Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/222

 

 

 

 

 

 

 

2025       05          01                                             2025/ШЦТ/222

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т

            Шүүгдэгч Г.М  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М т холбогдох эрүүгийн 2425000760780 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.М  нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Төгөл худалдааны төвийн зүүн талд Д.О-н энгэрийн халааснаас Huawei nova Ү-61 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450 000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Төгөл худалдааны төвийн орчимд О.Ш-н гээгдүүлсэн ХААН банкны виза картыг ашиглан Согоот багт үйл ажиллагаа явуулдаг “Та сайн, таны дэлгүүр”-ээс 596 000 төгрөгийн худалдан авалт хийж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М  мэдүүлэхдээ “виза картыг Төгөл төвийн сандлын хажуугаас олсон. Картыг бол хулгайлж аваагүй. Картнаас мөнгө авсан нь үнэн. Хүний гар утас авсан нь үнэн” гэв.

 

Хохирогч О.Ш  , Д.О нар “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо гаргуулна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.О-н  “2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багТөгөл худалдааны төвийн гадаа жоохон халамцуухан явж байсан чинь шар өмдтэй хүн миний араас ирээд энгэрийн халааснаас Хуавай Ү-61 загварын гар утсыг аваад Төгөл худалдааны төвийнх харанхуй хэсэг рүү зугтаад яваад өгсөн. Төгөл, Хүлэг захаар яваад байдаг М  гэх залуу болов уу гэж бодож байна. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн гэр лүүгээ харих гээд Төгөл худалдааны төвийн зүүн талд байрлах Хангарьд спорт ордонгийн баруун тал, тэр хоёрын дундын зам байдаг юм. Тэрүүгээр хойшоо өгсөөд хана налаад зогсож байтал нэг хүн гар утас байна уу гэхээр нь өөрийн энгэрийн зүүн талын халаас руугаа гараараа заатал тухайн хүн миний энгэрийн зүүн талын гадна халааснаас Хуавай нова Ү-61 маркийн гар утсыг маань аваад гүйчихсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 24, 26-р хуудас/

2. Гэрч П.Г-н “би *** дугаарыг эзэмшихгүй байгаа. Энэ дугаарыг утастайгаа хаячихсан. Хуавей ново-Ү-61 гар утсыг мэдэхгүй. Би ийм гар утас ашиглаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37-р хуудас/

3. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн ТХҮ-ОРХ8706 дугаартай “Хуавей Нова-Ү-61 загварын гар утас 450,000 төгрөгийн ханштай” гэх үнэлгээний тайлан. /хх-ийн 43-р хуудас/

4. Хохирогч О.Ш  гийн “2024 оны 04 сарын 27-ны өдөр 09 цагийн үед ажлаа тарсан. Би ажлаас гараад М , Б нарын хамт даргын хороололд байдаг гэрт нь очиж машин засаад 2-3 шил архиа уусан. Би даргын гэрт очихоос өмнө 1 шил архи Чанар дэлгүүрээс карт уншуулж 30 гаруй мянган төгрөгөөр авсан санагдаж байна. Даргын гэрт ууж байгаад Бгийнд Рашаант багт байх гэрт нь очиж дахиж архи уусан. Тэнд очоод даргын гэрт утсаа үлдээснээ санасан. Бгийн гэрт ууж байгаад М  бид хоёр харихаар болоод 23 цагийн үед байх Шандын халуун уснаас хоёр тийшээ салаад М  гэр лүүгээ явсан. Би ээжийн гэр болох рашаант багийн Сод монгол шатахуун түгээх станцын урд байх хашаанд нь очсон. Ээжийн байшингийн гэрэл унтраастай байсан болохоор ороогүй. Гэр лүүгээ явъя гэж бодоод Төгөл худалдааны төв хүртэл алхаад Төв ХААН банкнаас картаараа 40,000 төгрөг аваад шагаас архи аваад тэр хавьд уусан байх. Тэгээд юу ч санахгүй байна, өглөө гэртээ ирсэн. Маргааш нь буюу 04 сарын 29-ний өдөр даргын гэрээс утсаа аваад харахад 04 сарын 28-ны өдрийн 09 цагаас миний картнаас мөнгө гараад явчихсан мэдэгдэл ирсэн байсан. Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 142-р хуудас/

5. О.Ш-н ХААН банкны *  дугаарын данснаас 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гарсан зарлагын хуулга. /хх-ийн 132-р хуудас/

6. Гэрч Ц.М-н “би 2024 оны 04 сарын 27-ны архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, 4-20 дугаар байрны 1-р орцонд суугаагаар унтчихсан байсан. Маргааш нь нэг хүн намайг сэрээгээд би орцноос гараад Төгөл худалдааны төвийн гадаа очиход М  нь Б , М  буюу М-тай  хамт явж байсан. Нэг эрэгтэй карт оллоо гэсэн чинь М  надаа өгчих гээд Согоот багийн Та сайн, таны дэлгүүр гэдэг нэртэй санагдаж байна, тэр дэлгүүр ороод 2 шил архи аваад хажуугийн саравчинд архиа уусан. Би архиа ууж дуусаад ганцаараа тэднийг орхиод явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33-р хуудас/

7. Гэрч Д.М-н  “2024 оны 04 сарын 28-ны өдөр дэлгүүр дээрээ ажиллаж байсан. Надаас өөр нэг худалдагч бас ажилладаг. Манай дэлгүүр өглөө 08 цагт онгойсон юм. 09 цагийн үед архи уудаг байрын бор залуу нэг хүнтэй орж ирээд эхлээд нэг архи, ундаатай авсан. Удалгүй дараа нь орж ирээд дахиад архи, ундаа, идэх юм аваад 50,000, төгрөгөөр 5 удаа уншуулаад намайг бэлэн мөнгө өгчих гэхээр нь өгөөгүй. Тухайн хүн надад 150 000 төгрөг хадгалуулаад гарсан. Өдөр нь орж ирээд үлдсэн мөнгөндөө дахин архи, ундаа ороомог, идэж уух зүйл аваад гараад явсан. Өдөр 15 цагийн үед орж ирээд дахин 50 000 төгрөгөөр 3 удаа уншуулаад бас л архи, идэж уух юм аваад гарсан. Бүтэн өдөржин орж ирсэн. Ойролцоогоор 500,000 төгрөг уншуулж юм аваад гарсан. Тухайн залуугийн уншуулсан виза карт нь кодгүй, чиптэй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 144-р хуудас/

8. Гэрч О.М-н   “2024 оны 04 сарын 29-ний өдөр М  ахын хамт 6-19-р байрны “Та сайн таны дэлгүүр” гэсэн нэртэй дэлгүүр ороод архи, ундаа хиам тараг гэх мэт ойр зуурын 2 ууттай юм аваад гартал гадаа М, Б эгч 2 байсан. Бид дөрөв дэлгүүрийн гадна талд байрлах сагсны шийдэн дээр сууж идэж уучихаад тал тал тийшээ тараад явсан. М  нь тухайн картыг Төгөлийн гадаа явж байгаад олсон гэж надад ярьсан” гэх мэдүүлэг, /хэргийн 147 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.М  нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Төгөл худалдааны төвийн зүүн талд Д.О-н  энгэрийн халааснаас Huawei nova Ү-61 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 450 000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн, 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Төгөл худалдааны төвийн орчимд О.Ш-н гээгдүүлсэн ХААН банкны виза картыг ашиглан Согоот багт үйл ажиллагаа явуулдаг “Та сайн, таны дэлгүүр”-ээс 596 000 төгрөгийн худалдан авалт хийж, захиран зарцуулж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.О-н  “хана налаад зогсож байтал нэг хүн гар утас байна уу гэхээр нь өөрийн энгэрийн зүүн талын халаас руугаа гараараа заатал тухайн хүн миний энгэрийн зүүн талын гадна халааснаас Хуавай нова Ү-61 маркийн гар утсыг маань аваад гүйчихсэн” гэх мэдүүлэг, гэрч П.Г-н “би *** дугаарыг эзэмшихгүй байгаа. Энэ дугаарыг утастайгаа хаячихсан. Хуавей ново-Ү-61 гар утсыг мэдэхгүй. Би ийм гар утас ашиглаагүй” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн ТХҮ-ОРХ8706 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч О.Ш-н “Төгөл худалдааны төв хүртэл алхаад Төв ХААН банкнаас картаараа 40,000 төгрөг аваад шагаас архи аваад тэр хавьд уусан байх. Тэгээд юу ч санахгүй байна, өглөө гэртээ ирсэн. Маргааш нь буюу 04 сарын 29-ний өдөр даргын гэрээс утсаа аваад харахад 04 сарын 28-ны өдрийн 09 цагаас миний картнаас мөнгө гараад явчихсан мэдэгдэл ирсэн байсан. Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн юм” гэх мэдүүлэг, О.Ш-н ХААН банкны *  дугаарын данснаас 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гарсан зарлагын хуулга, гэрч Ц.М-н “Нэг эрэгтэй карт оллоо гэсэн чинь М  надаа өгчих гээд Согоот багийн Та сайн, таны дэлгүүр гэдэг нэртэй санагдаж байна, тэр дэлгүүр ороод 2 шил архи аваад хажуугийн саравчинд архиа уусан. Би архиа ууж дуусаад ганцаараа тэднийг орхиод явсан” гэх мэдүүлэг, гэрч Д.М-н  “2024 оны 04 сарын 28-ны өдөр дэлгүүр дээрээ ажиллаж байсан. Надаас өөр нэг худалдагч бас ажилладаг. Манай дэлгүүр өглөө 08 цагт онгойсон юм. 09 цагийн үед архи уудаг байрын бор залуу нэг хүнтэй орж ирээд эхлээд нэг архи, ундаатай авсан. Удалгүй дараа нь орж ирээд дахиад архи, ундаа, идэх юм аваад 50,000, төгрөгөөр 5 удаа уншуулаад намайг бэлэн мөнгө өгчих гэхээр нь өгөөгүй. Тухайн хүн надад 150 000 төгрөг хадгалуулаад гарсан. Өдөр нь орж ирээд үлдсэн мөнгөндөө дахин архи, ундаа ороомог, идэж уух зүйл аваад гараад явсан. Өдөр 15 цагийн үед орж ирээд дахин 50 000 төгрөгөөр 3 удаа уншуулаад бас л архи, идэж уух юм аваад гарсан. Бүтэн өдөржин орж ирсэн. Ойролцоогоор 500,000 төгрөг уншуулж юм аваад гарсан. Тухайн залуугийн уншуулсан виза карт нь кодгүй, чиптэй байсан” гэх мэдүүлэг, гэрч О.М-н   “М  нь тухайн картыг Төгөлийн гадаа явж байгаад олсон гэж надад ярьсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Г.М  нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Төгөл худалдааны төвийн зүүн талд Д.О-н  энгэрийн халааснаас Huawei nova Ү-61 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр илээр авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр Төгөл худалдааны төвийн орчимд О.Ш-н гээгдүүлсэн ХААН банкны виза картыг ашиглан Согоот багт үйл ажиллагаа явуулдаг “Та сайн, таны дэлгүүр”-ээс 596 000 төгрөгийн худалдан авалт хийсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.М  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 596 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 450 000 хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ш  д 596 000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Отгонбаярт 450 000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс хохирлыг гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэв. Хохирогч Д.О нь эд зүйлийн үнэлгээ хийлгэх 30 000 төгрөгийн зардын төлсөн байх тул мөн шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.М т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овгийн Г-ийн М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М аас 1 076 000 /нэг сая далан зургаан мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б овгийн Д-ийн О /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн ** тоотод оршин суух, РД:, утас: /-т 480 000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг, хохирогч Чй овгийн О-ны Ш /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн ***тоотод оршин суух, РД: *, утас */-т 596 000 /таван зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС