Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/01827

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2022/01827 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Махатма гандигийн гудамж, Романа ресиденс-000 хаягт байрлах, М ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0 хэсэг, Олимп гудамж, Маршал таун 000 байр, 000 тоот хаягт оршин суух, Е овогт Г гийн Т /РД:0000000000/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг болон үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 26 143 871 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....М ББСБ ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 0000000000 регистрийн дугаартай Гандаваа овогтой Түтэй 0000000 тоот зээлийн гэрээ, БГ-00231 тоот барьцааны гэрээг байгуулан 00000УБО улсын дугаартай Lada 4x4 маркийн авто машиныг барьцаалан 20 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй авто машин барьцаалсан зээлийг олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ сар бүр зөрчиж, хугацаа хэтрэлт байнга гаргадаг байсан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл огт төлөлт хийгээгүй байна. 6 дугаар сарын 12-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 удаагийн төлөлтөөр 2 500 000 төгрөгийн зээлийн хүү төлсөн. Уг төлөлт хийгдсэнээс хойш төлөлт хийлгүй 240 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгчийг зээлээ төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлж, албан бичгээр мэдэгдэл өгч байсан. 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17 984 633,67 төгрөг, үндсэн хүүний төлөлт 5 149 463,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлөлт 633 059,40 төгрөг нийт 23 767 156,54 төгрөг болсон байна. Манай байгууллагын зүгээс уг зээлийг хугацаа хэтрэлтээс гаргаж, төлж барагдуулахыг шаардахад шаардлагыг биелүүлэхгүй явсаар одоогийн байдлаар зээлдэгчтэй уулзаж холбоо барих боломжгүй болж утсаа авдаггүй бөгөөд хаягаар очиход байхгүй байдаг. Зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас, албан бичгийг шуудангаар хүргүүлэхэд хүлээж авахгүй буцаадаг. Төрсөн дүү болон ээжтэй нь холбоо барьж зээлийг төлүүлэх бүх боломжит хувилбарыг санал болгож байсан боловч зээлдэгч нь ар гэрийнхэн нь тус зээлийг төлөх сонирхолгүй байсан. Тиймээс 23 767 156,54 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн Г.Тү нь гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 2 376 715 төгрөгийн зардал гаргасан тул нийт хариуцагчаас 26 143 871 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2019.12.12-ны өдрийн 0000000 дугаар зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн барьцааны гэрээ, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүсэгчийн анкет, зээлийн хүсэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон талаарх албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.21-ны өдрийн 183/ШШ2021/000000 дугаар шийдвэр, хариуцагчид хүргүүлсэн шаардлага, мэдэгдэх хуудас, автомашин худалдах, худалдан авах гэрээ эгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 23 767 156,54 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, хохирол 2 376 715 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0000000 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч 20 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй зээлсэн. 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл огт төлөлт хийгээгүй байна. 6 дугаар сарын 12-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 удаагийн төлөлтөөр 2 500 000 төгрөгийн зээлийн хүү төлсөн. Уг төлөлт хийгдсэнээс хойш төлөлт хийлгүй 240 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17 984 633,67 төгрөг, үндсэн хүү 5 149 463,14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 633 059,40 төгрөг нийт 23 767 156,54 төгрөг болсон байна. Г.Тү нь гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт 2 376 715 төгрөгийн зардал гаргасан тул нийт хариуцагчаас 26 143 871 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч Г.Тү нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 0000000 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 20 000 000 төгрөгийг сарын 2,2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Г.Тү нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

5. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь барьцааны үүрэг шаардаагүй тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 0000000 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Харин нэхэмжлэгчээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч, өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал болох өмгөөлөлийн хөлсийг хохиролд тооцох үндэслэлгүй. Энэ нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол гэдэгт хамаарахгүй болно. Түүнчлэн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2 376 715 төгрөгийн зардал гаргасан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн хариуцагч Г.Түд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 23 767 156,54 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, хохирол 2 376 715 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, зээлийн тооцоололтой маргаагүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2022.05.27-ны өдөр хариуцагчийн 91904114 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Түгээс зээлийн гэрээний үүрэг 23 767 156,54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 2 376 715 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Түгээс улсын тэмдэгтийн хураамж 276 786 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ