| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0055/э |
| Дугаар | 2025/ШЦТ/57 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ануужингаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2517000000052 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ...аймгийн ..суманд төрсөн, .. настай, эрэгтэй, .. боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... аймгийн ..сумын.. дүгээр баг, .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй .... овогт .... ...., регистрийн дугаар /ПБ97123010/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Х..... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч .... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаандаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дахин согтуугаар ..аймгийн .. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ....улсын дугаартай lexus-250 маркийн тээврийн хэрэгслийг 0.58 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч Х..... үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 36 хуудас/
2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 1 хуудас/
3. Гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр .. гэдэг нэртэй буудалд хоноё гэж бодоод бид 3 буудалд очиж 3 ширхэг 2 литрийн багтаамжтай улаан касс гэдэг нэртэй согтууруулах ундааг буудлын өрөөнд хэрэглэсэн. Ууж байх үед нөхөртэйгээ муудалцаад тэгээд буудлаас гараад маргалдаж байгаад буцаад орох гэсэн боловч буудлын үйлчлэгч бид хэдийг оруулаагүй тэгээд бид 3 гараад дуудлагын жолооч хайсан боловч олдоогүй тэгээд буудал орьё гээд явахаар болоход .... найз нь барья гээд барьсан тэгээд гараад 200-300 метр орчим явж байгаад цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10 хуудас/
4. Гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын 13-н өдөр би 09 цагаас шөнийн 11 цагийн хооронд ...аймгийн .. сумын ..-р багийн нутаг дэвсгэрт “Боржигин хаадын харваа” гэх арга хэмжээний хамгаалалтад үүрэг гүйцэтгээд ирж Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд дөрвөн замаар дээшээ өгсөх үед ....улсын дугаартай hs250 маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийж араас нь очиж шалгахад машин дотроос архи үнэртээд байхаар нь тандагч багажаар үлээлгэхэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж гарч ирсэн...эрүүлжүүлэх байранд авч ирж драйгер 6820 гэдэг багажаар үлээлгэхэд 0,58 хувьтай гарсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/
5. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, дэд ахлагч М.Я-ын рапорт /х.х-ийн 3-5 хуудас/
6. 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025/ЗШ/284 дугаартай шийтгэвэр /х.х-ийн 16-18 хуудас/
7. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 23, 25 хуудас/
8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 13 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч ....г дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч ....н гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч .... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Энхжаргалтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч .... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тухайн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч ....г бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 1 сарын хугацаагаар хасаж, 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгч .... нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025/ЗШ/284 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэснээс хойш 3 сарын дараа дахин зөрчил гаргасан байх тул түүний хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 1 сарын хугацаагаар хасаж, 2 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт .... ....г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар хасаж, 2 800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 800 000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....д оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1 /нэг/, сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ЕРӨНХИЙ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ