмэгтэй туслаарай хүн цохичихлоо гээд орилоод байсан тухайн үед өмнө нь уурлаад гарсан. Нэг эрэгтэй гараад зугтаачихсан би очоод байдлыг харахад ус буцалгагчаар М гэх эмэгтэйн дагз руу нь цохичихсон юм шиг байсан. Тэгээд би эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дахь тал/
3. Гэрч К.Б ийн “Би 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчим гэр бүлийн хамтаар Бүрэнбүст багийн Орхон молл худалдааны 4 давхарт байрлах караокед орж манай төрсөн эгч болох К.М-н төрсөн өдрийн баярыг бид хамт тэмдэглэсэн юм. Тэгээд удалгүй тэндээ 3 цаг орчим сууж дуулж хоол унд идэж сууж байгаад удалгүй гарахаар болсон. Тэгээд тэндээс гараад М эгч М эгчийн нөхөр манай нөхөр болох Б бид 4 гараад Зэст багийн нутаг дэвсгэр байрлах Сэт бааранд орж хэсэг бүжиглэж тэндээ 0.75 граммын Эдэн архи хувааж уусан. Тэгээд удалгүй тэндээс 01 цагийн орчимд гараад Оюут багийн Сэлэнгэ зочид буудал дээр очиж өрөө авч 101 тоот өрөөнд орсон юм. Тэгээд бид нар тэр өрөөнд ороод нэлээн удаан юм ярьж сууж байгаад манай нөхөр манай хүргэн ах хоёр шөнийн 5 цагийн орчим гарч архи авахаар гарсан юм. Тэгээд тэр хоёр бараг 1 цагийн дараа ирсэн. Тэр хооронд эгч бид хоёр тэр хоёрыг хүлээх хооронд тэр буудлын мини хөргөгчөөс 0.5 граммын касс пиво 1 ширхгийг авч уусан. Тэгээд манай хүргэн ах нөхөр орж ирэхээр нь би жоохон маргаан үүсгээд хашаа яваад ирдэг юм бэ гэж хэлсэн чинь архи хайж явсаар байгаад ирлээ гэж хэлсэн юм. Тэгээд манай нөхөр уурандаа над руу тэр буудлын ширээн дээр байсан ус буцалгагчийг над руу шидэх гэж байгаад манай эгч болох К.М нь миний орж оногдож толгойн тус газар болох дагз хэсэгт шидэгдэж 1 удаа оногдсон юм. Тэгээд манай нөхөр надтай маргалдаж байгаад гараад явсан. Тэгээд би удалгүй эгчийн толгой хэсгээс цус гараад байхаар нь би эмнэлэг цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед толгойн дагз хэсэгт 3 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-16 дахь тал/
4. Яллагдагч Т.Б-н “Би 2025 оны 03 дугаар сарын 08-ний орой 21 цагийн үед манай эхнэр болох Б ийн эгч болох К.М-н төрсөн өдөр болоод бид нар Бүрэнбүст багт байрлах Орхон молл худалдааны төвийн 4 давхар караокед бид нар эгчийн төрсөн өдөр болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн бид нар хоол унд идэж тэндээ дуулж байгаад 00 цагийн үед К.М эгч болон түүний нөхөр би манай эхнэр Б бид 4 тэндээс гараад Зэст багт байрлах Сэт бааранд очиж бүжиглэж байгаад Сэт баарнаас 0.75 граммын экс архи бид 4 бүжиглэж бааран дотор хувааж уусан. Тэгээд удалгүй баарны ая дуусаад бид нар баарнаас гараад Оюут багт байрлах Сэлэнгэ зочид буудалд очиж 101 тоот өрөөг авч орсон, бид нар ороход баарнаас гарж ирэхэд 1 шил архи үлдсэн байсан. Тэрийгээ буудал дотор юм ярьж хамт хувааж уусан юм. Тэгээд бид нар архи ууж дуусаад байж байтал манай эхнэр Б эгч болох М ахиад юм уумаар байна гэхээр нь М эгчийн нөхрийг аваад бид хоёр буудлаас гараад шагийн архи авахаар хайж яваад бараг нэг цаг гаран болсны дараа буудал дээрээ буцаад ирэхэд манай эхнэр намайг урдаас чи одоо хаагуур яваад байгаа юм бэ хэнтэй банзалдаад явж байгаад ирж байгаа юм гээд хэрүүл хийгээд байхаар нь би гараад явсан юм. Тэгсэн манай эгч болох М араас гарч ирээд намайг миний дүү ороод ирээ гэхээр нь би буцаад орсон чинь эхнэр хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь би эхнэрээ 1 удаа хацар хэсэгт алгадсан юм. Тэгээд би хаалганы хажууд зогсож байхад надтай дахиад хэрүүл хийгээд байхаар нь би тавиур дээр байсан ус буцалгагчийг аваад эхнэрээ айлгах санаатай далайсан чинь эгч болох М урдуур орж ирээд ус буцалгагчаар цохьсон юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53 дахь тал/
5. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 сарын 12-ны өдөр гаргасан №397 дугаартай “К.М-н биед дагзанд шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт. /хх-ийн 30-31 дэх тал/
6. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 20-23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ зочид буудлын 101 тоот өрөөнд эхнэр К.Б-тай маргалдах явцдаа, тус маргааныг болиулах гэсэн хохирогч К.М-н толгойн хэсэгт нь ус буцалгагчаар цохиж, эрүүл мэндэд нь “дагзанд шарх зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч К.М-н “нөхөр нь том дугараад эхнэрээ цохих гээд дайраад байхаар нь би дундуур нь орж салгах гэтэл намайг ус буцалгагчаар толгой хэсэгт цохисон. Тэгээд би газар уначихсан байсан. Миний толгой хэсэг рүү ус буцалгагчийн саваар 2-3 удаа цохиж байсан. Яаралтай тусламжийн тасагт очиж 4 оёдол толгойнд тавиулсан мөн намайг үзсэн эмч толгой хэсэг судас дайрснаас болж их цус алдсан гэсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.О-н “М гэх эмэгтэйтэй цуг явж байсан эмэгтэй туслаарай хүн цохичихлоо гээд орилоод байсан тухайн үед өмнө нь уурлаад гарсан. Нэг эрэгтэй гараад зугтаачихсан би очоод байдлыг харахад ус буцалгагчаар М гэх эмэгтэйн дагз руу нь цохичихсон юм шиг байсан. Тэгээд би эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг, гэрч К.Б ын “манай нөхөр уурандаа над руу тэр буудлын ширээн дээр байсан ус буцалгагчийг над руу шидэх гэж байгаад манай эгч болох К.М нь миний орж оногдож толгойн тус газар болох дагз хэсэгт шидэгдэж 1 удаа оногдсон юм. Тухайн үед толгойн дагз хэсэгт 3 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг, яллагдагч Т.Б-н “эхнэр хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь би эхнэрээ 1 удаа хацар хэсэгт алгадсан юм. Тэгээд би хаалганы хажууд зогсож байхад надтай дахиад хэрүүл хийгээд байхаар нь би тавиур дээр байсан ус буцалгагчийг аваад эхнэрээ айлгах санаатай далайсан чинь эгч болох М урдуур орж ирээд ус буцалгагчаар цохисон юм” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 сарын 12-ны өдөр гаргасан №397 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Б нь 2025 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ зочид буудлын 101 тоот өрөөнд эхнэр К.Б-тай маргалдах явцдаа К.М-н толгойн тус газарт ус буцалгагчаар цохиж, эрүүл мэндэд нь “дагзанд шарх зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч К.М-н эрүүл мэндэд нь “дагзанд шарх зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг ус буцалгагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Т-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг ус буцалгагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС